Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 112/шш2024/0004

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: “Х о” ХХК-ийн захирал Н.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.А,

Хариуцагч: ......... аймгийн Засаг дарга О.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Г нарын хооронд үүссэн захиргааны актыг илт хууль бусад тооцуулах шаардлага бүхий  маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн О.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

                                                     

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь ............ аймгийн Засаг даргад холбогдуулан ........... аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/274 дугаартай “Х о" ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн захирамжийг илт хууль бус захиргааны актад тооцуулахаар маргаж байна.

2. Нэхэмжлэгч “Х о” ХХК нь ............... аймгийн Орон нутгийн өмчийн газартай 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/2019 дугаартай түрээсийн гэрээг байгуулж, ........ аймгийн Засаг дарга гэрээг баталжээ.

Дээрх түрээсийн гэрээгээр “Х о” ХХК нь орон нутгийн өмчийн 1 давхар, нийт 829 м.кв талбайтай, үүнээс 829 м.кв ашигтай талбай бүхий барилгын 829 м.кв хэсгийг махны үйлдвэрийн зориулалтаар түрээслэх, түрээсийн гэрээний хугацаа нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаатай байхаар харилцан тохиролцжээ.

................. аймгийн Засаг дарга нь “Х о” ХХК-д 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/505 дугаартай албан бичгээр “Орон нутгийн өмчийн газрын нийт 829 м.кв талбайтай граж, агуулахын барилгыг махны үйлдвэрийн зориулалтаар түрээслэх 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/2019 дугаар гэрээний 5.5 дахь заалтыг зөрчсөн тул гэрээний 8.1 дэх заалтад заасны дагуу гэрээг цуцлах үндэслэл болж байна. Иймд танай компанитай байгуулсан гэрээг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгож, цуцалж байгааг мэдэгдье” гэх албан бичгийг хүргүүлж, улмаар 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/274 дугаартай захирамжаар “Х о” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр түрээсийн гэрээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан байна.

3. Иймд “Х о” ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд доорх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

4.Нэхэмжлэгч “Х о” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Х о” ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 01/2019 дугаартай түрээсийн гэрээг Орон нутгийн өмчийн газартай ......... сум, ........... багт байрлах агуулахын зориулалттай барилгыг махны үйлдвэрийн зориулалтаар түрээслэхээр гэрээ 5 жилийн хугацаатай байгуулж, 2024 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл түрээслэхээр гэрээнд заасан. Гэрээний хавсралтаар түрээсийн төлбөр төлөх хуваарийг гаргаж хагас жил тутам 10.200.600 төгрөгийг төлж байсан. Гэрээний хэрэгжилтийг тухай бүр дүгнэж, түрээсийн гэрээний төлбөрийг гэрээнд заасны дагуу барагдуулж байсан.  Гэтэл ........... аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/505 албан бичгээр түрээсийн гэрээний 5.5 дахь заалтыг зөрчсөн учир 8.1-д заасны дагуу гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ирүүлсэн.  Улмаар .......... аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/274 тоот захирамжаар түрээсийн гэрээг цуцлах тухай шийдвэр гаргаж түрээсийн агуулахыг чөлөөлж өгөх талаар мэдэгдсэн.

Тухайн мэдэгдлийн дагуу “Х о” ХХК-ийн  захирал Н.Ц 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай албан тоотоор түрээсийн төлбөрийн өр төлбөргүй, гэрээний дагуу төлбөрөө барагдуулж байгаа бөгөөд Орон нутгийн өмчийн газраас лавлаж тодруулах хүсэлт гаргасан боловч тодорхой хариу ирүүлээгүй.

Орон нутгийн өмчийн газрын граж, агуулахын барилгыг түрээслэх гэрээг  Орон нутгийн өмчийн газартай байгуулж, гэрээний нөхцөл, шаардлагыг тохиролцсон. Түрээсийн гэрээний төлбөрийг Төрийн сан банк, Орон нутгийн өмчийн газрын нэмэлт санхүүжилтийн дансанд гэрээнд заасан хуваарийн дагуу барагдуулж байсан.

............ аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/274 тоот илт хууль бус захирамж гарах хүртэл 2016 оноос 2020 оныг дуустал “Х о” ХХК нь түрээсийн гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөр төлөх үүргийг хугацаанд нь биелүүлж байхад ........ аймгийн Засаг даргын захирамжаар түрээсийн төлбөрийг төлөөгүй гэж гэрээ цуцалсан нь үндэслэлгүй хууль, гэрээний заалтыг зөрчсөн шийдвэр байсан.

Тухайн түрээсийн гэрээнд түрээслүүлэгчийг төлөөлж Орон нутгийн өмчийн газар, түүний дарга, түрээслэгчийг төлөөлж “Х о” ХХК захирал гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээний эрх, үүрэг хариуцлага, гэрээнээс татгалзах, цуцлах асуудлыг Иргэний хуульд зааснаар гэрээний талууд хэрэгжүүлэх ёстой.

Түрээсийн гэрээний Нэг. Ерөнхий зүйл 1.1-д зааснаар гэрээний талуудыг тодорхой заасан бөгөөд Түрээслүүлэгчийг Орон нутгийн өмчийн газар, Түрээслэгч нь “Х о” ХХК гэж тодорхой заасан.

Гэтэл гэрээний тал бус гуравдагч этгээдээс гэрээг цуцлах мэдэгдэл ирүүлж улмаар .......... аймгийн Засаг даргын захирамжаар гэрээг цуцлах шийдвэр гаргаж түрээсийн байрыг албадан султгах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх мэдэгдлийг “Х о” ХХК-д ирүүлж байгаа нь манай компанийн үйл ажиллагаанд хүндрэл чирэгдэл учруулж байна.

Гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу аж ахуйн үйл ажиллагааг эрхлэн орон нутгийн малчдаас мал бэлтгэлийг зохион байгуулж махны үйлдвэрлэлийг эрхлэхийн тулд багагүй хэмжээний хөрөнгө оруулалтаар техник, тоног төхөөрөмжийг суурилуулан үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байсан бөгөөд хууль, гэрээг зөрчиж илт хууль бус захирамжаар түрээсийн гэрээг цуцлах нь түрээслэгчид хохиролтой байна.

Аймгийн Засаг даргын 2021 оны А/274 дүгээр захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол шийдвэрийг үндэслэж гарсан боловч захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад тухайн захирамжийг гаргаснаараа илт хууль бус захиргааны актад хамаарах үндэслэлтэй гэж нэхэмжлэл гаргаж байна.

Түрээсийн гэрээг цуцлах тухай дээрх захирамжийг гаргах гол үндэслэл нь түрээслэгч түрээсийн төлбөрийг барагдуулаагүй гэх үндэслэл бөгөөд гэрээг цуцлах тухай 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн мэдэгдэл, гэрээг цуцалсан гэх аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/274 дүгээр захирамж гарах хүртэл гэрээ, гэрээний хавсралтын дагуу түрээсийн төлбөрийг барагдуулж байсан бөгөөд захиргааны акт гаргах үндэслэлгүй байхад захирамж гаргасан нь илт хууль бус байна.

Монгол Улсын Засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар аймгийн Засаг даргад олгосон бүрэн эрх, чиг үүрэгт түрээсийн гэрээг батлах, түүнийг цуцлах эрх хэмжээ олгогдоогүй, гэрээний талуудад хамаарахгүй этгээд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.6-т заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тул аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/274 дүгээр захирамжийг захиргааны илт хууль бус актад тооцож, нэхэмжлэгчийн зөрчигдөж байгаа эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд “Х о” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж өмгөөллийн үгээ хэлнэ. "Х о" ХХК 2016 онд анх орон нутгийн өмчийн газартай түрээсийн гэрээ байгуулж байсан. Тухайн үед Орон нутгийн өмчийн газрын даргаар Л.Г дарга ажиллаж байсан. Тухайн гэрээ дууссаны дараа 2019 онд тухайн гэрээг шинэчлэн байгуулаад гэрээ болон гэрээний хавсралтад зааснаар гэрээний төлбөрийг хагас болон бүтэн жилээр төлөөд явъя гэдэг гэрээ байгуулсан байдаг. Аймгийн Засаг даргын захирамж гаргасан хамгийн гол үндэслэл нь юу гэхээр Түрээсийн гэрээний 5.5-ыг зөрчсөн буюу гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй учраас гэрээний 8.1-д заасны дагуу гэрээг цуцаллаа гэсэн асуудал байдаг. Гэтэл "Х о" ХХК нь гэрээнийхээ дагуу үйл ажиллагаагаа эрхлээд гэрээний хавсралтаар баталсан хуваарийн дагуу 6 сар тутам түрээсийн төлбөрийг барагдуулж байсан. Тус түрээсийн гэрээний 3.1-д гэрээний хавсралт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг мөн гэж заасан. Тэгэхээр энэ гэрээний хавсралт үндсэн гэрээтэй адил хүчин төгөлдөр байсан асуудлыг захирамж гаргахдаа анхаарч үзсэнгүй. Гэрээний хавсралтаар баталсан хуваарийн дагуу түрээсийн төлбөрийг барагдуулж байсан нь гэрээ дүгнэсэн акт болон хариуцагчийн тайлбараар нотлогддог. Гэрээний талууд төлбөр барагдуулж үйл ажиллагаа явуулж байгааг аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/505 тоот албан бичиг ирсэн байдаг. Энэ албан бичгээр гэрээний 5.5 дахь заалтыг зөрчсөн учраас гэрээний 8.1-д заасан гэрээг цуцлах үндэслэлтэй тул 05 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон гэрээг цуцалж байгааг мэдэгдье гэсэн байдаг. Гэрээнд зааснаар "Х о" ХХК 6 сарыг дуусталх хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх боломж, эрх нь байсан. Гэтэл 4 сараас эхлээд гэрээг цуцлах тухай мэдэгдэл ирүүлээд байгаа нь өөрөө хууль зөрчсөн асуудал байсан. "Х о" ХХК нь 2020 оныг дуустал буюу 2020 оны 12 дугаар сард хуваарийнхаа дагуу түрээсийн төлбөрийг төлж барагдуулаад дуусгасан байсан. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал эхний ээлжийн төлбөрөө төлөх боломжит хугацаа байсан. Гэтэл 4 дүгээр сараас нь эхлээд мэдэгдэл өгсөн нь ямар учиртайг ойлгохгүй байна. "Х о" ХХК нь 2016 оноос хойш гэрээнийхээ үүргийг хариуцлагатай биелүүлж байсан компани. Үүнийг юугаар нотолж байна гэхээр 2019 онд Ковид-19 гэж дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсан. 2019 онд Ковид-19 гарснаас хойш Монголд 2020 онд ковид-19 орж ирсэн. 2020 онд төрийн байгууллага, ААН-үүд бусад хувийн ААН-үүд хагас ажилласан байдалтай байсан. 2019, 2020 онд "Х о" ХХК ямар нэгэн байдлаар түрээсийн өр төлбөргүй 2020 оны эцсийг дуустал түрээсийн төлбөрөө төлчихсөн байсан. 2021 оны 6 дугаар сард түрээсийн төлбөрөө төлнө гэдэг байдлаар явж байтал хугацаандаа төлсөнгүй, гэрээ цуцална гэсэн мэдэгдэл өгч эхэлсэн. Тухайн үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийн хувьд нэлээн хүндрэлтэй байдал үүссэн. "Х о" ХХК тухайн үйлдвэрлэлийг эрхлэхийн тулд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Тодорхой хэмжээний ажилчдыг ажлын байраар хангаад явж байгаа, үйл ажиллагаа нь тогтмолжиж эхэлж байсан. Тэгэхээр энэ компанийн хувьд үйл ажиллагаагаа явуулаад жигдрээд эхэлж байхад нь гэрээ цуцална гэсэн асуудал яригдаад эхлэхээр "Х о" ХХК-ийн хувьд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж байж бид түрээсийн төлбөрөө төлнө гэдэг агуулгаар энэ асуудалд хандсан. Гэрээний ерөнхий зүйл буюу 1.1 дүгээрт нь түрээслүүлэгч талыг төлөөлж Орон нутгийн өмчийн газар, түүний дарга н.Д гарын үсэг зурж гэрээг үзэглэсэн. Нөгөө талаас нь "Х о" ХХК-ийн захирал Н.Ц нь түрээслэгч гэдэг талаас гарын үсэг зурж энэ гэрээг байгуулсан байдаг юм. Аймгийн иргэдийн Хурлаас баталсан журмын дагуу аймгийн Засаг дарга тухайн гэрээг батална гэсэн байдаг болохоос яг гэрээний нэг тал болно гэсэн асуудал журам дээр байхгүй. Үүн дээр аймгийн Засаг дарга нь гэрээний тал биш гэж нэхэмжлэгч талын зүгээс үзэж байгаа юм. Гэрээний тал биш учраас гэрээг цуцлах талаар захирамж гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах үндэслэл байхгүй байхад тус гэрээг цуцлах талаар захирамж гаргасан нь хууль бус гэж үзэж байгаа юм. Яагаад гэхээр 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл түрээсийн гэрээг төлөх боломж "Х о" ХХК-д байсан. Гэтэл 04 дүгээр сарын 22-ноос эхлээд мэдэгдэл өгөөд дараа нь 06 дугаар сарын 21-нд аймгийн Засаг дарга захирамж гаргаад тухайн компанийг түрээсийн төлбөр төлөөгүй гэж захиргааны акт буюу захирамж гаргаж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. 7 сар өнгөрчихсөн, 07 дугаар сарын 01, 02-ны өдөр гэхэд “Х о" ХХК тухайн түрээснийхээ төлбөрийг төлөөгүй байсан бол аймгийн Засаг дарга эхний 6 сарын төлбөрөө хугацаандаа хийсэнгүй гээд захирамж гаргасан бол үүн дээр маргахгүй. Гэтэл тухайн хугацаанаас нь өмнө захирамж гаргачихаад, мэдэгдэл өгчихөөд тухайн хууль бус захирамжаа биелүүлнэ гэдэг байдлаар асуудалд хандсан нь захиргааны акт гаргах үндэслэл бүрдээгүй байхад аймгийн Засаг дарга захирамж гаргасан гэж нэхэмжлэгчийн хувьд нэгдүгээрт үзэж байна. Хоёрдугаарт бодит байдалд гэрээний 5.5 дахь заалт буюу сар бүрдээ түрээсийн төлбөрийг төлнө гэсэн асуудал нь зөрчигдөөгүй, гэрээний 3.1-д зааснаар хавсралтын дагуу тухайн компани түрээснийхээ төлбөрийг төлөөд явж байсан. Тухайн нөхцөл байдалд гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй байсан гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байна. Энэ нь юугаар нотлогддог вэ? гэхээр “Х о" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01,  2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 02 албан тоотууд байдаг. Эдгээрээр манайх ямар нэгэн байдлаар түрээсийн төлбөр байхгүй. Хуваарийнхаа дагуу төлөөд явж байсан гэдэг асуудлыг аймгийн Засаг дарга, Орон нутгийн өмчийн газарт албан тоотоор хүргүүлсэн байдаг. Би бодит нөхцөл байдлын талаар ярилаа. Гуравдугаарт захирамжийн өөрийнх нь хууль зүйн үндэслэл нь хэр бүрдсэн юм бэ гэдэг асуудлыг ярья. Тус захирамж дээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь заалтыг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.7 дахь заалтыг, ИТХ-ын тэргүүлэгчдийн 2009 оны 45 дугаар тогтоолоор баталсан журмын 3.1 дэх хэсгийг, түрээсийн гэрээний 8.1 дэх хэсгийг үндэслээд түрээсийн гэрээг цуцалсан байдаг. Гэхдээ 2006 оны хуулиар ярьж байгаа. Гэтэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн хууль 2021 оны 12 сард шинэчлэн мөрдөгдөж эхэлсэн. Тэгэхээр түүнээс өмнөх асуудал учраас би хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийнх нь хүрээндээ яривал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 гэдэг заалт аймгийн Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргах эрхтэй гэсэн нийтлэг заалт байгаа юм. 29.2 гэдэг ямар нэгэн байдлаар аймгийн Засаг даргын бүрэн эрхэд өмчийн талаар ингэнэ гэсэн заалт биш. Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах гэх заалтыг үндэслэсэн. Энэ заалт нь өөрөө нийтлэг заалт. 29 дүгээр зүйлийн 29.1.2-т орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах захиран зарцуулах талаар шат шатны Засаг дарга нарын бүрэн эрхийг заагаад өгчихсөн байгаа. Хэрвээ эд хөрөнгийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар захирамж шийдвэр гаргаж байгаа бол 29.1.2-т заасан 6 бүрэн эрхээс захирамжийнхаа үндэслэл хэсэг дээр үндэслэж өгсөн бол болох байж. 2 дугаарт тэдгээр 29.1.2-т заасан аймаг шат шатны Засаг даргын 6 бүрэн эрхийг нь тодорхойлоод авч үзвэл тэдгээр нь хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, эсвэл хуралд өмч хөрөнгийн асуудлаа тайлагнах, өмч хөрөнгийн асуудлуудыг хурлаар шийдвэрлүүлэх эрхүүд байгаа. Түрээсийн гэрээ байгуулах түүнийг нь цуцлах бүрэн эрхүүд энэ бүрэн эрхүүдэд байхгүй. Тэгэхээр өөрт нь олгогдоогүй бүрэн эрхийн асуудлаар захирамж шийдвэр гаргажээ гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байна. Хоёрдугаарт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.7 гэх заалтыг энэ захирамжийн үндэслэл болгосон. Үүн дээр ямар заалт байна вэ гэхээр нутгийн өмч эрхэлсэн ажилтан буюу албыг шуурхай удирдана гэсэн заалт байгаа. Үүн дээр түрээсийн гэрээ орон нутгийн өмчийг захиран зарцуулах юм гэсэн эрх байхгүйгээр ажилтан буюу албыг шуурхай удирдана гэсэн заалтыг тухайн захирамжийн үндэслэл болгочихож байгаа юм. Тэгэхээр энэ захирамж үндэслэлээсээ эхлээд хуулийн шаардлага хангахгүй тухайн асуудалтай хамааралгүй үндэслэлүүдийг захирамж дээрээ үндэслэл болгосон байна гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн хүрээ 47.1.3-т заасан буюу өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан буюу ямар нэгэн байдлаар Монгол Улсын засаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар аймгийн Засаг дарга тухайн асуудалд бүрэн эрх олгосон юм уу чиг үүрэг хэрэгжүүлэх талаар тусгасан ийм заалт байхгүй байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д болохоор орон нутгийн өмчийн талаар ИТХ-ын хэрэгжүүлэх бүрэн эрхийг заасан. 18.1.3 а-ын орон нутгийн өмчийн зүйлийн өмчлөгчийн эрхийг хурал хэрэгжүүлнэ гэж заасан. Тэгэхээр өмчлөгч гэдэг тухайн хөрөнгийн хувьд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхүүдийг хурал өөрөө хэрэгжүүлэх ёстой. Ямар нэгэн байдлаар Засаг дарга өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн боломж бололцоо нэгжийн тухай хуулиараа байхгүй. Тэгэхээр түүнийг нь зөрчөөд аймгийн Засаг даргаар захирамж гаргасан. Хоёрдугаарт түрээсийн гэрээг Орон нутгийн өмчийн газартай байгуулсан байдаг. Гэтэл захиргааны байгууллага буюу орон нутгийн өмчийн газар, эсвэл аймгийн Засаг дарга хувийн эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд ямар нэгэн байдлаар захирамжилсан үйл ажиллагаа юм уу захиргааны акт гаргах боломжгүй. Хувийн эрх зүйн харилцаанд оролцож байгаа тохиолдолд захиргааны байгууллага албан тушаалтан үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг л баримтлах ёстой. Захирамжилсан албадлагын арга хэмжээ хэрэглэх боломж бололцоо нь хаагдчихсан байдаг. Гэтэл Засаг дарга захирамж гаргаж байгаа нь илт хууль бус захиргааны актад хамаарах үндэслэл болж байна гэж үзэж байна. Хариуцагчийн хувьд тэр хууль зөрчсөн шийдвэрээ хэрэгжүүлэхээр албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гээд захирамжууд гаргачихсан байдаг. Ингэхийн оронд 2021 оноос хойш холбогдох хуулийн байгууллагад нь, шүүхэд нь түрээсийн төлбөр, түрээсийн маргааны асуудлаар нэхэмжлэл гаргаад түүнийгээ шийдвэрлүүлэх бодит хугацаа байсан. Тэгэхээр аймгийн Засаг даргын захирамж Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д заасан өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захирамж гаргасан. Мөн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах бодит үндэслэл тогтоогдоогүй байхад захирамж буюу захиргааны акт гаргасан учраас илт хууль бус захиргааны актад тооцож өгнө үү гэв.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч “Х о” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Орон нутгийн өмчийн газарт бүртгэлтэй граж агуулахын зориулалтай 829 м.кв ашигтай талбай бүхий барилгыг 2019 оны 02-р сарын 04-ний өдөр Орон нутгийн өмчийн газрын дарга Д.О “Х о” ХХК-ны захирал Н.Ц нарын хооронд түрээсийн гэрээг байгуулж тухайн үеийн Аймгийн Засаг дарга С.Г-р батлуулж уг гэрээг 5 жилийн хугацаатай хийж, гэрээний биелэлтийг жил бүрийн эхний улиралд багтаан дүгнэж байхаар харилцан тохиролцож байгуулсан юм.

Гэтэл түрээслэгч тал маань гэрээний үүргээ биелүүлэхгүй, түрээсийн төлбөрөө цаг тухайд нь өгөхгүй байсны улмаас 2021 оны 06-р сарын 21-ний өдрийн аймгийн Засаг даргын А/274 дугаартай захирамжаар уг түрээсийн гэрээг 2021 оны 07-р сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан юм. Түрээсийн гэрээг цуцлахаас өмнө удаа дараа агуулах гражыг чөлөөлж өгөх талаар мэдэгдэл хүргүүлж байсан. Үүнтэй холбогдуулан 2021 оны 06-р сарын 25-ны өдөр аймгийн Засаг даргын А/290 дугаартай захирамж гарч уг барилга байгууламжийг хуучин байсан хэлбэр агуулгаар нь хүлээлцэж орон нутгийн өмчийн газарт хүлээлгэн өгөх талаар ажлын хэсгийг байгуулсан байна.

Үүнээс хойш удаа дараа уг барилгыг чөлөөлж өгөхийг шаардсан албан бичгийг Орон нутгийн өмчийн газраас явуулсан боловч тодорхой хариу ирүүлэхгүй барилгыг чөлөөлж өгөхгүй байхаас гадна 2021 оны 01-р сарын 01-ний өдрөөс хойших түрээсийн төлбөрөө хийхгүй байгаа юм. Иймд “Х о” ХХК-ийн захирал Н.Ц-с Орон нутгийн өмчийн газарт бүртгэлтэй граж агуулахын зориулалтай 829 м.кв ашигтай талбай бүхий барилгын 2021 оны 01-р сарын 01-ний өдрөөс хойших хугацааны буюу 33 сар 26 хоногийн түрээсийн төлбөр болох 57.803.400 /тавин долоон сая найман зуун гурван мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулах, Орон нутгийн өмчийн газарт бүртгэлтэй граж агуулахын зориулалтай 829 м.кв ашигтай талбай бүхий барилгыг чөлөөлүүлэхээр Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа болно.

“Х о” ХХК нь түрээсийн гэрээ байгуулж сар болгон түрээсийн төлбөрөө төлөхөөр болсон. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл 29.2 аймгийн Засаг дарга захирамж гаргах эрх мэдлийн хүрээнд захирамж гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх, 78-д нь Засаг даргын бүрэн эрхийг тусгаж өгсөн байдаг. Тэгэхээр энэ гаргасан захирамж нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Түрээсийн гэрээний 8.1-д түрээсийг цаг хугацаандаа төлөөгүй гэдэг үндэслэлээр энэ гэрээг цуцалсан. Гэрээг цуцлахаас өмнө албан ёсны мэдэгдэл өгсөн. Мэдэгдлийг хүлээж авсан баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Мөн түрээсийн гэрээг сар болгон хуваарь хийж баталсан. Хавсралт гэхээр мөн нотлох баримтаар гаргаж өгсөн. Түрээсийн гэрээ дуусгавар болсноор тухайн ААН тэнд байгаа эд зүйлээ авч чөлөөлж түрээслэгчээс түрээсэлсэн объектыг хүлээлгэж өгөх ёстой байдаг. Гэтэл "Х о" ХХК захирамжилсан актаар түрээсийн гэрээг цуцлахад 4 удаагийн захирамжаар тухайн объектыг чөлөөлж өгөөгүй. Мөн 8.3-д түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр түрээслэгч нь тухайн барилга объектын үндсэн хийцийг өөрчлөх, нэмэлтээр юм барих заалт байхгүй. Гэтэл "Х о" ХХК нь дотор байгаа 2 том хана хэсгийг буулгаж, гадна талд нь 5 төрлийн барилга байгууламжийг барьсан. Зарим хэсгийг нь бид нар цагдаагийн байгууллагад хандаж төрийн өмчийг цоолж эвдэж сүйтгэж байна гэхэд Цагдаагийн байгууллагад шүүхээр хэрэг шийдэгдэж байгаа гээд хэрэгсэхгүй болгосон. Барилгын хийцийг цоолж хөргүүр тавьсан, мөн гадна уурын зуухны барилга барьсан, агуулах склад барьсан, барилгын үндсэн хийцийг цоолж мөн мах чанадаг хэсгийг гадна талдаа байгуулсан. Дотор талд нь тасалгаанууд хийсэн зэрэг нь Барилгын тухай хуулийн 46.1.3-д заасан барилга байгууламж үндсэн хийц бүтээцийн хавсралт хамгаалалт зориулалтыг өөрчлөхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн. Гэрээг аймгийн Засаг дарга баталгаажуулсан. Энэ түрээслэгч түрээслүүлэгч хоёрын хийсэн гэрээний актыг аймгийн Засаг дарга баталгаажуулсан. Энэ нь захирамж цуцлах үндэслэл болно. Яагаад гэхээр өмчийн эзэн нь иргэдийн Хурал боловч иргэдийн хурлаар тухайн жилийн худалдах хөрөнгийн жагсаалтыг шилжүүлэх, актлах, түрээслэх, худалдах гэсэн зарчмаар баталж баталгаажуулж түүний хэрэгжилтийг аймгийн Засаг дарга хангаж явдаг. Энд түрээслүүлэгчийн түрээслэсэн объектынхоо төлбөрийг 01 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй нь энэ цуцлах үндэслэл болно гэж үзэж байгаа. Мөн дээрээс нь түрүүний хэлсэн заалтууд захирамж дээр тусгагдаагүй ч гэсэн барилгын хийц бүтээцийг эвдэж сүйтгэж, хурааж, буулгасан, зөвшөөрөлгүйгээр авсан нь түрээсийн гэрээ цуцлагдах үндэслэл болно. Хурлаар батлагдсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэрээнд заагдсан үндэслэлүүдээ биелүүлэхгүй байна гээд албан тоот өгөөд гарын үсэг зуруулаад хүлээж авчихаад тэр дороо түрээсийн төлбөрөө төлчих боломжтой. 04 дүгээр сарын 21-нд түрээсээс чөлөөлж өгнө үү гэсэн бичиг өгсөн. Түрээсээс чөлөөлж өгнө үү гэсэн бичгийг нь Төрийн сан түрээсээс чөлөөлөх боломжтой эсэх талаар арга хэмжээ авч өгөөч гэхэд тухайн жилдээ түрээсээс хэчнээн төгрөг орно гээд иргэдийн хурлаар баталчихсан учраас иргэдийн хурлын тогтоолыг төрийн сан, аймгийн Засаг дарга өөрчлөх боломжгүй тул төлбөрөөс чөлөөлөх боломжгүй гэж захирамж гарсан гэв.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 51 дугаар тогтоолоор баталсан “Түрээсийн төлбөрийн доод үнэ, гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай” тогтоолын дагуу нэг талаас Орон нутгийн өмчийн газрын дарга Д.О, нөгөө талаас “Х о” ХХК-ийг төлөөлж Н.Ц нар орон нутгийн өмчийн 1 давхар, нийт 829 м.кв хэсгийг махны үйлдвэрийн зориулалтаар түрээслэхээр харилцан тохиролцож 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/2019 дугаартай “Орон нутгийн өмчийн газрын граж, агуулахын барилгыг түрээсэлж байгаа “Х о” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ”-г байгуулж ....... аймгийн Засаг дарга баталсан байна.

2. “Х о” ХХК нь гэрээний хавсралт болох түрээсийн төлбөр төлөх хуваарийн дагуу 2019 оны 06 дугаар сард 8.500,500, 2019 оны 12 дугаар сард 10.200,600 нийт 18.701,100 төгрөгийг гэрээний дагуу хагас бүтэн жилээр орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн талаар түрээсийн гэрээ дүгнэж Орон нутгийн өмчийн дарга Л.Г, Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Р.П, “Х о” ХХК-ний захирал Н.Ц нар гарын үсэг зурсан, 2020 оны 06 дугаар сард 10.200,600, 2020 оны 12 дугаар сард 10.200,600 нийт 20.401,200 төгрөгийг түрээсийн төлбөр төлсөн талаар түрээслүүлэгчийг төлөөлж  Орон нутгийн өмчийн дарга Л.Г, түрээслэгчийг төлөөлж “Х о” ХХК-ний захирал Н.Ц нар гарын үсэг зурж төлбөр төлсөн талаар баримт үйлдсэн байна.

3. Харин 2021 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр аймгийн Засаг даргаас “...01/2019 дугаар гэрээний 5.5 дахь заалтыг зөрсөн тул гэрээний 8.1 дэх заалтад заасны дагуу гэрээг цуцлах үндэслэл болж байна. Иймд танай компанитай байгуулсан гэрээг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгож, цуцлаж байгааг мэдэгдье” гэсэн агуулга бүхий 1/505 дугаар албан бичгийг “Х о” ХХК-нд хүргүүлсэн, “Х о” ХХК аймгийн Засаг даргад 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар албан бичгээр “...Орон нутгийн өмчийн гражийг махны үйлдвэрлэлийн чиглэлээр түрээсэлж, түрээсийн төлбөрийг жилд хагас жилээр 2 удаа төлөхөөр тохиролцон өдий хүртэл өр төлбөргүй, цаг хугацаанд нь төлж ирсэн...” гэсэн хариу хүргүүлсэн.

4. .......... аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/274 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.7 дахь заалт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Орон нутгийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам”-ын 3.1 дэх заалт, түрээсийн гэрээний 8.1 дэх заалтыг тус тус үндэслэн Орон нутгийн өмчийн газрын хөрөнгөд бүртгэлтэй граж, агуулахын барилгыг махны үйлдвэрийн зориулалтаар түрээсэлж байгаа “Х о” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир түрээсийн гэрээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тасалбар болгон цуцалсан байна.

5. Гэрээг цуцалсан талаар Орон нутгийн өмчийн газар 2021 оны 06 дугаар сарын 21-ний 1/167 дугаар албан бичгээр “Х о” ХХК-нд мэдэгдсэн боловч 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаар албан бичгээр “...гэрээ цуцлах шаардлагыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байгаагаа мэдэгдэж байна. Мөн 2021 оны эхний хагас жилийн түрээсийн төлбөрийг хуулийн байгууллагын шийдвэр дээр үндэслэн төлөх болно” гэсэн хариу хүргүүлж байсан үйл баримт хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

6.”Х о” ХХК-ний захирал Н.Ц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ “...Түрээсийн гэрээг цуцлах тухай дээрх захирамжийг гаргах гол үндэслэл нь түрээслэгч түрээсийн төлбөрийг барагдуулаагүй гэх үндэслэл бөгөөд гэрээг цуцлах тухай 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн мэдэгдэл, гэрээг цуцалсан гэх аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/274 дүгээр захирамж гарах хүртэл гэрээ, гэрээний хавсралтын дагуу түрээсийн төлбөрийг барагдуулж байсан бөгөөд захиргааны акт гаргах үндэслэлгүй байхад захирамж гаргасан нь илт хууль бус байна ...Засаг даргад олгосон бүрэн эрх, чиг үүрэгт түрээсийн гэрээг батлах, түүнийг цуцлах эрх хэмжээ олгогдоогүй, гэрээний талуудад хамаарахгүй этгээд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.6-т заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тул аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/274 дүгээр захирамжийг захиргааны илт хууль бус актад тооцож, нэхэмжлэгчийн зөрчигдөж байгаа эрхийг сэргээж өгнө үү”, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа “... аймгийн Иргэдийн Хурлаас баталсан журмын дагуу аймгийн Засаг дарга тухайн гэрээг батална гэсэн байдаг болохоос яг гэрээний нэг тал болно гэсэн асуудал журам дээр байхгүй ...аймгийн Засаг дарга нь гэрээний тал биш гэж нэхэмжлэгч талын зүгээс үзэж байгаа юм. Гэрээний тал биш учраас гэрээг цуцлах талаар захирамж гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 заасан захиргааны акт гаргах үндэслэл байхгүй байхад тус гэрээг цуцлах талаар захирамж гаргасан нь хууль бус гэж үзэж байгаа ...захиргааны акт гаргах бодит үндэслэл тогтоогдоогүй байхад захирамж захиргааны акт гаргасан учраас илт хууль бус захиргааны акт тооцож өгнө үү” гэж тайлбарласан.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан. Нэхэмжлэгч захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг харгалзах болон хөөн хэлэлцэх хугацааны дотор гомдол гаргана, харин захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй бөгөөд хэдийд ч шүүхэд хандах боломжтой.

8. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/274 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, хуулийн 47.1.6-т “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн заалтыг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” /2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ гэсэн нөхцөл байдал хангагдаж байгаа болон акт илт хууль бус эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

9. Илт хууль бус захиргааны акт гэдэг нь хууль ёсны зарчимд илэрхий харш, ноцтой хор уршиг бүхий алдааг илэрхийлэх бөгөөд тухайн захиргааны  актаар бий болгосон үүргийг хүн, хуулийн  этгээд биелүүлэх үүрэггүй, мөн түүнийг хэрэгжүүлэх ёсгүй, гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхыг ойлгоно.

10. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2.2-т “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас орон нутгийн өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, үр ашгийн тайлан, нэгдсэн тооллогын дүнг жил бүр хэлэлцэж, дүгнэлт, чиглэл өгөх”, хуулийн 78 дугаар зүйлийн 1-т “Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй”, 78 дугаар зүйлийн 2.1-т  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” гэж зааснаар аймийн Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, олгосон эрх хэмжээний хүрээнд  орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй байхаар хуульд заасан.

11. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2009 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 45 дугаар тогтоолоор баталсан “Орон нутгийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам”-ын 1.1-т “Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу түрээслүүлэхэд энэхүү журмыг дагаж мөрдөнө”, 1.2-т “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4, 5-д зааснаас бусад орон нутгийн өмчийн бүх төрлийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөнд хамаарах хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлж болно”, журмын 2.1-т “Түрээсийн гэрээг Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журамд нийцүүлэн бичгээр байгуулж аймгийн Засаг даргаар батлуулна”, 2.2-т “Түрээсийн гэрээ байгуулахдаа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас баталсан түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг үндэс болгоно” гэж тухайн журмаар зохицуулсан, мөн 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 51 дүгээр тогтоолоор түрээсийн төлбөрийн доод үнэ болон түрээсийн гэрээг аймгийн Засаг дарга батлахаар гэрээний үлгэрчилсэн загварыг баталсан байна..

13. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн өмчийн өмчлөгч болохын хувьд ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар орон нутгийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам болон түрээсийн төлбөрийн доод үнэ, гэрээний үлгэрчилсэн загвар баталж, энэ хүрээнд аймгийн Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг түрээслэх гэрээ байгуулсныг баталж, түрээсийн гэрээг цуцлах шийдвэр гаргаж байгааг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

14.Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралд “...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 гэдэг заалт аймгийн Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргах эрхтэй гэсэн нийтлэг заалт .... 29.1.2-т заасан аймаг шат шатны Засаг даргын 6 бүрэн эрхийг нь тодорхойлоод авч үзвэл тэдгээр нь хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, эсвэл хуралд өмч хөрөнгийн асуудлаа тайлагнах, өмч хөрөнгийн асуудлуудыг хурлаар шийдвэрлүүлэх эрхүүд байгаа. Түрээсийн гэрээ байгуулах түүнийг нь цуцлах бүрэн эрхүүд энэ бүрэн эрхүүдэд байхгүй ...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.7 гэх заалтыг ...нутгийн өмч эрхэлсэн ажилтан буюу албыг шуурхай удирдана гэсэн заалт байгаа ...энэ захирамж үндэслэлээсээ эхлээд хуулийн шаардлага хангахгүй тухайн асуудалтай хамааралгүй үндэслэлүүдийг захирамж дээрээ үндэслэл болгосон ...” гэсэн тайлбар гаргасан.

15. Тайлбарт дурдсанаар маргаан бүхий аймгийн Засаг даргын А/274 дүгээр захирамж нь эрх зүйн алдаатай байгаа эсэхийг үгүйсгэхгүй, гэвч уг алдаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан  захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт хамаарах ноцтой алдаа биш юм. Учир нь хуулийн уг заалтад хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдаанууд хамаарна. Тухайлбал захиргааны актыг огт эрх зүйн үндэслэлгүйгээр гаргах, хуульд заагаагүй үндэслэлээр эрхэд халдах, эсхүл тухайн үндэслэл болсон хэм хэмжээ нь дээд эрэмбийн хэм хэмжээтэй зөрчилдсөн бол илт хууль бус болно. Өөрөөр хэлбэл хууль хэрэглээний болон хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа захиргааны актыг илт хууль бусад тооцох алдаанд хамаарахгүй бөгөөд хууль бус захиргааны акт, илт хууль бус захиргааны акт нь агуулгын хувьд өөр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

16. ..... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаар тогтоол, 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 51 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгосон байгаа хэдий ч 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/274 дүгээр захирамж гаргах тухайн нөхцөлд дээрх тогтоолуудаар баталсан журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х о” ХХК-ийн нэхэмжлэлтэй .......... аймгийн Засаг даргад холбогдох аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/274 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны актад тооцох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Э.ЗОЛБАДРАХ