Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ДШМ/42

 

 

 

 

 

М.Нид холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: М.Берикбол,

Хохирогчийн өмгөөлөгч: Н.Баттөмөр,

Нарийн бичгийн дарга: Л.Сувд  нарыг   оролцуулан   тус   шүүхийн   шүүх хуралдааны  танхимд  нээлттэй  хийсэн  хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолтой М.Нид холбогдох 2038003490348 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Харуул овогт Мөнхбаярын Н, ..... оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .........................../.

М.Н нь 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 4 дүгээр багт хохирогч Б.Тыг унтаж байхад нь гэдэс рүү нь өшиглөж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Харуул овогт Мөнхбаярын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Харуул овогт Мөнхбаярын Нийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Нид оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогч Т.Содцэцэгийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, оюутны сургалтын төлбөр 4,000,000 төгрөг, сэтгэл санааны болон бусдад хохирол 60,000,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Ноос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн 2038003490348 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хромон гутал 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн 2038003490348 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Н нь хохирогчид 5,600,000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

Хохирогч Т.С давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4-т “Хохирогч Т.Сийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ...” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих зүйл заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалд хамаарахаар заасан байтал хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Мөн дээрх хуулийн 11.6 дугаар зүйлд шүүгдэгчийг гэм буруутай болохыг шүүх тогтоовол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулахаар заасан байна.

Хохирогч миний бие өмгөөлөгчид төлсөн зардлын баримтаа хэрэгт хавсаргасан байхад “... хууль зүйн туслалцаа авах эрх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй ...” гэж хуульд байхгүй үндэслэлээр, түүнчлэн шүүгдэгчийг гэм буруутай гэж тогтоосон атлаа өмгөөлөгчид төлсөн зардлыг гаргуулж өгөхгүй байгаад гомдолтой байгаа тул ...шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Ноос өмгөөлөгчид төлсөн зардлыг гаргуулан өгнө үү. Мөн улсын яллагчийн тогтоосон 7 жилийн ялаар шийтгэж өгөхийг хүсч байна гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч М.Н нь 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 4 дүгээр багт хохирогч Б.Тыг унтаж байхад нь  гэдэс рүү нь өшиглөж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч М.Н нь  хохирогчийн амь насыг хохироох санаа зорилго агуулаагүй ч хүнд гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэрийг агуулсан байх тул түүний үйлдлийг “хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч М.Нийн гэм буруутай үйлдэл нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай  нийцсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хохирогчийн “...өмгөөлөгчид төлсөн зардал гаргуулах,  шүүгдэгчийг улсын яллагчийн тогтоосон 7 жилийн ялаар шийтгэх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...өмгөөлөгчид төлөх зардал” нь төр хариуцах зардал бөгөөд мөн зүйлийн 2-т заасны дагуу “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ыг  Засгийн газар батална. Засгийн газар 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор дээрх журмыг баталж насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр төр хариуцахаар зохицуулсан. Харин төлбөрийн чадвартай иргэний хүсэл зоригийн дагуу байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хөлс нь дээрх зардалд хамаарахгүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан нь үндэслэл бүхий байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл  давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                                      Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                 Б.СОСОРБАРАМ