| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 2038004600358 |
| Дугаар | 2020/ДШМ/41 |
| Огноо | 2020-12-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Б |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2020/ДШМ/41
А.Гт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор: Д.Батзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Түмэндэмбэрэл,
Хохирогч: Д.Гантулга,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,
Нарийн бичгийн дарга: Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 336 дугаар шийтгэх тогтоолтой А.Гт холбогдох 2038004600358 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Л.Гантулга болон түүний өмгөөлөгч Б.Манлайбаярын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Байчууд овогт Амаржаргалын Г, ................. оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................../.
Шүүгдэгч А.Г нь 2020 оны 7 дугаар сарын 12-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ус суваг ХХК-ийн баруун хойд талын явган хүний гарц дээр приус-20 маркийн 92-65 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирогч Д.Ггыг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 336 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Байчууд овогт Амаржаргалын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Байчууд овогт Амаржаргалын Гыг гурван зуун хорин /320/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч А.Гаас 587,625 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Ггад олгож, хохирогч Л.Ггын нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 52 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 92-65 ХӨА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож, Эрүүгийн 2038004600358 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавтаст хэрэгт үлдээхийг, No749260 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгаж, Эрүүгийн 2038004600358 дугаар хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Гга нь 11,499,600 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Гаас нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Л.Гга болон түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нар давж заалдах гомдолдоо: ... Хохирогч миний бие Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 336 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь дээрх шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хохирогч миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх шийдвэр юм.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор орон байр, бусад газар, нийтийн эзэмшил газрын тодорхой хэсгийг хэргийн газраар тогтоон үзлэг хийнэ” гээд мөн зүйлийн 5 дахь хэсэгт “... хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэж заасан.
Гэтэл 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-р тал/, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-р тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагаа хийхдээ хөндлөнгийн гэрчийг байлцуулаагүй, байлцуулсан эсэх нь тодорхойгүй байгаа нь дээрх ажиллагааны нотолгооны шинжийг алдагдуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
2. Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 70 дугаартай дүгнэлт нь бодит байдалд нийцэхгүй, шүүх эмнэлгийн шинжилгээ явуулах журмыг зөрчсөн байна.
Тодруулбал хохирогч Л.Ггын биеэс цусыг хэзээ, хэдийд, хэний шийдвэрээр, хэрхэн авсан эсэх нь тодорхойгүй байгаа нь “Эмнэлзүйн туршилт явуулах, судалгаа, шинжилгээний зорилгоор хүний цус, цусан бүтээгдэхүүн, биологийн шингэн, эд, эрхтэн авах, хэрэглэх журам”-ыг зөрчсөн бөгөөд хохирогчийн зөвшөөрлөөр хийгдээгүй, хувь хүний нууцад халдсан үйлдэл болсон тул шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс дээрх нотлох баримтыг хасуулах хүсэлт гаргасан боловч үл хэрэгсэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримт гэж үнэлсэнд гомдолтой байна.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохих “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг бүрэн дүүрэн тогтоогоогүй байж “...прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.
Учир нь, Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалын хавсралт болох “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 1.6 дахь хэсэгт заасан “...Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно...” гэх заалтыг зөрчиж,
Тухайн гэмт хэрэг гарсан өдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан жолооч А.Гын согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг Alcotest багажийг ашиглан “0,00 % тоот үзүүлэлт илэрч,...согтууруулах ундаа хэрэглээгүй...” гэх тэмдэглэл /хх-ийн 8-р тал/ үйлдсэн нь ойлгомжгүй.
Тодруулбал тухайн өдөр шүүгдэгч А.Г болон хохирогч Л.Гга нарын хэн аль нь Цагдаагийн байгууллагад албан ёсоор дуудлага өгч, гэмт хэргийн талаар мэдээлээгүй байтал Цагдаагийн байгууллагын хэн гэдэг албан тушаалтан, ямар тогтоол, шийдвэрт үндэслэн дээрх ажиллагааг сайн дураар хийсэн нь тодорхойгүй байдаг.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “согтуурсан, мансуурсан үедээ...үйлдсэн” бол гэж тус гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг зааж өгсөн ба шүүгдэгч А.Гт оногдуулбал зохих эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийг чангатгасан зохицуулалт байдаг.
Харин шүүгдэгч А.Г нь тухайн өдөр согтуурсан үедээ зам тээврийн осол гаргасан байх магадлалтай бөгөөд ийнхүү өөрийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлөө нуун хаацайлж, ял завшиж байгаад гомдолтой байна.
4. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч миний зүгээс “... тухайн осол болсон өдөр эмнэлэг дээр нэг танихгүй цагдаагийн албан хаагч ирээд “та хоёр одоо эвлэрээд учраа олчих” гээд загнаад байсан. ...тухайн үед би дуудлагаар ирсэн цагдаа нь юм болов уу гэж бодсон...” гэж мэдүүлсэн.
Гэтэл уг асуудлыг өмгөөлөгчөөс тодруулан шүүгдэгч А.Гт хандан асуухад “...тэр өдөр маш их сандарсан учир өөрийн найз, цагдаагийн шинжээч ажилтай Билгүүн гэх цагдааг дуудсан байсан...” гэж мэдүүлдэг.
Энэ нь нэг талаас шүүгдэгч А.Гын танил талаа ашиглаж өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун дарагдуулах гэсэн оролдлого, нөгөө талаас цагдаагийн албан хаагч, хууль сахиулагчийн хувьд гэмт хэргийг үл мэдээлэх зэрэг хавсарсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал бүрдсэн байсан гэж үзэж байна.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч миний зүгээс шүүгдэгч А.Гаас 12,887,225 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт дээрх хохирлоос 587,625 төгрөгийг гаргуулахаар зааж, 800,000 төгрөгийн өмгөөллийн хөлсийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 11,499,600 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх замаар нэхэмжлэх эрхтэй байхаар шийдвэрлэсэн нь миний хувьд хохиролтой байдлыг бий болгож байх тул маш их гомдолтой байна.
Учир нь миний хувьд одоог хүртэл тус зам тээврийн осолд орсны улмаас хоёр хөл дээрээ босож явж чадахгүй, ямар ч хөдөлмөрийн чадваргүй нэгэн болсон тул тэргэнцэр дээрээс сууж, шүүх хуралдаанд хүсэл зоригоо илэрхийлсэн.
Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “...нийт 755,625 төгрөгийн баримтыг үнэлж, шүүгдэгч А.Гын төлсөн 168,000 төгрөгийг хасаж...” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд дээрх 168,000 төгрөгийн үнийн дүнд дүйцэх эм, эмчилгээний төлбөрийн баримтыг миний хувьд нэгэнт нөхөн төлөгдсөн баримт гэдэг утгаар хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байтал нийт төлбөрөөс хасаж тооцсон нь ойлгомжгүй байна. Мөн шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “...хохирогчийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал...”-ыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулан тооцохоор хуульчилсан байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.6 дугаар зүйлд “...өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр...” гэж тус тус заасан байх тул өмгөөллийн хөлс болох 800,000 төгрөгийг шүүгдэгч А.Гаас гаргуулан авах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна.
Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “...Мөнхтулгуур эмнэлгийн тодорхойлолт, Далай-Ээж хүнсний зах болон Ертөнцийн хурд ХХК зэрэгтэй байгуулсан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ зэргийг нотлох баримтын шаардлага хангахгүй, тодорхой тооцоо хийх бололцоогүй... ” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Хохирогчийн хувьд шүүхийн хэлэлцүүлэгт дээрх баримтуудыг гаргаж өгөхдөө тухайлсан байгууллагын тамга тэмдэг бүхий, албан ёсны эх хувь бүхий баримтыг гаргаж өгсөөр байтал, дээрх байдлаар дүгнэсэн нь хохирогч Л.Гга надад хохиролтой байдлыг бий болгож байгаа юм.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ... шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгөхийг хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан тайлбартаа: Хохирогч Л.Гга, түүний өмгөөлөгч Б.Манлайбаярын гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
1. Аймгийн прокурорын газраас бичигдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй байна.
2. Анхан шатны шүүх нь хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байна.
3. А.Гын үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгагдаж тогтоогдон нотлогдсон байхад албан үүргийнхээ дагуу хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан цагдаагийн байгууллагын ажилтнуудыг нотлох баримтгүйгээр буруутгасан байна.
4. А.Г нь хэрэг болсон даруй хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж 400,000 төгрөгийн эм тариа, хувцас, бэлэн мөнгө өгч тусалсан ба хохирогч Л.Гга нь хэрэг учрал болох үед өөрөө хоорондоо тохиролцъё гэж гуйгаад цагдаагийн байгууллагад мэдүүлээгүй, өөрөө архи авахуулж уулгасан байдаг. Харин А.Гын эцэг нь осол болсныг мэдээд цагдаад мэдэгдэж Д.Ггыг эмнэлэгт хүргэсэн байхад цагдаа ирэхэд хохирогч өөрөө шалгуулахгүй, хоорондоо зохицсон гэж хэлж явуулсан байна.
... Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Гт шүүхээс оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нь биеэр эдлүүлэх боломжгүй байгаа энэ тохиолдолд энэ ялыг нь торгох ял болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 314 дугаартай яллах дүгнэлтээр А.Гыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ус суваг” ХХК-ийн баруун хойд талын замын явган хүний гарц дээр 2020 оны 07 дугаар сарын 12-ны оройн 21 цагийн орчим 92-65 ХӨА улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч Л.Ггыг мөргөж зулайд шарх, сээрний 12 дугаар нугалмайд хугарал, зүүн тохой, баруун ташаанд зулгаралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар хэргийг зүйлчлэн шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.
Тухайлбал мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал буюу шүүгдэгч А.Г гэмт хэрэг үйлдсэн эсэх, ямар гэмт үйлдэл гаргасан болохыг тогтооход чухал ач холбогдол бүхий тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах “А.Гын хийсэн ямар үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл заалтыг зөрчсөн” асуудлыг эргэлзээгүй тогтоохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулаагүй байна.
Хэдийгээр хавтаст хэрэгт Эрх бүхий албан тушаалтны 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаартай магадлагаа нотлох баримтаар авагдсан байх боловч энэхүү баримтыг үнэлэх боломжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэж заажээ.
Гэтэл хэрэгт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг удирдлага болгон хийгдсэн зөрчлийн хэргийн магадлагаа авагдсан ба үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд заасан мөрдөгчийн магадлагаа гэж үзэх нь учир дутагдалтай.
Энэ хэргийн тухайд тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч өөрөө магадлагаа гаргаагүй, цагдаагийн ахмад Г.Мягмарсүрэнг шинжээчээр томилоогүй байна.
Мөн мөрдөгч, прокурор нь жолооч А.Гын жолооны үнэмлэхийг эд мөрийн баримтаар хураан авч, хэрэгт хавсаргаж ирүүлсэн боловч А.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хүчинтэй эсэх байдлыг огт шалгаагүй байна.
Зам тээврийн осол гаргасан жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд чухал ач холбогдолтой бөгөөд дээр дурдсан нөхцөл байдлуудыг шалгаж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Хохирогч Л.Гга, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын “...хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийхдээ хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу дүрсний бичлэгээр бэхжүүлээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Шүүгдэгч А.Г болон хохирогч Л.Гга нарын хэн аль нь Цагдаагийн байгууллагад албан ёсоор дуудлага өгч, гэмт хэргийн талаар мэдээлээгүй байтал хэн гэдэг албан тушаалтны ямар тогтоол, шийдвэрээр 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр жолооч А.Гын согтуурлыг шалгаж тэмдэглэл үйлдсэн нь ойлгомжгүй. ...шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгөхийг хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна” гэх давж заалдах гомдол нь үндэслэлтэй байх тул тэдний гомдлыг хүлээн авах нь зүйтэй.
Харин хэргийг прокурорт буцааж байгаатай холбогдуулан хохирогч Л.Ггын биед архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтад үнэлсэн, хохирол гаргуулсантай холбогдуулан гаргасан давж заалдах гомдолд тус тус дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/336 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч А.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Хохирогч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ