Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/03

 

Ц.Бхолбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Т.Ж, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Д.Б,

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2019/ХМШЗ/07 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б-ы давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Завхан гол багт оршин суух, 19 ... оны ... дүгээр сарын ... -ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2018/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолоор хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч шийтгүүлсэн ДЛ71.............. регистрийн дугаартай, Б овогт Ц.Б

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б овогт Ц.Б-д тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2018/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Б оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Ц.Б-ыг цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Ялтан Ц.Б шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: Миний бие Ц овогтой Б ГАА-Хөхморьт сумд 1971 онд төрсөн. 49 настай, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. 2018 оны 10 сард архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж найзынхаа мотоциклийг жолоодон шүүхэд шалгагдаж 2 жилийн тэнсэн авсан юм. Энэ хугацаанд зөрчил гаргалгүй байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 25-нд архи ууж эрүүлжүүлэхэд хоносон юм. Тиймээс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 зүйл ангиар 6 сарын хорих ял авсан. Би эмчийн хяналтанд байдаг. 2006 онд хүзүү нурууны хагалгаанд орсон. /хадаастай юм/ Түүнээс хойш толгой, нуруу байнга өвддөг болсон юм. Би дахин архи ууж зөрчил гаргахгүй тул хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2018/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолоор ялтан Б овогт Ц.Б-ыг 2 жилийн хугацаагаар тэнссэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Б оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ.

 

 Анхан шатны шүүх шүүгчийн захирамжаар Ц.Б 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Б оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт. Монгол улсын нэрийн өмнөөс гарах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна гэж заажээ.

 

“Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд: Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана, Шүүх захиргааны зөрчил, хэрэг, маргааныг хянан хэлэлцээд анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр гаргана гэжээ.

 

Уг зохицуулалтаас харахад шүүгчийн захирамж нь хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан түүний явцад гарч буй эрхийн акт байна. Монгол улсын нэрийн өмнөөс гаргасан шийтгэх тогтоолыг захирамжаар хүчингүй болгож, хорих ял оногдуулах нь эрх зүйн актын хэлбэрийн хувьд буруу байх ба шийтгэх тогтоолоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Шүүгдэгч Ц.Б 36 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байвал давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан буюу эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ Ч.Э

 ШҮҮГЧИД Т.Ж

 Ш.Б