Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2016/00783

 

Н.Мөнхчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 285 дугаар шийдвэр,         

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 64 дугаар магадлалтай,

Н.Мөнхчимэгийн нэхэмжлэлтэй

Э.Энэрэлсайханд холбогдох,

хүүхдийн тэтгэлэг тогтоолгох  үндсэн нэхэмжлэлтэй,

3.800.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Э.Энэрэлсайханы гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Э.Энэрэлсайхан, өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга И.Хажидмаа  нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Мөнхчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 03 сарын 10-ны өдөр амаржиж М.Бадмаараг охиноо төрүүлсэн. Би Э.Энэрэлсайхантай 2011 оны 10 сард танилцаж нэг компанид ажиллаж байгаад 2012 оны 03 сараас үерхэж эхэлсэн. Надтай үерхэж байхдаа найз охингүй, гэр бүлгүй гэж ярьж байсан. 2012 оны 05 сард найз охиноосоо сална гэж хэлсэн. 2012 оны 07 сард биеийн байдалд өөрчлөлт орж би хүүхэдтэй болсноо мэдээд Э.Энэрэлсайханд хэлэхэд хүүхдээ гаргая тэр бүсгүйгээс сална гэж хэлж байсан. 2013 оны 03 сард хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авъя, овоглуулж өгөөч гэхэд Э.Энэрэлсайхан татгалзсан учир охиноо өөрөөрөө овоглосон. Хүүхэд төрснөөс хойш 2014 оны 02 сарын сүүлээр 700.000 төгрөг, мөн 06 сард хүүхдийн баяраар бэлэг өгсөн. Үүнээс хойш хүүхдэдээ мөнгө өгөөч гэхэд удаа дараа үг хэлээр доромжилж чаддаг юм бол шүүхдээд аваарай гэж хэлж байсан. Иймээс охин М.Бадмаарагийг 2 нас хүртэлх тэтгэлэгийг нөхөн гаргуулах, цаашид хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Тэтгэлэг нөхөн гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Э.Энэрэлсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Мөнхчимэгтэй 2012 оны 07 сард хэд хэдэн удаа уулзаж дотно харьцаанд орсон нь үнэн. Н.Мөнхчимэгт би анхнаасаа эхнэртэй гэдгээ хэлсэн. Өөрөө ч мэдэж байсан. Бид энэ асуудалд хоёулаа хариуцлагагүй хандсан тул ганцхан намайг буруутгаж байгаад гайхаж байна. М.Бадмаараг охиндоо зориулж марк-2 0X100 маркын 50-11 оро улсын дугаартай автомашиныг иргэн З.Хоролгараваас 5.000.000 төгрөгөөр 2013.03.13-ны өдөр худалдаж авч Н.Мөнхчимэгийн нэр дээр шилжүүлсэн мөн 2.000.000 төгрөг өгсөн. Машиныг хүүхдэдээ зориулж авч өгсөн болохоор хүүхдийн тэтгэвэрт тооцуулах хүсэлтэй байна. Н.Мөнхчимэг нь 2014 оны 03 сараас эхлэн би охиноо хайрлах хүнтэй болсон өөрөөр хэлбэл нөхөртэй болсон гэж хэлсэн мөнгө өгөхөө больсон. Охин М.Бадмаарагийг төрсөн өдрөөс эхлэн 2013.03.10-наас 2015.05.18-ны өдөр хүртэлх мөнгийг хүүхдэдээ өгсөн машины үнэ болон бэлэн нийт 5.800.000 төгрөгийг суутган тооцоод хүүхдийн тэтгэлэг тогтоогдсон хугацаанаас эхлэн хүүхдийн тэтгэмж төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Э.Энэрэлсайхан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Мөнхчимэгээс 3.800.000 төгрөгийг нэхэмжилж байна. Учир нь надаас чиний хүүхдийг төрүүлсэн гэж байнга мөнгө нэхэж, эсвэл машин авч өг гэж нэхэж уг мөнгийг авсан  тул гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Мөнхчимэг сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй, Би машин авч өг гэж шахаж шаардсан, мөнгө өг гэж хэлсэн удаа байхгүй. Машиныг авч өгсөн нь үнэн боловч мөнгө хүрэхгүй байна мөнгө нэмэрлээч гэхэд нь би 1.200.000 төгрөг өгсөн ба уг машинд 3.800.000 төгрөг өгсөн. Машиныг удаан хэрэглээгүй байж байгаад Энэрэлсайхан өөрөө 2.500.00 төгрөгөөр зарж, мөнгийг миний дансанд хийсэн. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 285 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин М.Бадмаарагийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Э.Энэрэлсайханаас гаргуулан нэхэмжлэгч Н.Мөнхчимэгт олгож, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар хариуцагч Э.Энэрэлсайханы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, нэхэмжлэгчээс 2015-04-01-ний өдөр Төрийн банкны 130000801681 тоот дансанд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулан Н.Мөнхчимэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагчаас 28.626 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 64 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 285 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Энэрэлсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Мөнхчимэгт машин бэлэглэх талаар огт хэлж байгаагүй...харин тэр машин болон мөнгийг хүүхдийг чинь ганцаараа өсгөж байна гэж шаардсаны улмаас өгсөн бөгөөд түүнийг шүүх бэлэглэлийн гэрээний харилцаа гэж үзэхдээ Мөнхчимэгийн удаа дараа өгсөн зөрүүтэй тайлбарыг огт харгалзсангүй. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх Н.Мөнхчимэгийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль болон Гэр бүлийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Мөнхчимэг нь хариуцагч Э.Энэрэлсайханд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл, хариуцагч нь “...3.800.000 төгрөг гаргуулах” сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Н.Мөнхчимэг 2013 оны 3 дугаар сарын 10-ны өдөр охин С.Бадмаарагийг төрүүлсэн, хариуцагч Э.Энэрэлсайхан хүүхдийн эцэг болохоо мөн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн, шүүх хүүхдийг эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцжээ.

Н.Мөнхчимэгт өгсөн автомашиныг худалдан авахад Э.Энэрэлсайхан 3.800.000 төгрөг гаргасан хэдий ч уг мөнгийг буцаан авахаар тохирсноо нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж хариуцагч нь машиныг нэхэмжлэгчид хариу төлбөргүй шилжүүлсэн гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо шүүх хэрэглэвэл зохих ямар хуулийг хэрэглээгүй хэрэглэх ёсгүй ямар хуулийг хэрэглэсэн, хуулийг хэрхэн буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрхэн зөрчсөн талаар тодорхой заагаагүй байх тул гомдолд дурдсанаар шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 285 дугаар шийдвэр, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 64 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Э.Энэрэлсайханы гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 17-ний өдөр төлсөн 70.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ