Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 260

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Т.Нансалмаа,

Иргэний нэхэмжлэгч Э.Энхзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр, Ш.Мягмарцэрэн,

Шүүгдэгч Ш.Баянмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 201719000003 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол улсын иргэн. 1981 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн. 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамтаар одоогоор Улаанбаатар хотын Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан уулын 1-42 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Сум дундын шүүхийн 7 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 05 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан Галзад овгийн Шагдарын Баянмөнх РД/ОО81112237/

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ш.Баянмөнх нь 2016 оны 09 дүгээр сарын 25-наас 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг “Галтай булнай” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 103.37 метр куб хуурай хэрэглээний модыг бэлтгэж өөрийн эзэмшлийн 26-07 УБИ улсын дугаартай Хьюндай Портер маркийн машинаар тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ш.Баянмөнх нь 2016 оны 09 дүгээр сарын 25-наас 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг “Галтай булнай” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 103.37 метр куб хуурай хэрэглээний модыг бэлтгэж өөрийн эзэмшлийн 26-07 УБИ улсын дугаартай Хьюндай Портер маркийн машинаар тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох  нь:

Шүүгдэгч Ш.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Би мэргэжилийн хүн биш учраас хэдий хэмжээний мод бэлтгэж байгаагаа өөрөө мэдээгүй Эрдэнэ сумын Байгаль орчины байцаагчаас малын хашаа барих гэж байгаа талаараа хэлээд мод бэлтгэх зөвшөөрөл авсан учраас бэлдсэн модоороо малынхаа хашааг барьсан. Ингээд хашаа барьсанаас хойш Эрдэнэ сумын тамгын газраас хөдөөгүүр шалгалтаар явж байсан хүмүүс ирж манай малын хашааг үзээд заасан хэмжээнээс хэтрүүлж мод бэлтгэж хашаа барьсан байна гэж хэмжилт хийгээд явсан байсан. Ингээд манай малыг харж байсан хүмүүс энэ талаар надад хэлж би мод хэтрүүлэн бэлтгэсэнээ мэдсэн. Би тухайн газарт 2016 оны 08 сарын сүүлээр нүүж очсон учир газар орны байршил уул усны нэрийг сайн мэдэхгүй учраас зөвшөөрсөн газар буюу Бэрх гэх газрыг мэдэхгүй гэрийнхээ ойролцоогоос модоо бэлтгэсэн юм. Миний мод бэлтгэсэн газрыг нь сүүлд нутгийн хүмүүсээс сонсоход Цохио гэж нэрлэдэг газар байсан юм билээ. Би газар мэдэхгүй болон модны хэмжээ мэдэхгүйгээсээ болж зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлж мод бэлтгэсэндээ гэмшиж байна энэ байдлыг минь харгалзан үзнэ үү гэж хүсч байна” гэх мэдүүлэг /хх-44 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Э.Энхзаяагийн: гэх мэдүүлэг

мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Ганбилэгийн “2016 оны09 дүгээр сарын 23-ны өдөр Ш.Баянмөнх гэх хүн над дээр ирээд Эрдэнэ сумын Байгаль орчины хяналтын байцаагч Гэрэлт-Одын 20м куб мод олгоё гэсэн цохолт өргөдөлтэй хүрч ирээд би зохих журмын дагуу хуурай хэрэглээний модыг Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг Бэрх гэх газраас бэлтгэх зөвшөөрлийг олгоо мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн. Би тухайн үед мод бэлтгэх зөвшөөрөл авсан иргэдийн нэрсийн жагсаалтийг өгч байна” гэх мэдүүлэг /хх-23 тал/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Гэрэлт-Одын “Манай Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар “Галтай булнай” аймгийн сум дундын оторын бүс нутагт 2015 онд малын гоц халдварт цэцэг өвчний голомтоос айлууд нүүж ирж буусан айлуудыг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэсэн иргэдийн хүсэлтийн дагуу ажлын хэсэг ахлж явсан. Ингээд Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг “Өвөр ангалын адаг” гэх газарт нутаглаж байгаа Ш.Баянмөнх гэх айлд очиход их хэмжээний мод бэлтгэж гаднах бод мал, бог малын хашаа барьсан байсан. Үүнийг үндэслэж би хашаа барьсан модны зөвшөөрлийн бичгийг шалгаж үзье гэж шаардлага тавихад 2016 оны 09 дүгээр сарын 23-нд Баянмөнх надад хандаж малын хашаа барих мод бэлтгэх зөвшөөрөл олно уу гэж бичгээр хүсэлт гаргасныг нь би Байгаль хамгаалагч Ганбилэг гэх хүнд газар нутгийн харъяалалын дагуу асуудлыг шийдвэрлэж өг гэж цохолт хийж явуулсан. Би 20м3 хуурай хэрэглээний мод олгоё гэж цохолт хийж явуулсан. Ингээд би малын хашаа барьсан модыг нүдэн баримжаагаар харахад их байсан учир хэмжилт хийж ажлын хэсэгтэй хамтран явуулахад бог малын хашааны хана 4,5 метрийн урттай 15 см диаметртэй 120 ширхэг шургааг мод, дээвэр нь 3 метрийн урттай 13 см диаметртэй 525 ширхэг шургааг мод нийт 37.96 м куб бод малын хашааны хана 4.5 метрийн урттай 165 см диаметртэй 80 ширхэг шургааг 7 метрийн урттай 15 см диаметртэй 28 ширхэг шургааг дээвэр нь 3 метрийн урттай 13 см диаметртэй 750 ширхэг шургааг нийт 858 ширхэг шургааг нийт 543 бүгд нийлээд 1503 ширхэг шургааг 91.96 м3 мод бэлтгэсэн байсан. Үүнээс 20м3 мод зөвшөөрөлтэй гэж үзэхэд 71.96м3 модыг хэтрүүлж бэлтгэсэн болох нь тогтоогдсон. Уг хэтрүүлж бэлтгэсэн содыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2004 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 394 дугаар тушаалаар батлагдсан ойн сангийн экологи эдийн засгийн үнэлгээгээр 1 шоо метр тууш /шургааг/ модны үнэ 3 мужлалаар 96000 мянган төгрөгөөр тооцож хохирлыг гаргасан. Нийт 1503 ширхэг буюу 91.96м3  модны үнэлгээ 6908160 төгрөгийн хохирлыг орон нутгийн орлогт төвлөрүүлэхээр акт тавьсан юм. Актанд 91.96м3  гэж бичихийг миний бие хэвлэлийн алдаа гаргаж 99.96м3  гэж бичжээ” гэх мэдүүлэг /хх-25 тал/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Баянмөнхийн “Ш.Баянмөнх 2016 оны 09 сарын 20-ны өдрөөс хойш 10 сарын 02-ны өдрийн хооронд Улаанбаатар хотоос танихгүй 2 хүн авчирч одоо байгаа газрын урд уулнаас мотортой хөрөөгөөр тайрч өөрийнхөө эзэмшлийн портер машинаар зөөж хашаа хороогоо барьсан. Би тухайн үед өөр газарт ойролцоо малыг нь маллаж байсан. Ингээд хашаа хороо барьсанаас нь хойш би малыг нь аваад барьсан хашаан дээр нь ирж малыг нь хараад байж байгаа юм. Би мод бэлтгэсэн газрыг нь мэднэ. Манай байгаа газраас ертөнцийн зүгээр зүүн зүгт 10 орчим километр газарт уулын орой дээрээс модоо бэлтгэсэн байгаа би тус газрыг нь зааж өгье” гэх мэдүүлэг /хх-27 тал/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Однямын “ Манай төрсөн ах хөдөө мал Увс аймагт мал маллаж байгаад амьдралын шаардлагаар 2015 оны хавар Улаанбаатар хотод нүүж ирээд хэдэн малаа Налайхаас зүүн тийш хөдөө өөрөө маллаж байгаад Эрдэнэ сум руу шилжиж очсон юм. Ингээд хол газраас нүүж ирсэн учир өвөлжөө бууцгүй байж байгаад 2016 оны 09 сард Эрдэнэ сумаасаа өвөлжөө барих модны зөвшөөрөл авч 2016 өвөлжөө барихаар болоод энэ талаар надад хэлж туслаач гэж тусламж хүсэхээр нь би тухайн үед Улаанбаатар хотын Гурвалжингийн гүүрний хажуунаас хөлсөөр ажил хийдэг 2 залуутай уулзаж хөдөө явж малын хашаа саравч барих ажил байна гэхэд өөрсдөө зөвшөөрч үнэ хөлсөө тохироод би тухайн хоёр хүнийг Баянмөнх ах дээр хүргэж өгөөд тэр хоёр хүн 4 хоног ажиллаад ажлаа дуусгаад ажлын хөлсөө аваад буцсан байсан. Тухайн үед тус хоёр хүний утас нэрийг нь тогтоож авч байсан боловч одоо гар утасныхан дугаар байхгүй нэрийг нь сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх28 тал/,

мөрдөн байцаалтын шатанд шинжээч Г.Ганбаярын “Би тус дүгнэлтийг Төв аймгийн мэргэжилийн хяналтын газрын Байгаль орчины хяналтын Б.Нарангэрэл, Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын ойн нэгжийн дарга Ж.Отгонбуян нартай хамтран гаргасан байгаа тус дүгнэлтээр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт хууль бусаар мод бэлтгэсэн Ш.Баянмөнх гэх хүн бог болон бод малын хашаа барих зориулалттай ойгоос нийт 2207 ширхэг буюу 103.37 метр куб модыг хууль бусаар бэлтгэсэн болох нь тогтоогдсон энэ нь экологи эдийн засгийн үнэлгээгээрээ шууд хохирол нь 5302881 төгрөг болсон ба үүнийг Байгаль орчиныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 491.4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин үржүүлж тооцно гэж заасны дагуу 15908643 төгрөг болж байгаа юм. Ш.Баянмөнх нь 20 метр кбу модыг Төв аймгийн Эрдэнэ сумын Бэрх гэх газраас бэлтгэх зөвшөөрөл авсан ба тус газраасаа зөвшөөрөлтэй модоо бэлтгээгүйөөр газраас бэлтгэсэн учир энэ үйлдэл нь хууль бус үйлдэл юм. Тийм учраас 20 метр куб мод хасагдахгүй нийт хууль бусаар бэлтгэсэн модны хохиролд хамт тооцогдсон байгаа болно” гэх мэдүүлэг /хх-136 тал/,

-2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан №04 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-134-135 тал/,

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-04 тал/,

-модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-07-08 тал/,

-Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг Өвөр ангал гэх газарт Ш.Баянмөнх их хэмжээний модоор өвөлжөө, саравч барьсан гэх хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-09-11 тал/,

-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-12 тал/,

- Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг Цохио гэх газарт Ш.Баянмөнхийн нойтон мод бэлтгэсэн гэх гэрэл зургийн үзүүлэлт /хх-13 тал/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-14 тал/,

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-15 тал/,

-Эд хөрөнгө битүүмжилсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-16 тал/,

-Эд зүйлийн үнэлгээ /хх-19 тал/,

-Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-20 атл/,

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-78 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-81 тал/,

-Ш.Баянмөнхийн хохирол төлсөн баримт /хх-109 тал/,

-модонд дахин үзлэг хийсэн тэмдэглэл /хх-124 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-130-132 тал/ зэрэг болон болон шүүгдэгч Ш.Баянмөнхийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан Төв аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэнийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж шүүх үзсэн болно.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тогтоолоо.

 

Шүүгдэгч Ш.Баянмөнхөд оногдуулсан тогрох ялыг 1 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

Иргэний нэхэмжлэгч Э.Энхзаяа нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын төлбөрийг бүрэн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй. Шууд бус зардлаас татгалзаж байна гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “ Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай ногоон өнгийн цахилгаан хөрөөг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн Ш.Баянмөнхийн эзэмшлийн 26-07 УБИ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг ялтан Ш.Баянмөнхөд буцаан олгох нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Төв аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Галзад овгийн Шагдарын Баянмөнхийг зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Баянмөнх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр  тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Баянмөнх нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай ногоон өнгийн цахилгаан хөрөөг устгахыг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 26-07 УБИ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг ялтан Ш.Баянмөнхөд буцаан олгосугай.

 

8.Иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй гэсэн ялтан Ш.Баянмөнх нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт нь хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Ш.Баянмөнхөд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ