Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2020/ДШМ/20

 

А.Баяраад холбогдох эрүүгийн 
хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй  
Прокурор Б.Батцэцэг   
      Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
           Нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:           
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/188 дугаар шүүгчийн захирамжийг  эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн А.Баяраад холбогдох 2022001540092 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1961 онд төрсөн, 59 настай, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дундговь аймаг Сайнцагаан сум 7-р баг Ханын материалын хашаанд оршин суух, регистрийн дугаар ЗИ61051518, ял шийтгэлгүй, Боржигон овогт Алтанцэцэгийн Баяраа нь хохирогч А.Эрдэнэцогтын итгэмжлэн хариуцуулсан Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Их тойруугийн 6-601 тоот хашаанд байх хуучин тоосгоны үйлдвэр байсан байшингийн ханын өнгөлгөөний 5000 ширхэг цагаан тоосгыг бусдад зарж борлуулж, завшсаны улмаас 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

          Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч А.Баяраад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2022001540092 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч А.Баяраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэхүү захирамжийг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Баяраад холбогдох эрүүгийн 2022001540092 дугаартай хэргийг Дундговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэсэн байна. 

Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч хууль цаазын итгэмжит зөвлөх Х.Мөнхбаатарын бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлд: Шүүгдэгч А.Баяраа нь хохирогч А.Эрдэнэцогтын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн Их тойруугийн 6-601 тоот хашаанд байх хуучин тоосгоны үйлдвэрийн объектоос 2020 оны 03 дугаар сард 5000 ширхэг тоосгыг хууль бусаар зарж борлуулах үйлдлээр завшсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Дундговь аймгийн Прокурорын газраас яллагдагч А.Баярааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 79 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/188 дугаартай захирамжаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг бүрэн тогтоогоогүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнээд, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан байна.
Шүүгдэгч А.Баяраад холбогдох эрүүгийн 2022001540092 дугаартай хэрэгт цугларсан нотлох баримтууд буюу гэрч, иргэний нэхэмжлэгч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Баяраа нь хохирогч А.Эрдэнэцогтын эзэмшлийн хуучин объектын тоосгыг зарж борлуулан ашиг олох зорилгоор дээрх гэмт хэргийг үйлдсэн байдаг.
Гэтэл анхан шатны шүүх зөвхөн бусдад худалдан борлуулсан тоосгоны үнийг гэмт хэргийн хохиролд тооцож ирүүлсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Учир нь шүүгдэгч А.Баярааг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хуучин объектын 5000 ширхэг тоосгыг бусдад худалдаж үнийг нь завшсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож байгаа болохоос биш дээрх тоосгыг авахын тулд бусдын объектод халдаж байгаа үйлдлээс үүссэн хор уршгийг гэмт хэргийн шууд хохиролд тооцох үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.
Дээрх хэргийн хувьд халдлагын зүйл нь тухайн барилгын 1 бүрдэл хэсэг болох тоосго бөгөөд хохирогчид учирсан шууд хохирлыг биетээр үнэлэгдэх материал буюу 5000 ширхэг тоосгыг үнэлж, хохирогчид 1.500.000 төгрөгийн шууд хохирол учирсныг үнэлгээний байгууллагаар тогтоолгосон бөгөөд харин тухайн тоосгыг буулгаж авах, ачих, дахин өрөх, объектыг дахин хэвийн байдалд оруулах зэрэг зардлууд нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцогдохоор байна.
Жишээлбэл: Дээрх объектоос цонх, эсвэл хаалга, дээвэр зэрэг бүрдэл хэсгийг салгаж худалдан, завшсан тохиолдолд шууд хохирлыг дээрх эд зүйлсээр тооцож, харин тухайн эд зүйлсийг буцааж угсрах, хэвийн байдалд оруулах зэрэг зардал нь гэмт хэргийн хор уршигт тооцогдохтой адил барилгын тоосго ч мөн адил нэг бүрийн үнээр тодорхойлогдох эд зүйл тул анхан шатны шүүхийн захирамжид дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг нураасан, хохирогчид учирсан хохирол нь хураалттай байсан тоосгыг зарахаас ялгаатай гэсэн дүгнэлттэй нийцэхгүй байна.
Тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг үйлдэх явцад тухайн объектын цоож, хаалга, цонх гэх мэт эд зүйлс эвдэгдсэн тохиолдолд дээрх эд зүйлсийг шууд хохиролд тооцдоггүй атлаа завших гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг гэмт хэргийн шууд хохиролд тооцох үндэслэлгүй байна.
Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан Сайнцагаан сумын үнэлгээний комиссын дүгнэлтээр 1 ширхэг тоосгыг 300 төгрөгөөр үнэлж, нийт 1.500.000 төгрөгийн үнэ бүхий тоосго завшиж, бусдад хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд харин хохирогч А.Эрдэнэцогтод тухайн объектыг сэргээн засварлахад гарах зардал буюу хор уршгийг тооцох нь хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтаас шууд хамааралтай, зардлын нотлох баримтыг үндэслэж шийдвэрлэгдэх асуудал ба хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад хохирогч уг объектыг сэргээн засварлахтай холбогдон гарсан зардлын баримт байхгүй байгаа тул хохирогч өөрт учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримт бүрдүүлж нэхэмжлэл гаргах эрхтэй байтал шүүхээс дээрх зардлыг заавал шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх ажиллагаа мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Д.Баяраад холбогдох Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/188 дугаартай захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд яллагдагч Д.Баяраагийн өмгөөлөгч Г.Лхам хэлсэн саналдаа: “Д.Баяраа нь иргэн А.Эрдэнэцогтын итгэмжлэн хариуцуулсан дээвэргүй байшингийн ханын тоосгыг хуулж бусдад зарж завшсан хэргийн хохирол нотлох баримтаар тогтоогдсон тул хэргийг мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлгүй гарсан. Иймд прокурорын эсэргүүцлийг хангаж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Б.Батцэцэг хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Х.Мөнхбаатарын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаагаар Д.Баяраад холбогдох хэрэгт хохирлын асуудлыг бүрэн тогтоосон. Яллагдагчийн үйлдсэн хэргийн халдлагын зүйл нь 5000 ширхэг тоосго бөгөөд тоосгыг үнэлж хохирлыг тогтоосон нь хуульд нийцсэн. Харин тоосгыг буулгаж авах, ачих, зөөх, ханыг дахин хэвийн байдалд оруулахад гарах зардлууд нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт хамаарах тул улсын яллагчийн эсэргүүцлийг хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
       
           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
           Дундговь аймгийн прокурорын газраас Алтанцэцэгийн Баяраагийн  2020 оны 3 дугаар сард бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн Их тойруугийн 6-601 тоот хашаанд байх хуучин тоосгоны үйлдвэрийн байшингийн ханын өнгөлгөөний тоосгыг хуулж 5000 ширхэг тоосгыг бусдад зарж завшсаны улмаас иргэн А.Эрдэнэцогтод 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэмжээг бүрэн тогтоогоогүй” гэсэн үндэслэлээр  прокурорт буцаасан байна.  
          Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянаад  шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэлээ.
          Хуучин барилгын ханын өнгөлгөөний тоосгыг хуулж бусдад зарсан байхад зарсан тоосгоны үнээр хохирлын хэмжээг тогтоож мөрдөн байцаалтын шатанд    хохирол, хор уршгийн хэмжээг  бүрэн тогтоогоогүй байна гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хуульд нийцээгүй байна.  
            Гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг зөв тогтоох нь хэргийн зүйлчлэлд нөлөөлдөг бөгөөд хэргийг зүйлчлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлын хэмжээг үндэслэдэг. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг хэргийн хохиролд тооцно” гэсэн заалтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаанд баримтлах ёстой.  
            Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 
           Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэл тохирсон эсэх талаар дүгнэлт өгөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-ыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.    Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/188 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.  
2.    Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.Баяраад авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
3.    Магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

           
                             ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ 

                                 ШҮҮГЧИД                                  Ш.ТӨМӨРБААТАР 

                                                   Т.БЯМБАЖАВ