Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/02829

 

 

 

 

 

 

 

 

2024 07 26 181/ШШ2024/02829

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х ХК нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч Баярмаагийн ******* нь 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 1480091332 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулан 8,000,000 төгрөгийг 365 хоногт 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч *******гийн ******* ******* дахь ... тоот харилцах дансанд 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 8,000,000 төгрөгийг шилжүүлэн зээлийг олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлэнд 1,598,624.64 төгрөг, зээлийн хүүд 548,445.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 143.87 төгрөг төлсөн.

Гэтэл зээлдэгч нь *******тай байгуулсан 1480091332 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2023 оны 11 дүгээр сарын 05-ны хуваарьт өдрөөс хойш төлөөгүй ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 232 хоног хугацаа хэтрүүлээд байна. 

Одоогийн байдлаар 6,401,375.36 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй, 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн байдлаарх хүү болох 803,207.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 22,638.19 төгрөг, нийт 7,227,220.94 төгрөг төлөх шаардлагатай байна. 

Хариуцагч *******гийн бүртгэлтэй хаяг болох Чингэлтэй дүүргийн, ... хороо, ... тоот хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч Б.Д оршин суугаа хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, *******, ******* нарт олгосон итгэмжлэл, ******* ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-314 дугаартай тушаал, ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б-580 дугаартай тушаал, ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А-120 дугаартай тушаал, 2023 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 1480091332 тоот Барьцаат зээлийн гэрээ-ний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, *******гийн иргэний үнэмлэхний хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 6-ны өдрийн *******гийн ******* *******ны дансны хуулга, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШЗ2024/10749 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь *******тэй 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 1480091332 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан зээл олгосон байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт *******г хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь Чингэлтэй дүүргийн ... хороо, ... тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШЗ2024/10749 дугаартай захирамжаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу Б.Д-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б.Д-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Д-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Хатигин овогт Б.Д-н оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч ******* ******* ХХК-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ