| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03204/И |
| Дугаар | 181/ШШ2024/02833 |
| Огноо | 2024-07-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2024/02833
2024 07 26 181/ШШ2024/02833
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Д.Ц нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Б холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 19,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр над руу ярьж, яаралтай мөнгө хэрэгтэй байна, зээл хаах мөнгө хэрэгтэй байна гэсний дагуу би өөрийн данснаас 19,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн.
Гэвч ******* нь өнөөдрийг хүртэл маш олон шалтаг шалтгаан хэлж, зээлээ эргэж төлөхгүй, нийт 7 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд миний бие болон сэтгэл зүйн дарамттай байна.
Иймд хариуцагч ******* нь хэлэлцэн тохиролцсоны дагуу зээлээ одоог хүртэл барагдуулаагүй байгаа тул зээлүүлсэн мөнгө болох 19,000,000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,950 төгрөгийн хамт гаргуулж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
*******гийн нэхэмжлэлийг уншиж танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 3,000,000 төгрөгийг *******гийн дансанд хийсэн тул үлдэх 16,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлээс 3,000,000 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна гэжээ.
3. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
*******гийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох 19,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,000,000 төгрөгийн 3,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нь үлдэх 16,000,000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 8,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 8,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 19,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,000,000 төгрөгийн 3,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нь үлдэх 16,000,000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 8,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 8,000,000 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, *******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. *******гийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох 19,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,000,000 төгрөгийн 3,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нь үлдэх 16,000,000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 8,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 8,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, *******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,950 төгрөгөөс 126,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 126,475 төгрөгийг, хариуцагч *******ээс 126,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ