Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж, улсын яллагч Д.Аянагүл шүүгдэгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******ад холбогдох эрүүгийн 1736000350016 дугаартай, 178/2017/0084/э/ индекстэй хэргийг 2017 оны 8 сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, оны 6 сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ******* аймгийн ******* багийн 16-37 тоотод түр оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ******* аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 11 сарын 02-ний өдрийн 1/157 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1232 зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баян-Өлгийн аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 08 сарын 13-ний өдрийн 3/11 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баян-Өлгийн аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 05 сарын 09-ний өдрийн 95 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211-р зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар, хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /*******/,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

Л.******* нь 2017 оны 07 сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* сумын Шураг багийн нутаг “Хар тарвагатай” гэх нэртэй газарт хохирогч Т.*******тэй маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт 2017 оны 07 сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* сумын Шураг багийн нутаг “Хар тарвагатай” гэх нэртэй газарт хохирогч Т.*******ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дараах бичгийн нотлох баримтаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

  • Хохирогч Т.*******ийн “ ... 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ******* гэх эмэгтэй манай гэрт хүрч ирээд танай хайчлаад үлдээсэн хонины ноосыг ******* аймгийн төвөөс ирсэн Л.******* нь 31/1Л-130 машинтай ирээд ачиж байна гэж хэлсэн. Тэгээд би *******ийн унаж ирсэн морийг унаад өөрийнхөө хонийг ноослосон газар явж очиход ******* нь өөрийн эхнэр болох , түүний найз гэх эмэгтэйгийн хамт ЗИЛ-130 маркийн авто машин дээр манай хонины ноосыг ачаад явж байсан юм. Би тухайн машины урдуур морьтойгоо орж зогсоосон..."”...******* намайг хоолойг минь багалзуурдаж, газар түлхэж унагааж, хэл амаар доромжилсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар хуудас/,
  • Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 30-32 дугаар хуудас/,
  • 2017 оны 07 сарын 28-ны өдрийн 372 тоот шинжээч дүгнэлт -1.Т.*******ийн биед гэмтэл учирсан байна. 2.*******ийн биед тархи доргилт, баруун гарын бугалганы урд хэсэгт бүдэг цус хуралт, баруун хөлийн шилбэний урд дунд хэсэгт олон тооны жижиг зулгаралтын сорвинууд гэмтэл тогтоогдлоо. 3.Т.*******ийн биед учирсан гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д ...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Т.******* нь архаг хууч өвчтэй эсэхийг тогтоох эмнэлгийн холбогдсон материал байхгүй тул Шүүхийн шинжилгээний албанаас тогтоох боломжгүй. 6.Т.*******ийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. /хх-ийн 34 дүгээр хуудас/,
  • Гэрч С.ийн “...миний бие 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* сумын Шураг багийн Хар тарвагатай гэх газар луу ******* аймгийн төвөөс иргэн Ж., түүний нөхөр болох Л.*******, нарын хамт хонины ноос авахаар явсан юм. Тэнд очоод 4-5 айлын хонины ноос аваад Рышат гэх хүний хонины ноос авахаар ******* гэх эмэгтэйгийн гэрийн гадна очсон юм. Тухайн үед *******ийн гэрийнхэн гадаа байсан Рышат гэх хүний хонины ноосыг авахыг тулд ******* гэх эмэгтэйг морь унуулаад Рышатын гэрт очоод танай хонины ноосыг авахаар ирлээ хонины ноосыг чинь ачиж байя та нар хүрч ирээд ноосоо ачуул гэж хэлээд явуулсан юм. Тэр хооронд бид нар Рышатын хонины ноосыг ачиж дуусаад эргээд машинтайгаа явж байтал Рышатын эхнэр Т.******* хүрч ирсэн юм. Тэр үед Л.*******ын эхнэр Ж. нь Т.*******д хандаж танай ноосыг чинь ачсан байгаа зах дээлийн ханшаар өгнө гэвэл одоо 1 кг 1500 төгрөгөөр бодож тооцоо хийж авна. Харин аймгийн төвийн ханшаар өгнө гэвэл 2500 төгрөгөөр 1кг нь авна гэж хэлээд тохиролцсон юм.Тэгээд цааш бид нараас иргэн Т.******* салаад морио унаад явахад нь Л.******* машин дээрээс танай хониноос 500 грамм ноос гарах байлгүй гэж Т.*******д хэлэхэд Т.******* нь уурлаад бид нар дээр эргэж ирээд манай 730 хониноос 730 кг ноос гаргана. Нэг хониноос 1 кг ноос гарах ёстой гэж хэлээд уурлан бид нарын машины урд талд зам хааж зогсоод мориноосоо буугаад ирэхэд нь 1 ******* машин дээрээс буугаад бас уурлаж Т.*******ийн цамцан дээрээс нь заамдаж цааш түлхэн газар унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, зүйлчлэлийн хувьд маргаан байхгүй” гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд ирүүлсэн ба прокурорын санал болгосон 460 нэгжээр торгох ялыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн /хх-ийн 77 дугаар хуудас/, хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлсөн байх тул прокурорын санал болгосон 460 нэгж буюу 460 000 төгрөгөөр торгох ялыг оногдуулав.

Шүүгдэгч Л.******* нь хохирогч Т.*******д 700 000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол төлсөн /хх-ийн 71 дүгээр хуудас/, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн /хх-ийн 64 дүгээр хуудас хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл/ зэргээр тогтоогдож байна. Иймд  Л.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13  дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар 460 /дөрвөн зуун жаран/ нэгж буюу 460 000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.*******ад торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Шүүгдэгч Л.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.БАЯСГАЛАН