Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 279

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч С.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Самбуугийн Баянмөнхөд холбогдох эрүүгийн 201719000035 дугаартай хэргийг 2017 оны 09 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Монгол улсын иргэн. 1978 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, Өвөрхангай аймагт Зэвсэгт хүчний 256 дугаар ангид жолооч ажилтай, Төв аймгийн 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Цэцэгт овгийн Самбуугийн Баянмөнх РД/ПЮ78061911/

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч С.Баярсайхан нь Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн ажилчдын байрны гадаа 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шөнийн 22 цагийн орчим тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.Анхбаяр, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Зулбадрах нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж Ц.Анхбаяр, Д.Зулбадрах нарын эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад             

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч С.Баярсайхан нь Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн ажилчдын байрны гадаа 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шөнийн 22 цагийн орчим тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.Анхбаяр, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Зулбадрах нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж Ц.Анхбаяр, Д.Зулбадрах нарын эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох  нь:

 

Хохирогч Ц.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Би 2017 оны  дүгээр сарын 07-ны орой албан үүргээ гүйцэтгээд явж байгаад 22 цаг 25 минутын үед гэртээ цагдаа ахлах ахлагч Д.Зулбадрахаар хүргүүлэн Төв аймгийн Алтанбулаг сум 1-р баг Цэргийн ангийн ажилчидын байрны гаднах хашааны гадаа буулгуулаад иргэн Н.Мөнхбатын хамтаар гэр лүү гээ орох гээд явж байхад барын зүүн талд С.Баянмөнх, Т.Мөнхболдын хамт шээх гээд орилоод зогсож байсан тэгэхээр нь би наанаа шээдэг юм уу бие засах газраа бие засаачээ гэж албан ёсоор шаардлага тавихад миний өөдөөс чамд ямар хамаатай юм гөлөг минь гээд хүрж ирээд үгийн зөрүү байхгүй барьж аваад миний зүүн талын шанаа хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохиод авсан тэгээд Т.Мөнхболд нь С.Баянмөнхийг салгаад цааш нь аваад явахаар оролдсон тэр үед би сумын цагдаа ахлах ахлагч, Д.Зулбадрах руу утасаар залгаж дуудтал Баянмөнх нь над руу алнаа чамайг пизда минь чи ямар их хүний машин хураадаг юм бэ гэж хэлээд намайг хөлөөрөө хавирсан тэгээд би Баянмөнхийг барьж аваад газар хэвтүүлээд цээжээр нь хоёр гараа оруулж чагталж бариад хөдөлгөөнийг нь хязгаарлаж а/а Д.Зулбадрахыг  ирэхыг нь хүлээж байхад доороос Баянмөнх нь миний хоёр талын бөөр хэсэг рүү гараараа ээлжлээд одоо яг тоог нь санахгүй байна олон удаа цохиж байсан мөн толгойгоороо миний доороос бэлэг эрхтэн рүү цохиод байсан, тэгээд удалгүй а/а Д.Зулбадрахыг ирээд Баянмөнхийг босгож гавлах гэтэл эсэргүүцэл үзүүлж өөдөөс нулимж намайг шээж минь чи миний шээж шүү та хоёрыг алнаа гээд заналхийлж гавлах гэхээр эсэргүүцэл үзүүлсэн. Тэр үед хойд талын байрнаас Энхтайван, Лхагвадорж, Барзаан нар гарч ирээд Баянмөнхийг аваад орчихъё гээд бид хоёрын хувцаснаас татаж цангаан эсэргүүцэл үзүүлж нөхцөл байдлыг хүндрүүлж байсан тэгээд бид хоёр Баянмөнхийг гавлаад голдоо хийн алхаж араасаа а/а Д.Зулбадрахын эхнэр Д.Нямбаяраар а/а Д.Зулбадрахын машиныг нь бариулж гэрэл тусгуулан явж байтал Хустайн мандал хүнсний дэлгүүрийн ойролцоо явж байгаад эргээд хартал Энхтайван нь а/а Д.Зулбадрахын машины урд талын гупрыг өшиглөж гараа өргөн чаддаг юм бол дайраад гар гэж хэлээд өшигчөөд байсан тэгээд а/а Д.Зулбадрах очиж Энхтайваныг холдуулах гэтэл Энхтайван нь холдохгүй мөн а/а Д.Зулбадрахыг гараараа түлхэж бас гупрыг улам өшигчөж эхэлсэн тэр үед би очиж Энхтайваныг холдуулах гэтэл чаддаг юм бол наад төрийн хувцасаа тайлчих та нар бид нар бас төрийн хувцастай хүн шүү үнэхээр чадал чинь байвал та хоёр надтай үзэх үү? гэж агасчаад байсан тэгээд бид хоёр Энхтайваныг холдуулчихаад эргээд Баянмөнхийг аваад явж байтал Баянмөнх намайг баруун хөлөөрөө миний цээжин тус газар нэг удаа өшиглөхөд Лхагвадорж нь араас манай найз спортын мастар шүү гэж даапаалж байсан чинь а/а Д.Зулбадрахын нүүр лүү Баянмөнх зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн тэр үед а/а Д.Зулбадрахын хамарнаас цус гарч эхэлсэн тэгээд бид хоёр Баянмөнхийг авч яван Цагдаагийн хэсгийн өрөөнд авч ирэн Төв аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн албанд мэдэгдсэн” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэрэг 26-27 дугаар тал/,

Хохирогч Д.Зулбадрах мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Би 2017 оны 01 дүгээр сарын 07-ны орой албан үүргээ гүйцэтгээд 22 цаг 25 минутын үед хэсгийн төлөөлөгч д/ч Ц.Анхбаяр, иргэн Н.Мөнхбат гэрийнх гадаа буулгаад гэртээ харьсан гэтэл араас хэсгийн төлөөлөгч утасаар залгаад буцаад гялс яваад ир гэж хэлсэн тэгээд утасны цаана нь хүн орилоод байсан тэгээд шууд эргээд яваад очиход хэсгийн төлөөлөгч доороо нэг согтуу хүнийг дараад цээжээр нь тэвэрчихсэн хэвтэж байсан мөн хажууд нь Мөнхболд гэх залуу байж байсан тэгээд би лав гаргаж ирээд гавлах гэсэн чинь гавлуулахгүй эсэргүүцэл үзүүлээд байсан. Тэр үед Мөнхболд миний хувцаснаас татаад би гэр лүү нь аваад орчихъё гээд байсан тэр үед хэсгийн төлөөлөгчийн хоёр талын бөөр лүү нь хоёр гараараа Баянмөнх цохиод байсан тэгээд босгож ирээд аваад явсан тэр үед Мөнхболд гүйгээд Баянмөнхийн эхнэр болон Барзаан, Лхагвадорж, Энхтайван нарыг дуудаад ирчихсэн байсан. Тэгээд тэдгээр хүмүүс бүгд гараад ирэхээр нь өөдөөс нь энэ хүн цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцсэн мөн согтуу байна хэсгийн байран аваачих ёстой гэж хэлээд аваад явах гэсэн чинь нөгөө хүмүүс хэдэн талаас хувцаснаас зууралдаад хэл амаар доромжилоод байсан. Мөн Баянмөнх өөдөөс нулимаад Анхбаяр та хоёрыг алнаа гээд л байсан тэгээд ард нь гавлаад цааш нь үргэжлүүлээд хэсэг рүү явган араасаа эхнэрээрээ машинаа бариулж гэрэл тусгуулаад алхсан тэгээд эргээд хартал манай эхнэрийг Энхтайван зогсоочихсон миний машиний гупер лүү өшигчөөд машиний хамар дээр суучихсан байсан. Тэгээд би очоод чи яахаараа машин явуулдаггүй юм гэж хэлсэн чинь чи наад хүнээ тавь тэгвэл би машинийг чинь явуулна гэж хэлсэн тэгээд би машинаас холдуулахын тулд түлхсэн. Тэгээд цаашаа явж байтал Баянмөнх гэнэт хэсгийн төлөөлөгчийн цээж рүү цээж рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн  тэгээд миний хамар луу бас зүүн хөлөөрөө өшиглөсөн тэгээд миний хамарнаас цус гарч Баянмөнхийг хэсгийн байранд аваачин Төв аймаг дахь Цагдаагийн  газрын  жижүүрийн албанд мэдэгдсэн” гэх мэдүүллэг /1-р хавтас хх-29-30 тал/,

Гэрч Т.Мөнхболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “ ... Би 2017 оны  01 дүгээр сарын 07-ны орой 21 цаг 50 минутанд гэрээсээ гараад Сумын эрүүл мэндийн төв орж тариагаа тариулчихаад харих замдаа Энхтайван гэх айлаар ороход Энхтайван, Лхагвадорж, Барзаан нар гэр бүлийн хамтаар архи ууж байсан. Тэгээд намайг гарах гэтэл Баянмөнхийг гэрт нь оруулж өг гэж Лхагвадорж надад хэлсэн тэгээд би Баянмөнхийг аваад Энхтайваныхаас гарсан юм тэгээд гэрт нь оруулах гэсэн чинь гадуур орилоод гэртээ орохгүй байсан тэгээд байрны урд талд гараад  шээх гээд зогсож байсан чинь байрны гадаа хашааны хаалган дээр хэсгийн төлөөлөгч д/ч Анхбаяр машинаас бууж ирээд гэр лүүгээ орох гээд явж байхдаа Баянмөнхийг наанаа яах шээх гээд байгаа юм гэж хэлсэн тэгсэн чинь чи юу юм Анхбаяраа гэж хэлсэн тэгээд шууд байрны явган хүний зам дээр барьцалдаад авсан тэгээд би Анхбаяр дэслэгчийг ах би наад хүнийг чинь оруулж унтуулчихъя гэж хэлээд Баянмөнхийг авч явах гэсэн чинь Баянмөнх, Анхбаяр дэслэгчтэй зууралдаад салахгүй байсан тэгж байтал Анхбаяр дэслэгчийг Баянмөнх шууд баруун гараараа Анхбаяр дэслэгчийн нүүр лүү цохьчихсон. Тэгээд шууд Анхбаяр дэслэгч толгойгоор нь уургалж аваад газар хэвтүүлээд дээрээс нь гараад хэвтсэн тэгээд Анхбаяр дэслэгч Зулбадрах ахлагчийг утсаар дуудсан тэгээд нэг их удалгүй Зулбадрах ирээд Баянмөнхийг авч явах гээд гавлах гээд оролдоод байсан. Тэгээд би гэр лүүгээ орж Баянмөнхийг эхнэр Зулааг дуудаад гаргасан тэгээд би гарч ирээд харсан чинь хойд талын байрнаас Энхтайван, Барзаан, Лхагвадорж, нар гараад ирчихсэн Баянмөнхийг хэсгийн төлөөлөгчийн байр луу явуулахгүй гээд зууралдаад байсан. Тэгээд би буцаад гэр лүүгээ орчихсон” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-36-37 тал/,

Гэрч Н.Мөнхбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “..Би хэсгийн төлөөлөгч д/ч Анхбаяр, а/а Зулбадрах нарын хамт орой явж байгаад д/ч Анхбаярын хамтаар гэрийнх нь гадаа а/а Зулбадрахын машинаас буугаад хамт явж байтал Мөнхболд Баянмөнх нар шээгээд зогсож байсан тэгэхээр нь хэсгийн төлөөлөгч наана чинь шээж  болдог юмуу гэж байсан тэгтэл хэсгийн төлөөлөгчийн өөдөөс Баянмөнх ах шууд хүрч ирээд барьж аваад нүүр лүү нь баруун гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд шууд Баянмөнх ах хэсгийн төлөөлөгчийг чи муу миний машинийг хурааж авдаг хэн бэ гөлөг минь гэж хэлээд нүүр лүү нь нулимаад барилцаад авсан. Анхбаяр дэслэгч газар хэвтүүлээд дээрээс нь дараад хэвтсэн тэгээд а/а Зулбадрахыг утасаар дуудсан удалгүй Зулбадрах цагдаа ирээд Баянмөнхийг босгоод гавлах гэж байхад хойд талын байрнаас Барзаан, Лхагвадорж, Энхтайван нар гарч ирээд наадахаа өгчих гэр лүү нь авч ороод унтуулчихъя гээд хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёрын гар хувцаснаас нь татаж чангаагаад байсан. Тэгээд Баянмөнх ахыг гавлаад хэсгийн төлөөлөгчийн өрөө рүү авч явж байхад Хаан банкны хойд талд Баянмөнх ах эхлээд Анхбаяр дэслэгчийн цээж рүү өшиглөх шиг болсон тэгээд Зулбадрах цагдаагийн нүүр лүү нь бас өшиглөх шиг болсон тэгээд Зулбадрах цагдаагийн хамарнаас нь цус гарсан тэгээд хэсгийн төлөөлөгчийн өрөөнд ирсэн” гэх мэдүүллэг /1-р хавтас хх-42-43 тал/”

Гэрч Г.Алтансүх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би зэвсэгт хүчний 119 дүгээр ангид 2009 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Самбуугийн Баянмөнх бол анхны гэрээт цэрэг тэгээд тэндээсээ ахлагч болоод одоо эндээ ажиллаж байгаа хүн байгаа юм. Лхагвадорж бас л ялгаагүй сургалтын үйл ажиллагааг хангах салаан захирагчийн орлогч байсан. Энхтайван бас 2010 онд холбооны зангилгаанд телграфчинаар ирж байсан бид нар бүгдээрээ л ажил хэргийн харилцаа холбоотой нэг байгууллагад хамт ажиллаж байна. Ажил хэргийн харилцаа холбоотой. Цасны баярыг бол манайхаас зохион байгуулсан гэхдээ Төв аймгийн Алтанбулаг сумын төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтарч Туул голын мөсөн дээр хийсэн юм. 2017 оны 01 дүгээр сарын 07-ны орой ангийн захирагч хурандаа Энхбаатар утсаа яриад сумын хэсгийн төлөөлөгч Анхбаяр над руу сая ярилаа манай ангиас хэв журмын зөрчил гаргаад сумын төвөөр явж байна гэнээ ямар улс байна юу болоод байгааг газар дээр нь очиж шалга гэсний дагуу цагдаагийн байран дээр 22-23 цагийн орчим ирсэн. Тэгэхэд Баянмөнх ахлагч хэсгийн байран дотор гавтай архи согтууруулах ундааны зүйл хэргэлэсэн нүүр ам нь шороо болчихсон зогсож байсан. Зулбадрах, Анхбаяр нарын нүүр ам нь цус болчихсон Анхбаяр гэр лүү орох гэж яваад Баянмөнх ахлагчтай таарсан тэгээд Баянмөнх шууд намайг цохисон тэрийг нь бол Мөнхболд гэх ахлагч харсан гэж надад хэлсэн Зулбадрахын нүүр ам чинь яачихсан талаар асуухад  Баянмөнхийг Анхбаяр бид  хоёр талаас сугадаад аваад явж байхад хамар луу хөлөөрөө өшиглөсөн гэж байсан. Үүдээрээ Баянмөнхийн эхнэр Мөнхзул, Лхагвадорж, Энхтайван, Барзаан нар орж гарсан байдалтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан тэгэж байтал ангийн жижүүр Цэрэндорж хошууч ирж нөхцөл байдлыг харсан. Тэгээд Төв аймагаас  бүрэлдэхүүн иртэл байж байгаад Барзаан, Мөнхболд хоёроос юу болсон талаар тодруулж яриулахад Анхбаяр, Зулбадрах нарын хэлсэнийг нь хэлсэн. Мөнхболдыг бол бүгдийг харсан талаар Анхбаяр хэлсэн тэгээд асуухад Анхбаярын ярьсаныг нь Мөнхболд надад ярьсан.” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-46-47 тал/,

Гэрч Б.Барзаан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ .. нэг их удалгүй  Мөнхболд орж ирээд Баянмөнх ахыг цагдаа аваад явчихлаа гэж хэлсэн тэгээд Энхтайван, Лхагвадорж бид гурав араас нь гараад харахад гадаа Баянмөнх ахыг сумын хоёр цагдаа хоёр талаас нь барьчихсан байсан тэгээд бид нар яваад очиход хэсгийн төлөөлөгч Анхбаяр, Баянмөнх намайг зодсон гээд байж байсан тэгээд хоёр цагдаа Баянмөнхийггавлаад аваад хэсгийн төлөөлөгчийн өрөө рүүгээ явсан тэгээд бид нар араас нь дагаад Анхбаяр дэслэгчтэй уулзаж юу болсон хэл амаа оролцож болохгүй юмуу гэж асуугаад дагаж явсан тэгтэл хэсгийн төлөөлөгч Анхбаяр тийм зүйл байхгүй аймгаас бүрэлдэхүүн дуудна гэж хэлээд яваад байсан. Би Баянмөнх Зулбадрах, Анхбаяр нартай хамт зэрэгцээд явж байхад сургуулийн хажуу талд дэлгүүр өнгөрөх гээд явж байхад Зулбадрах цагдаа зогсоод эргэж яваад хойноос нь дагаж байсан машиы урд талд байсан Энхтайван дээр очоод хавсраад унагасан тэгээд Энхтайван, Зулбадрах зууралдаад авсан сонсоход Энхтайванд Зулбадрах цагдаа чи миний машиныг явуулдаггүй хэн бэ гэж хэлээд байсан. Тэгээд Зулбадрах ирээд Баянмөнх ахын зүүн гар талаас бариуд Анхбаяр дэслэгч баруун гар талаас нь бариад явж байсан Зулбадрах цагдаагийн араас нь дагаад явж байсан тэгээд явж байтал  Баянмөнх ах хөлөөрөө зуураад хөлөө өргөх гээд явж байсан тэгээд гэнэт гэрэлгүй хэсэг рүү орсон чинь Зулбадрах цагдаа тонгойгоод наадах чинь намайг өшиглөчихлөө гээд босоод ирсэн чинь Зулбадрах цагдаагийн хамраас цус гарч байсан тэгээд цаашаа Баянмөнх ахыг чирээд аваад явсан бид нар араас нь дагаад л явсан тэгээд цагдаагийн хэсгийн өрөө рүү ороод Анхбаяр дэслэгч Баянмөнх ах, Зулбадрах цагдаа нарыг өрөөнд цоожлоод өөрөө гараад ирсэн тэгээд бид нарт та нар одоо харьцгаа бид нар авдаг арга хэмжээгээ авна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-50-51 тал/,

Шүүгдэгч С.Баянмөнхийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлсэн “..Тэгээд тэндээ ууцгааж байгаад би гарлаа гээд ганцаараа Энхтайваныхаас гарсан тэгээд нэг ухаан ортол гавлуулчихсан дэлгүүрийн урд талд явж байсан. Тэгээд намайг хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр гавтай гарнаас дээш өргөж өчихөөр нь гар өвдөөдхөл савлагдаад Зулбадрахын нүүр лүү өшиглөгдсөн Анхбаярын цээж рүү бас хөл савлагдаад цээж рүү нь өшиглөгдсөн” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-138 тал/, 

-Төв аймгийн засаг даргын дэргэдэх шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №34 дугаар “1. Д.Зулбадрахын биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4.Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн сарниулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт/1-р хавтас хх-59 тал/, Төв аймгийн засаг даргын дэргэдэх шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №35 дугаар “1.2. Ц.Анхбаярын биед тархи доргилт, зүүн хацар хаван гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 5.Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн сарниулахгүй. 6.Бүсэлхийн нуруунд илэрсэн хуучин гэмтлийг ГЗТҮ-н дүгнэлтэнд оруулсангүй” гэх шинжээчийн дүгнэлт/1-р хавтас хх-72 тал/, түүнчлэн хэрэгт авагдсан бусад гэрчийн мэдүүлэг болон шүүгдэгч С.Баянмөнхийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Баянмөнхөд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж  хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Баянмөнхөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар түүнд 1 жилийн хугацаатай хорих ял оногдуулах ялын саналыг тохиролцож шүүхэд хэрэг материалыг ирүүлсэн байна.

               Шүүгдэгч С.Баянмөнхөд холбогдсон Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан шүүгдэгч С.Баянмөнхийг ялаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж шүүхүзлээ.

 

Хохирогч Д.Зулбадрах, Ц.Анхбаяр нар нь шүүгдэгч С.Баянмөнхөөс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримт хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Баянмөнх нь 10 хоног цагдан хоригдсонболохыг тус тус дурьдах нь зүйтэй байна. 

Харин иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор битүүмжилсэн 22-72 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Цэцэгт овгийн Самбуугийн Баянмөнхийг  хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж  хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Цэцэгт овгийн Самбуугийн Баянмөнхийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3.Шүүгдэгч С.Баянмөнх нь энэ хэрэгт 10 хоног цагдан хоригдсон, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан  болон иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор битүүмжилсэн 22-72 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг С.Баянмөнхөд буцаан олгосугай.

 

5.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

6.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

7.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, С.Баянмөнхөд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.ОТГОНЖАРГАЛ