| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03700/И |
| Дугаар | 181/ШШ2024/02824 |
| Огноо | 2024-07-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2024/02824
2024 07 26 181/ШШ2024/02824
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ФЭ ХХК-н нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.М-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцож тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн
100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь Ш.М-тай 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр FX/2021/562 дугаартай Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ байгуулан 11,200,000 төгрөгийн зээлийг сарын 2,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн.
Нэхэмжлэгч тал зээлийн гэрээнд заасны дагуу Ш.М-т зээл олгосон боловч хариуцагч нь зээлээ төлөхгүй, зээлийн гэрээнд заасны дагуу зээлээ төлөхгүй алга болсон, өөрийн гэрийн хаяг дээрээ байдаггүй. Манай байгууллага удаа дараа зээлээ төлөхийг анхааруулж, сануулсан боловч төлнө гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн.
Хариуцагч нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, *******т олгосон итгэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШЗ2024/11956 дугаартай захирамж, Toyota Corolla Fielder маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Ш.М-н иргэний үнэмлэхний хуулбар, Ш.М-н өргөдөл, зээлийн тооцоолол, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн FX/2021/562 тоот Зээлийн гэрээ-ний хуулбар, Зээлийн төлбөр хийх хуваарь, зээлдэгчийн мэдээлэл, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээл эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн FX/2021/562 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ-ний хуулбар, ******* ******* ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээний мэдээллийг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь *******тай 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн FX/2021/562 дугаартай Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ байгуулан зээл олгосон байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт *******ыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь зээлийн гэрээ байгуулах үедээ тодорхойлсон Баянгол дүүрэг ... тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШЗ2024/11956 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу Ш.М-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Ш.М-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ш.М-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Ш.М-ын оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч ******* ******* ББСБ ХХК -д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ