Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ДШМ/40

 

 

 

                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

 

О.Эад холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Э, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ч.Батзориг,

Шүүгдэгч: О.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Галсанпунцаг, Н.Баттөмөр,

Нарийн бичгийн дарга: Б.Болд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолтой О.Эад холбогдох 2038001580119 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.Эын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Шарнууд овогт Очирбатын Э, .... оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ......................./.

Шүүгдэгч О.Э нь 2020 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны гадаа хохирогч О.Этой маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, мөн өдөр Цагдаагийн газрын хашааны орчим хохирогч Ч.Энхтүвшингийн зүүн шанаа хэсэгт цохиж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Шарнууд Очирбатын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Очирбатын Эыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Эаас 70,000 /далан мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Анар-Эрдэнэд олгож, Эрүүгийн 2038001580119 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч О.Э нь нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Ч.Энхтүвшин нь эмчилгээнд гарсан зардал 150,000 төгрөгийн хохирлоо шүүгдэгч О.Эаас, иргэний нэхэмжлэгч О.Э нь 500,000 төгрөгийн хохирлоо хохирогч О.Эоос нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Э давж заалдах гомдолдоо: ... Миний бие төрсөн ах О.Этой 2020 оны 2 дугаар сарын 08-ны өдөр үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж ахынхаа биед хөнгөн гэмтэл учруулсан гэдэг. Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлтээр 1,0х0,5 см цайвар өнгийн няцалбар шарх тогтоогдсон. Тэр үед ах намайг барьж авч толгой руу цохиж, өмссөн куртикийг товчтой чигт нь хүчтэй татаж авахад хиймэл гар мултарч хатуу гадаргуу дээр унаж хагарсан. Хиймэл гар гэмтээсэн үйлдлийг хуулийн дагуу шалгаагүй. Миний ах хоолойг 2 удаа бооход амь тэмцээд гарыг нь тавиулах гэж биеэ хамгаалах үед ахын шарх үүссэнийг үгүйсгэхгүй. Харамсалтай нь энэ хэрэг болсон өдрөөс хойш сар гаруй хугацааны дараа цагдаагаас дуудаж эрүү үүссэнийг анх мэдсэн. Тэр үед цагдаа, прокурор надад хэлсэн бол миний биед хоолой хөхөрсөн, мөгөөрс болон гар, хуруу хавдсан, маш их өвдөлттэй зөөлөн эдийн гэмтлүүд үүссэн нь тогтоогдох байлаа. Цагдаа, прокурорын хайнга хандлагаас болж би энэ хэргээс ял авлаа. Би ах, эхнэр нараас уучлал хүссэн болно. Ахынхаа биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрсөн. Харамсалтай нь ахын эхнэр Ч.Энхтүвшинд үнэндээ гар огт хүрээгүй. Гэрч Анар-Эрдэнийн анхны мэдүүлэгт ээжийг зодсон гэж байгаагүй.

... Өмгөөлөгч шүүх хуралдаан дээр цагдаа, прокурор хугацаа алдсан, камер шүүж бэхжүүлэлт хийгээгүйг хэлсэн. Хуралд оролцсон прокурор хүлээн зөвшөөрсөн.

... Иймд хэрэгт ял авсандаа гомдолтой байна. Ч.Энхтүвшинг зодсон гэх энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байна.

Шүүгдэгч О.Э нь 2020 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны гадаа хохирогч О.Этой маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн өдөр Цагдаагийн газрын хашааны орчим хохирогч Ч.Энхтүвшингийн зүүн шанаа хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Э, Ч.Энхтүвшин нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.Анар-Эрдэнэ, гэрч Б.Гонгор, Ц.Наранцэцэг, Д.Өнөбат, Ч.Чойжамц нарын мэдүүлгүүд, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 105, 106 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, гар утасны үнэлгээний дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.

Шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Эыг “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцож, 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч О.Эын “...миний хиймэл гарыг гэмтээсэн үйлдлийг хуулийн дагуу шалгаагүй, ...ахын эхнэр Ч.Энхтүвшинд би огт гар хүрээгүй үүнийг зөвшөөрөхгүй. Хүнийг зодоогүй байхад хоёр хүнд хөнгөн гэмтэл учруулж хүндрүүлэх ял өгсөнд гомдолтой. Гар утсыг хагалаагүй байтал гар утасны засварын мөнгийг төлөхөөр гаргасан шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. ...Ч.Энхтүвшинг зодсон энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь шүүгдэгч О.Э нь хохирогч Ч.Энхтүвшингийн биед хөнгөн хохирол учруулсан, иргэний нэхэмжлэгч Э.Анар-Эрдэнийн гар утасны дэлгэцийг хагалсан болох нь хохирогч Ч.Энхтүвшингийн “...Тэгэхэд Э над руу чиглэж ирснээ чи намайг зодуулах гэж нөхрөө явууллаа гэж хэлснээ миний зүүн шанаа руу бөгжтэй гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд түүний хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд Э дахиад намайг гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Э.Анар-Эрдэнийн “...Тухайн үед намайг гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэж байхад Э ах миний гар руу цохисноо гар утсыг булааж аваад цементэн зам руу  шидсэн. Үүнээс болж гар утасны маань дэлгэц нь хагарсан. ...Э ах ээжтэй таарангуутаа ээж рүү дайрснаа шууд шанаа руу бөгжтэй гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд гадаа явж байсан цагдаа боль энд зодолдохгүй гэж хэлсэн. Ингээд л бид нар цагдаа руу орцгоосон. Э ахад цохиулсны дараа ээжийн маань зүүн талын шанаа зулгарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 155, 156-р хуудас/,

Гэрч Д.Өнөбатын “...сүүлд ирсэн эмэгтэй гар муутай ахыг цохих шиг болсон. Гар муутай ах зөрүүлээд цохих шиг болсон. ...тэр эгч анх ирэхдээ царай төрхөндөө ямар нэгэн гэмтэл, шархгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 64, 65-р хуудас/,

Гэрч Ч.Чойжамцын “...харин мэдүүлэг өгчихөөд гарч ирэхдээ нүүр нь шалбарчихсан байсан. Би юу болсон талаар асуухад Э цохичихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 112-р хуудас/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон хөндлөнгийн гэрчүүдийн мэдүүлэг, 106 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгч О.Эын давж заалдах гомдол нь үүгээр няцаагдаж байна.

Шүүгдэгч О.Эын хиймэл зүүн гарын сарвууны ард хэсэгт үүссэн хагарал нь хэзээ үүссэн болохыг цаг хугацааны хувьд нарийвчлан тогтоох боломжгүй, тухайн гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн болохыг тогтоох боломжгүй гэх Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 107 дугаартай дүгнэлт нотлох баримтаар авагджээ.

Энэхүү хиймэл гарыг О.Э нь хохирогч О.Этой ноцолдож байхдаа гэмтээсэн буюу О.Эын буруутай үйлдлийн улмаас гэмтээсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул О.Эын “миний хиймэл гарыг гэмтээсэн үйлдлийг хуулийн дагуу шалгаагүй” гэх гомдлыг мөн адил хүлээн авах боломжгүй юм.

Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/328 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

 ШҮҮГЧИД                                                  Л.Э

                                                                               Н.БАЯРХҮҮ