| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 151/2017/0452/э |
| Дугаар | 270 |
| Огноо | 2017-09-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 270
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,
улсын яллагч Б.Эрхэмбаяр,
шүүгдэгч Г.Цэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганболдын Цэнгэлд холбогдох эрүүгийн 1734000840019 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн. 1975 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Зүүн тасган 6-84 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 2010 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 281 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар,
2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 01 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,
2013 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 223 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Ганболдын Цэнгэл РД:НМ75112514/
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Г.Цэнгэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Мунзушир өргөө хотхоны 2-5-75 тоотод байрлах гэртээ өөрийн эхнэр Т.Ганчимэгийг хардалтын улмаас онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.Цэнгэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Мунзушир өргөө хотхоны 2-5-75 тоотод байрлах гэртээ өөрийн эхнэр Т.Ганчимэгийг хардалтын улмаас онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Г.Цэнгэлийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн “2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Өлзийт хороолол руу ирээд тэгээд 16 цагаас эхлээд банкны мөнгө тушаах болчихоод эхнэр Ганчимэг рүү олон удаа залгасан чинь утсаа авахгүй байхаар нь түүний эх рүү залгасан чинь эх нь утсаараа Ганчимэгтэй утсаар яриулсан. Ганчимэг утсаа аваад яасан гээд утсаа салгасан. Тэгээд би 20 цаг өнгөрч байхад Өлзийт хороололоос гараад 21 цагийн үед Төв аймаг руу орж ирээд 5-р хорооны дэлгүүрээс 0.75 литрийн Соёрхол гэх архи аваад гэртээ ирсэн. Орой 22 цагийн үед фишин пандаас үлдэгдэл төлбөрөө хий гээд дансны дугаар ирүүлсэн тэгэхээр нь гарч Төв хаан банкны атм дээрээс 55000 төгрөг хийгээд тэгээд гэртээ орж ирээд авсан архиа ганцаараа уусан. Тэгээд түүнээс хойш юу болсныг нь мэдэхгүй байгаа юм.. Тэгсэн өглөө болсон чинь манай эхнэр Ганчимэг надтай хамт орон дээр хажууд нил бөөлжис болчихсон хэвтэж байхаар нь би босгоод угаалгын өрөө рүү оруулж угааж цэвэрлэж өгөөд буцаагаад хэвтүүлсэн. Тэгээд удалгүй унтчихсан байсан. Тэгсэн гэрийн хаалга нүдээд хадамууд ирчихсэн байсан тэгэхэд нь би хаалга тайлж өгөх гэхэд Ганчимэг битгий гээд толгой дээгүүрээ даавуу нөмрөөд хэвтчихсэн тэгэхээр нь би босаад хувцасаа өмсөөд байж байхад хадамууд гэрийн хаалга эвдээд ороод ирсэн тэгэхээр нь зөрж гарсан. .... Архи уугаад хардсаны үндсэн дээр л зодсон байх хэрхэн яаж зодсоноо санахгүй байна. Ганчимэгийг гэртээ хэзээ ирсэнийг нь ч мэдээгүй. Өглөө сэрсэн хажууд нүүр ам нь хавдчихсан бөөлжсөн байдалтай хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-51 тал/,
МЭДҮҮЛГИЙН БАРИМТ БОЛОХ нь:
Хохирогч Т.Ганчимэгийн хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн “2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хамт ажиллаж байсан. Ардчилсан намын хүмүүсийн хамт намын байранд 17 цагаас 21 цагийн хооронд ажиллаж байгаад тэгээд 21 цагаас 02 цаг хүртэл намынхаа байранд Баттулгыг ерөнхийлөгч болсон гээд баяр тэмдэглэж байгаад гэртээ 02 цаг 30 минутын орчим ирэхэд Цэнгэл хаалга тайлж өгөхөөр нь би гэртээ ороод хувцасаа тайлж байхад Цэнгэл гэрт байсан хогийн шүүрний ишээр миний араас толгой руу нэг удаа цохиод тэгээд боож газар унагаад хөлөөрөө хөл гар өшиглөж байгаад намайг доошоо хараад хэвтэж байхад миний гар утсыг шалгаад надад ирсэн дуудлагуудыг үзээд хэн хэн залгасан талаар асуугаад байхаар нь надад хамааралтай хүн байхгүй дандаа ажлын холбогдолтой хүмүүс залгасан талаар хэлсэн тэгсэн чи юу яриад байгаа юм гээд дух руу хөлөөрөө өшиглөсөн тэгэхэд нь би ухаан алдсан тэгсэн намайг тухай өдөр өмсөж явсан улаан хүрэн өнгийн өмд, хөхний даруулгатай хамт ариун цэврийн өрөөний ваннд хэвтүүлчихсэн дээрээс хүйтэн усаар шүршэхэд нь би ухаан ортол намайг өргөөд орон дээр хэвтүүлсэн түүнээс хойш манай эцэг эх ирээд хаалга нүдээд онгойлгож өгөхгүй болохоор нь эвдэж орж ирээд түргэн тусламж дуудах хүртэл би ухаан санаа орон гаран байсан. Манай эцэг эх хоёр 2017 оны 07 дугаар сарын 09-ны өглөөний 09 цагаас 12 цаг хүртэл манай гэрийн хаалгыг нүдээд тайлж өгөхгүй байхаар нь эвдэж орж ирсэн байсан. 2017 оны 07 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө би өөрийнхөө утаснаас ээж рүү, мөн эгч Ургамал нар луу 04 цагийн үед дуудлага хийсэн байсан энэ талаараа өөрөө санахгүй байгаа юм. Тэгээд өглөө нь ээж эгч нар миний утас руу залгаад намайг утсаа авахгүй болохоор нь гэрт ирэхэд хаалга тайлахгүй болохоор нь эвдэж орж ирсэн байсан. Тухайн үед Цэнгэл гэрт байж байгаад ээж аав нарыг ирэхэд зөрөөд гараад зугтаачихсан гэсэн би бол тухайн үед ухаан санаа орон гаран байсан” /гэх мэдүүллэг хх-11-12 тал/”
Гэрч С.Жанчив хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн “2017 оны 07 дугаар сарын 09-ны өглөө би Ургамал гэх эгч рүүгээ залгаж хүний утасны дугаар асуух гэсэн чинь Ургамал эгч надад эгч Манзушир хотхонд Ганчимэг эгчийнх нь гэрийн гадаа байна түлхүүр нь дотроосоо зоолттой байна гэж хэлээд салгасан. Түүнээс хойш би 10 цаг 43 минутанд дахин Ургамал эгч рүү залгаад онгойлгож чадсан уу? гэж асуухад үгүй миний хүү хаалга хөшихөөр юм бариад ир гэхээр нь би овтирк бариад ирсэн тэгэхэд Ганчимэг эгчийн гэрийн үүдэнд Цогоо ах, Дарьсүрэн эгч, Туяа эгч, Ургамал эгч, нар Ганчимэг эгчийн гэрийнх нь хаалгыг лаптик төмөрөөр хөшиж онгойлгосон тэгээд гэрт нь орж ирэхэд Ганчимэг эгчийг орон дээр нь хөнжилийнх нь даавуугаар бүтээчихсэн Цэнгэл ах хаалганыхаа хажууд сандал дээр сууж байснаа бид нарыг орж ирэнгүүт зөрөөд зугтаахаар араас нь хөөж гүйгээд зууралдаад дийлэхгүй алдчихсан чинь УАА-н гудамж руу ороод гудамжнаас 70-36 ТӨВ улсын дугаартай цайвар хөх өнгийн приус маркийн такси гэсэн тээврийн хэрэгсэлд суугаад зугтаачихсан тэгээд буцаад ирэхэд хүн ирчихсэн Ганчимэг эгчийг аваад эмнэлэг рүү явсан юм. Ганчимэг эгч урд шөнө ээж рүүгээ 04 цагт залгасан байсан, үүний дараа Ургамал эгч рүү бас залгасан байсан тэгэхэд нь ээж, эгч нар нь хоёулаа утсаа аваагүй тэгээд өглөө нь Ганчимэг эгч рүү зөндөө олон залгасан гэсэн тэгэхэд нь утсаа авахгүй байхаар нь гэрт нь ирээд хаалгаа тайлахгүй байхаар нь хаалгыг нь эвдэн орсон юм” /гэх мэдүүллэг хх-14 хуудас/”
Гэрч И.Цог хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн “ ... 2017 оны 07 дугаар сарын 09-ны өглөө эхнэр Дарьсүрэн охин Ганчимэг үүрээр над руу залгасан байна өглөө залгасан утсаа авахгүй байна гэрээр нь очиж уулзана гээд ганцаараа явсан. Тэгээд 10 цаг өнгөрч байхад эхнэр надруу утсаар яриад охин хаалгаа тайлахгүй дотроосоо цоожтой байна цүүж цүүг нь эвдэх хэрэгтэй байна гэхээр нь би отвирка бариад такси бариад ирсэн тэгсэн охин Ганчимэгийн гэрийн үүдэнд эхнэр Дарьсүрэн, түний дүү Ургамал хоёр зогсож байсан. Тэгээд би атвиркаар хаалгыг нь хөшөөд болохгүй болохоор нь найзруугаа утсаар ярьж лапатка төмөр авчруулж хаалгыг нь хөшиж онгойлгосон тэгсэн хүргэн Цэнгэл хаалганы хажууд хувцастайгаа сандал дээр сууж байсан. Охин Ганчимэгийн орон дээр нь даавуугаар бүтээчихсэн ухаангүй хэвтэж байхаар нь би охиныхоо нүүрэн дээрх даавууг аваад судсыг нь барьж үзэхэд муухан цохилж байсан энэ хооронд Цэнгэл хувцасаа аваад гараад зугтаачихсан араас нь эхнэрийн дүүгийн хүү Жанчив бид хоёр хөөгөөд гүйцээгүй тэгээд би аймгийн цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд эмнэлэг дуудаж хүлээн авах дээр хүргэж өгсөн. Гэр орон нь бол хачин болчихсон хувцас нь хүрэн өнгийн юмаар бохирлогдсон бол шалан дээгүүр нь хүрэн өнгийн зүйл асгараад хатчихсан байсан. Охин нүцгэн ямарч хувцасгүй орон дээрээ хэвтэж байсан. Мөн хогийнх нь шүүр хэдэн хэсэг хугарчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-16-18 тал/,
Гэрч Б.Энхбаяр хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн “..Би 2014 оноос хойш Цэнгэл гэх хүнийг танина миний төрсөн охин Ганчимэг 2014 оноос эхлэн Цэнгэл гэх хүнтэй танилцаж хамтран амьдарч эхэлсэн юм. Өөрөөр ямар нэг харилцаа холбоо байхгүй. Ганчимэгийн ахуй амьдралд нь бид нарын зүгээс оролцоод байдаггүй юм. Харин 2014 оноос хойш Ганчимэгийн хоёр охиныг нь нөхөр бид хоёр өөр дээрээ авчихсан хамт амьдарч байна. Учир нь Цэнгэл Ганчимэгийн хоёр охиныг нь ад үзээд байдаг санагдаад тэгээд ч охины минь хоёр дахь амьдрал учраас хоёр охиныг нь авсан учиртай. Тэгээд ч өсөж яваа охидууд амгалан тайван орчинд өсөж хүмүүжсэн дээр байх гэж боддог юм. 2017 оны 07 дугаар сарын 08-09 нд шилжих шөнө 04 цагийн үед миний утас руу Ганчимэг нэг удаа залгасан байсан тэгсэн мөн миний төрсөн дүү Ургамал гэх хүүхэн рүү шөнө залгасан боловч утсаа авахгүй байсан тэгэхээр нь гэрт нь очтол гэрийнхээ хаалгыг тайлахгүй байхаар нь 2 цаг орчим хаалгыг нь нүдсэн тэгээд тайлахгүй болохоор нь нөхөр Цогоог дуудаж хаалгыг нь эвдээд ортол Ганчимэг орон дээр үхчихсэн хүн шиг биеийг нь даавуунд ороочихсон юм шиг орных нь дэвсгэр хүрэн эрээн даавуугаар бүтээсэн Цэнгэл нь үүдэнд сандал тавиад бүх хувцасаа өмсөөд сууж байсан. Тэгээд гэрт нь ороод шууд охин дээр очиж үзтэл нүүр ам нь хөх няц болчихсон хөл гарыг нь барьж үзтэл цэв хүйтэн байхаар нь шууд эмнэлэг цагдаад дуудлага өгсөн тэр хооронд Цэнгэл гэрээсээ гараад зугтаачихсан араас нь манай дүүгийн хүү Жанчив араас нь барьж чадаагүй алдчихсан юм. Тэгээд охиноо эмнэлэг дээр авчирч үзүүлээд тэгээд шууд хот руу КТГ зураг авхуулаад тэгээд буцаагаад гэрт нь хөдөлгөөн хорьж хоёр хонуулаад аймгийн эмнэлэгт хэд хоног хэвтүүлсэн юм.” /гэх мэдүүллэг хх-23-24 тал/”
-түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-28-29 тал/,
-Т.Ганчимэгийн өвчний түүхийн хуулбар /хх-38-48 тал/,
-Төв аймгийн засаг даргын дэргэдэх шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №405 дугаар “1. Т.Ганчимэгийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхи, дагз, дгаүны хуйхан дор, зүүн дал, мөр, шуу өвдөг, баруун бөөрний орчим ташаанд цус хуралт, хамар, зүүн хөмсөг, зүүн чих, эрүү, дагз, баруун, зүүн нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч Г.Цэнгэлийн хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Төв аймгийн Прокурорын газраас Г.Цэнгэлд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хардалтын улмаас онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, заасан эрүүгийн хариуцлага хүллэлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тогтоолоо.
Шүүгдэгч Г.Цэнгэлд оногдуулсан торгох ялыг 1 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Хохирогч Т.Ганчимэг нь шүүгдэгч Г.Цэнгэлээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, ягаан өнгийн хогийн шүүрний хугархайг устгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Цэнгэл нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овгийн Ганболдын Цэнгэлийг хардалтын улмаас онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Л.Цэнгэлийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7000000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Цэнгэлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700000/ долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Цэнгэл нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дах хэсэгт зааснаар Г.Цэнгэлийг 5 сарын хугацаанд архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосугай
5.Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Цэнгэл нь хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүрний хугархай нэг ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комист даалгасугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цэнгэлд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Цэнгэлд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ