Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 181/2019/01821/И |
Дугаар | 210/МА2020/00020 |
Огноо | 2020-01-03 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2020/00020
2020 оны 01 сарын 03 өдөр | Дугаар 210/МА2020/00020 |
Б.Ч-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2019/02149 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Ч-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Э-д холбогдох,
Нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, няцаалт хийж нийт ажилчдын хурал дээр уучлалт гуйхыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ажилласан. Зорчигчийн вагон депогийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны тайлан, сонгуулийн хурал 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр болохтой холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр вагон депогийн хурлын зааланд Галт тэрэгний дарга /тухайн үед/ Г.Эрдэнэсүх нь нийт ажилтнуудын дунд Хүний нөөцийн тасгын дарга Н.Байгалмааг ажлаас халуулсан, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад 10 хуудас материал өгч Г.Эрдэнсүхийг шалгуулсан, ҮЭ-ийн хорооны даргад нэр дэвших эрхийг нь хохироосон, нэр дэвшигч Б.Мөнхтөрийг УБТЗ-ын дотоод аудитын шалгалтаар оруулж ялихгүй зүйлээр шалтаглаж сонгуульд оруулахгүй байгаа, ер нь дугарсан хүн болгоныг шударга бусын хонгилд чирж оруулж байгаа талаар ямар ч үндэслэлгүйгээр гүтгэлгийн шинжтэй мэдээллийг нийт ажилтнууд, галт тэргэнд шалгалтаар явсан билет шалгагч, байцаагч нарт тарааж хууль ёсны эрх ашиг, нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж гүтгэсэн. Тус хууль бус гүтгэлэгтэй холбогдуулж Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргаж улмаар Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу үндэслэлгүйгээр гүтгэсэн нь тогтоогдож 2.000.000 төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан. Г.Э нь хэсгийн байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 358 тоот шийдвэрээр гомдлыг хангахгүй орхиж, 2019 оны 4 дүгээр сарын 23-ний өдрийн 0009731 дугаартай шийтгэлийн хуудсын хэвээр үлдээсэн. Иймд Б.Ч-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан Э-ийг уг үйлдэлд няцаалт хийж нийт ажилчдын хурал дээр уучлалт гуйхыг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Б.Ч-ыг гүтгэсэн зөрчил үйлдсэн хэмээн 2019 оны 4 дүгээр сарын 23-ний өдрийн 0009731 дугаартай шийтгэвэр, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 358 дугаар шийдвэрээр 2000 нэгж буюу 2.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээснийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр биелүүлж Төрийн сангийн 2611180756 тоот дансанд 2.000.000 төгрөгийн торгуулийг төлж шийтгэврийн биелүүлсэн. Хариуцагч Г.Э нь ...хуульд заасан үндэслэл журмын дагуу хариуцлага хүлээсэн бөгөөд дахин хариуцлага ноогдуулах, тодорхой үйлдэл хийхийг эрх бүхий байгуулага буюу шүүхээс даалгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б.Ч-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаагаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1., 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан Г.Э-д холбогдох иргэний нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, няцаалт хийж нийт ажилчдын хурал дээр уучлалт гуйхыг даалгах тухай Б.Ч-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ч-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Ч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн үйл явдалтай холбогдуулж холбогдох баримтыг гаргаж өгөн нэхэмжлэлийн шаардлагаа Б.Ч-ын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж няцаалт хийж нийт ажилтны хурал дээр уучлалт гуйхыг хариуцагчид даалгаж өгнө үү гэж тодорхойлсон байтал 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн үйл явдлын талаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон мэтээр үндэслэлгүй дүгнэсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч Г.Э-д холбогдуулан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нийт ажилтнуудын хуралд дээр гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тарааж нэр төрд нь халдсан тул нийт ажилтны хурал дээр няцаалт хийх, уучлалт гуйхыг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-1-2, 17/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ .., 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тайлан сонгуулийн хурал болохтой холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Депогийн хурлын зааланд болсон нийт ажилтнуудын хурал дээр Г. Эрдэнэсүх түүний нэр төрд халдсан мэдээллийг тараасан гэж тодорхойлжээ. / хх1-2/
Нэр төрд халдсан гэх мэдээллийн агуулгыг Хүний нөөцийн тасгийн дарга Байгалмааг ажлаас нь халуулсан, Жигжиднямаад 10 хуудас материал өгч Эрдэнэсүхийг шалгуулсан, Г.Э-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд нэр дэвших эрхийг хохироосон, нэр дэвшигч Б.Мөнхтөрийг Дотоод аудит оруулж ялихгүй зүйлээр шалтаглан сонгуульд оруулахгүй байгаа, ер нь дугарсан хүн болгоныг шударга бусын хонгилд чирж оруулж байгаа гэж хариуцагч ярьсан гэж тодорхойлсон бөгөөд уг үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй байна. Нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж гүтгэсэн гэх зөрчилдөө хариуцагч Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2 000 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдсан. Г.Э-ийн зөрчлийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянаад торгуулийн арга хэмжээг хэвээр үлдээсэн үйл баримт тогтоогдсон.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд заасан үйл явдал болсон огноог 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэж буруу тодорхойлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг залруулга хийх боломжтой гэж үзлээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын уучлалт гуйх гэдгийг няцаалт хийх агуулгатай байна гэж тодорхойлон Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж хамт олны буюу нийт ажилтнуудын хурал дээр няцаалт хийж нэр хүндийг сэргээхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ. Хариуцагчийн гүтгэсэн гэх үйлдэлдээ хариуцлага хүлээсэн дахин шүүхээр даалгуулах хариуцлага хүлээх ёсгүй гэсэн татгалзал үндэслэлгүй байна. Учир нь захиргааны журмаар хариуцлага хүлээх нь иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээхэд саад болохгүй юм.
Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гэсэн ойлголт нь харилцан уялдаатай боловч бие даасан агуулгатай. Нэр төр, алдар хүнд гэдэг нь иргэнд хамааралтай бөгөөд ажил хэргийн нэр хүнд гэдэг нь иргэн, хуулийн этгээдэд аль алинд нь хамааралтай. Нэр төр нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаархи эерэг үнэлгээ бол алдар хүнд нь нэр төртэй салшгүй холбоотой, ажил хэргийн нэр хүнд нь ажил мэргэжлийн болон албан тушаалын үүргээ биелүүлэхтэй холбоотой ойлголт юм. Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэг нь бодит байдалд нийцэхгүй мэдээллийг бусдад мэдээлснийг ойлгох юм. Нэгэнт иргэн хурал цуглаан дээр нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэж үзсэн, уг үйл баримтыг хариуцагч няцааж чадаагүй тул нийт ажилтнуудын хурал дээр няцаалт хийж нэр хүндийг сэргээхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасантай нийцэх юм.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээх юм. Гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөв болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2019/02149 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ч-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж хамт олны буюу нийт ажилтнуудын хурал дээр няцаалт хийж нэр хүндийг сэргээхийг хариуцагч Г.Э-д даалгасугай гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ч-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.Э-ээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ч-д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоо гүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Ш.ОЮУНХАНД