Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2024/01481

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 11 181/ШШ2024/01481

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т ХХК-д холбогдох,

Алданги 24,655,305 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Ж нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Н нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэнд үндэслэн түүний эзгүйд шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан алданги 24,655,305 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.Н миний бие 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо 14 дүгээр хороолол Энхтайвны Өргөн чөлөө 130/1 дүгээр байр 115 тоот 65.95 метр квадрат талбайтай Ү-00000001 гэрчилгээний дугаартай, ГД-0000001 дугаар бүхий орон сууцыг 168,000,000 төгрөгөөр худалдан авч, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр №1010051749 дугаартай Ззэлийн гэрээ-г Хас банктай байгуулж тус банкнаас 99,000,000 төгрөгийг 180 сарын хугацаатай зээлсэн.

Энэхүү зээлийн гэрээг байгуулахад хамтран зээлдэгчээр миний нөхөр РД:АА000000 бичиг баримттай Батаагийн Баасанхүү оролцсон бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр №220128100283 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг Т ХХК-тай байгуулсан. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр миний нөхөр Батаагийн Баасанхүү Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн осолд орж, шороонд дарагдаж нас барсан бөгөөд энэхүү үйлдэлд Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгалтын ажиллагаа явагдаж байгаа.

Ийнхүү даатгалын тохиолдол бий болж Т ХХК-ийн даатгалын нөхөн төлбөрийн ажилтны шаардсан материалуудыг Даатгалын гэрээний 5.1-д заасан үүргээ биелүүлж 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дараах материалуудыг хүлээлгэн өгөхөд тус даатгалын компани материалуудыг бүгдийг нь хуулбарлан авсан. Үүнд: Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын №220128100283 дугаартай гэрээ, Хас банкны 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/1998 дугаартай албан бичиг ..зээлийн үлдэгдлийн дүн болон даатгалын нөхөн төлбөрийг шилжүүлэх дансны мэдээлэл, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн эмнэлгийн дуудлага мэдээллийн хуудас, 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Шүүх шинжилгээний хүрээлэнгийн Цогцост шинжилгээ хийсэн тухай тодорхойлолт, Д.Н миний иргэний үнэмлэхийн хуулбар, миний нөхөр талийгаач Б.Б 1100004906 дугаартай нас барсны гэрчилгээ, БЖ ХХК-н Үйлдвэрлэлийн осол, хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас, БЗД-н мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2567 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 4959 дугаартай шинжээчийн дүгнэлт, Б.Б, Д.Н нарын 1 дугаартай гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, Т ХХК-д гаргасан миний гараар бичсэн хүсэлт. Гэтэл Т ХХК-ийн нөхөн төлбөр хариуцсан Н.Э гэх мэргэжилтэнтэй удаа дараа утсаар холбогдоход тэрээр талийгаач нөхөр Б.Б үйлдвэрлэлийн осолд нас барсан хэргийг шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн хэргийн прокурорын тогтоолыг гарсны дараа манай компаниас нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ гэсээр 7 cap гаруй хугацаа өнгөрсөн.

Ингээд 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Т ХХК-нд даатгалын нөхөн төлбөрийг олгоход хэргийг шийдвэрлэсэн прокурорын тогтоол ямар ч шаардлагагүй даатгалын гэрээнд заасан үүргээ биелүүлж нөхөн төлбөрийг алдангийн хамт яаралтай олгох талаар гомдлыг гаргаж мөн энэ талаар гомдлыг Санхүүгийн зохицуулах хороо-нд гаргасан. Т ХХК даатгалын нөхөн төлбөрт 49,310,611 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр миний Хас банканд эзэмшдэг 001 харилцах дансанд шилжүүлсэн. Миний бие даатгалын гэрээний 5.1-д заасан үүргээ биелүүлж 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр даатгалын нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлж даатгагчид хүлээлгэн өгсөн. Т ХХК даатгалын гэрээний 2.2.4-д зааснаар ажлын 14 хоногийн дотор буюу 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор багтаан нөхөн шийдвэрлэх ёстой байсан болов ч 7 cap хугацаанд нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй.

Т ХХК-д 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нөхөн төлбөрийг апдангийн хамт шаардсан гомдлыг гаргахад тус компаниас 2023 оны 06 дугаар 22-ны өдөр ирүүлсэн 23/317 дугаартай хариу албан бичигт ...гэрээний 6.1.1 Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан, 6.1.13-т Даатгуулагч Хууль журам, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд... заасан татгалзах нөхцөл үүсэн үндэслэл бүхий эргэлзээ үүссэн гэж ирүүлсэн. Миний бие 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Гэрээний 5.5-д заасан үүргээ биелүүлж холбогдох материалуудыг хүлээлгэн өгөхдөө Хас банкны 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/1998 дугаартай албан бичиг. ..зээлийн үлдэгдлийн дүн болон даатгалын нөхөн төлбөрийг шилжүүлэх дансны мэдээлэл, Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2567 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэргийг хүлээлгэн өгсөөр байтал Т ХХК-н 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн 23/ 317 дугаартай албан бичигт нөхөн төлбөрийг олгохгүй байх шалтгаанаа тайлбарласан нь үндэслэлгүй байна. Гэвч Т ХХК даатгалын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хас банкны 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/1998 дугаартай албан бичигт дурдсан 001 дугаартай дансанд зөвхөн нөхөн төлбөрийн 52.1 хувиар тооцож 49.310.611 төгрөгийг шилжүүлсэн.

Иймд: Т ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш 7 сарын хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй тул гэрзэний 4.12-т зааснаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 49.310.611 төгрөгийн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцон гаргуулж 24,655,305 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

1.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Нгийн өмгөөлөгчөөр оролцож байна. ...Хариуцагч нь Даатгалын гэрээ болон холбогдох журамд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөрийг олгоогүй. Нэхэмжлэгч нь 24,655,305 төгрөгийн алдангийг нэхэмжилж байгаа. Д.Н нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот,  орон сууцыг ипотекийн зээлээр 180 сарын хугацаатай 99 сая төгрөгийн зээл авч худалдан авсан. Энэхүү зээлийн гэрээг хамтран зээлдэгчээр талийгаач Батаагийн Баасанхүү оролцсон байсан. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ипотекийн амь насны даатгалын гэрээг Т ХХК-тай байгуулсан. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Д.Нгийн нөхөр Б.Б Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн осолд орж, шороонд дарагдаж нас барсан. Энэ хэрэг нь одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн шалгагдаж байгаа. Даатгалын тохиолдол бий болсноор даатгуулагч даатгалын гэрээний 5.1-д зааснаар 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ...материалуудыг Т ХХК-д хүлээлгэж өгсөн байдаг. Т ХХК-ийн нөхөн төлбөр хариуцсан иргэн н.Эрдэнээ гэж мэргэжилтэн удаа дараа утсаар холбогдсон...7 сар гаруй хугацаа өнгөрөхөд нөхөн төлбөрийг шийдвэрлэж өгөөгүй тул гомдол гаргасаны дагуу 06 дугаар сарын 30-ны өдөр Т ХХК-иас нөхөн төлбөрийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл гэрээгээр заасан үүргээ биелүүлж нөхөн төлбөрийг  олгосон. Бид гомдол гаргахдаа алдангийг хамт шаардсан боловч Т ХХК-иас үндсэн нөхөн төлбөр буюу 40,310,611 төгрөгийг Хас банкны дээрх тоот данс руу шилжүүлсэн байдаг. Бидний зүгээс даатгалын гэрээний 5.1-д заасан үүргээ биелүүлж, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр даатгалын нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлж өгсөн... Харин Т ХХК гэрээний 2.2.4-д зааснаар ажлын 14 хоногт буюу 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр  багтааж нөхөн төлбөрийг нь шийдвэрлэх ёстой байсан боловч 7 сарын хугацаанд шийдвэрлээгүй. Бид Иргэний хуулийн 431.1-д зааснаар 2 талын үүрэг хүлээсэн гэрээ байгуулсан. Манай талын зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж, даатгалын эд зүйл болох эд хөрөнгийг үнэлж даатгалын хураамжаа төлсөн. Иргэний хуулийн 431.3-д зааснаар бичгээр байгуулагдсан гэрээ байсан. Гэвч Иргэний хуулийн 431.4.6-д зааснаар даатгуулагч талд учирсан хохирол хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 232.3, 232.6-д зааснаар бичгээр хийсэн гэрээнд тусгасан алдангийг төлөх үүргийг шаардаж байгаа гэв.

2. Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагийг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд дараах хариу тайлбар гаргасан. Үүнд: Т ХХК нь 22 жилийн турш Монгол улсад даатгалын үйл ажиллагааг тогтмол явуулж байгаа бөгөөд ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.

Даатгуулагч Д.Н болон Т ХХК нь 2022 оны 04 сарын 18-ны өдөр 0000000000001 тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам /ИДҮАЖ/-ын 2.1-д заасан шаардлагын дагуу байгуулсан. Улмаар 2022 оны 10 сарын 01-ний өдөр Даатгуулагчийн хамтран зээлдэгч үйлдвэрлэлийн ослоор нас барсан тохиолдлыг Даатгуулагч манай байгууллагад мэдэгдсэн. Тус тохиолдлыг даатгуулагчийн ирүүлсэн баримтуудын үндсэн дээр шалган үзэхэд даатгуулагч нь УСУГ-т хөдөлмөрийн гэрээтэй ажилладаг, БЖ ХХК-иар дамжуулан Колор теч ХХК-ийн бохирын шугам тавих ажлыг гүйцэтгэж байсан бөгөөд Иргэний хуулийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж хуульчилсны дагуу даатгуулагч шаардах эрхээсээ татгалзсан эсэх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцаж учирсан хохирлыг шаардах эрхээсээ татгалзсан эсэхийг, мөн буруутай этгээдийг тогтоолгохтой холбоотой ажиллагаа хийгдэж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байсан тул даатгалын гэрээний 2.2.4-т заасны дагуу Даатгуулагч нөхөн төлбөрийн материалыг бүрэн хүлээлгэн өгснөөс хойш Даатгагчид нөхөн төлбөрийг ажлын 14 хоногт багтаан шийдвэрлэх-ээр заасан байдаг.

Даатгагчийн зүгээс Иргэний хуулийн 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ. гэж заасны дагуу Даатгалын гэрээний 4.7-д Даатгалын тохиолдол болсон үед хохирлын тухай Даатгуулагч Даатгагчид тэр даруй осол болсон газар дээрээс 1800-1889 утсаар мэдэгдсэн бөгөөд уг хохирол болсон өдрөөс хойш 120 хоногийн дотор нөхөн төлбөрийн шаардлагатай материалыг ирүүлнэ. гэж, мөн гэрээний 4.8-д Даатгуулагч нөхөн төлбөрийн материалыг бүрэн хүлээлгэн өгснөөс хойш Даатгагч төлбөрийг ажлын 14 хоногт багтаан шийдвэрлэнэ гэж заасан буюу Даатгуулагч Д.Н нь 2022 оны 10 сарын 01-ний өдөр даатгалын тохиолдол болсон өдрөөс 2023 оны 02 сарын 01-ний дотор багтаан нөхөн төлбөрийн материалыг Даатгагчид өгөх үүрэгтэй, харин Даатгагч нь тус өдрөөс ажлын 14 хоног буюу 02 сарын 20-ны дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэх үүрэгтэй байсан хэдий ч Даатгуулагч нь нөхөн төлбөрийн материал бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагын зүгээс дараах ажиллагааг хийсэн.

1.2023 оны 01 сарын 10-ны өдөр Даатгуулагчийн 0000000 дугаарт компанийн дотуур дугаар болох 77777777 дугаараар холбогдон нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлтийн талаар лавлахад Даатгуулагчийн зүгээс даатгалын тохиолдолд холбогдох хэргийг прокурорт шилжүүлсэн, прокурорын шийдвэр гараагүй байгаа талаар мэдэгдсэн бөгөөд Даатгагчид Мэргэжлийн Хяналтын газрын дүгнэлтийн хуулбар болон шүүх эмнэлгийн дүгнэлтийн хуулбарыг хамтад нь Даатгалын гэрээний 5.1.4-т Осол болон хохирлын талаар холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт тодорхойлолт гэж заасны дагуу гаргаж өгөхөөр болсон.

2.2023 оны 02 сарын 06-ны өдөр Даатгуулагчийн 0000000 дугаарт компанийн дотуур дугаар болох 77777777 дугаараар холбогдон буруутай этгээд тогтоогдсон талаар, буруутай этгээдээс хохирол шаардах эрхээсээ татгалзсан эсэхийг тодруулан буруутай этгээдээс хохирол буцаан шаардах эрхээсээ татгалзсан тохиолдолд Даатгагч үүргээс чөлөөлөгдөх талаар мэдэгдэхэд Прокурорын шийдвэр гараагүй байгаа талаар хариу хэлсэн тул нөхөн төлбөрийн материал бүрдүүлэх нэмэлт хугацааг хугацаагүйгээр тогтоож, нөхөн төлбөрийн материал бүрэн бүрдүүлж өгөх боломжоор Даатгуулагчийг хангасан.

3.2023 оны 03 сарын 21-ний өдөр Даатгуулагчийн 0000000 дугаарт компанийн дотуур дугаар болох 77777777 дугаараар холбогдох үед ослын бичлэг байгаа бөгөөд үүнийг гаргаж өгөхөөр болсон тул Даатгуулагчаас уг бичлэгийг Даатгалын гэрээний 5.1.10-т Хохирлыг баталгаажуулах бусад шаардлагатай баримт материал гэж заасны дагуу нөхөн төлбөрийн материалыг гаргаж өгөхийг хүлээж, мөн хугацаагаар нөхөн төлбөрийг шийдвэрлэх явц удаашрах талаар мэдэгдсэн.

4.2023 оны 04 сарын 10-ны өдөр Даатгуулагчийн 0000000 дугаарт компанийн дотуур дугаар болох 77777777 дугаараар холбогдох үед ослын бичлэгийг өмгөөлөгч аваад прокурорт өгсөн гэх тайлбарыг өгөхөд нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлтийн талаар дахин зөвлөгөө өгсөн болно.

5.2023 оны 05 сарын 17-ны өдөр Даатгуулагчийн 0000000 дугаарт компанийн дотуур дугаар болох 77777777 дугаараар холбогдох үед шүүхээс хэрэг нь буцсан тул хэргийн материалаас баримт авах боломжгүй байгаа талаар тайлбарлаж, шүүхээр шийдвэрлэгдсэн даруйд өгөхөөр тохирсон баримтаа гаргаж өгөхөөр болсон.

6.2023 оны 06 сарын 09-ны өдөр Даатгуулагчийн 0000000 дугаарт компанийн дотуур дугаар болох 77777777 дугаараар холбогдох үед хэргийн материал прокурор дээр хянагдаж байна гэсэн хариуг өгсөн бөгөөд үүнтэй холбогдуулан Даатгуулагчаас Даатгагчид гаргаж өгөхөөр тохирсон, ослыг баталгаажуулах бичлэгийг даатгуулагч гарган өгөөгүй.

Улмаар Даатгуулагч Д.Н нь 2023 оны 06 сарын 16-ны өдөр Т ХХК-д хандаж Нөхөн төлбөрийн материал бүрэн хүлээлгэж өгсөн байтал 14 хоногт шийдвэрлэж өгөөгүй, гэрээний 4.12-т заасан үндэслэлээр гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алдангийг тооцон даатгалын нөхөн төлбөрийг яаралтай олгоно уу гэсэн албан бичиг ирсэн. Энэхүү ирүүлсэн албан бичгийн дагуу холбогдох ажиллагааг иргэний өргөдөл, санал, хүсэлт, гомдол хүлээн авах ажилтны зүгээс судлан Даатгуулагчийн нөхөн төлбөрийн тохиолдлыг хариуцан ажиллаж байсан Нөхөн төлбөрийн менежер Эгээс холбогдох тайлбарыг авахад Даатгалын гэрээний 5.1.2-т заасан Даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягтыг өнөөдрийг хүртэл бөглөн ирүүлээгүй. Мөн гэрээний 5.1.10-т зааснаар Даатгуулагч өөрөө гаргаж өгөхөөр санаачилсан ослын бичлэг гаргаж өгнө гэсэн хэр нь өнөөдрийг хүртэл ирүүлээгүй бөгөөд Даатгагчийн зүгээс Даатгуулагчид хэрэв хэрэг прокурор дээр хянагдаж байгаа бол тус хэрэг прокурор дээр хянагдаж байгаа талаар албан бичиг, хэрэв шүүхийн шийдвэр гарсан бол шүүхийн шийдвэрийн хуулбарыг Даатгуулагчийн зүгээс холбогдох эрх бүхий байгууллагаас гаргуулан авах хүсэлтийг 2023 оны 06 сарын 09-ний өдөр гаргахад Даатгуулагч зөвшөөрсөн. Яагаад ийм албан бичиг хүргүүлснийг мэдэхгүй байна. Гэрээнд заасан нөхөн төлбөрийн материал бүрэн бүрдээгүй байгаа тул алданги тооцох хугацаа тоолох үндэслэл бүрдээгүй гэж бодож байна" гэсэн тайлбар өгсөн.

Талуудын өгсөн тайлбар, нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлттэй холбоотой судалгааг хийж, Даатгалын багц дүрмийн нэгдүгээр хавсралт Даатгагч болон Даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт-ийн 8.1-д Даатгагч даатгалын нөхөн төлбөр олгохдоо даатгуулагчид хүндрэл учруулахгүй, шуурхай олгох зарчмыг баримтлах, мөн 8.2-т Даатгагч хууль хяналтын болон мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг даатгуулагчаас шаардах тохиолдолд уг дүгнэлт гараагүй байхад даатгалын гэрээнд заасан хугацаа өнгөрсөн шалтгаанаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзахгүй байх, 8.6.6-д Даатгагч нь гэрээнд заасан хугацаанд багтаан даатгалын нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг шийдвэрлэсэн байна. Хэрэв нөхөн төлбөрийг олгох боломжгүй бол Даатгалын тухай хуульд заасны дагуу бичгээр мэдэгдэнэ. гэж тусгасныг баримтлан нөхөн төлбөр олгохоос татгалзсан талаар албан бичиг Даатгуулагчид хүргүүлээгүй тул нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлтийн хугацаанд Даатгуулагч уг гомдлыг гаргасан байдаг.

Тус гомдлын хариуг ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэж 2023 оны 06 сарын 22-ны 23/317 тоот албан бичгээр цахимаар Даатгуулагчийн [email protected] мэйлээр хүргүүлсэн бөгөөд Даатгуулагчаас тус материалуудыг гарган өгөхөөс татгалзсан гэж үзэж 2023 оны 06 сарын 16-ны өдөр ирүүлсэн гомдлын дагуу сүүлийн байдлаар ирсэн баримтын хүрээнд Даатгуулагчийн нөхөн төлбөрийг шийдвэрлэх, Даатгуулагч нь буруутай этгээд тогтоогдмогц мэдэгдэх буюу буруутай этгээдийг тогтоолгох, нөхөн төлбөр буцаан нэхэмжлэхэд хамтран ажиллах талаар хүргүүлсэн. Үүний дараа буюу 2023 оны 06 сарын 23-ны өдөр Т ХХК-ийн Эрсдэлийн удирдлагын хорооны хэлэлцүүлгээр Даатгуулагч Д.Нгийн нөхөн төлбөр хүссэн тохиолдолтой холбогдуулан санал хурааж, буруутай этгээдийг эрх бүхий байгууллагаар тогтоолгох, буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх ажиллагааг хийх нөхцөлтэйгөөр нөхөн төлбөрийг олгох шийдвэр гарч 2023 оны 06 сарын 23-ны өдөртөө Даатгуулагчийн Хас Банкан дахь 001 тоот зээлийн данс руу нөхөн төлбөрийг шилжүүлсэн бөгөөд Даатгуулагч гэрээнд заасан нөхөн төлбөрийн материалыг бүрэн бүрдүүлж өгөөгүй хэдий ч Даатгуулагчийн саналыг харгалзан Даатгагчийн зүгээс Даатгалын гэрээний 2.2.4-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн болно. Иймд нэхэмжлэгч Д.Нгийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Т ХХК-аас Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-ний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцон 24,655,305 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үу гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамж төлбөр баримт, Д.Нгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ, Хас банк ХК-нийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №1010051749 дугаартай Зээлийн гэрээний хуулбар, Д.Нгийн 01034707 дугаар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №0000000021 дугаар ипотекийн гэрээний хуулбар, тус гэрээний хавсралт 1, тус гэрээний хавсралт 2, Хас банк ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/1998 дугаартай албан тоотын хуулбар, Б.Б нас барсны гэрчилгээний хуулбар, үйлдвэрлэлийн осол, хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудасны хуулбар, үйлдвэрлэлийн осол, хордлогыг судлан бүртгэсэн актын хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2567 дугаар дүгнэлт, Б.Б, Д.Н нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Д.Нгийн Т ХХК-д 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хүсэлт, Д.Нгийн Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан хүсэлтийн хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооноос Д.Нд хүргүүлсэн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн албан тоотын хуулбар, Д.Нгийн дансны тодорхойлолт 2023 оны 08 дугаарсарын 08-ны өдрийн байдлаар, Д.Нгийн Хас банкны 001 дугаар дансны 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хоорондох дансны хуулга, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар, нэхэмжлэгчийн итгэний үнэмлэхний хуулбар, өмгөөлөгчийн үнэмлэхний хуулбар,

3.2. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Д.Нгийн Т ХХК-д 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хүсэлт, Т ХХК-ийн Д.Нд хүргүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 23/317 дугаартай албан бичиг, Т ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 23/01128 дугаар эрсдлийн удаирдлагын хорооны тогтоол,

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд: Тус шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу хүсэлт хангаж шийдвэрлэсний дагуу 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримт авагдсан байна.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

4.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Т ХХК-нд холбогдуулан Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-ний үүрэгт алданги 24,655,305 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

6. Хариуцагч Т ХХК нь даатгуулагчийг нөхөн төлбөрийн материал бүрэн бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй, даатгуулагч нөхөн төлбөрийн материалыг бүрэн хүлээлгэж өгснөөс хойш төлбөрийг 14 хоногт багтаан шийдвэрлэх, нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлтийн хугацаанд Даатгуулагч гомдол гаргасанд үндэслэн материалуудыг гарган өгөхөөс татгалзсан гэж үзэж, ирсэн баримтын хүрээнд шийдвэрлэж нөхөн төлбөрт 49,310,611 төгрөгийг шилжүүлсэн үндэслэлээр алданги 24,655,305 төгрөгийг төлөхийг эс зөвшөөрч маргасан.

7. Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1 ХасБанк ХХК нь нэхэмжлэгч Д.Н, талийгаач Б.Б нартай 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1010051749 дугаар Зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 99,000,000 төгрөгийг, 180 сарын хугацаатай, жилийн тогтмол 6 хувийн хүүтэй, нийтийн орон сууц худалдан авах зориулалтаар зээл олгож, мөн өдөр №0000000021 дугаартай Ипотекийн гэрээ байгуулж, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эрхийн улсын бүртгэлийн Ү-00000001 дугаартай, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 103/1 байр, 115 тоот хаягт байршилтай, 65.95 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх-ийн 8-16-р тал/

7.2 Зээлдэгч нар нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Т ХХК-тай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулж, даатгуулагч гэрээнд заасан эрсдэлийн улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар бүрэн алдсан тохиолдолд Даатгагч нөхөн төлбөрийг тухайн даатгуулагчийн зээлийн төлбөр хариуцах хувиар тооцож олгохоор тохиролцжээ. /хх-ийн 7-р тал/

7.3 Даатгуулагч, хамтран зээлдэгч Б.Б нь даатгалын гэрээний хугацаанд буюу 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үйлдвэрлэлийн осолд орж, нас барсан болох нь 1100004906 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, үйлдвэрлэлийн осол, хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудасны хуулбар, үйлдвэрлэлийн осол, хордлогыг судлан бүртгэсэн актын хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2567 дугаар дүгнэлт, зохигчийн тайлбараар тогтоогдсон./хх-ийн 18-23-р тал/

7.4 Нэхэмжлэгч Д.Н нь өөрийн нөхөр Б.Бг нас барсан талаар даатгалын тохиолдол бий болсон өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Даатгагчид мэдэгдсэн талаар маргаангүй.

7.5 Д.Н нь хариуцагч Т ХХК-нд холбогдох материалуудыг бүрдүүлэн өгсөн, даатгалын гэрээний талууд харилцан холбогдож байсан, хариуцагчаас даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр гаргаж байгаагүй болох нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавсаргасан баримтууд, үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

7.6 Нэхэмжлэгч нь нөхөн төлбөрийг гаргуулахаар 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Т ХХК болон Санхүүгийн зохицуулах хороонд тус тус нэг агуулга бүхий гомдлыг гаргасан болох нь хэрэгт авагдсан өргөдөл гомдлууд, тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 25-30, 46-47-р тал/

7.7 Санхүүгийн зохицуулах хороо гомдолд 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 9/3016 тоот албан бичгээр нөхөн төлбөрийг даатгуулагчийн зээлийн хариуцах хэсэг буюу зээлийн үлдэгдлийн 52.01 хувиар тооцон олгосон байна. Мөн Т ХХК-аас ирүүлсэн тайлбарт алдангийн талаар дурдаагүй байх бөгөөд энэ асуудлаар иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг зөвлөж байна гэсэн хариуг өгсөн байх тул нэхэмжлэгчийг Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй./хх-ийн 30-р тал/

7.8 Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгч Д.Нд даатгалын нөхөн төлбөр 49,310,611 төгрөгийг түүний Хасбанкны 001 тоот харилцах дансанд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн талаар талууд маргаангүй. /хх-ийн 2, 48-50-р тал/

8. Талууд даатгалын гэрээ байгуулагдсан, даатгуулагч 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үйлдвэрлэлийн ослын улмаас нас барж, даатгалын тохиолдол үүссэн үйл баримтад маргаагүй.

9. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 431.1 дэх хэсэгт Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, 431.2 дахь хэсэгт Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна гэж зааснаар даатгалын гэрээний харилцаа үүссэн байна.

 

10. Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээхээр заасны дагуу талууд гэрээний үндсэн үүргээ хэн аль нь биелүүлсэн байна.

 

11. Гагцхүү талууд алданги төлөх нөхцөл бүрдсэн эсэх, даатгуулагч шаардлагатай материалуудыг бүрэн бүрдүүлэн өгсөн эсэх, гэрээнд зааснаар нөхөн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн эсэхэд маргаж, мэтгэлцэж байна.

 

11.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Т ХХК-тай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 4.12-т Даатгагч даатгалын гэрээ болон холбогдох журамд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож олгоно гэж алдангийн талаар талууд тохиролцсон.

 

11.2 Даатгагч даатгалын гэрээ болон холбогдох журамд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй эсэхийг шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд хянахад:

 

Даатгалын гэрээний 2.2.4-т Даатгуулагч нөхөн төлбөрийн материалыг бүрэн хүлээлгэн өгснөөс хойш Даатгагч нөхөн төлбөрийг ажлын 14 хоногт багтаан шийдвэрлэх үүргийг даатгагч хүлээжээ.

 

Нэхэмжлэгч нь даатгалын материалыг даатгагчид бүрэн бүрдүүлэн өгсөн талаар тайлбарлаж, хариуцагч тал гэрээний 5.1.2-т зааснаар даатгалын нөхөн төлбөрийн маягтыг бөглөн ирүүлээгүй, гэрээний 5.1.10-т заасан материалыг ирүүлэхийг хүссэн, даатгагчтай тухай бүр холбогдож асууж байсан, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр холбогдож ослын бичлэг авахаар тохиролцсон боловч ирүүлээгүй тул хугацаа удааширсан гэжээ.

 

Гэрэээний 5.1-т даатгуулагч нь даатгалын тохиолдлын үед дараах материалыг бүрдүүлэн даатгагчид хүлээлгэн өгнө гэсний 5.1.10-т хохирлыг баталгаажуулах бусад шаардлагатай баримт материалыг өгөх талаар, мөн гэрээний 2.1.2-т даатгагч ...бүрэн судалж үзсэний үндсэн дээр шийдвэрлэх эрхтэй гэж тус тус заасан байна.

 

Талуудын шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбаруудыг шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд шалгахад нөхөн төлбөр шилжүүлэн авах дансны мэдээллийг нэхэмжлэгч бүрдүүлсэн баримтдаа гарган өгсөн болох нь Хасбанкны албан бичгээр нотлогдож байх боловч гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөрийн маягтыг бөглөн ирүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Т ХХК-ийн ажилтны хүсэлтийг зөвшөөрч нэмэлт материал гарган өгөх талаар маргаангүй байсан болох нь хэрэгт авагдсан үзлэлийн тэмдэглэлээр нотлогдож байна. /хх-ийн 69-73-р тал/

 

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй, Даатгалын гэрээний 2.2.4-т зааснаар Даатгуулагч нөхөн төлбөрийн материалыг бүрэн хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй, даатгагчийн шаардсан нэмэлт материалыг гарган өгөхийг даатгуулагч татгалзаагүй, зөвшөөрч байсан болох нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрүүдэд утсаар ярьсан дуу бичлэгээр нотлогдож байх тул хариуцагч Т ХХК-г гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,227 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй./хх-ийн 5-р тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-нд холбогдох алданги 24,655,305 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,227 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА