Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 112/шш2024/0006

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: иргэн Б.Б, Г.О, Л.Э,

Хариуцагч: ........ аймгийн Засаг дарга О.А нарын хооронд үүссэн захиргааны актыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.А, нэхэмжлэгч Л.Э, Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л, гэрч Л.М, С.Г, Т.Г, Х.Б, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч нар нь ....... аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/604 дугаартай “Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг эгүүлэн татах тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж байна.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд:

2.1. ........ аймгийн Засаг дарга О.А нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/604 дугаар захирамжаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Б, Г.О, Л.Э нарыг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн эгүүлэн татжээ.

 

2.2. Нэхэмжлэгч нар нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, ........... аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/604 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд хандан гомдол гаргасан байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Б.Б, Г.О, Л.Э нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл ....... аймгийн Засаг даргын 2022 оны 08 сарын 01-ний өдрийн А/478 дугаар захирамжаар байгуулагдан үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Нэгдсэн эмнэлгийн захирал Д.С-г Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 10 сарын 03-ны өдрийн 369 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан шийдвэр гарсан тул 2023 оны 10 сарын 06-ны өдрийн ТУЗ-ын Даргын тогтоолоор Д.С-г үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой маргаан үүссэн. 2023 оны 10 сарын 06-ны өдөр ээлжит хурал хуралдаж дахин 10 сарын 10-нд ээлжит бус хурал хуралдаж хэлэлцэх асуудлаа товлосон байсан. Гэтэл 10 сарын 10-ны хурал гэнэт гишүүн Г нарийн бичгээр дамжуулалгүйгээр Д.С-н өргөдлийг уншиж танилцуулсан. Бид хэлэлцэх асуудалд ороогүй, нарийн бичгээр дамжаагүй гээд хэлэлцээгүй орхисон. Гэтэл гишүүн Г 10 сарын 31, 11 сарын 02-ны өдрүүдэд хурал зарласан гэж, энэ 3 гишүүнийг ирээгүй гэж гүтгэн Төлөөлөн Удирдах зөвлөлөөс эргүүлэн татуулах захирамж гаргуулсан. 1. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийн 15.5-д заасны дагуу улиралд ТУЗ нь 1-ээс доошгүй удаа хуралдана гэж, шаардлагатай гэж үзвэл ээлжит бус хуралдааныг ТУЗ-ын дарга, эсвэл 5-аас доошгүй гишүүн санал болгож хуралдуулна гэж заасан байтал нарийн бичигт мэдэгдээгүй. Бид 3 асуусан, тийм юм ирээгүй гэж хэлсэн. 2. ТУЗ-ын 2022 оны 09 сарын 07-ны өдрийн 3 тоот тогтоолоор баталсан дүрэм, ЭМС-ын 2018 оны 11 сарын 21-ний өдрийн А/476 дугаар тогтоолын 4.1.8-д “4.2.11-д заасны дагуу 5-7 хоногийн өмнө нарийн бичигт мэдэгдэх” ёстой байтал мэдэгдээгүй, бид 3-т мэдэгдээгүй тул .........  аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/604 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

         3.2. Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Хамгийн эхний хуралдааныг оролцуулаад дахиж 2 хуралдаан зарлаж, 3 хуралдаанд ирээгүй гэсэн байгаа. 10 дугаар сарын 10-ны хурал болдгоороо явж, хурлын ирц 100 хувь бүрдээд хэлэлцэх асуудлаа хэлэлцсэн. С.Г гэдэг гишүүн ТУЗ-ын дарга болж, нарийн бичгийн дарга Л.М-д танилцуулахгүйгээр хуралдааны дэгийг зөрчиж Д.С-н 2 цаасан дээр гараар бичсэн зүйлийг өгснийг оруулж ирж хэлэлцэх асуудалд оролцуулахаар зүтгэсэн. 2 хуудас цаас нь бодит баримтаар батлагдсан зүйл байхгүй. ТУЗ-ын дарга миний биеийг огцруулж, шинээр ТУЗ-ын дарга сонгох гэсэн асуудал оруулж ирснийг хурлаа бид амжилттай дуусгасны дараа хэсэг гишүүд хурал үргэлжлүүлсэн. Үүнийг бид хуралдсан гэж үзэхгүй байна.  Дараа нь 2 удаагийн хурал зарлагдсан. ТУЗ-ын гишүүн С.Г зарласан байдаг. Ээлжит бус хуралдааныг зарлах тусгай дэг журам гэж байгаа. Түүн дээр 5-аас доошгүй гишүүдийн гарын үсэгтэй, хэлэлцэх асуудал бүх гишүүдээр баталгаажуулсан, тухайн удирдаж байгаа байгууллагын эрх ашигт нийцэхээр асуудлыг хөндсөн байх ёстой. Гэтэл хуралдаан хийсэн эсэх нь үл мэдэгдэх, хуралдаан зохион байгуулсан  гэдэг байдлаар Засаг даргад эмнэлгийн 3 гишүүдийг хуралд ороогүй гэж эргүүлэн татсан. Иймээс эмнэлгийн төлөөллийн 3 гишүүнийг эргүүлэн татсан захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

3.3. Нэхэмжлэгч Г.О шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Бид 10 дугаар сарын 06-нд 4 асуудал хэлэлцэж, 10 дугаар сарын 10-нд ээлжит бус хуралдаан зарлая гэж тохироод түүн дээр ганцхан асуудал хэлэлцэхээр болсон. Тэр нь мэс заслын вакум хагалгааны талаар, мөн Нэгдсэн эмнэлэг 1,5 тэрбум төгрөгийн гэрэл цахилгааны өртэй байсан. Тиймээс энэ өрний талаар ярилцаж шийдвэр гаргахаар гарсан. Миний бие тэр үед амарч байсан. 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан. Гэхдээ хурлын тов 5-7 хоногийн өмнө мэдэгддэг учраас би 10-ны хуралд ирсэн. 10-ны хурлыг орхиж гарсан гэж байна. Бид орхиж гараагүй.  Хамгийн сүүлд би үгээ хэлээд гарсан нь  CD бичлэгт байгаа. Хэлэлцэх асуудлаа бид баталсан. Зүгээр нэг гишүүн өргөдөл бариад орж ирнэ гэж байхгүй. С даргатай холбоотой 21 хуудас өргөдөл байсныг хэлэлцээгүй. Ганцхан С.Г гишүүн 2 хуудас гараар бичсэн өргөдөл гаргаж ирсэн. ТУЗ-ын дарга Б.Б  цалингаа нэмсэн. Гуравдугаарт Б.Б хүн үзээгүй гэсэн. Энэ хурлын хэлэлцэх асуулдлаа баталсан. Хоёрт нь наад асуудал чинь хэлэлцэх асуудалд ороогүй гэж хэлсэн. ТУЗ-ын дүрмийг эрүүл мэндийн сайдаас баталж, энэ дүрмийг дагаж мөрд гэж ТУЗ-ын даргад даалгасан байдаг. Үүнтэй холбоотой ТУЗ-ын дүрэмд хурлаар хэлэлцэх асуудлыг 5-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ. Хэрвээ мэдэгдээгүй бол 14 хоногоор уг хурлыг хойшлуулна гэж заасан байдаг. Мөн ТУЗ-ын дүрмийн 4.2.8, Эрүүл мэндийн сайдын 475 дугаар тушаалд хуралдааны зар, хэлэлцэх материал, цаг хугацааг цахим буюу цаасаар хүн болгонд хүргүүлнэ гэж заасан байгаа. Тэгэхээр 10 дугаар сарын 31-ний өдөр 11 дүгээр сарын 01-ний өдөр 11 дүгээр сарын 02-ны өдөр зарласан хурлыг бидэнд хэлээгүй, надад хэлээгүй. Би ээлжийн амралттай байсан. Би энэ хурлыг мэдэх боломжгүй байсан. Энэ асуудлаар хуралд оролцоогүй гэж эргүүлж татсан. 10-ны хурлыг болсон гэж хэлээд 5 гишүүн гарын үсэг зурсан байна. Манай ТУЗ-ын маягтыг хуурамчаар ашиглаж скайнардсан байна. Манай хурлын өөрийн тэмдэглэл 9-17 дугаар хуудсанд байгаа. ТУЗ-ын бланкыг ашигласан байна. Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

3.4. Нэхэмжлэгч Л.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 10 дугаар сарын 06-ны өдөр 4 асуудлаа хэлэлцээд, 10-ны өдөр 1 асуудал хэлэлцээд тарсан. 10-ны хуралд бүгд суугаад асуудлаа хэлэлцээд дууссан. Тэгтэл С.Г 2 хуудас гар бичмэл гаргаж ирсэн. Нарийн бичгээр дамжиж орж ирэх ёстой. Тэр дотроо хүний нэр хүндэд халдсан. Намайг дарга болго гэж энэ хүн над руу дайрсан гэж хэлсэн. 11 дүгээр сарын 01, 02-ны өдөр хурал зарласан байсан гэж байна. 5-7 хоногийн өмнө цаасаар мэдэгдэл өгдөг байхад хурал зарлаад оролцоогүй гэж шийдвэр гаргасан. Ш гэдэг хүн дарга сонгох болон хамгийн эхний хурал гээд 2 хуралд ирсэн. Тэгээд цахимаар бүгдэд оролцсон гэж байна. Тэр хүн оролцоогүй байхад эргүүлэн татаагүй байгаад гомдолтой байна. Захирамж гарахаас өмнө нарийн бичгээр дамжуулж 3 удаагийн хуралд ирээгүй тул эргүүлэн татлаа гэж мэдэгдэх боломжтой байсан. Иймээс Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

3.5. Нэхэмжлэгч Б.Б-н өмгөөлөгч Д.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ....... аймгийн Нэгдсэн эмнэлгийн ТУЗ болоод удирдлагын асуудал зөвхөн нэгдсэн эмнэлгийн хүрээнд явагдаж байгаа асуудал биш болоод байгаа. Энэ аймаг нийтээрээ, улс орон даяар асуудал үүсэж фэйсбүүк онлайн орчноор тарсан асуудал. Энэ нь юу байсан бэ гэхээр ......... аймгийн Нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захиралтай холбоотойгоор, түүний сонгон шалгаруулалттай холбоотойгоор, мөн тэрхүү гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотойгоор ТУЗ-ийн холбогдох гишүүдийн эрх хэмжээнд халдах, нэг ёсондоо аймгийн удирдлагын зүгээс нөлөөлөх, цаашлаад улс төрийн нөлөөлөл бүхий нөхцөл байдлууд үүссэнээс болоод өнөөдөр энэ нөхцөл байдалд, ийм хэмжээнд хүрчихээд байна. ТУЗ-д байгаа гишүүдээс хөндлөнгийн нөхцөл байдлаар биш, зөвхөн эмнэлгийнхээ албан хаагчдаас удирдлага болон сонгогдсон энэ 3 гишүүн л улс төрийн болоод хөндлөнгийн нөлөөлөлгүй 3 гишүүн нь байна. Бусад нь улс төрийн нөхцөл байдалд орчихсон. Аймгийн удирдлагуудын чиглэлээр гар хурууны үзүүрээ хөдөлдөг ийм гишүүд сонгогдчихсоноос болоод өнөөдөр .......... аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага ийм хэмжээнд хүрчихээд байна. Үүн дээр дүгнэлт хийгээд үзэхээр нэгдсэн эмнэлгээсээ сонгогдсон, нэгдсэн эмнэлгийнхээ төлөөлөл болоод ажилчдынхаа эрх ашгийг хамгаалахтай холбоотой 3 гишүүнийг эргүүлэн татдаг. Б.Б гэж хүнийг яагаад онилж огцруулах гэсэн нөхцөл байдал нь үүсээд байна вэ гэхээр .......... аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирал Д.С-н хууль бусаар сонгон шалгаруулалтад орж, хууль бусаар Нэгдсэн эмнэлгийн захирал болсонтой холбоотойгоор шүүхийн шийдвэр гарч тухайн шийдвэрийг биелүүлсэнтэй нь холбоотойгоор иймэрхүү асуудал нь яваад эхэлчихсэн гэж үзэж байна. Тэгэхээр Б.Б гэж хүн шүүхийн шийдвэрийг биелүүлээд Ш.М-г захирлаар томилоод Д.С-г чөлөөлчихсөн. Яг энэ асуудлаас эхлээд л Б.Б-г татах, эргүүлэн огцруулах гэдэг асуудлууд яригдаж эхэлсэн. Тэр хурал дээрээ ч шүүхийн шийдвэрийг биелүүлснийг гүйцэтгэх удирдлагад нөлөөлсөн гэдэг байдлаар дүгнээд байна гэж ингэж харж байгаа. Өмгөөлөгч миний бие энэ хэрэгт анх удаа өмгөөлөгчөөр ороод хэргийн материалтай танилцахад аймгийн Засаг даргын 2023 оны 11дүгээр сарын 02-ны өдрийн энэ А604 захирамжаар энэ 3 гишүүн яг хэдэн, хэдний өдрүүдийн хуралд оролцоогүй юм гэдгийг ойлгохгүй яваад байсан. Эцсийн дүндээ сүүлийн хугацаанд 10 дугаар сарын 30, 11 дүгээр сарын 1, 11 дүгээр сарын 2 гэдэг энэ өдрүүдийг гаргаж ирцгээж байгаа. Албан ёсоор зохион байгуулагдсан хурлуудыг тасалсан баримт олдохгүй болоод ирэхээр өөрөө өөрсдийнхөө захирамжид тааруулж ийм нөхцөл байдал болгоод байна уу? гэсэн ийм хардлагын нөхцөл байдал үүсэж байгаа. 11 дүгээр сарын 02-ноос хойш энэ хүмүүс эргүүлэн татагдчихаж байгаа юм. 10 сарын 30 ,11 дүгээр сарын 1, 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд Б.Б гэдэг хүн албан ёсоор огцорсон, ТУЗ-ийн даргаасаа чөлөөлөгдсөн процесс болоогүй байхад хурал яаж зарлагдсан юм бэ? Энэ 11 сарын 1, 11 дүгээр сарын 2-ны өдөр, 10 сарын 30-ны өдрүүдийн хурлыг хэн зарлаад байгаа юм бэ? хурал зарлах эрх бүхий субъект нь дарга буюу Б.Б байгаа. Тэгэхээр Б.Б дээр ямар нэгэн байдлаар 5 гишүүний санал ирээгүй. Хоёрт эмнэлгийн захирлын хүсэлт ирээгүй. 3 дахь нь дарга өөрөө ээлжит бус хурлыг зарлахаар байгаа. Энэ дүрмээс харахаар магадгүй ТУЗ-ийн 5 гишүүн хэлэлцэх асуудлаа өөрсдийнх нь дэмжсэн 5 гарын үсэгтэй албан бичиг байх ёстой байсан байх. Тэрийг ТУЗ-ийн нарийн бичгээрээ дамжуулаад даргадаа уламжлах байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ хавтаст хэрэгт нэг ч албан бичиг ирээгүй. даргадаа энэ хүсэлтээ яаж уламжлаад байгаа юм гэдэг нь тодорхойгүй. Гаргаж өгөөд байгаа дундын чат дээр С.Г гэж хүн л зарлаад байхаас 5 гишүүн ямар хүсэлт гаргаад уламжлаад байгаа юм бэ гэхээр тодорхойгүй. Магадгүй С.Г өөрсдийнхөө хууль бусаар огцруулсан гэдэг юмандаа итгээд С.Г дарга болсон байдаг юм байж гэж бодоход 5 гишүүн нь ямар ямар хүмүүс нь энэ хурлыг зарлах гээд байгаа юм бэ гэдэг нь үндэслэлгүй болчихож байгаа юм. Энэ хэрэгт 5 гишүүний гарын үсэгтэй ээлжит бус хурал зарлая гэсэн бичиг нэг ч байхгүй болчихож байгаа юм. Ийм байдлууд байгаа учраас гарын үсэг зурагдаад байгаа 5 гишүүний энэ процесс өөрөө дүрэм болоод хуулиа зөрчөөд байна. Би зөвхөн өөрсдийнх нь баталсан дүрэмтэй холбоотойгоор ярья гэж бодож байна. Энэ үлгэрчилсэн дүрмээс нарийвчлаад өөрсдийнхөө үйл ажиллагаанд мөрдөх гэж гаргасан дүрэм учраас үүнээс нь тодорхой хараад өгчихье гэж бодож байна. 4.1.6-д ээлжит бус хуралдааныг дарга, гишүүн, эсвэл эмнэлгийн захирлын санаачилгаар 5-аас доошгүй гишүүн дэмжсэн тохиолдолд гэж байгаа юм. Тэгэхээр 10 дугаар сарын 06-нд хэн гэдэг гишүүн энэ санаачилгыг 5 гишүүнээр дэмжүүлчихсэн юм. Энэ 11 дүгээр сарын 1, 11 дүгээр сарын 2 10 дугаар сарын 30-ны өдрүүдийг хэн, ямар асуудлыг санаачлаад, тэрийг нь ямар 5 гишүүн дэмжээд байгаа юм. Ямар асуудлыг хэлэлцэх гээд ээлжит бус хуралдаануудыг зарлуулаад байгаа юм бэ гэхээр үүнтэй холбоотой нэг ширхэг бичиг энэ хэрэгт байхгүй. Гишүүдээс санаачилсан байж энд ирсэн байх гэж бодож байгаа. Тэгэхээр эмнэлгийн захирал тухайн үед өөрчлөгдчихсөн байсан. Эмнэлгийн захирал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор эмнэлгийн захирал санаачилга гаргаагүй. Тэгэхээр гишүүдээс л санаачилга гарна. Магадгүй энд гарын үсэг зурсан 5 гишүүний нэг нь санаачилсан гэдэг асуудлуудыг өөрсдөө орж ирж ярих байх. Тэгэхдээ дүрэм дээр зааснаараа бичгээр гаргаад байгаа санал нь байхгүй, даргадаа уламжлаад байгаа хүсэлт нь байхгүй. Нарийн бичгээрээ уламжлуулах гээд байгаа хүсэлт нь энэ хэрэгт нэг ширхэг ч байхгүй байгаа учраа 10 дугаар сарын 10-наас хойш хурал зарласан гэгдээд байгаа асуудлууд чинь хууль дүрэм журмаа зөрчөөд байгаа юм аа. Тэгэхээр энд ямар нэгэн байдлаар хууль зарлагдсан гэдэг нотолгоо нэг ч байхгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд бол үзэж байгаа гэв.

3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ........ сумын иргэн Б.Б, Г.О, Л.Э нарын нэхэмжлэлтэй аймгийн Засаг дарга О.А-д холбогдох “.......... аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/604 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Аймгийн Засаг дарга хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/478 дугаар захирамжаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх тус байгууллагын ажилчдын нийгмийн баталгааг хангах, нийтэч ёс зүйтэй хариуцлагатай алба хаагчдыг бүрдүүлэх үүрэг чиглэл өгч аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нэр бүхий 9 гишүүнийг батламжилжээ.

2. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нэр бүхий 6 гишүүн (С.Г, Т.Г, Б.Б, Х.Б, А.Ш, Б.Э) нараас аймгийн Засаг даргад ирүүлсэн Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийн дарга Б.Б, ТУЗ-ийн гишүүн Г.О, Л.Э нарын талаарх гомдол, хүсэлтийг судлан танилцаж Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийн дарга Б.Б нь ТУЗ-ийн ээлжит хурлаар хэлэлцээгүй асуудлаар дангаараа дур мэдэн шийдвэр гаргаж ТУЗ-ийн албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга тэмдгийг ашиглан хуурамчаар нөхөж тогтоол гаргасан, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.16-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно”, мөн хуулийн 15.17-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 15.18-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн, санал хураалтаар шийдвэрлэсэн асуудал, санал хураалтын дүн, гаргасан шийдвэрийн тухай тэмдэглэл хөтөлж, шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд удирдах зөвлөлийн дарга хуралдааны тэмдэглэл, тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасан бөгөөд хууль зөрчин ТУЗ-ийн албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга тэмдгийг ашигласан.

3. Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/476 дугаар тушаал, Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3 дугаар тогтоолын 5.1-д Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь Төлөөлөн удирдах зөвлөл болон эмнэлгийн гүйцэтгэх удирдлагын хооронд үр дүнтэй, ил тод харилцааг бий болгох, мөн тогтоолын 5.4-д Ашиг сонирхлын зөрчил, мэдээллийн нууцлал болон зарчмын илт зөрүүтэй асуудлыг таслан зогсоох, арга хэмжээ авах, 6.5-д Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаан, ажлын хэсгийн хурал, уулзалтыг зохион байгуулах, 6.7-д Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд олгох урамшуулал, удирдах зөвлөлтэй холбоотой зардлыг төсөвлөн Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах гэж Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын үүргийг тодорхой зааж өгсөн боловч Б.Б нь дээрх үүргээ биелүүлээгүй.

4. Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийн дарга Б.Б нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болсон Нэгдсэн эмнэлгийн ТУЗ- ийн ээлжит бус хурлыг ТУЗ-ийн гишүүн Г.О, Л.Э нарын хамт дундаас нь орхин гарсан, Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийн 6 гишүүн (дийлэнх олонх) (С.Г, Т.Г, Б.Б, Х.Б, А.Ш, Б.Э) нар 2023 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.15-д 'Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан байх бөгөөд улиралд нэгээс доошгүй удаа, шаардлагатай гэж үзвэл ээлжит бус хуралдааныг удирдах зөвлөлийн дарга, эсхүл таваас доошгүй гишүүний санал болгосноор хуралдуулна” гэж заасны дагуу 3 удаагийн хурал зарласан боловч Б.Б, Г.О, Л.Э нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд оролцоогүй, мөн ТУЗ-ийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр хурлаар ТУЗ-ийн гишүүдийн урамшууллын асуудал яригдаагүй, 08 сарын 30-ны өдрийн 02 дугаар хурлаар ТУЗ-ийн гишүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, нарийн бичиг, цалингийн шатлалаар урамшуулал олгоно гэж хэлэлцэн тогтоосон боловч ТУЗ-ийн хурлын тэмдэглэлийг засаж өөрт давуу байдал бий болгон ТУЗ-ийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолд ТУЗ-ийн дарга 600,000 мянган төгрөгийн урамшуулал бодож олгох заалтыг оруулсан уг үйлдэл нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.26.2-д заасан ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон байна. Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн А/476 дугаар тушаалын 4.2-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. 4.2.1-д Хуралдааны зард хуралдааны зорилго, зохион байгуулах өдөр, цаг, болох газар, хэлэлцэх асуудлыг тусгасан байна. 4.2.3- д Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэрийг хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар эцэслэн шийдвэрлэнэ. 4.2.6-д Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын зөвшөөрснөөр хуралд “зайнаас (теле конференц хэлбэрээр) оролцож болох ба энэ тохиолдолд тухайн гишүүн хуралд “бүрэн эрхтэйгээр оролцсон” гэж үзнэ гэсэн байна. Иймд Б.Б, Г.О, Л.Э нар нь цахимаар 3 удаагийн хуралд оролцох бүрэн боломжтой байжээ.

5. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.10.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд дараалан гурав ба түүнээс дээш удаа биечлэн оролцоогүй”, мөн хуулийн 15.11.3-д “Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох”, 15.15-д "Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан байх бөгөөд улиралд нэгээс доошгүй удаа, шаардлагатай гэж үзвэл ээлжит бус хуралдааныг удирдах зөвлөлийн дарга, эсхүл таваас доошгүй гишүүний санал болгосноор хуралдуулна”, мөн хуулийн 15.16, 15,17, 15.18, 15.26.2 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 7.1.1-д албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндпөнгөөс оролцох, нөлөөлөх үйлдпийг удаа дараа гаргасан бөгөөд Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийн нэр бүхий 6 гишүүн буюу (С.Г, Т.Г, Б.Б, Х.Б, А.Ш, Б.Э) нарын аймгийн Засаг даргад гаргасан хүсэлтийг харгалзан судпан танилцаж аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/604 дүгээр захирамжаар Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийн нэр бүхий 3 гишүүн (Б.Б, Г.О, Л.Э) нарыг эгүүлэн татсан болно.

6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дэх хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэж тус тус заасан байдаг. Иймд Засаг дарга О.А-н хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/604 дүгээр захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэл нь хуульд заасан үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгч иргэн Б.Б, Г.О, Л.Э нарын аймгийн Засаг дарга О.А-д холбогдох “............ аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/604 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэгдсэн эмнэлгийн нэр бүхий 6 гишүүн буюу С.Г, Т.Г, н.Б, Б.Э, н.Ш, нараас аймгийн Засаг даргад 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүсэлт ирүүлсэн. Тухайн хүсэлтийг бид уншиж танилцсан, судалсан. Тухайн хүсэлт дээр ТУЗ-ийн үйл ажиллагаа хэвийн явахаа больсон. Мөн хуралдуулах гээд хүсэлт тавиад нарийн бичгийн даргад уламжлахаар бичгийн дарга цаашаа даргадаа дамжуулдаггүй эсвэл хурлыг зарладаггүй ийм байдалтай байсан. Тэгээд 10 дугаар сарын 30-ны өдөр өдрөөс эхэлж Нэгдсэн эмнэлгийн дундын групп дээр зар тавьсан байдаг. 10 дугаар сарын 30, 31-ний өдөр, 11 дүгээр сарын 01, 02-ны өдөр гээд нийтдээ 4 удаа зар тавьсан. 4 удаагийн зар дээр 4 хэлэлцэх асуудлаа тодорхой бичээд эдгээр хүмүүст утсаар мэдэгдсэн гэсэн мэдээллээ өгсөн. Албан ёсоор хуралдуулах гэхээр энэ 3 гишүүн ирдэггүй. Хоёрдугаарт нарийн бичгийн дарга хурлын хэлэлцэх асуудлыг бүртгэж авдаггүй, даргадаа танилцуулдаггүй нөхцөл байдлууд үүссэн байсан. 10 дугаар сарын 30-аас эхлээд нийтдээ 4 удаагийн хурал зарлаад эдгээр гишүүд ямар нэгэн хариу байхгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ямар ч хариу өгөөгүй байсан учраас Засаг дарга шийдвэр гаргасан. Мөн хүсэлтийг судлаад үзэхэд эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А476 дугаар тушаал, мөн Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3 дугаар тогтоолын 5.1-д ТУЗ-ийн дарга нь ТУЗ болон эмнэлгийн гүйцэтгэх удирдлагын хооронд үр дүнтэй ил тод харилцааг бий болгоно гэж заасан. Энэ үүргээ дарга биелүүлж чадахгүй байна. Энэ ТУЗ-ийн гишүүдийн хооронд үр дүнтэй ил тод харилцааг бий болгож чадахгүй байна гэдэг асуудал бас гарч ирсэн. Мөн ТУЗ-ийн хуралтай ажлын хэсгийн хурал уулзалтыг зохион байгуулах гээд холбогдох хууль тогтоомжууд дээр, Эрүүл мэндийн сайдын тушаал, Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийн дүрэм дээр нь байгаа. ТУЗ-ийн хуралдаан ажлын хэсгийн хурал уулзалтыг гишүүдийн дийлэнх олонх нь санал тавиад байхад зохион байгуулаагүй. Холбогдох асуудлыг судалж танилцаагүй. Хуралдааны заалт зорилго, зохион байгуулах өдөр, цаг, болох газар, хэлэлцэх асуудлыг тодорхой тусгаад өгсөн байгаа. Манай хариу тайлбар дээр хавсралтаар тусгасан байгааг та бүхэн танилцсан байх. Мөн Б.Б дарга түрүүн хэллээ. ТУЗ-ийн гишүүд биеэр эсвэл цахимаар оролцох боломжтой энэ хууль тогтоомж дүрэмдээ заагаад өгсөн байдаг гэж өөрөө хэлж байсан. Тэгвэл яагаад эдгээр 3 гишүүн ТУЗ-ийн дарга дийлэх олонх гишүүдийн саналыг хүлээж авч танилцаад зарим нэг нь амралттай байсан гэж байна. Яагаад цахимаар оролцож болоогүй юм бэ? энэ хурлуудыг яагаад зохион байгуулаагүй юм бэ? гэдэг асуудал байгаа. Цахим хэлбэрээр оролцож болно гээд ТУЗ-ийн дүрэмдээ заасан байна. Мөн нэг асуудал яригдаж байгаа юм. Энэ ТУЗ-ийн гишүүдийн урамшууллын асуудал. ТУЗ байгуулагдаад 1 дүгээр хурлаа 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хийсэн байдаг юм. Энэ хурлаар ТУЗ-ийн хэлэлцэх асуудал дээр Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийн даргыг сонгох гэсэн асуудал яригддаг. Гишүүд бүгд санал бодлоо хэлж ТУЗ-ийн даргыг сонгосон байдалтай хурал дууссан. Урамшууллын асуудал 1 дүгээр хурал дээр огт яригдаагүй. Гэтэл 2 дугаар хурал дээр урамшууллын асуудлыг хэлэлцэх гээд оруулж ирсэн байгаа юм. ТУЗ-ийн нарийн бичгийн даргыг сонгох, ТУЗ-ийн хурлыг товлох, хуралдааны дүрэм батлах гээд орж ирсэн байгаа юм. Тус хурал дээр гишүүд урамшууллын асуудлаас бусад асуудлыг хэлэлцээд, яриад, тэмдэглэлд тусгагдсан. Гишүүдийн олонхын санал нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бүгдээрээ цалинжаад явъя гэсэн саналыг гаргасан байдаг юм байна лээ. Бусад гишүүд нь урамшууллын асуудал дээр санал хэлж яриагүй. Энэ хурлын тэмдэглэл дээр тусгаагүй. Ганцхан Г.О гэдэг хүн урамшуулал дээр хэлэх юм байна. Гишүүдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, даргыг 600,000 төгрөгөөр нарийн бичиг хуульд заасны дагуу цалинжуулах хүсэлтэй байна гээд ганцхан хүн энэ хүн хүсэлтээ хэлээд ороод ирсэн. Ганц хүний хүсэлтийг үндэслээд л ТУЗ-ийн дарга 600,000 төгрөг, нарийн бичгийн даргыг 500,000 төгрөгөөр тогтоосон хурлын тэмдэглэлийг Л.Э гэдэг хүн үйлдсэн байна. Бусад гишүүд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, урамшууллын асуудлаар ярьсан баймаар юм. ТУЗ-ийн даргын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2 дугаар тогтоолоор дарга нь 600,000 төгрөг, бусад гишүүд нь хөдөлмөр хамгааллын доод хэмжээгээр гэсэн шийдвэр гарсан байна. Энэ нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийн гишүүдийн урамшууллыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сараар, ТУЗ-ийн даргын урамшууллын 600,000 төгрөгөөр сараар, бусад гишүүдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулна гэсэн үг үсгийг засаад өөртөө давуу байдал бий болгосон ийм шийдвэр гарсан гэсэн. Тус үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 3.1.3 дахь заалтыг зөрчсөн байж болзошгүй болж таарах гээд байгаа юм. Албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглах тухайн заалтыг тайлбарлавал албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилготой ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх хийх ёсгүй үйлдлийг хийхийг гэж заасан байна. Ийм үйлдэл тогтоогдсон. Эдгээр нэр бүхий 3 гишүүнийг чөлөөлөх үндэслэлүүд нь түрүүний дурдсан үйлдлүүдээс гадна эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.16-г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ТУЗ-ийн хуралдаанд дараалан 3 ба түүнээс дээш удаад биечлэн оролцоогүй, хурлыг зохион байгуулах үүргээ гүйцэтгээгүй, дийлэнх болох гишүүдийн танилцуулсан хурлын зарланг хүлээн авч танилцаагүй, цааргалсан, мөн хуулийн 15.11.3-д гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс удаа дараа оролцох үйлдлийг гаргасан гэсэн зүйлүүд судлагдаад тогтоогдоод гараад ирсэн байдаг юм байна. 15.15-д ТУЗ-ийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд  улиралд нэгээс доошгүй удаа, шаардлагатай гэж үзвэл ээлжит бус хуралдааныг удирдах зөвлөлийн дарга эсвэл 5-аас доошгүй гишүүний санал болгосноор хуралдуулна. Мөн хуулийн 15.16 15.17 15.18 15.26, Авлигын эсрэг хуулийн 7.1.1, 3.1.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн. Мөн ТУЗ-ийн нэр бүхий 3 гишүүн С.Г, Т.Г, Б, Х.Б, Ш нарын аймгийн Засаг даргад ирүүлсэн хүсэлтийг судлан танилцаж судалж шийдвэрийг аймгийн засаг дарга гаргасан. 10 дугаар сарын 10-ны хурал дээр нэмж хэлэх зүйл байна. Үүн дээр Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит бус хурлын тэмдэглэл гээд энэ дээр 2 хэлэлцэх асуудал тусгагдсан байдаг юм байна лээ. Нэгдүгээрт 2023 оны батлагдсан төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах, ЗГ-ын 240, 241 дүгээр тогтоол, эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэр гарсантай холбогдуулан төсвийн хүрээнд дахин хэлэлцэж батлах, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирал С-ийн гаргасан хүсэлтийн дагуу ТУЗ-ийн дарга Б.Б-тэй холбоотой асуудлыг хэлэлцэх гэсэн 2 асуудлаар ТУЗ 100%-ийн ирцтэйгээр хуралдсан байна. Энэ дээр эдгээр 3 гишүүн байсан. Хэлэлцэх асуудал батлагдаад 1 дүгээр асуудал хэлэлцэгдсэний дараа эдгээр 3 гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн хурлыг орхин гарсан. Ийм ёс зүйгүй үйлдэл судлагдаад гараад ирсэн байна. Даргыг байхгүй үед ТУЗ-ийн дүрэмд насаар ахмад гишүүн хурлыг хуралдуулна гэж заасны дагуу гишүүд нэгэнт л хурал 100%-ийн ирцтэйгээр эхэлсэн учраас хурлыг дуусгасан байна. Мөн аймгийн Засаг даргын Хууль эрх зүйн хэлтэс 11 дүгээр сарын 30-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-өөс хүсэлт ирсэн. Хавсралт дээр дурдсан материал дээр ярих юм бол энэ .... Нэгдсэн эмнэлгийн ТУЗ гэсэн групп байгаа юм. Үүн дээр 10 дугаар сарын 31-ний өдөр 11 дүгээр сарын 1-ний өдөр, 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд хурлуудыг зарласан. Хэлэлцэх асуудлыг тодорхой тусгасан байна. Мөн болох газар цаг хугацааг тусгасан байгаа юм. Энэ хурлыг дарга нар зохион байгуулаагүй хүчинтэй ирцийг эдгээр хүмүүс биелүүлээгүй, дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй, дээр дурдсан заалтуудын үндэслээд аймгийн Засаг дарга захирамжаа гаргаж эдгээр 3 гишүүнийг татсан байгаа. Ямар нэгэн зөрчил үүсээгүй бол ТУЗ-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байх байсан. Засаг дарга хуульд заасан эрх хэмжээний хүрээнд ТУЗ-ийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 478 дугаар захирамжаар батлаад тэдгээр хүмүүсийг үйл ажиллагааг хэвийн явуулах, аймаг орон нутгийн иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг доголдолгүй явуулах гээд эдгээр зүйлийг батламжлаад өгчихсөн байсан. Гэвч ТУЗ ямар нэгэн байдлаар хоорондоо зөрчилтэй нөхцөл байдалд хүрсэн учраас ийм байдал бий болоод байгаа гэж бодож байна. Хэрвээ ТУЗ-ийн үйл ажиллагаа ямар нэгэн зөрчилгүй, гишүүд хоорондоо эвтэй найртай харилцаатай, хууль дүрмийн дагуу төлөвлөгөөгөө батлаад ажиллаж байсан бол ийм нөхцөл байдалд хүрэхгүй байх. Иймд Б.Б, Г.О, Л.Э нарын нэхэмжлэлтэй аймгийн Засаг дарга О.А-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                         ҮНДЭСЛЭХ нь

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

            1.Нэхэмжлэгч Б.Б, Г.О, Л.Э нараас аймгийн Засаг дарга О.А-д холбогдуулан “Аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/604 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

            2. ...... аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/604 дүгээр тушаалд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.6 дахь заалтыг тус тус үндэслэн  ........ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 удаа оролцоогүй тул гишүүн Б.Б, Г.О, Л.Э нарыг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эгүүлэн татжээ.

            3. Нэхэмжлэгч нараас: “... 3 удаагийн хурал зарласан гэх боловч, хэн хэрхэн, хэдэн удаа зарласан нь тодорхойгүй, ямар асуудлаар хуралдахаар санаачлаад хэн хэн дэмжсэн болох нь тодорхойгүй”, хариуцагчаас “... 3 удаа хурал зарлахад дээрх гишүүд ирээгүй тул гишүүнээс чөлөөлүүлэх хүсэлтийг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 6 гишүүн өргөдөл гаргасан. Үүний дагуу аймгийн Засаг даргаас эгүүлэн татсан” гэж тус тус маргадаг.

            4. Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг тус тус эхлүүлдэг.

Ийнхүү эхлүүлэхдээ тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 24.4Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. 27 дугаар зүйлийн 27.1Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж тус тус заасныг удирдлага болгоно.  

Хариуцагч аймгийн Засаг дарга нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 3 гишүүнийг эгүүлэн татахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогддог.

Тодруулбал, гэрч Л.М-с “... С.Г гишүүний хувьд 10 дугаар сарын 31-ний өдрийн 13 цагт над руу тухайн өдрийнхөө 15 цагт хурал зохион байгуулъя гэсэн хүсэлтийг өгсөн. Тэгэхээр ерөнхийдөө хурал зарлуулахаар бол 2 цагийн өмнө мэдэгдэж хурал зарлуулна гэсэн юм байхгүй. Яагаад гэхээр Төлөөлөн удирдах зөвлөлийн  9 гишүүн есүүлээ орон тооны бус гишүүд байгаа. Энэ хүмүүс бүгд өөрсдөө тусдаа ажилтай хүмүүс учраас хурлыг 2 цагийн өмнө мэдэгдээд хурал зохион байгуулна гэж байхгүй. Хэрвээ хуралтай холбоотой материалыг 5 хоногийн өмнө мэдэгдээгүй тохиолдолд хурал 14 хүртэлх хоногоор хойшлуулах ийм заалт Төлөөлөн удирдах зөвлөлийн дүрмийн 4.2.1 дээр заагаад өгчихсөн байгаа. Тэгэхээр энэ их чухал ойлголт. 11 дүгээр сарын 1-ний орой би С.Г  гишүүнд утсаар энэ тухай хэлсэн. Мөн 11 дүгээр сарын 2-ны өглөө С.Г гишүүний ажлын байран дээр нь очоод энэ тайлбарыг хэлсэн. Тэгэхэд надад би нөгөө гишүүдтэйгээ ярья, гарын үсэг зуруулах асуудлыг гишүүддээ танилцуулъя гэж хэлсэн” гэж,

гэрч С.Г “... Төлөөлөн удирдах зөвлөл дотроо зохион байгуулалтаа хийе гээд 10 дугаар сарын 31-ний өдөр анхны хурлаа зарлая гэхэд ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ-ийн нарийн бичиг дарга хэлэхдээ даргын тушаалгүй би зарлахгүй гэхээр нь би утсаар ярьсан. Б.Б дарга утсаа авсан. Нөгөө 2 нь утсаа аваагүй. Б.Б дарга хэлэхдээ би хот явж байна, оролцох боломжгүй гэсэн. Тэгээд ирц хүрээгүй. 3 удаа зарлаад 3 удаа ирц хүрээгүй. Тийм учраас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй 3 хүний талаар Засаг даргад хандъя гээд эргүүлэн татуулъя гэсэн санал гаргасан” гэсэн мэдүүлдэг.

5. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн С.Г 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдах шаардлагатай байгаа талаар гишүүдэд олон нийтийн сүлжээний хэрэгсэл болох “Facebook-ийн группээр мэдэгдсэн гэж мэдүүлдэг. Гэтэл нэхэмжлэгч нараас хуралдааныг 5-аас доошгүй хоногийн өмнө албан ёсоор мэдэгддэг, эсхүл өмнөх хуралдаанаараа шийдэж хуралддаг гэж, гэрч Л.М Төлөөлөн удирдах зөвлөлийн дүрэмд зааснаар хуралдаанаа зарладаг гэж, гэрч Б.Э “...Би дундын чатнаас гарсан байсан...” гэж тус тус мэдүүлснээс үзвэл тухайн Төлөөлөн удирдах зөвлөл дундын  “Facebook-ийн группээр хуралдаан зарлах асуудлаа шийдэж ирсэн гэж дүгнэх үндэслэлийг үгүйсгэж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.15Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан байх бөгөөд улиралд нэгээс доошгүй удаа, шаардлагатай гэж үзвэл ээлжит бус хуралдааныг удирдах зөвлөлийн дарга, эсхүл таваас доошгүй гишүүний санал болгосноор хуралдуулна. 15.16Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд гишүүдийн дийлэнх олонхи оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно. гэж тус тус заажээ. Хуулийн энэ зохицуулалтаас харвал Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааныг ээлжит болон ээлжит бус хуралдаан гэж ангилна. Ээлжит бус хуралдааныг удирдах зөвлөлийн дарга эсхүл таваас доошгүй гишүүн санаачлан хуралдуулж болохоор зохицуулжээ.  

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн С.Г-г тус зөвлөлийн даргын хувьд хуралдаан зарласан гэх нөхцөл үгүйсгэгддэг. Учир нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус зөвлөл хуралдаж 1 асуудал хэлэлцсэн, мөн ....... аймгийн  нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо болон тус эмнэлгийн захирлаар ажиллаж байсан Д.С нар өргөдөл өгсөн талаар нэхэмжлэгч нарын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зөрдөггүй. Харин 2 өргөдлийг хэлэлцэхгүй гэсэн санал гарсан байх бөгөөд хурлыг нэхэмжлэгч нар орхин гарсан байдаг. /Ярианы бичлэг хийсэн CD/

Тус зөвлөл 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3 дугаар тогтоолоороо “Төлөөлөн удирдах зөвлөлийн дүрэм”-ээ баталсан байна. Энэхүү дүрмийн 4.1.12-т гишүүн урьдчилан санал өгч болохоор заасан байх бөгөөд нэгэнт хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй асуудлаар хэлэлцэхгүй гэсэн санал гаргасныг зүйд нийцсэн гэж үзнэ. Тодруулбал, өргөдөл хэлэлцэх эсэх асуудлаар гишүүд ижил таслах эрхтэй оролцохоор байна.

Гэрч С.Г “...Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга дотоод ажил руу оролцоод байгаа тул шийдэж өгнө үү гэсэн байсан. Тэгээд 3 хүн орхиж гараад 6 хүнээс 5 нь биечлэн, цахимаар 1 хүн оролцоод хоорондоо ярилцаад олонх нь байгаа учраас хэлэлцсэн. 6 хүн учраас 66,6 хувийн ирцтэй хурлаа үргэлжлүүлсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн  дарга, эмнэлгийн захирал 2 таарамж муутай бол эмнэлгийн ажил цааш явахгүй гэдэг утгаар шийдвэрийг гаргах нь зүйтэй гэж үзсэн. Ирц 66,6 хувьтай байсан. Дүрэмд зааснаар 75 хувь байх ёстой. Ирц хүрээгүй учраас дараагийн хурлыг зарласан. Д.С-г ажлаас чөлөөлөөд М-г ажилд томилсон. Үүнийг эсэргүүцэж байна. Шүүхийн шийдвэр гарсан учраас ажилд нь томилсон гэсэн...” гэж мэдүүлдэг.

Мөн Эмнэлгийн захирлаар ажиллаж байсан Д.С-г Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/06 тоот тогтоолоор чөлөөлсөн байхад 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Д.С уг хуралдаанд асуудал хэлэлцүүлэхээр оролцож байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, энэ хуулийн 16.10-т заасан суман дахь нэгдсэн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ., 17.10.5эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх гэж заасанд нийцээгүй байна.   

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Эмнэлгийн захирлаар ажиллаж байсан Д.С-н өргөдлийг хэлэлцэх явцдаа  Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг чөлөөлсөн гэж гэрч нар мэдүүлдэг боловч энэ асуудлаар Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол албан ёсоор гараагүй байх бөгөөд гэрч С.Г: Албан бланк байхгүй. Цаасан дээр бичсэн би өөрөө ганцаараа гарын үсэг зурсан гэж мэдүүлдэг.  Хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангахгүй тогтоолын талаар мэдэхгүй би ийм тогтоол гаргаагүй гэж мэдүүлсэн болно.

            Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн С.Г хуралдаан дангаар зарлах эрхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

6. Харин тус зөвлөлийн нэр бүхий 5 гишүүн хурал зарлахаар нэгдсэн гэх боловч хэлэлцэх асуудлын талаар хоорондоо зөрүүтэй мэдүүлдэг, мөн асуудал хэлэлцэхээр санал болгосон талаар мэдүүлгүүд нь хоорондоо зөрдөг. Тодруулбал,

Гэрч Х.Б: 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 11 дүгээр сарын 01-ний өдөр, 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд болсон хурлыг яаралтай хэлэлцэхгүй бол болохгүй гэж санал гаргасан. Нэгэнт шүүхийн шийдвэр гаргасан учраас Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилно гэсний дагуу нэгдсэн эмнэлгийн даргын тухайд албан ёсны шийдвэр гаргах нь зүйтэй гэж саналаа гаргасан. Хоёрдугаарт хэлэлцээгүй асуудлаар яагаад 2 удаагийн тогтоол гаргасан бэ гэж, гуравдугаарт Төлөөлөн удирдах зөвлөлийн  даргыг эргүүлэн татсан учраас Төлөөлөн удирдах зөвлөлийн  даргыг томилох  гэсэн асуудал байсан гэв.

Гэрч Т.Г: Төлөөлөн удирдах зөвлөлийн  зохион байгуулалтыг дахин хэлэлцэх, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг жигдрүүлэхээр яаралтай хуралдах байсан учраас хуралдана гэж ойлгосон гэв. Гэрч Б.Э: Тухайн хурлын хэлэлцэх асуудалд санал гаргаагүй гэж тус тус мэдүүлсэн.

Энэ нөхцөл байдал нь 5 гишүүн нэг удаагийн хурал санаачилсан гэж дүгнэхээр байх боловч нэгтгэн гарын үсэг зурж баталгаажуулсан баримт байхгүй болох нь өөрсдийнх нь гаргасан мэдүүлгээр нотлогддог.

Төлөөлөн удирдах зөвлөлийн 5 гишүүн хурлыг нэгдэн санаачлах эрхтэй байхаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.15-т заасан байхад зарим гишүүн тухайлбал гишүүн Б.Э, Т.Г нар тодорхой асуудал санаачлаагүй, хэлэлцэх асуудлыг талаар ямар нэг баримт бичигт гарын үсэг зураагүй болохоо хүлээн зөвшөөрдөг. Харин хуралтай гэхээр нь очсон гэж мэдүүлдэг.

7. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд хурал санаачлах эрхээ хэрхэн хэрэгжүүлсэнээ бүрэн нотолж чадахгүй байх бөгөөд үүнийг шийдвэр гаргагч Засаг дарга хянаж нягтлаагүй байна. Учир нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд албан ёсоор хурал зарласан эсэх, хэдэн удаагийн хурал зарласан гэж дүгнэсэн талаараа нотлоогүй. Нэхэмжлэгч нар Төлөөлөн удирдах зөвлөлийн өмнөх хуралдаануудад тогтмол оролцож байсан байх бөгөөд энэ талаар талууд маргадаггүй.

Харин 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 11 дүгээр сарын 01-ний өдөр, 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Төлөөлөн удирдах зөвлөлийн 5 гишүүн хурал санаачилсан асуудлаараа уулзалт хийсэн гэх боловч тэмдэглэл болон бусад баталгаажуулсан баримт байхгүй, тэдгээр гишүүд хуралдсан, хуралдахаар санал оруулсан гэх баримт байдаггүй.

Мөн нэхэмжлэгч Б.Б, Г.О нар ээлжийн амралттай байсан байдаг. Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх эсэх талаар судлаагүй, аймгийн Засаг дарга 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/604 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нарыг эгүүлэн татахаар шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа огт хийгээгүй байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд дараалан гурав ба түүнээс дээш удаа биечлэн оролцоогүй” гэж заасан байна. Хуулийн зохицуулалтаас харвал хуралдаанд 3 буюу түүнээс дээш удаа биечлэн оролцоогүй тохиолдолд эгүүлэн татах нөхцөл бүрдэхээр байна. Энэ нь хуралдаан зохих ёсоор зарлагдсан, гишүүдэд хууль буюу дүрэмд заасан хэлбэрээр мэдэгдсэн, хуралдаан болж энэ талаар тэмдэглэл үйлдэгдсэн байх зэрэг байдлаар баримтжуулсан байх агуулгатай байна.

Хурал зарлах асуудлыг дэмжиж ирээгүй, ирвэл хуралдах боломжтой байсан гэсэн нөхцөлөөр эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг эгүүлэн татах хууль зүйн үндэслэлгүй.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л-с: Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийн дарга Б.Б нь ТУЗ-ийн ээлжит хурлаар хэлэлцээгүй асуудлаар дангаараа дур мэдэн шийдвэр гаргаж ТУЗ-ийн албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга тэмдгийг ашиглан хуурамчаар нөхөж тогтоол гаргасан,

Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3 дугаар тогтоолын 5.1-д Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь Төлөөлөн удирдах зөвлөл болон эмнэлгийн гүйцэтгэх удирдлагын хооронд үр дүнтэй, ил тод харилцааг бий болгох, 6.7-д Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд олгох урамшуулал, удирдах зөвлөлтэй холбоотой зардлыг төсөвлөн Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах гэж Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын үүргийг тодорхой зааж өгсөн боловч Б.Б нь дээрх үүргээ биелүүлээгүй.

ТУЗ-ийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр хурлаар ТУЗ-ийн гишүүдийн урамшууллын асуудал яригдаагүй, 08 сарын 30-ны өдрийн 02 дугаар хурлаар ТУЗ-ийн гишүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, нарийн бичиг, цалингийн шатлалаар урамшуулал олгоно гэж хэлэлцэн тогтоосон боловч ТУЗ-ийн хурлын тэмдэглэлийг засаж өөрт давуу байдал бий болгон ТУЗ-ийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолд ТУЗ-ийн дарга 600,000 мянган төгрөгийн урамшуулал бодож олгох заалтыг оруулсан уг үйлдэл нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр маргадаг.

Гэвч Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Б нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, эмнэлгийн захирлаар ажиллаж байсан Д.С-г ажлаас чөлөөлж, Ш.М-г эмнэлгийн гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Хэдийгээр гишүүд хамтран хэлэлцээгүй байх боловч шүүхийн шийдвэрт Б.Б-д гүйцэтгэх захирлыг томилохыг даалгаж шийдвэрлэсэн гэсэн тайлбараас үзвэл түүнийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл болон эмнэлгийн удирдлага хоорондын харилцааны асуудал энэхүү маргаанд хамаарахгүй бөгөөд захиргааны актад энэ талаар дурдаагүй байдаг.

Мөн гишүүдийн урамшууллын асуудлыг 2022 оны 08 сарын 30-ны өдрийн 02 дугаар хурлаар шийдвэрлэсэн байдаг. Түүнчлэн маргаан бүхий актад нэхэмжлэгчийг энэ үндэслэлээр буруутгах нөхцөл байдал тусгагдаагүй. 

9. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харвал С.Г гишүүн зөвлөл хуралдах шаардлагатай гэж үзэж хурал зарлахаар бусад гишүүдэд санал  тавихдаа Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3 дугаар тогтоолоор баталсан дүрмийн 4-т заасныг баримтлаагүй тул хуралдаанаа зохих ёсоор зарлаж чадалгүй байсаар 2023 оны  11 дүгээр сарын 02-ны өдөр болгосон нь тогтоогддог.

Гэтэл нэр бүхий 5 гишүүн тухайн өдрөө буюу 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн Засаг даргад нэхэмжлэгч нарыг эгүүлэн татуулах хүсэлт өгсөн байна. Энэхүү хүсэлтийг хүлээн авч Засаг дарга тухайн өдрөө нэхэмжлэгч нарыг эгүүлэн татах шийдвэр гаргахдаа захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлыг судлаагүй, холбогдох баримтыг бүрдүүлээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй байх тул захирамжийг хүчингүй болгов.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.5, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.6, 15.15-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б, Г.О, Л.Э нараас ............ аймгийн Засаг дарга О.А-д холбогдуулан гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ...... аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны А/604 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОЮУНСҮРЭН