Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 112/шш2024/0005

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: ............ сумын иргэн С.Б, Э.Б, ...... сумын иргэн Ц.М,

Хариуцагч: ............ аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Д нарын хооронд үүссэн эрх бүхий албан тушаалтны төлбөрийн актуудыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, Э.Б, Ц.М, хариуцагч Ч.Д, Б.Д, гэрч Б.З, Э.Б, Б.Ч, Г.О, Н.М, Х.Т, Н.П, С.С, Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч нар нь аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-05/03/08, 21-05/04/09, 21-05/05/10, 21-05/06/11, 21-05/07/12, 21-05/09/14, 21-03/01/15, 21-03/02/16 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулахаар маргаж байна.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд:

2.1. .......... аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Д нар нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07 дугаартай төлбөрийн актаар хавсралтанд дурдсан 14 нэр төрлийн 35 ширхэг эд хөрөнгийг дутагдуулсан гэх үндэслэлээр 4,643.5 мянган төгрөгийг Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр,

-21-05/03/08 дугаартай төлбөрийн актаар шаардах хуудас бөөн дүнгээр бичиж нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, аж ахуйн материал, бичиг хэргийн материалд зарцуулсан 2,051.5 мянган төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан гэж дүгнэн 2,051.5 мянган төгрөгийг Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр,

-21-05/04/09 дугаартай төлбөрийн актаар эсгийний үнэ гэх агуулгаар шилжүүлсэн 660.9 мянган төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан гэж үзэн 660.9 мянган төгрөгийг Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр,

-21-05/05/10 дугаартай төлбөрийн актаар 6 ширхэг принтерийн хорны үнэ гэж зарцуулсан 600,000 төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан гэж үзэн 600,000 төгрөгийг Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр,

-21-05/06/11 дугаартай төлбөрийн актаар пажемны үнэ гэх агуулгаар шилжүүлсэн 140,000 төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан гэж үзэн 140,000 төгрөгийг Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр,

-21-05/07/12 дугаартай төлбөрийн актаар зөөврийн компьютер дутагдуулсан үндэслэлээр 2,000,000 төгрөгийг Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Баар төлүүлэхээр,

-21-05/09/14 дугаартай төлбөрийн актаар бодитоор хүлээж аваагүй, шаардах хуудас бөөн дүнгээр бичиж нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, аж ахуйн материал, бичиг хэргийн материалд зарцуулсан 13,231.3 мянган төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан гэж дүгнэн 13,231.3 мянган төгрөгийг Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр,

-21-03/01/15 дугаартай төлбөрийн актаар 1 ширхэг зөөврийн автоклавны үнэ гэх агуулгаар шилжүүлсэн 1,510.0 мянган төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан гэж үзэн 1,510.0 мянган төгрөгийг Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр,

-21-03/02/16 дугаартай төлбөрийн актаар “Х” ресурстай байгуулсан гэрээний дагуу тарвага сэлгэн нутагшуулахад ажилласан ажилтнуудын албан томилолтын олговорт олгохоор төсөвлөсөн 2,750.0 мянган төгрөгийг албан томилолтын олговорт олгоогүй зориулалт бусаар зарцуулсан үндэслэлээр 2,750.0 мянган төгрөгийг Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр тус тус төлбөрийн акт тогтоожээ.

2.2. Дээрх төлбөрийн актуудыг нэхэмжлэгч нар нь эс зөвшөөрч дээд шатны байгууллага буюу Монгол Улсын Сангийн сайдад гомдол гаргасныг хянан үзээд тус сайдын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01/5700 дугаартай “Төлбөрийн актууд хянасан тухай” албан бичгээр хариу хүргүүлжээ.

2.3. Дээд шатны байгууллагын дээрх шийдвэрийг нэхэмжлэгч нар нь эс зөвшөөрч Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-05/04/09, 21-05/05/10, 21-05/06/11, 21-05/07/12, 21-03/01/15 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулахаар 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд хандан гомдол гаргасан байна.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нар нь тус улсын байцаагч нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/03/08, 21-05/09/14, 21-03/02/16 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.   

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч С.Б, Э.Б, Ц.М нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ..... аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07 дугаартай төлбөрийн акт, 21-03/01/15 дугаартай төлбөрийн акт, 21-05/04/09 дугаартай төлбөрийн акт, 21-05/05/10 дугаартай төлбөрийн акт, 21-05/06/11 дугаартай төлбөрийн акт, 21/05/07/12 дугаартай төлбөрийн актууд нь үндэслэлгүй бөгөөд хяналт шалгалтыг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Н-н өргөдлийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эхлүүлсэн бөгөөд 3 сар гаруй хугацаанд үргэлжилж хууль бус акт тавьсан гэж үзэж буй тул дээрх актуудыг эс зөвшөөрч байна. Хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгч С.Б, Э.Б, Ц.М нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ..... аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/09/14 дугаартай төлбөрийн акт, 21-05/03/08 дугаартай төлбөрийн акт, 21-03/02/16 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

         3.3. Нэхэмжлэгч С.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч С.Б миний бие Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байхдаа Улаанбаатар хот руу томилолтоор явах замдаа авто тээврийн осолд орж маш хүнд гэмтэж гэмтлийн эмнэлэгт сар гаруй эмчлүүлсэн. Миний 10 гаруй яс хугарсан, амьсгалын дутагдалд орж 2 уушги ажиллагаагүй болж ийм хүнд байдалтай эмчлэгдээд үргэлжлүүлээд ээлжийн амралтаа авч, эргээд 2022 оны 10 сард ажилдаа орсон байдаг. Ажилдаа орсноос удаагүй 2022 оны 11 дүгээр сард миний биеийг Зоонозын өвчин судлалын төвийн даргаас хууль бус үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байдаг. Ингээд ажлаас чөлөөлсний дараа миний эрх ашиг хөндөгдсөн учраас би Захиргааны хэргийн шүүхэд ажилдаа эргэж орох, ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Энэ үед Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгч Н гэгч хүн над руу тулган шаардаж удаа дараа утсаар залган захиргааны хэргийн нэхэмжлэлээ буцааж авах шаардлага тавьсан. Би энэ шаардлагыг хүлээж аваагүйн улмаас намайг Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагад удаа дараа шалгуулсан. Шалгалтаар гэм буруутай үйлдэл хийсэн нь тогтоогдоогүй байсан учраас аймгийн аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод аудит хяналт шалгалтын албаны нэгж байгууллагад гомдол гаргаснаар 2023 оны 1 дүгээр сараас энэ байгууллагын хяналт шалгалт орсон байдаг. Миний бие 2012 оноос хойш ..... аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргаар тасралтгүй ажиллаж ирсэн. Дээрх хугацаанд жил бүр төрийн аудитын байгууллага болон бусад хяналт шалгалтын байгууллагуудаар байнгын орж гэм буруутай тогтоогдоогүй. Гэтэл 2023 онд орсон дотоод аудитын шалгалт хүчээр, нэг зорилготой шалгалтыг хийж, энэ актыг тавьсан гэж би үзэж байгаа. Зөвхөн иргэн С.Б-г хохироохын тулд жирийн албан хаагч буюу нягтлан бодогч, нярваар ажиллаж байгаа 2 залуу хүмүүсийг буруутгаж байна. Энэ хүмүүсийн ард 10 гаруй хүний амьдрал байдаг. Улсын байцаагч заавал тулган шаардаж өөрсдөө гаргасан актаа батлах гэж оролдож акт тавьсан нь харамсалтай байна. Урьдчилан тогтоосон зүйлээ батлахыг оролдож хүчээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг ноцтой зөрчиж шалгалтыг хийсэн. Нягтлан Э.Б-г болон намайг ажлаас чөлөөлсөн байсан. Ганцхан нярваар ажиллаж байсан Ц.М шалгалтын явцын талаар хэлэх байх гэж бодож байна. Тулган шаардсан, айлгаж сүрдүүлсэн, шалгалтыг хийхээсээ өмнө төлөвлөсөн асуудлуудаа батлахын тулд хичээж мэрийж хүмүүсийг айлгаж сүрдүүлж шалгалтыг хийсэн гэж үзэж байна. Хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага гэж Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлд хэрэг хяналт шалгалтын тогтолцоо хүрээ гэж байгаа. энэ 3.1-д төрийн хяналт шалгалт нь УИХ ерөнхийлөгч, төрийн аудитын байгууллага, өрх бүхий хяналт шалгалт ҮХЦ, шүүх, прокурор, орон нутагт нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалтаас бүрдэнэ гэж заасан байдаг. Орон нутагт хэрэгжүүлж байгаа зүйлийг орон нутагт хэрэгжүүлэх нутгийн өөрөө удирдах байгууллага гэж юу юм бэ? гэхээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нутгийн өөрөө удирдах байгууллага гэдэг нь аймаг, сум, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, баг, хороонд иргэдийн шууд оролцоо бүхий Иргэдийн нийтийн хурлыг хэлнэ гэж заасан байгаа. Дээрээс нь Хяналт шалгалтын тухай хуулийн 5.1 дээр хяналт шалгалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хяналт шалгалтын байгууллага гэх хуульд заасан үндэслэл журмын дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг хийж гүйцэтгэнэ. Төлөвлөгөөт шалгалт болон төлөвлөгөөт бус шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийж гүйцэтгэнэ гэж байдаг. 2023 оны 12 сарын 01-ний өдөр миний бие Зооноз өвчин судлалын төвийн даргаар шүүхийн шийдвэрээр эргүүлэн томилогдсон байдаг. Ингээд үзэхэд манай Зоонозын өвчин судлалын төвд 1г сард хяналт шалгалт хийсэн эдгээр улсын байцаагчид болон мөн дотоод аудитын байгууллагаас ирсэн бичиг баримт дотор хяналт шалгалт хийх удирдамж байхгүй байсан. Тийм учраас энэ хүмүүсийг би хууль зөрчиж удирдамжгүйгээр хяналт шалгалтыг хийсэн гэж үзэж байгаа. Удирдамжид шалгалт хийх он сар өдөр, шалгалтын зорилго, үндэслэл, арга хэлбэр, шалгалтын хугацаа гэдгийг тусгайлан заасан байх ёстой байдаг. Тэгэхээр энэ хүмүүсийг би удирдамжийг нь үзэж харах гээд манай дээр ирсэн бичиг нь байхгүй. Тийм учраас би энэ хүмүүст удирдамжгүйгээр хийсэн гэж үзэж байна. Шүүхэд өгсөн нотлох баримтад хяналт шалгалт хийх удирдамж гаргаж өгөөгүй байдаг. Дээрээс нь 2023 оны 1 сараас эхэлж хийсэн цаг хугацаа тодорхойгүй байгаа. 1 сараас эхэлж хийсэн хяналт шалгалтыг 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл буюу 4 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн гэж би үзэж байгаа. Хяналт шалгалтыг хуульдаа 10 хоногт хийж гүйцэтгэж дуусах ёстой гэж заасан байдаг. Шалгуулагч этгээдэд адил тэгш хандах ёстой, хууль ёсны эрх ашиг нэр төрийг хүндэтгэн үзэх ёстой гэж Хяналт шалгалтын тухай хуульд заасан байна. Эдгээрийг хангасангүй. Өнөөдрийн байдлаар миний бие С.Б энэ хүмүүсийн актыг хүлээж аваагүй байдаг. Миний гар дээр ирээгүй. Миний эрх ашиг хөндөгдсөн. Нягтлан нярав 2 маань надад холбогдож хэлсний улмаас би энэ хэрэгт оролцож байгаа. Актыг надад хүлээлгэж өгөөгүй, надтай холбогдоогүй. Дээрээс нь аливаа захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийдэг Захиргааны Ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдээгүй гэж би үзэж байна. Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж Захиргааны ерөнхий хуулийн 47.3-д заасан байгаа. Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаас маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацаанд нотлох үүрэгтэй гэж заасан байгаа. Захиргааны актыг гаргахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх авлига буюу бусад хувь хууль бус аргыг хэрэглэсэн тохиолдолд тэр захиргааны актыг хүчингүй болгоно гэж Захиргааны ерөнхий хууль дээр тус тус заасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагааг явуулна гэдэг дээр тусгайлан заасан байгаа. Захиргааны шийдвэрийг захиргааны сонсох ажиллагааны талаар мэдэгдэх хуудсыг хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ гэж тус бүрчлэн заасан байдаг. Сонсох ажиллагаа хийсэн гэдэг нь нотлогдохгүй байгаа. Сонсох ажиллагааг хийхдээ явуулах он сар, цаг хугацаа, байрлал, дараалал гэсэн мэдээллүүдийг бүгдийг нь тусгасан байх ёстой. Тийм учраас сонсох ажиллагааг хийх мэдэгдэл хуудсыг хүргүүлж ажиллаагүй. Бидний тайлбар, санал гаргах боломжийг хязгаарласан ийм хууль бус акт гэж үзэж байгаа. Ийм учраас захиргааны актуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.4. Нэхэмжлэгч Ц.М шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Зооноз өвчин судлалын төвийн дарга С.Б Э.Б нарыг ажлаас халагдсантай холбоотой энэ хяналт шалгалтыг хийсэн байдаг. Хяналт шалгалтыг би бодохдоо зөвлөн туслах, мэдэхгүй, чадахгүй зүйл дээр бүтэхгүй зүйлсийг нь засаж залруулахад анхаарч ажиллах юм байна гэсэн ойлголттой байсан боловч эн хяналт шалгалт тийм байгаагүй. Аль болох төлбөр торгууль тавих, дарамт шахалт үзүүлэх зорилготой хийгдсэн гэж би хувьдаа үзэж байгаа. Дутагдсан гэж тоологдсон эд зүйлс нь манай байгууллагад бодитоор бүгд байна. Саяын тооллогоор тоологдсон байгаа. Эд хөрөнгийн тооллогыг ноднин 2022 оны 11 дүгээр сар болон 2023 оны 1 дүгээр сард 2 удаагийн тооллого хийсэн боловч 2 удаагийн тооллогоор дутагдсан гээд байгаа хөрөнгө нь 2 өөрөөр гарч ирсэн байгаа. 2023 оны 01 дүгээр сард хийсэн тооллогын илтгэх хуудас эх хувиараа манай байгууллагад байхгүй байгаа. Энэ дутагдсан гээд байгаа хөрөнгүүдэд би тайлбар хийе гэж бодож байна. 11 ширхэг сандал 2016 онд худалдаж авсан. 60 мянган төгрөгийн үнэтэй сандал байгаа. Үүн дээр дутагдсан гээд акт тавьчихсан байгаагийн 6 ширхэг сандал нь эвдрээд складад байгаа. 5 ширхэг сандал нь лабораторийн өрөөнүүдэд лабораторийнхон ашиглаад явж байгаа. 2020 онд худалдаж авсан коварц байгаа. Энэ нь лабораторийн тасгийн нян судлалын өрөөнд ашиглагдаад эх эмч Б.С, М.М ашиглаад явж байна. Ийлдэс цифрлэгч 301,500 төгрөгийн үнэтэй ийлдэс цифрлэгчийг 2020 онд ашиглах хугацаа нь дуусаад дахин үнэлгээгээр орсон ЗӨСҮТ-өөс хандиваар ирсэн зүйлд акт тавигдсан байгаа. Мөн 400,000 төгрөгийн микроскоп дээр акт тавигдсан байгаа. Энэ нь шимэгч судлалын лабораторид шимэгч судлагч П, лаборант миний бие үүнийг ашигладаг шинэ микроскоп байгаа. 80,000 төгрөгөөр 6 ширхэг бикс худалдаж авсан байдаг юм. Биксний 4 ширхэг нь дутагдсан гээд акт тавьчихсан. 4 биксний 2 нь нян судлалын лабораторит, 1 нь шимэгч судлалын лабораторид, 1 нь дуудлагад ашиглагдаж байгаа. Хуучин бикс тоолуулсан гэж надаас ажил хүлээж авсан эд хариуцагч хэлж байна. Хуучин бикснүүд нь энэ бикснүүдээс хэмжээгээрээ том, ачигдаж явсаар байгаад түгжээ, нугас гэх мэт зүйлүүд нь бүгд эвдэрсэн. 5 ширхэг эсгий гудсан дээрээ акт тавьсан байгаа. 2011 онд худалдаж авсан гудсыг тоолуулсан гэж энэ байгууллагын хүмүүс хэлээд байгаа. 2011 онд манайх гудас худалдаж аваагүй гудас худалдаж авсан гэсэн баримт санхүүгийн баримтад байхгүй. Гудас худалдаж авсан бол 2011 оны баримтаас шалгалт хийсэн хүмүүс нотлох баримтаар өгөх байсан байх. 1,510,000 төгрөгийн автоклав дээр акт тавигдсан байгаа. Үүнийг ариутгагч Ч хүлээж аваагүй гэсэн үндэслэлээр акт тавигдсан. Энэ нь цэвэр, бохир устай холбогдсон газар ашиглах боломжтой автоклав байсан. Уг автоклавыг ажиллуулж үзэх гэж залгаад тогны хэлбэлзэлд орж шатаад, эргүүлээд засаад одоо байгууллагад цэвэр бохир устай холбогдохоор хэрэглэх гээд байгууллагад байгаа. 110,000 төгрөгийн 4 ширхэг сандал дээр мөн акт тавьсан. Энэ 4 ширхэг сандал нь нябо, бичиг хэрэг, нярав, лаборант нар ашиглаж байгаа. 40,000 төгрөгөөр эмнэлгийн 5 ширхэг углааш худалдаж авсны 1 нь байхгүй байна гээд акт тавьсан. 5 ширхэг углаашийг 2 лаборант, 2 ариутгагч, 1 их эмч хэрэглэж байгаа. Дутагдсан гэх углаашийг миний бие эзэмшиж хэрэглэдэг. 2 ширхэг нөүтбүүкийн цүнх дээр мөн акт тавигдсан. Энэ нөүтбүүкийн цүнхнүүд нь 1 нь няравт, нөгөө нь нягтлан бодогчид байгаа. Дээрх дутагдсан гэх эд зүйлс нь манай байгууллагад байгаа бөгөөд 2023 оны жилийн эцсийн тооллогоор хаана, хаана ашиглаж байгааг зургаар баримтжуулаад, илтгэх хуудсаар гаргаад нотлох баримтад өгсөн байгаа. Мөн 2020, 2021, 2022 онуудад шаардах хуудас бөөн дүнгээр бичсэн гэж акт тавигдсан байгаа. Дээрх хугацаанд миний бие анхан шатын баримт маягтыг хууль журамд нийцүүлэн бүрдүүлдэг байсан бөгөөд хүмүүсээр өөрсдөөр нь шаардах хуудсаа бичүүлэн хүлээлгэж өгч ажилласан байдаг. Акт тавигдсан зүйлүүдийн дотор эрүүл мэндийн газар, ЭМЯ, Гамшгаас хамгаалах сан, ЗӨСҮТ-өөс ирсэн зүйлүүд дээр акт тавигдсан байгаа. Мөн манай байгууллагын гол хэрэглэдэг ариутгалын бодис болох жавелиныг их хэмжээгээр хэрэглэсэн байна гэж акт тавигдсан. Жавелин маань тодорхой заасан хугацаатай, тоо ширхэгтэй, тодорхой хувиар найруулдаг бодис байгаа. Жавелиныг өнөөдөр найруулж хэрэглээд үлдэгдэл найруулсан жавелин байвал маргааш нь түүнийг хэрэглэх боломжгүй. Асгаад дахиж шинээр найруулж хэрэглэх ёстой байдаг. Тэгээд жавелиныг их хэмжээгээр хэрэглэсэн, бөөн дүнгээр шаардлага бичсэн гэж акт тавигдсан байна. Мөн манай байгууллагын гол хэрэглэдэг хамгаалах өмсгөл байгаа. Хамгаалах хувцас комоороо комбинзон маск гээд зүйлүүд ордог. Манай байгууллага нь халдвар хамгааллын нарийн дэглэмд ажилладаг байгууллага учраас 3 цаг тутамд хувцсаа сольдог. 1 шинжилгээнд орлоо гэхэд 3 цагаас илүү ажиллахаар 3 цаг болоод хувцсаа солих ёстой. 1 шинжилгээнд ороход хамгийн багадаа 5-6 хүн ажилладаг. Хэр олон хувцас орох нь эндээс харагдах байх гэж бодож байна. Шалгалт хийгдсэн онуудад уламжлалт өмсгөл ихээр хэрэглэсэн. Уламжлалт өмсгөлийг ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис хийгээд 24 цаг болгоод буцааж угааж ариутгаад өмсдөг. Угааж ариутгахдаа вок, саван нэлээдгүй хэрэглэдэг. Энэ хувцсыг бодисын үнэрийг гартал угааж цэвэрлэж байж дахиж өмсдөг. Зөвхөн бэлтгэмэлч л бүх зүйлсийг шаардах хуудсаар авч шаардах хуудас бичиж авна гэсэн ойлголт байхгүй. Тухайн шинжилгээнд хэнд ямар багаж хэрэгсэл шаардлагатай байна тэр хүн болгон шаардах хуудсаа бичиж хэрэглэгдэх зүйлээ авах ёстой. Мөн ижил мэргэжлийн хүмүүс ижил тоотой зүйл бичиж авна гэсэн ойлголт байхгүй. Ч, Ө хоёрын бичсэн шаардах харилцан адилгүй байна. Нэг нь их зүйл бичсэн. Нөгөө нь бага зүйл бичсэн байна гэсэн. Мөн зай маш ихээр хэрэглэсэн байна гэж гарсан. Зай манайд халууны шил болон GPS /Жи Пи Эс/-т хэрэглэгддэг. Ковидын үед манайх онгоц болон автобусанд хүмүүсийн халуун үзэж явж байхад халууны шилний зайг ихээр хэрэглэж байсан. Тэгэхэд үнэ багатай зай аваад өгчихөөр хүйтэнд царцаад ажиллахгүй, үнэтэй зай аваад өгөхөөр 1, 2 цаг ажиллаад бас ажиллахгүй байна гэсэн. Манай байгууллагын хэрэглэсэн зүйлсийг бодитоор хэрэглээгүй гээд энэ 2 улсын байцаагчийг тооцоод сууж байсанд би үнэхээр их гайхаж байгаа. Шалгалт хийх явцдаа намайг асар их сэтгэл зүйн дарамт шахалтад оруулж байсан. Хүмүүсийг шаардахаар бичсэн зүйлээ аваагүй бол аваагүй гэдгээ бичиж өгөхгүй бол та нарт өөрсөд дээр чинь акт тавина гэж ажилчдыг сэтгэл зүйн дарамтад асар ихээр оруулж, хүмүүсээс тайлбар бичүүлж авсан байдаг. Би энэ хяналт шалгалтыг хэт нэг талаа барьж хийгдсэн шалгалт гэж хувьдаа үзэж байгаа. Хүмүүсийг дуудаж хариу тайлбар бичиж өг, хариу тайлбар бичиж өгөхгүй бол өөрсөд дээр акт тавина гэх маягаар нэлээдгүй хүмүүсийг дарамт шахалтад оруулсан. Мөн хэл амаар нэлээдгүй доромжилж байсан. Би хариу тайлбар өгөхийг нэлээдгүй оролдсон, хүссэн боловч байгууллагын ажилчид болон шалгалт хийж байгаа хүмүүс намайг сэтгэл зүйн дарамтад оруулаад би хариу тайлбар өгөөгүй. Мөн би төсөлтэй танилцаад бичгээр хариу тайлбараа гаргасан боловч миний хариу тайлбарыг авч хэлэлцээгүй энэ актуудыг тавьсан байдаг. Тэгэхээр дээрх актуудыг хүчингүй болгож өгнө үү гэв.

3.5. Нэхэмжлэгч Э.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2018 онд ажилд орж 2019 оноос хойш нягтлан бодогчоор ажиллаж байна. Тэгэхэд 2019-2022 онуудад төрийн аудит болон дотоод аудитаар шалгагдаж зөрчилгүй байсан. Нярвын хэлсэнтэй давхардах гээд байна. “Х” ХХК-ийн томилолт дээр акт тавьсан байна. Унаа, хоол, байр нь цаанаасаа байсан. Надад анхан шатны баримт томилолтын хуудас өгөөгүй учраас би гүйлгээ хийгээгүй. Цаанаасаа хоол, унааны мөнгө өгсөн болохоор томилолтын хуудас өгөөгүй байх. 2021 онд улсын тооллого болж манай ажлаар ирж тоолоод илүүдсэн, дутуудсан зүйл баймгүй байна гэсэн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар анхан шатны баримт үйлдэгдэж гүйлгээ хийдэг. Бөөн дүнгээр бичсэн гэж шаардах хуудсанд акт тавьсан. Манайх төсөв муу, бичиг хэрэгт принтерийн хор авсан байхад акт тавьсан байсан. Бичиг хэргийн зардалд сард 43,000 төгрөгийн төсөв орж ирдэг. Принтерийн хор авч байж ажил цаашаа үргэлжилнэ. Мөнгө нь дараа сар орж ирнэ гэж зарлагадаад гүйлгээ хийж байгаа. Мөн 10 ширхэг сандал дээр акт тавьсан. Намайг ажилд орохоос өмнө буюу 2016 онд авсан сандал байсан. Бусад нь Ц.М-ийн тайлбартай адилхан гэв.

3.6. Хариуцагч Ч.Д, Б.Д нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ........... аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Н-с ирүүлсэн өргөдлийн дагуу тус байгууллагын 2020, 2021, 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд албаны даргын баталсан 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21-03/01/01 дугаартай удирдамжаар Санхүүгийн хяналт, шалгалтын Улсын ахлах байцаагч Ч.Д, Санхүүгийн хяналт, шалгалтын Улсын байцаагч Б.Д нар төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийсэн.

Тус шалгалтаар нийт 44,166.0 мянган төгрөгийн зөрчил илрүүлснээс 29,706.1 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр төлбөрийн акт тогтоож, 4,874.8 мянган төгрөгийн зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага, 9,585.1 мянган төгрөгийн зөрчилд зөвлөмж хүргүүлсэн.

Шалгалтаар илэрсэн нийт 29,706.1 мянган төгрөгийн 10 зөрчилд тус бүр төлбөрийн акт тогтоосон бөгөөд хариуцагч Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны дугаар тогтоолын 11.1. (Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана.) дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Сангийн сайд буюу Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан байна.

Улмаар гомдлыг Монгол Улсын Сангийн сайд хянаж үзээд “Төлбөрийн актууд хянасан тухай” 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01/5700 дугаартай албан бичгээр Санхүүгийн хяналт, шалгалтын Улсын ахлах байцаагчийн нийт 9,554.4 мянган төгрөгийн зөрчилд тогтоосон 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-03/01/15, 21-05/0409, 21-05/05/10, 21-05/06/11, 21-05/0712 дугаартай 6 төлбөрийн актыг хэвээр үлдээн шийдвэрлэж, нийт 15,282.8 мянган төгрөгийн зөрчилд тогтоосон 21-05/03/08, 21-05/09/14 дугаартай төлбөрийн актуудыг эрх бүхий байгууллагад шилжүүлэхээр, 2,750.0 мянган төгрөгийн зөрчилд тогтоосон 21-03/02/16 дугаартай төлбөрийн актыг дахин хянахаар, 2,118.9 мянган төгрөгийн зөрчилд тогтоосон 21-05/08/13 дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгон шийдвэрлэсэн болно. Эдгээрээс Ерөнхий байцаагч хүчингүй болгосон 2,118.9 мянган төгрөгийн зөрчилд тогтоосон 21-05/08/13 дугаартай актаас бусад 9 актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч С.Б, Э.Б, Ц.М нарын нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаж хариу тайлбар гаргаж байна. Зоонозын өвчин судпалын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Н-с ирүүлсэн өргөдлийн дагуу тус байгууллагын 2020, 2021, 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай албаны даргын баталсан 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21- 03/01/01 дугаартай удирдамжийг 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр ........ аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн холбогдох албан тушаалтнуудад танилцуулсан. Уг удирдамжид хяналт шалгалтыг 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дуусах хугацааг тогтоолгүйгээр ажлын 10 хоногийн хугацаанд хийж, хариуг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулинд заасан хугацаанд шийдвэрлэхээр төлөвлөсөн.

Улмаар хяналт шалгалт хийж, дүнг гаргах хугацааг дараах шалтгааны улмаас сунгаж ажилласан.

1. Хяналт, шалгалтад хамрагдах 2020, 2021 оны санхүүгийн баримтыг 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээлгэн өгсөн, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2022 оны баримтыг үдэж хавтаслаагүй авчирсан боловч үдээгүй баримт хүлээн авахгүй гэж буцаасан. Учир нь хяналт шалгалт эхлэх үед тайлант онуудад ажиллаж байсан төсөв захирагч, нягтлан бодогч, эд хариуцагч нар солигдсон, удирдамж танилцуулахад тус байгууллагын нягтлан бодогч Д.Б нь 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар шинээр томилогдсон, ажилтайгаа бүрэн танилцаж амжаагүй байна гэдэг тайлбар өгч байсан. Мөн 2022 оны санхүүгийн тайлан, эд хариуцагчийн тайлан гараагүй, санхүүгийн анхан шатны баримтууд үдэж хавтаслаагүй байсан тул эд хариуцагчийн тайланг гаргаж, бүх баримтыг үдсэний дараа ирүүлэх шаардлага тавьсан. Улмаар 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр манай албанд 2022 оны санхүүгийн болон холбогдох материалыг хүлээлгэн өгсөн.

2. Шалгалтын явцад ......... аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Н-с 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаартай албан бичгээр С.Б-н 2022 оны 10, 11 дүгээр саруудын цалин хөлс олголтыг шалгуулахаар хүсэлт нэмж ирүүлсэн.

3. Өргөдөлд тус байгууллагын 2020-2022 оны санхүүгийн үйл ажиллагаа хамрагдсан бөгөөд сүүлийн 3 оны санхүүгийн баримт шалгаж байгаатай холбоотойгоор ачаалал ихтэй ажилласан. Хамгийн их хугацаа зарцуулсан нь өргөдөлд дурдсан эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийн худалдан авалт, түүний зарцуулалттай холбоотой асуудлуудыг шалгахад хөрөнгийн тооллого хийх шаардлагатай болсон. Улмаар хяналт шалгалтын явцад буюу 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр түүвэрчилсэн тооллого хийхэд ихээхэн зөрчил илэрч байсан тул өргөдөл гаргагч буюу Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Н-д хяналт шалгалтын үргэлжлэх хугацаанд бүх хөрөнгөд тооллого хийж хяналт, шалгалт дуусахаас өмнө дүнг танилцуулах зайлшгүй шаардлагатай байгаа талаар мэдэгдсэн. Бидний шаардлагыг үндэслэн байгууллагын төсөв захирагчийн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А/01 дугаартай тушаалаар тооллого хийх бүрэлдэхүүнийг томилж томилогдсон ажлын хэсэг 2023 оны 1 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд тооллого хийсэн.

4. Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм’’-д заасан дотоод аудиторын эрхийн хүрээнд тус байгууллагын эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудлаар холбогдох албан хаагчтай уулзалт, ярилцлага хийх, бичмэл болон цахим баримт мэдээлэл, нотлох баримт гаргуулан авах зайлшгүй шаардлагатай байсан.

5. Мөн тухайн байгууллагын нягтлан бодогч, эд хариуцагч нарын эргэлтийн хөрөнгийн 2022 оны 10-12 дугаар сарын тайлан зөрүүтэй байсан. Дээрх шалтгааны улмаас хяналт, шалгалтын хугацааг сунгах зайлшгүй шаардлагатай байгаа тухай албаны даргад шалгалтын явц тайлагнахдаа удаа дараа мэдэгдэж зөвшөөрөл авсан.  “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 1, (Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.) гэж заасны дагуу Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Н-д шалгалтын хугацааг сунгаж ажиллах болсныг хяналт, шалгалтын явцад тухайн байгууллага дээр ажиллаж байхдаа удаа дараа мэдэгдэж байсан. Улмаар шалгалтыг хуулинд заасан хугацаандаа багтаж 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдөр дуусган, танилцуулгын төслийг тухайн өдөр нь тайлант онуудад тус байгууллагын даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нарт аймгийн Шуудан үйлчилгээний газраар дамжуулан цаасан хэлбэрээр, мөн тус тусынх нь И-мэйл хаяг болон фейсбүүк хаягаар хүргүүлэх арга хэмжээ авч ажилласан бөгөөд Ц.М 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдөр цахим хэлбэрээр, Э.Б 2023 оны 3 дугаар сард цаасан хэлбэрээр тус тус утга санаа ижил тайлбар тодруулгыг ирүүлсэн. Аймгийн Шуудан үйлчилгээний газраар С.Б-д хаяглаж явуулсан танилцуулгын төслийг гэрийнх нь хаягаар хүргэж өгөх, утсаар холбогдох гэж 7 удаа оролдлого хийсэн боловч хариуцагчийн гар утас нь холбогдоогүй, гэр бүлийн хүн нь хүлээн авахаас татгалзсан учраас хүлээлгэн өгөөгүй байсан ба шуудангийн үйлчилгээний журмын дагуу 14 хоногийн дараа буюу 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр материалыг манай албанд буцааж ирүүлсэн.

Шалгалтыг хуулинд заасан хугацаанд хийж дууссан боловч Э.Б, Ц.М нараас ирүүлсэн тайлбарын дагуу шалгалтаар илэрсэн зөрчил бүрийг дахин хянах зайлшгүй шаардлага гарсан. Тайлбарын дагуу шалгалтаар илэрсэн зөрчил бүрийг дахин хянаж нягтлах хугацаанд буюу 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сангийн сайдын баталсан 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн СХШХ/02 дугаартай Нийгмийн даатгалын Ерөнхий газар болон түүний харьяа газар, хэлтсийн санхүү, үйл ажиллагаа, сангуудад хийх нэгдсэн хяналт шалгалтын удирдамж ирсэн.

Дээрх удирдамжийн дагуу аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн санхүүгийн үйл ажиллагаа, ажилгүйдлийн даатгал, эрүүл мэндийн даатгал, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгалын 2021,2022 оны үйл ажиллагаанд 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж тайланг Сангийн яаманд хүргүүлж ажилласны дараа 2023 оны 4 дүгээр сарын 28-ний өдөр шалгалтын танилцуулга, Улсын байцаагчийн шийдвэрийг баталгаажуулсан болно. 

2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ............ аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Н-д албан бичгээр хүргүүлж хувийг тус байгууллагын даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нарт аймгийн Шуудан үйлчилгээний газраар дамжуулан цаасан хэлбэрээр тус тусынх нь цахим хаягаар тус тус хүргүүлэн ажилласан.

Нэхэмжлэл гаргагчид нь шалгалтын үргэлжлэх хугацаанд гомдол гаргасан гэж үзэж байгаа тул шалгалтын үргэлжлэх хугацаатай холбоотой тайлбарыг дэлгэрэнгүй бичив. Нэхэмжлэгч нь тогтоосон акт тус бүрийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлийг зөвхөн шалгалтын үргэлжлэх хугацаатай холбож нэхэмжлэл гаргасан байх бөгөөд өөр хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл, шалтгаан тоочиж бичээгүй тул акт тус бүрд нэмэлт тайлбар бичээгүй болно. Учир нь илэрсэн зөрчилд тогтоосон төлбөрийн акт тус бүрд тухайн актыг тогтоосон үндэслэл, илэрсэн зөрчлийг тодорхойлж, хангалттай нотлох баримтаар баталгаажуулсан болно. Хяналт, шалгалтын явцад цуглуулсан нотлох баримтуудыг хавсаргав.

Өргөдөл гомдол гаргагч нь Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Н байхад нэхэмжлэгч нь хяналт, шалгалтын үргэлжлэх хугацаанд гомдол гаргах боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.7. Хариуцагч Ч.Д шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Манай байгууллага 2014 онд Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба болон бүтэц зохион байгуулалтад орж аймгийн Засаг даргын харьяаны байгууллага болж өөрчлөгдсөн байдаг юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу манайх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэдэг. Мөн Сангийн сайдын баталсан Санхүүгийн хяналт шалгалтын стандарт гэж байдаг 2016 оны 107 дугаар стандарт гэж бий. Энэ стандартаар манай байгууллагын санхүүгийн хянан шалгалт хийх удирдамжийг тухайн байгууллагын дарга батална гэж стандартаар заачихсан байдаг. 2023 оны нэг сард Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан үүрэгт түр орлон гүйцэтгэгч Н-с аймгийн Засаг даргад хандан өргөдөл гаргасан байдаг. Аймгийн Засаг дарга Санхүүгийн хяналт шалгалттай холбоотой өргөдлийг харьяаллынхаа дагуу манай байгууллага руу шилжүүлдэг. Тэр дагуу манай байгууллагад шилжиж ирээд түүний дагуу албаны дарга төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжийг баталсан байдаг. Удирдамжийг тухайн үед бид нар хяналт шалгалт хийхдээ Зоонозын өвчин судлалын төвийн даргад албан ёсоор очиж өөрсдийн биеэр хүлээлгэж өгсөн. Энэ байгууллагын архивт яагаад байхгүй байгааг би сайн мэдэхгүй байна. Байгууллагынх нь дотоод ажлыг би мэдэхгүй. Тэгээд ямар ч байсан эднийд хүлээлгэж өгөөд манайх хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн байдаг. Удирдамжаа шүүхэд нотлох баримтаар өгсөн. Хяналт шалгалт хийх хугацаанд бид нар хяналт шалгалт хийх хугацаанд илэрсэн зөрчил дутагдалтай холбогдуулан 10 ширхэг акт тогтоосон бөгөөд энэ илэрсэн зөрчилтэй холбогдуулаад төрийн хянан шалгалтын тухай хуульд заасны дагуу мөн санхүүгийн хяналт шалгалт стандартад заасны дагуу бид нар тухайн байгууллагын ажилтнуудаас тайлбар тодруулга авах эрхтэй. Тэр тайлбар тодруулга авах эрх үүргийнхээ хүрээнд бид нар тайлбар тодруулга авч ажил үүргээ гүйцэтгэсэн. С.Б дарга буруу ойлголттой яваад байгаа юм болов уу. Хяналт шалгалтыг хийх хугацаандаа бид нар С.Б даргын дугаар руу маш олон удаа залгасан байдаг юм. 1 ч удаа утас нь холбогдоогүй. Гэрийг нь мэдэхгүй учраас бид баримтжуулахын тулд шуудангийн тасгаар шалгалтынхаа танилцуулгыг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу урьдчилсан төслөө тухайн хүмүүст хүргүүлсэн. Э.Б, Ц.Мөөс нараас тайлбар ирсэн. С.Б даргад шуудангаар хүргэж өгөхөд хүлээж аваагүй. Гэрт нь очихоор хүн байхгүй, нэг удаа очиход аав нь байж байна, албаны хэрэгт холбоотой зүйлийг авч болохгүй гэсэн гэж хэлээд шуудангаар удаа дараа өгөх оролдлого хийгээд бид хүлээлгэж өгч чадаагүй Утсаар нь холбогдоод болоогүй. Тэгээд бид мөрдөн байцаагч, цагдаа шиг айлын гэрт очоод явах боломжгүй. Бид баталгаатай Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа шуудан үйлчилгээний газраар шалгалтын танилцуулга төслийг хүргүүлсэн байдаг. Өнөөдөр энд яриад сууж байхаасаа илүүтэй С.Б дарга тухайн үедээ хүлээж аваад үүн дээр ийм буруу ойлголт байна, үүн дээр ийм байх ёстой гэж хамтраад төрийн ажлыг хийсэн бол бүтэн жил маргалдаад, бүхэл бүтэн байгууллагын ажлын цагийг нь алдуулаад сууж байхгүй байх байсан. Ийм учраас шалгалт үргэлжилсэн гэв.

3.8. Хариуцагч Б.Д шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэгдүгээрт тулган шаардсан, айлган сүрдүүлсэн гэж байна. Тулган шаардах, айлган сүрдүүлсэн ажил энд байхгүй. Бид төрийн нэрийн өмнөөс ажил явуулж байгаа улсын байцаагч хүмүүс. Улсын байцаагч хүмүүсийн ажиллах арга барил гэж бас байна. Нэг баримтаас нөгөө баримтын хооронд нотлох гэж үүн дээр ийм байхад үүн дээр яагаад ийм байгаа юм бэ? гэдгийг асууна. Тэр хүмүүсээс яах аргагүй заавал асуух шаардлагатай. Энэ нь бидний эрх, тулган шаардах айлган сүрдүүлэлт гэдгийг би юу гэж ойлгох вэ? Сайн мэдэхгүй байна. Нэг нотлох баримтаас нөгөө нотлох баримтын хооронд асууж лавлах тодруулах зүйлүүдээ асуусан, лавласан, тодруулсан, хэлэх нэг нь хэлсэн зарим нэг нь гүрийсэн, гүрийсэн нэгнийх нь өөдөөс би нүдийг нь харж байгаад жишээ нь Ц.М би өөрийнхөө эсрэг тайлбар бичиж өгөхгүй, юу ч бичиж өгөхгүй гээд суучихдаг. Жишээ нь П гэхэд авсан зарцуулсан, тэгсэн ингэсэн гээд нүд нь чилмэрээ байхгүй миний өөдөөс харж ярьдаг. Бусад хүмүүс нь гайгүй. Бусдаас нь би ийм асуудал үүснэ гэж бодохгүй байна. Надад хажуудаа суулгаж байгаад асууж тодруулах, лавлах, тайлбар бичүүлж авах, ярилцах эрх байгаа. Нэгээрээ худлаа яриад гүрийгээд болохгүй юм байна гээд би хамт олны дунд хурал зарлуулж байгаад суухад хүмүүс өөрсдөө үнэнээ хэлж тайлбараа бичсэн. Яг хамт олныхоо дунд хүн гүрийж чаддаггүй юм байна лээ. Тэрийг яриад байх шиг байна. Бид хоёрын тухайд эрүүдэн шүүлт явуулчихсан юм шиг л, өөрөө ч айхаар зүйл яриад байна. Хоёрдугаарт Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хяналт шалгалтад шаардагдах байгууллагуудын талаар яриад байна. Манайд шалгах эрхтэй байгууллагууд гэхээр ЭМЯ Боловсролын яамнаас ..... аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээн дээрээ төсвийн эрх олгосон байгууллагуудыг шалгах эрхийг нь олгочихсон байдаг утгаараа бид сумаар ч тэр, аймаг дээр ч тэр эрүүл мэнд болон боловсролын байгууллагуудыг шалгадаг. Удирдамж баримтад ирсэн болов уу гэж бодож байна. Удирдамжийг танилцуулахад Ц.М сууж байсан. Нэг удирдамжийг би гардуулаад өгсөн. Эдний тухайд энэ удирдамжийг танайх эндээ хадгалаарай тэндээ хадгалаарай гэж хэлэхгүй, мэдэхгүй. Танилцуулах ажиллагааны талаар Ч.Д байцаагч ярьчихсан. Төлөвлөгөөт хяналт шалгалт 10 хоногийн дотор, төлөвлөгөөт бус дээр хугацаа байдаггүй. Төлөвлөгөөт бус шалгалтад хугацаа байхгүй. Бид нарт дундаас нь бас тусгай захиалгат шалгалтууд орж ирсэн. Энэ танилцуулах ажиллагаа сунасан ч гэсэн хуульд заасан хугацаанаасаа хэтрээгүй байгаа. 04 дүгээр сарын 28-нд дууссан гэж байгаа болохоос 03 дугаар сарын 01-нд бүх ажиллагаагаа дуусгаад та бүхэнд танилцуулах гээд байж болох эхний шатаасаа авхуулаад утсаар эхэлж ярьсан. Дараа нь фэйсбүүкээр Э.Б, Ц.М-ийн фэйсбүүкээр явуулсан. Таны фэйсбүүкээр явуулаагүй. Бүх мэйл хаягуудыг олж авч мэйл хаягаар явуулсан. Явуулсан нотлох баримтуудаа энд бүрдүүлээд өгчихсөн байгаа. Хамгийн сүүлийн шат нь шууданд хандсан. Бид хэдийгээр хуульч биш ч гэсэн хуулийнхаа заалтуудыг судлаад шат дараалсан арга хэмжээнүүдийг авсан. Ингэсээр 04 дүгээр сарын 28-ыг хүрсэн. Миний зүгээс албан ёсоор хэлье. Та бүхэнд дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Дутагдсан гээд байгаа хөрөнгө бүгд байгаа. Энэ хөрөнгүүдийг акт тус бүрээр би ярих болов уу гэж бодож байна. Акт тус бүр дээр гэрчтэй нь ярих хэрэгтэй байна. 2 удаагийн тооллого өөр өөр байсан гэж байна. 2023 оны 01 дүгээр сард хийгдсэн тооллого эх хувиараа байхгүй гэж байна. Танай баримт эх хувиараа байгаа эсэх нь бидэнд хамаагүй. Энэ дутсан хөрөнгүүдийг тусдаа дутагдсан хөрөнгийн актаа ярихдаа ярья гэж бодож байна. Эсгий гудас тооллого хийж байхад 2021 онд гудсаа солиогүй гэдэг асуудлуудыг ярьсан. 1,510,000 төгрөгийн акт тусдаа бичигдсэн байгаа. Шаардах хуудас бөөн дүнгээр бичсэн гэдэгт С.Б дарга болон Э.Б, Ц.М нарт нэг ойлголт байна. Нэг газраас нэхэмжлэх авч ирээд гүйлгээгээ хийлээ, орлогод авлаа, шаардах хуудас бичлээ шаардах хуудас ингээд биччихсэн л бол нягтлан бодох бүртгэлийн дагуу л гээд байна. Бид үүнийг мэдэж байгаа. Тэгж явах ёстой. Гэхдээ энэ дотор байцаагчийн тухайд жишээ нь Э.Б 100 ширхэг мемориалын хавтас авлаа Э.Б 100 ширхэг баримт чамд хэзээ хүлээлгэж өгсөн бэ гэхээр 7 ширхэг баримтыг л хүлээлгэж өгсөн байгаа. Э.Б жилийн жилд 7 юм уу 8 баримт өгдөг байгаа. Энэ хооронд бид харьцуулалтыг хийх эрх нь байгаа. Үүнд айлган сүрдүүлээд, дарамтлан шахаад, хууль бус, бид юуг зорьсноо юугаар нотлох гээд баримт цуглуулаад байгаа юм. Тийм зүйл байхгүй. Өгсөн өргөдлийн дагуу шалгаж эрх үүргийн хүрээнд ажилласан. Хамгаалалтын хувцаснууд хэрэглэдэггүй хүмүүс дээр акт тавьсан болохоос Ө-н хэрэглэсэн халаад болгон дээр бид акт тавиагүй. Улсын тооллогоор илүүдсэн болон дутагдсан хөрөнгө байхгүй зөрчилгүй гэсэн баримт өчигдөр би танилцахад орон нутгийн өмчийн газраас баримт ирсэн байна лээ. Тэгээд бид 2 нотлох баримт гаргуулахаар Орон нутгийн өмчийн газар дээр очиж уулзсан. Энэ тооллогыг хэн хэн, хэзээ очоод, хэдэн сарын хэдний өдөр хийсэн бэ? хэдэн өдөр юу юуг тоолсон талаар мэдээ тайлангаа гаргаад өгөөч, ажлаас гарсан хүний аваад явсан 2 нөүтбүүк байхгүй гэдгээ нотлоод гаргаад ирчихсэн байхад байхгүй байгаа зүйлийг та яагаад байгаагаар нь тоолчихсон юм бэ? энэ ямар ямар хүмүүс ажиллав гэхэд эдний байгууллагад ажилласан хүмүүс ийшээ тийшээ явчихсан гэж байсан. Өнөөдөр 12 цагаас өмнө бидэнд тайлбар, нотлох баримт, илтгэх хуудас байвал илтгэх хуудас гаргаж өгөх ёстой байсан боловч цахилгаан тасраад ирсэн бичгээ шалгаж чадсангүй. Энэ өмчийн газрыг бид мэдэж байна. Танай дээр хэдэн хэдэн өдөр ажилласан юм. Танайд тооллого хийнэ гэвэл 7 хоногийн ажил байгаа. Тэр хүмүүс 7 хоног ажилласан уу? хэний үгээр ажлаа хийсэн юм. Үүнийг үгүйсгэж байна. Байхгүй байгаа хөрөнгийг байгаа гэж тоолсон хүмүүс тооллого хийгээгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.Б, Э.Б, Ц.М нараас .......... аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарт холбогдуулан:

Аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-03/01/15, 21-05/04/09, 21-05/05/10, 21-05/06/11, 21-05/07/12 дугаар төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /хэргийн 1 дүгээр хавтасны 1 дэх талд/ гаргасан.

         2. Нэхэмжлэгч С.Б, Э.Б, Ц.М нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр /хэргийн 1 дүгээр хавтасны 34 дэх талд/ “Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/09/14, 21-05/03/08, 21-03/02/16 дугаар төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн.

3. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах нь нэхэмжлэгчийн эрх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэв.

4. “Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/09/14, 21-05/03/08, 21-03/02/16 дугаар төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:

4.1. Улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/09/14 дугаар актаар зориулалт бусаар зарцуулсан 13,231,300 төгрөгийг Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр,

2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/03/08 дугаартай актаар зориулалт бусаар зарцуулсан 2,051,500 төгрөгийг Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр тус тус тогтоожээ.

Улсын байцаагч нараас уг актыг баталгаажуулах хүсэлтийг Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүхээс хянаад Ерөнхий шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Улсын байцаагчийн актыг баталгаажуулах тухай” 133/ШЗ2023/01741 дугаар захирамжаар дээрх 2 актыг баталгаажуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 221-223 дахь талд/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.3-т “...улсын байцаагчийн төлбөр тогтоосон актыг биелүүлэх боломжийг нь шүүх хянан үзэж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүгчийн захирамжаар баталгаажуулна. Шүүгч ийнхүү захирамж гаргасан даруй гүйцэтгэх хуудас бичиж 7 хоногийн дотор төлбөр авагч, төлбөр төлөгч, шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлнэ.” гэж зааснаар иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэгэнт баталгаажуулсан актад хамаарах маргааныг захиргааны хэргийн шүүх хянан хэлэлцэх хууль зүйн боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, ..., ... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заажээ. Тодруулбал, нэхэмжлэлд заасан захиргааны үйл ажиллагааны талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нараас “2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/09/14, 21-05/03/08 дугаар төлбөрийн актуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд гаргасан болох нь шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтны дардас, тэмдэглэгээгээр нотлогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 34 дэх талын ар дахь дардас/

Иймээс Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/09/14, 21-05/03/08 дугаар төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

4.2. Нэхэмжлэгч нараас улсын байцаагч нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-03/02/16 дугаар төлбөрийн актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан.

Зоонозын өмчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нар улсын байцаагч нарын актын талаар Сангийн сайдад гомдол гаргасан байдаг.

Энэ хүрээнд Сангийн яамнаас уг актуудыг хянан үзээд “...аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах; 25.1.4гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах; 25.1.5баримт бичиг болон хууль, бусад шийдвэртэй танилцах, хуулбарлах; гэж заасны дагуу нотлох баримтыг бүрдлийг хангалгүйгээр төлбөрийн акт тогтоосон байх тул  мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.4захиргааны актыг өөрчлөх гэж заасныг үндэслэн 21-03/02/16 дугаар төлбөрийн актад дурдсан зөрчлийг нягтлан шалгаж хуульд нийцүүлэн, үндэслэлтэй байхаар дахин тогтоохыг үүрэг болгож шийдвэрлэв.” гэжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 20-25 дахь талд/

Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас 21-03/02/16 дугаар төлбөрийн актыг дахин хянаж өөрчлөхөөр шийдвэрлэсэн байна. Захиргааны байгууллагын урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд маргаан бүхий актыг өөрчлөх үүрэг өгсөн байх бөгөөд одоогоор энэ ажиллагаа хийгдээгүй байгаа нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогддог.

Энэхүү актыг өөрчлөх нь захиргааны байгууллагын үүрэг бөгөөд түүний гүйцэтгэлийг захиргааны байгууллага өөрөө хариуцах эрх зүйн зохицуулалттай. Энэ үйл ажиллагаа нь захиргааны шүүхийн хяналтад хамаарахгүй. Өөрөөр хэлбэл дээд шатны захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд доод шатны захиргааны байгууллагын актыг өөрчлөх шийдвэр гаргасан тул түүнийг доод шатны захиргааны байгууллагын албан хаагч гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д зааснаар захирах, захирагдах ёсыг баримтлах зарчимд хамаарна.

Иймээс Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-03/02/16 дугаар төлбөрийн актыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Харин дахин өөрчлөн шинээр гаргасан актын талаар нэхэмжлэгч нараас шүүхэд маргах эрхтэй болохыг тэмдэглэв.

5. Улсын байцаагч нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/06/11, 21-05/05/10, 21-03/01/15 дугаар төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

5.1. Улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/06/11 дугаар актаар зориулалт бусаар зарцуулсан 140.0 мянган төгрөгийг тайланд хугацаанд Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр акт тогтоожээ.

Хариуцагчаас “...Зоонозын өвчин судлалын төвөөс 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр иргэн А.У-н данс руу “Пежамны үнэ” гэж 140,000 төгрөг шилжүүлэн 2020 оны 1 дүгээр улирлын бараа материалын тайлангийн бусад хангамжийн материал хэсэгт орлогод авсан байна. Улмаар 2020 оны жилийн эцсийн тооллогоор тус пежамыг урагдсан хэмээн дүгнэлт үйлдэж, байгууллагын даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/13 дугаар тушаалаар акталсан бөгөөд өмч хамгаалах байнгын зөвлөл нь дүгнэлт гаргахдаа бараа материалыг нүдээр үзэж баталгаажуулсан эсэх нь тодорхойгүй, фото зургаар баталгаажуулаагүй байна.” гэж дүгнэсэн байдаг.

Нэхэмжлэгч С.Б “Пежам” гэдэг нь манай байгууллагын ажилтнуудын өмсдөг өмд цамцны хослол юм. Хөдөө томилолтоор яваад урагдаж ирсэн тул акталсан. Чиг үүргийн хувьд өндөр хариуцлагатай алба ажил, зарим зүйлийг дахин хэрэглэхгүй байх ч үндэслэл үүсдэг” гэж тайлбарладаг.

Зоонозын өвчин судлалын төвийн дарга С.Б-н 2020 оны 12 дугаар сарын 31-ний А/13 дугаар тушаалаар Өмч хамгаалах комиссын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг үндэслэн 17 нэр төрлийн хангамжийн материалыг акталсан байдаг. Энэхүү жагсаалтын 12-т “1 ширхэг 140000 төгрөгийн үнэтэй пежам” бичигджээ. /хэргийн 3 дугаар хавтасны 75-76 дахь талд/

Хариуцагч акт тогтоохдоо Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэл дурдсан байна.

Нэхэмжлэгч нар бараа материалыг худалдан авч 1 дүгээр улирлын тайланд тусгасан, оны сүүлээр акталсан нь  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1-т Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно., мөн зүйлийн 3 дахь хэсгийн 1-т худалдах, шилжүүлэх, устгах эд хөрөнгийн талаар өмч хамгаалах Байнгын зөвлөл дүгнэлт гаргасан байх; гэснийг зөрчөөгүй байна.  Энэ талаарх хариуцагч нарын “...2020 оны эхэнд аваад оны сүүлд акталсан, Өмч хамгаалах байнгын зөвлөл нүдээр үзэж баталгаажуулсан нь тодорхойгүй, фото зургаар баталгаажуулаагүй...” гэсэн үндэслэлээр акталсан хангамжийн материалд төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, 16 дугаар зүйлийн 16.5.5батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж заасан байх бөгөөд хангамжийн материалыг худалдан авч зохих бүртгэлд тусгасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Зохих зардлаас зардал гаргасан, бүртгэл хөтөлсөн байхад маргаан бүхий актад дээрх хуулийн заалтуудыг баримталсан нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэсэнд нийцээгүй байна.

Иймээс хариуцагч нарын “...Өмч хамгаалах байнгын зөвлөл нүдээр үзэж баталгаажуулсан нь тодорхойгүй, фото зургаар баталгаажуулаагүй” гэснээр нэхэмжлэгч нарыг төсөвт хохирол учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

5.2. Улсын байцаагч нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/05/10 дугаар актаар зориулалт бусаар зарцуулсан 600.0 мянган төгрөгийг тайланд хугацаанд Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр акт тогтоожээ.

Хариуцагч нараас “... 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “А” ХХК-ийн данс руу 1 бүр нь 100.0 төгрөгийн үнэтэй 6 ширхэг өнгөт принтерийн хор худалдан авсан баримт бүрдүүлэн нийт 600.0 мянган төгрөг шилжүүлсэн байна. Улмаар тус 6 ширхэг хорыг бараа материалын тайлангийн бичиг хэрэг хэсэгт орлогод авч архив, бичиг хэргийн ажилтан Ц.М-д 1 ширхэг, биологич Н.П-д 1 ширхэг, лаборант Д.Э-д 1 ширхэг, лабораторийн эмч С.С-д 2 ширхэг, IT инженер Д.Д-д 1 ширхэг, нийт 6 ширхэгийг шаардах хуудсаар зарлагадсан байна. Хяналт шалгалтын явцад 100.0 төгрөгийн хор хэрэглэх өнгөт принтер байхгүй, “А” ХХК өнгөт принтерийн хор зардаггүй, хорыг хүлээн авсан хүмүүсээс лавлахад биологич Н.П-аас бусад нь өнгөт принтергүй тул хор хүлээн аваагүй, бичиг хэргийн ажилтан Ц.М өнгөт хор авдаг боловч хэдэн төгрөгийн үнэтэй хор авч байгаагаа мэддэггүй, бусад ажилтнууд брошюр, тараах материалыг надаар хэвлүүлэхдээ тусад нь хор цаас авчирч өгдөггүй, би өөрөө шаардах хуудас бичиж зарцуулдаг гэж тайлбарлав. Ц.М тус 100.0 мянган төгрөгийн хорноос өөр өнгөт принтерийн хорыг шаардах хуудсаар авсан болно.” гэжээ.

 Нэхэмжлэгч нараас “6 ширхэг принтерийн хорыг зохих ёсоор худалдан авч, анхан шатны баримт зөрчилгүй, ажилтнууд шаардах хуудсаар авч хэрэглэсэн байхад 3 жилийн дараа акт тавьсан нь хууль бус байна” гэж маргадаг.

Хариуцагч нар “... “А” ХХК өнгөт принтерийн хор зардаггүй, хорыг хүлээн авсан хүмүүсээс лавлахад биологич Н.П-с бусад нь өнгөт принтергүй тул хор хүлээн аваагүй, бичиг хэргийн ажилтан Ц.М өнгөт хор авдаг боловч хэдэн төгрөгийн үнэтэй хор авч байгаагаа мэддэггүй, бусад ажилтнууд брошюр, тараах материалыг надаар хэвлүүлэхдээ тусад нь хор цаас авчирч өгдөггүй, би өөрөө шаардах хуудас бичиж зарцуулдаг” гэсэн тайлбараар яагаад акт тогтоох болсноо бүрэн нотолж тогтоогоогүй байдаг. Тодруулбал, “А” ХХК өнгөт принтерийн хор зардаггүй гэсэн дүгнэлтээ нотлоогүй. Учир нь худалдаа, аж ахуй эрхлэгч этгээд хуулиар зөвшөөрөл олгохоор зааснаас бусад худалдаа, арилжааг чөлөөтэй эрхлэх хууль зүйн боломжтой.

“...Хяналт шалгалтын явцад 100.0 төгрөгийн хор хэрэглэх өнгөт принтер байхгүй” гэсэн үндэслэлээ нотлож чадаагүй. Ямар фирмийн, аль загварын, хэдэн оны принтерт уг хорыг хэрэглэх байсан, зарим ажилтнууд ашиглах боломжгүй гэж тогтоосноо нотлоогүй байдаг.

Түүнчлэн биологич Н.П, бичиг хэргийн ажилтан Ц.М нар тухайн хорыг авч хэрэглэсэн нь эргэлзээгүй байхад хор хэрэглэх өнгөт принтер байхгүй дүгнэсэн нь үндэслэлгүй.

Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалаар батлагдсан “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгуулагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөн заавар”-ын 3.6-д НХМаягт БМ-6 Материалын үнэ бүхий зүйлсийг байгууллагын үйлдвэрлэл, дотоод хэрэгцээнд зарцуулах шаардлага гарсан үед уг зүйлийг авч зарцуулах хүн "Шаардах хуудас"-ыг 1 хувь үйлдэж зөвшөөрөл авна. Эд хариуцагч шаардах хуудсыг үндэслэн материал, үнэ бүхий зүйлийг тавьж олгосны дараа агуулахын бүртгэлд бичилт хийж, тайлант хугацаанд нягтлан бодогчид хүргүүлнэ.” гэж заажээ.

Энэ зааврын дагуу ямар нэг зөрчил тогтоогдоогүй байхад ийнхүү акт тогтоосон нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д улсын байцаагч нь хийсэн хяналт, шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцна гэсэнд нийцээгүй байна.

5.3. Улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-03/01/15 дугаар актаар зориулалт бусаар зарцуулсан 1,510.0 мянган төгрөгийг тайланд хугацаанд С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр акт тогтоожээ.

Нэхэмжлэгч нараас “...1,510,000 төгрөгийн автоклав дээр акт тавигдсан байгаа. Үүнийг ариутгагч Ч хүлээж аваагүй гэсэн үндэслэлээр акт тавигдсан. Энэ нь цэвэр, бохир устай холбогдсон газар ашиглах боломжтой автоклав байсан. Уг автоклавыг ажиллуулж үзэх гэж залгаад тогны хэлбэлзэлд орж шатаад, эргүүлээд засаад одоо байгууллагад цэвэр бохир устай холбогдохоор хэрэглэх гээд байгууллагад байгаа.” гэж тайлбарладаг.

Улсын байцаагч нар акт тогтоохдоо: “... “Х” ресурсээс ирсэн санхүүжилтээс тус байгууллага 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “А” ХХК-иас зөөврийн автоклав худалдан авсан гэж төлбөрийн шилжүүлсэн боловч уг хөрөнгийг  хэн хэзээ авч, хэнд өгсөн баримтгүй, албан хэрэгцээнд ашиглаж байгаа нь тодорхойгүй байсан бөгөөд хяналт шалгалтын хугацаанд хийсэн хяналт шалгалтаар дээрх хөрөнгө дутагдсан” гэж акт тогтоожээ.

Шүүх хуралдааны явцад гэрч нараас: гэрч Б.Ч “2021 онд авсныг мэдэхгүй байна. Хамгийн сүүлд 2019 онд одоо ашиглаж байгаа автоклав нь ирсэн, 2021 онд Ө байсан, өөр хүн байхгүй” гэж, гэрч Э.Б: “1 сарын тооллогод дутуу байна гээд байгаа доод скаладнаас гарч ирсэн” гэж, гэрч Б.Х: “Сайн мэдэхгүй байна. Гэр хураасан байсан агуулахад байсан. Хаанаас гарч ирснийг мэдэхгүй” гэж тус тус мэдүүлдэг.

Нэхэмжлэгч нараас 2023 оны тооллогоор гарч ирсэн хөрөнгүүд гэсэн баримт гаргадаг бөгөөд үүний нэг нь 2021 онд авсан гэх автоклав юм.

Тус төвийн даргаар түр ажиллаж байсан Р.Н-н 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/01 тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тооллого хийж зөөврийн автоклав дутсан гэж тоолсон байдаг.

Хариуцагч Ч.Д акт тогтоохдоо энэхүү баримтыг үндэслэсэн гэж шүүх хуралдаанд тайлбар гаргадаг, мөн зөөврийн автоклавуудыг дахин хянаж тоолоогүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тухайн үед тус төвийн ажилтнууд зооринд гэрийн дор хураалттай байгаа гэж мэдүүлсэн байдаг бөгөөд энэ талаар дурдсаар байтал ийнхүү акт тогтоосон байна.

Тус төвийн даргаар түр ажиллаж байсан Р.Н-н 2022 оны 11 дүгээр сарын 16-ны А/07 тоот тушаалаар 7 ажилтны бүрэлдэхүүнтэй тооллогын комисс байгуулж эд хөрөнгөө тоолсон байна.  Тооллогын комисс 14 төрлийн эд хөрөнгө дутсан гэж илтгэх хуудас бичсэн байна. Гэтэл дахин 2 сарын дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/01 тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тооллого хийж 13 нэр төрлийн эд хөрөнгө дутсан гэж илтгэх хуудас бичсэн. Энэхүү 2 баримт зөрүүтэй байх тул улсын байцаагч нар үүнийг хянаж үзсэний үндсэн дээр акт тогтоох нь зүйтэй байжээ.

Хэдийгээр байгууллага худалдан авсан бараа материал буюу зөөврийн автоклавыг тодорхой эд хариуцагчид хүлээлгэн өгөөгүй байх боловч энэ нь уг хөрөнгийг үрэгдсэн гэж үзэх, нөхөн төлүүлэхээр акт тогтоох үндэслэл болохгүй юм. /хэргийн 3 дугаар хавтасны 77-80 дахь талд/

6. Улсын байцаагч нарын  2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/04/09, 21-05/07/12 дугаар төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

6.1. Улсын байцаагч нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны 21-05/07/12 дугаар төлбөрийн актад “...2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 2,000 мянган төгрөгөөр Dell маркын нөүтбүүк худалдан авсан байна. Худалдан авсан нөүтбүүкийн үзүүлэлт тодорхойгүй, баталгааны хуудас байхгүй бөгөөд 2022 оны 11 дүгээр сард хийсэн тооллогоор дутагдсан. Тус дутагдсан нөүтбүүкийн оронд Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б хувийн хэрэглээний хуучин нөүтбүүк авчирсан байх бөгөөд Өмч хамгаалах байнгын зөвлөл хүлээж авах дүгнэлт үйлдэхээс татгалзсан байна.” гэсэн дүгнэлт хийсэн байна. /хэргийн 2 дугаар хавтасны 13 дахь талд/

Нэхэмжлэгч С.Б уг нөүтбүүкийг авч Улаанбаатар хот руу албан томилолтоор явж байх үедээ автомашины осолд орж хүнд гэмтсэн, тухайн үед нөүтбүүк гэмтэж, хэрэглэх боломжгүй болсон гэж тайлбарладаг.

Уг Dell маркын нөүтбүүкийг үрэгдүүлсэн талаар хэргийн оролцогчид маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч С.Б түүнийг орлуулан төлсөн тухайгаа мэдүүлдэг.

Нэхэмжлэгч С.Б түүнийг орлуулан нөхөн төлсөн нь уг актыг хүчингүй болгох үндэслэл  болохгүй. Иймээс улсын байцаагч нарын акт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх; гэж заасан нийцжээ.

6.2. Улсын байцаагч нарын  2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/04/09 дугаар төлбөрийн актад: “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Н групп руу эсгий гудас хийх зорилгоор эсгийний үнэ 660,9 мянган төгрөг шилжүүлсэн байна. Тус эсгийгээр 5 ширхэг гудас хийсэн гэж орлого авсан байх бөгөөд тооллогын явцад үзүүлсэн гудас нь хуучин гудас байв ..., ...  зориулалт бусаад зарцуулсан 660,9 мянган төгрөгийг тайланд хугацаанд Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар хувь тэнцүүлэн төлүүлэх...” гэж дүгнэжээ.

Тус төвийн даргаар түр ажиллаж байсан Р.Н-н 2022 оны 11 дүгээр сарын 16-ны А/07 тоот тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/01 тушаалаар 2 удаа тооллогын комисс байгуулан эд хөрөнгийн тооллого хийсэн байдаг. Тооллогын комиссын итгэх хуудсаас харвал 2022 оны 11 сард хийсэн тооллогоор 5 эсгий гудас дутсан /хэргийн 3 дугаар хавтасны 118-119 дэх талд/ энэ нь 2023 оны 1 сард тус тус гүйцэтгэсэн тооллогын дүнд мөн нэг адил тусгагдсан байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 74-76 дахь талд/ Бусад дутагдсан хөрөнгийн тоо, нэр зөрдөг боловч  5 эсгий гудас дутсан гэсэн тоо зөрдөггүй.

Нэхэмжлэгч нараас 3 жилийн өмнө авсан актлах шахсан хуучин гудсанд акт тавьсан гэж маргадаг.

Шүүх хуралдаанд гэрч нараас: гэрч Г.О: “2014 оноос хойш ажиллаж байна. Намайг анх ажилд ороход энэ гудаснууд байсан. 100 жилийн ойгоор хүмүүс ирж байрлахад 2023 онд гадна талыг угааж хэрэглэсэн” гэж; Гэрч Б.З: “2018 онд ажилд орсон. 2021 онд шинэ гудас өгөөгүй” гэж; Гэрч Б.Ч: “2012 онд ажилд ороход өгсөн гудас байгаа” гэж; Гэрч Б.С: “2 гудастай, хэзээ авснаа сайн мэдэхгүй байна” гэж тус тус мэдүүлсэн. Мөн гудас хийх зорилгоор эсгий авсан гэх боловч хариуцуулсан эд хариуцагчгүй, энэ талаар мэдсэн тодорхой ажилтангүй болох нь тогтоогддог.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3нэр төрлийн материал үнэ бүхий зүйлийн дутагдлыг бусад үнэ бүхий зүйлийн илүүдлээр нэг эд хариуцагчаас гарсан дутагдлыг нөгөө эд хариуцагч дээр гарсан илүүдлээр, хоёр өөр хугацаанд гарсан нэг төрлийн адил үнэтэй зүйлийн дутагдлыг илүүдлээр хаахыг хориглоно. Харин тооллогоор илэрсэн илүүдлийг зохих дансанд орлого болгож илүүдэл гарсан шалтгааныг тогтооно;

4-т үнэ бүхий зүйлийн хэвийн хорогдлын нормоос хэтэрсэн дутагдал, гэмтлээс гарсан хохирлыг тухайн үеийн зах зээлийн дундаж үнээр бодож гэм буруутай хүмүүсээр төлүүлнэ. Санаатайгаар идэж ашигласан буюу дутагдуулсан нь илэрвэл хуулийн этгээдийн эрх баригч уг хэргийг 7 хоногийн дотор хуулийн байгууллагад шилжүүлнэ гэж заасан байна.

Иймээс эсгий худалдан авсан үнээр акт тогтоосныг буруутган дүгнэх боломжгүй.

Дээрх үндэслэлүүдээр улсын байцаагч нарын  2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/04/09, 21-05/07/12 дугаар төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Улсын байцаагч нарын  2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07 дугаар төлбөрийн актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий актад “...Тооллогоор хавсралтад нэр дурдсан 4,643,5 мянган төгрөгийн хөрөнгө дутсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.2.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т зааснаар дутагдуулсан хөрөнгийн 4,643,5 мянган төгрөгийг тайланд хугацаанд Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар хувь тэнцүүлэн төлүүлэх...” гэжээ.

Уг актын хавсралт хүснэгтээс харвал 10 нэр төрлийн хөрөнгөд акт тогтоосон байна. Тодруулбал Нөүтбүүк 2 ширхэг, кварц 1, микроскоп 1,  ийлдэс тийтерлэгч 1, сандал 2 төрлийн 15 ширхэг, бикс 4 ширхэг,  Нөүтбүүкийн цүнх 2 ширхэг.

........ аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс 2020, 2021, 2022 онуудад актлахаар санал ирүүлсэн хөрөнгийн талаар лавлагаа судалгаа авсан бөгөөд ............ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор “2011 онд үйлдвэрлэгдсэн 1,500 мянган төгрөгийн үнэ бүхий нөүтбүүк, 2012 онд үйлдвэрлэгдсэн 649,6 мянган төгрөгийн үнэ бүхий нөүтбүүк” тус тус актлагдсан байна. Энэхүү актлагдсан хөрөнгийг улсын байцаагчийн актад нөхөн төлүүлэхээр дурдсан гэж дүгнэхээр байна. Учир нь үйлдвэрлэсэн он болон үнэ тохирдог. /хэргийн 3 дугаар хавтасны 107-109 дэх талд/

Мөн 400,0 мянган төгрөгийн үнэ бүхий микроскопыг дутагдуулсан хөрөнгөд оруулахдаа “Хяналт шалгалтын явцад микроскопын тоо таарах боловч хуучин микроскоп тоолуулсан байх магадлалтай” гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй. /хэргийн 1 дүгээр хавтасны 19 дэх талд/

Хариуцагч нар нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/01 тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тооллого хийж 13 нэр төрлийн эд хөрөнгө дутсан гэсэн илтгэх хуудаст үндэслэсэн акт тогтоосон гэдгээ хүлээн зөвшөөрч маргадаггүй. /хэргийн 1 дүгээр хавтасны 74-80 дахь талд/

Уг байгууллагын ажилтнууд өөрсдөө тоолоод дутсан хөрөнгөө гаргасан гэх хариуцагч нарын тайлбарыг зөвтгөн хүлээн авах боломжгүй.  Учир нь дээр дурдсанчлан 2022 оны эд хөрөнгийн тооллогыг 2 удаа зохион байгуулж, 2 өөр дүгнэлт гаргасан байдаг. /хэргийн 3 дугаар хавтасны 117-123 дахь талд/

Түүнчлэн хариуцагч нар дутагдсан гэх хөрөнгөөс чухам ямар хөрөнгүүдийг түүвэрчлэн шалгасан нь тодорхойгүй байдаг.

Тодруулбал, 2 төрлийн 15 сандал дутсан гэх нөхцөл байдлыг хэрхэн хянаж тогтоосноо нотолж чаддаггүй. 2016 онд авсан 11, 2019 онд авсан 4 сандал ямар төрлийн сандал байсан, эвдэрсэн эсэх зэргийг тогтоогоогүй байна. Мөн гэрч Б.З дутагдсан гэх 11 сандлаас өөр сандал байгаагүй гэж мэдүүлсэн.

Улсын байцаагч нарын  2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07 дугаар төлбөрийн актаар хавсралтад нэр дурдсан 4,643,5 мянган төгрөгийн 10 нэр төрлийн хөрөнгөд акт тогтоосон байдаг. Дээр дурдсанчлан олон нэр төрлийн эд хөрөнгөд сайтар судлан хянаж шалгалгүйгээр бүхэлд нь акт тогтоосон нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д улсын байцаагч нь хийсэн хяналт, шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцна гэсэнд нийцээгүй.

 Улсын байцаагч нь хийсэн хяналт, шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах үүрэгтэй бөгөөд шүүхээс түүнийг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу улсын байцаагч нарын  2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07 дугаар төлбөрийн актыг 3 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэрт заасан 3 сарын хугацаанд багтаан актыг шинээр гаргахыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасны дагуу 3 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд Улсын байцаагч нарын  2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07 дугаар төлбөрийн акт хүчингүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.5, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б, Э.Б, Ц.М нараас ....... аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарт холбогдуулан гаргасан “Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/09/14, 21-05/03/08, 21-03/02/16 дугаар төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11, мөн зүйлийн 10.12.2,  Төрийн болон орон нутгийн өмчийн туай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 1, 73 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б, Э.Б, Ц.М нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ........... аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/06/11, 21-05/05/10, 21-03/01/15 дугаар төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч улсын байцаагч нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21/05-04-09, мөн өдрийн 21-05/07/12 дугаар төлбөрийн актуудад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг баримтлан .......... аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07 дугаар төлбөрийн актыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрт заасан 3 сарын хугацаанд багтаан хариуцагч нар актыг шинэчлэн гаргаагүй нөхцөлд улсын байцаагч нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07 дугаар төлбөрийн акт хүчингүй болохыг мэдэгдсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус тус 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ОЮУНСҮРЭН