Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч Г.Манлай, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Б.Алтангэрэл, Б.Сумъябазар, тэдний өмгөөлөгч Л.Ган-Очир, Д.Отгонбаяр, У.Бат-Оргил, Б.Мөнх-Эрдэнэ, тэдний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Манлай, Б.Алтангэрэл, Д.Отгонбаяр, Б.Сумъябазар, У.Бат-Оргил, Б.Мөнх-Эрдэнэ, нарт холбогдох эрүүгийн 201721000139 дугаартай, 178/2017/0085/э/ индекстэй хэргийг 2017 оны 8 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 2001 оны 7 сарын 14-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Буянт сумын 12 жилийн дунд сургуулийн 11-р анги төгссөн, ам бүл 4, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Буянт сум Норжинхайрхан багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай. Эмч овогт Ганболдын Манлай, /РД: ПВ01271416/.

Монгол Улсын иргэн, 1999 оны 12 сарын 13-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Буянт сумын 12 жилийн дунд сургууль төгссөн, Ховд Их Сургуульд элсэн орсон, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Ховд аймгийн Буянт сум Норжинхайрхан багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай. Цагаан шувуут овогт Баясгалангийн Алтангэрэл, /РД: ПВ99121333/.

Монгол Улсын иргэн, 1999 оны 11 сарын 10-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Буянт сумын 12 жилийн дунд сургууль төгссөн, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуульд элсэн орсон, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Ховд аймгийн Буянт сум Норжинхайрхан багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай. Хантай овогт Даваасүрэнгийн Отгонбаяр, /РД: ПВ99111011/.

Монгол Улсын иргэн, 2000 оны 9 сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Буянт сумын 12 жилийн дунд сургуулийн 11-р анги төгссөн,  ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Буянт сум Норжинхайрхан багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай. Бүргэдүүд овогт Баатарчулуун Сумъябазар, /РД: ПВ00291036/.

Монгол Улсын иргэн, 1999 оны 7 сарын 13-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Буянт сумын 12 жилийн дунд сургуулт төгссөн, Батлан хамгаалахын их сургуульд элсэн орсон, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Буянт сум Норжинхайрхан багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай. Шар хяргас овогт Улаанхүүгийн Бат-Оргил, /РД: ПВ99071310/.

Монгол Улсын иргэн, 2001 оны 5 сарын 29-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Буянт сумын 12 жилийн дунд сургуулийн 11-р анги төгссөн, ам бүл 3, эх, ахын хамт Ховд аймгийн Буянт сум Норжинхайрхан багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай. Боржигон овогт Болормаагийн Мөнх-Эрдэнэ, /РД: ПВ01252916/.

 

                          Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Манлай,  Б.Алтангэрэл, Б.Сумъябазар, Л.Ган-Очир, Д.Отгонбаяр, У.Бат-Оргил, Б.Мөнх-Эрдэнэ нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-ний өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сум Баатархайрхан багийн 11-11 тоот хашаанд байрлах иргэн Ю.Байгалмаагийн түүхий эдийн складанд хууль бусаар нэвтрэн орж 59 килограмм ноолуур хулгайлж хохирогч Ю.Байгалмаад 3 422 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Манлай,  Б.Алтангэрэл, Б.Сумъябазар, Л.Ган-Очир, Д.Отгонбаяр, У.Бат-Оргил, Б.Мөнх-Эрдэнэ нар нь шүүхийн хэлэлцүүлэгт бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-ний өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сум Баатархайрхан багийн 11-11 тоот хашаанд байрлах иргэн Ю.Байгалмаагийн түүхий эдийн складанд хууль бусаар нэвтрэн орж 59 килограмм ноолуур хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар гэм буруугийн талаар болон яллагдагчаар татаж яллах дүгнэлтэд  үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийн талаар маргахгүй гэсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн дараах бичгийн нотлох баримтаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

          1.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-3-6 дугаар хуудас/,

          2.Хохирогч Ю.Байгалмаагийн “2017-04-29-ний өглөө 10 цагийн үед хүүхдийнхээ хонхны баярт байж байтал манай нөхөр Т.Шонт над руу залгаад манай склатнаас 3 шуудай ноолуур алга болсон байна гэсэн. Тэгэхээр би склатандаа ирсэн чинь гадна талын хаалга цоож зүгээр байсан. Тэгээд склат руу ороод харсан чинь хойд талынхан дээвэр дээрээс зааг гарсан байсан. Манай склатнаас нийт 3 уут 59 кг ноолуур алдагдсан байсан. Манай 3 уут ноолуурыг манай төрсөн эгчийн хүүхэд болох Манлай найзуудынхаа хамтаар хулгайлсан байсан. Би ноолуураа бүрэн бүтэн буцааж авсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34 дүгээр хуудас/,

          3.Гэрч Т.Шонтын “2017-04-29-ний өглөө 10 цагийн үед би өөрийнхөө туслах ажилтан болох Батболд, Нарангарав хоёртой хамт ирээд складаа онгойлгоод ууталсан ноолуураа ачих гээд номерлож байтал ууталсан ноолуураас 3 уут ноолуур дутсан тэгэхээр би... складаа тойруулаад харсан чинь дээврийн хойд талаар зааг гарсан байсан. Манай складнаас нийт 3 уут 59 кг ноолуур алдагдсан байсан. Манай эхнэрийн эгчийн хүүхэд болох Манлай хажуудаа найзууд болох Мөнх-Эрдэнэ, Алтангэрэл, Сумъяабазар гэдэг хүүхдүүдийн хамт хулгайлсан байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 37 дугаар хуудас/,

          4.Хулгайд алдагдсан 59 кг ноолуурыг 3 422 000 үнэлсэн үнэлгээчин Ч.Мөнхцоозын үнэлгээний тайлан. /1 дүгээр хх-ийн 41 дүгээр хуудас/,

          5.Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 59 дугаартай “Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан Шүүх гэрэл зургийн үзүүлэлтийн “Зураг №6” дээрх гутлын улны өсгийний хэсгээс мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй Шүүх гэрэл зургийн үзүүлэлтийн “Зураг №6" дээрх гутлын улны өсгийний хэсгийн мөр нь сэжигтэн Г.Манлайгаас хураан авсан гутлын зүүн өмсгөлийн улны өсгийний хэсгийн мөртэй өрөнхий шинж тэмдэгтээрээ тохирч байна” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 44-46 дугаар хуудас/,

          6.Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаартай “Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан Шүүх гэрэл зургийн үзүүлэлтийн “Зураг №7” дээрх гутлын улны өсгийний хэсгээс мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй Шүүх гэрэл зургийн үзүүлэлтийн “Зураг №7” дээрх гутлын улны өсгийний хэсгийн мөр нь сэжигтэн Б.Мөнх-Эрдэнээс хураан авсан гутлын баруун өмсгөлийн улны өсгийний хэсгийн мөртэй ерөнхий шинж тэмдэгтээрээ тохирч байна” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 50-53 дугаар хуудас/

          7.Гэрч Д.Анхбаярын “2017-04-29-ний өдөр миний төрсөн дүү Д.Отгонбаяр над руу өглөө утсаар яриад манай найзууд ноолуур хулгайлаад авчих лаа хулгайлж авсан ноолуурын хажууд одоо Б.Сумъяабазар, Б.Мөнх-Эрдэнэ, Г.Манлай нар байгаа ноолуур хадгалах газар байна уу гэж надаас асуусан тэгэхээр нь би за би эргээд яръя гээд Ховд аймагт байдаг Батсүх ах руу залгаад манай дүүд хулгайлсан ноолуур байна та хадгалаад өгөөч гэсэн Ж.Батсүх ах за тэгье гэж хэлсэн тэгэхээр би талын хашааны шинэ дулааны тэнд байгаа юм шиг байна урдаас нь тосоод аваадах гэж хэлсэн чинь за гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь 20 цагийн үед над руу яриад нөгөө ноолуур чинь баригдчихлаа. Батдорж ах манайд ирээд машиныхаа юм авах гээд амбаар луу ороод ноолуур байхаар нь энэ хэний ноолуур юм яахаараа чамд ийм их ноолуур байгаа юм вэ гэж асуухаар нь би хэлчихлээ.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 179 дүгээр хуудас/

          8.Гэрч Ж.Батсүхийн “Би Анхбаяр луу залгаад ноолуураа ирээд аваачээ хашаа онгорхой алга болчихвол яах юм вэ гэсэн чинь Анхбаяр наа чинь хулгайн ноолуур байгаа юм манай дүү Шонтын складнаас ноолуурыг нь хулгайлсан байна та хадгалж бай гэж хэлсэн ... тэгэхээр нь би утсаа таслаад өөрийнхөө төрлийн ах болох Батдорж руу залгаад манайд хулгайн ноолуур байна Шонт гэдэг хүний ноолуур байна гэж хэлчихээд Шонтийн хашаанд очсон чинь тэдний хадам ээж нь байсан тэгэхээр нь би ... гараад гэрт очоод байж байтал Батдорж ах хүрээд ирсэн тэгээд би болсон явдлыг талаар хэлсэн чинь Батдорж ах Шонт руу яриад тэгээд тэд нар цагдаа нартаа ирээд тухайн ноолуурыг хураагаад авсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 177 дугаар хуудас/

          9.Гэрч А.Аягулийн “2017-05-28-ны орой 23 цагийн үед Манхан сумаас тэмцээнд ирлээ гэж 3 хүүхэд ирсэн тэгээд өрөө амбаар байна уу гэхээр нь 301 тоот өрөө буюу 3 давхрын том өрөөг 35 000 төгрөгөөр авсан. Тэгээд тухайн өрөөндөө байж байгаад шөнийн 03 цагийн үед бүгдээрээ гараад яваад өгсөн. Тухайн үед би бүртгэлийн журналд бүртгээгүй шууд оруулсан. Гарч ороод явж байхдаа дахиад хүүхдүүд нэмэгдсэн байх яг хэдэн хүүхэд нэмэгдсэнийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 5,6 хүүхэд болсон байх." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 191-192 дугаар хуудас/

          10.Насанд хүрээгүй яллагдагч Б.Алтангэрэлийн “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Бид нар өөрсдөө ярилцаж байгаад хулгай хийсэн юм аа. Отгонбаяр, Бат-Оргил нар бид нарыг хулгай хийж байгааг мэдэж байсан. Бид хоёр энд байж байя та нар явчихаад ир гэж хэлсэн. Тэгээд Отгонбаяр, Бат-Оргил хоёр үлдсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 194-195 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,

          11.Насанд хүрээгүй яллагдагч Г.Манлайгийн “Бид нар уулзаж байгаад анх хулгай хийх санааг би өөрөө гаргасан. Тэгээд нөгөө хэд миний санааг дэмжиж хамт хулгайлахаар болсон юм.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 197-198 дугаар хуудас/,

          12.Насанд хүрээгүй яллагдагч Б.Мөнх-Эрдэний “...Бид өөрсдөө ярилцаж байгаад хулгай хийчихсэн юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 201-202 дугаар хуудас/,

          13. Насанд хүрээгүй яллагдагч Д.Отгонбаярын “...Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад энэ гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 204-205 дугаар хуудас/,

          14.Насанд хүрээгүй яллагдагч У.Бат-Оргилын “Надад энэ гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн зүйл байхгүй. Манлай анх санааг хэлээд бид нар хамт Ховд аймаг явахаар болсон ямар нэгэн гадны нөлөө шалтгаан байхгүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 211 дүгээр хуудас/,

          13.2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 230-233 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч нарын бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-ний өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сум Баатархайрхан багийн 11-11 тоот хашаанд байрлах иргэн Ю.Байгалмаагийн түүхий эдийн складанд хууль бусаар нэвтрэн орж 59 килограмм ноолуур хулгайлж хохирогч Ю.Байгалмаад 3 422 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн ба шүүгдэгч нарын дээрх үйлдэл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тооцогдож байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ. 2015 оны 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан оногдуулах ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас хүнд, хуулийг буцаан хэрэглэвэл шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.   

Иймд шүүгдэгч нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг бүлэглэн агуулах саванд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч нар нь насанд хүрээгүй, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нар ерөнхий боловсролын 10 жилийн сурагч болон их, дээд сургуульд элсэн орж байгаа, шүүгдэгч нарт тавих ар гэрийн хараа хяналт сайн зэрэг шүүгдэгч нарын хувийн байдал, амьдралын түвшин, гэр бүл, хамт олны дунд хүмүүжих боломж зэргийг харгалзан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулах нь зохистой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч нар нь насанд хүрээгүй болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 26-31 дүгээр хуудсанд авагдсан нас тоолсон тэмдэглэл, анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 121-124, 2 дугаар хавтаст хэргийн 23-30 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч нарын ял шалгах хуудас, бусдад төлөх төлбөргүй болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дугаар хуудсанд авагдсан “...би алдагдсан ноолуураа буцаагаад авсан миний 59 кг ноолуур бүрэн бүтэн байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна” гэх хохирогчоор байцаасан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т “...эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан гэмт хэрэгт шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон ба тус хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар шүүгдэгч нар нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байна.

 

 

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бор оруулгатай гутал, хар өнгийн пүүз зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Г.Манлай, Б.Алтангэрэл, Д.Отгонбаяр, Б.Сумъябазар, У.Бат-Оргил, Б.Мөнх-Эрдэнэ нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Манлай, Б.Алтангэрэл, Д.Отгонбаяр, Б.Сумъябазар, У.Бат-Оргил, Б.Мөнх-Эрдэнэ нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдэнд ял оногдуулаагүй тул Б.Алтангэрэлийн хувьд ногдох хөрөнгө болох 37 инчийн BSB маркийн LCD зурагт, Б.Манлайгийн хувьд ногдох хөрөнгө болох Monel маркийн 32 инчийн зурагт, насанд хүрээгүй хохирогч Б.Сумъяабазарын хувьд ногдох хөрөнгө болох Sharp маркийн 32 инчийн LCD зурагт, Д.Отгонбаярын хувьд ногдох хөрөнгө болох BSB маркийн хөргөгч, У.Бат-Оргилын хувьд ногдох хөрөнгө болох Sharp маркийн хөргөгч зэргийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 8 сарын 01-ний өдрийн 5/05, 5/06, 5/07, 5/08, 5/09, 5/10 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 34.1 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:              

  1. Эмч овогт Ганболдын Манлай, Цагаан шувуут овогт Баясгалангийн Алтангэрэл, Хантай овогт Даваасүрэнгийн Отгонбаяр, Бүргэдүүд овогт Баатарчулуун Сумъябазар, Шар хяргас овогт Улаанхүүгийн Бат-Оргил, Боржигон овогт Болормаагийн Мөнх-Эрдэнэ нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Манлай, Б.Алтангэрэл, Д.Отгонбаяр, Б.Сумъябазар, У.Бат-Оргил, Б.Мөнх-Эрдэнэ нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга арга хэмжээ оногдуулж, 6 /зургаа/ сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгаж, Г.Манлайг эх Ю.Батхишигийн, Б.Алтангэрэлийг эцэг Н.Баясгалангийн, Д.Отгонбаярыг эцэг Ц.Даваасүрэнгийн, Б.Сумъяабазарыг эх О.Оюунчимэгийн, У.Бат-Оргилийг эцэг С.Улаанхүүгийн, Б.Мөнх-Эрдэнийг хууль ёсны төлөөлөгч Б.Болормаагийн хяналтанд тус тус өгсүгэй.
  3. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн оруулгатай гутал, хар өнгийн пүүз зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Цэрэннадмидад даалгасугай.
  5. Б.Алтангэрэлийн хувьд ногдох хөрөнгө болох 37 инчийн BSB маркийн LCD зурагт, Б.Манлайгийн хувьд ногдох хөрөнгө болох Monel маркийн 32 инчийн зурагт, насанд хүрээгүй хохирогч Б.Сумъяабазарын хувьд ногдох хөрөнгө болох Sharp маркийн 32 инчийн LCD зурагт, Д.Отгонбаярын хувьд ногдох хөрөнгө болох BSB маркийн хөргөгч, У.Бат-Оргилын хувьд ногдох хөрөнгө болох Sharp маркийн хөргөгч зэргийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 8 сарын 01-ний өдрийн 5/05, 5/06, 5/07, 5/08, 5/09, 5/10 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг тус тус хүчингүй болгосугай.
  6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Манлай, Б.Алтангэрэл, Д.Отгонбаяр, Б.Сумъябазар, У.Бат-Оргил, Б.Мөнх-Эрдэнэ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.БАЯСГАЛАН