| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Отгонтуяа |
| Хэргийн индекс | 128/2023/0709/3 |
| Дугаар | 128/ШШ2023/0931 |
| Огноо | 2023-12-05 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2023/0931
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Моносфарм трейд ХХК
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын худалдааны 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоол /Монос фарм трейд ХХК-ийг эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон/-ыг хүчингүй болгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг, Б.Бат-Орших, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Батхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Халиунаа, Л.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Моносфарм трейд ХХК-аас хариуцагчид холбогдуулан шүүхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын худалдааны 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоол /Моносфарм трейд ХХК-ийг эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон/-ыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Хэргийн нөхцөл байдлын талаар:
2.1. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Өрсөлдөөний тухай хууль-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын 2010 оны 298 тоот тогтоолоор батлагдсан Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгийг тогтоох журам-ын дагуу эмийн импортын зах зээлийн төлөв байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх Эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг 2023 оны 06 дугаар сарын 15-ны хийж гүйцэтгэсэн байна.
2.2. Үүний дараа дээрх судалгааг үндэслэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын хэмжээнд эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд Монос фарм трейд ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон 05 дугаар тогтоолыг гарган 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01/1026 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлжээ.
3. Процессийн түүхийн талаар:
Нэхэмжлэгчээс 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 0798 дугаар албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт судалгааг нягтлан үзэж уг 05 дугаар тогтоолыг хүчингүй болгох хүсэлт бүхий албан бичгийг хүргүүлсэн байх ба хариуцагчаас хариу өгөөгүй тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.
4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар:
4.1. Нэхэмжлэгчээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоол /Моносфарм трейд ХХК-ийг эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон/-ыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ
4.2. ... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар тус компанийг эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох хуралдааныг хийхдээ Монгол Улсын Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д ... оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж заасан байтал огтхон ч тайлбар, санал гаргах боломжоор хангалгүйгээр тус маргаан бүхий эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг гаргасан болно. Үүнтэй холбогдуулан тус компанийн зүгээс 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 0798 тоот албан бичгээр гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд тодорхой хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасны дагуу нэхэмжлэл гаргасан;
4.3. Зах зээлийн хүрээг эмийн импортын зах зээл гэж тодорхойлсон нь хууль журамд нийцээгүй
... зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоохдоо Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан Зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журамын дагуу судлан тогтоодог. Тус журмын 3.2-д Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох нь бараа бүтээгдэхүүнийг хэрэглээ, зориулалтаар нь ангилж, тэдгээрийн харилцан орлох бараа бүтээгдэхүүний бүлгийг тодорхойлоход чиглэгдсэн үйл ажиллагаа гэж тодорхойлсон;
4.4. ... эмийн импортын зах зээл гэж хэт ерөнхий тодорхойлсон нь үндэслэлгүй бөгөөд нийт эмийн зах зээлийн 80 орчим хувийг импортоор, 20 гаруй хувийг дотоод /нэр төрлийн талаарх мэдээлэл оруулах/-д үйлдвэрлэн хангадаг. Өөрөөр хэлбэл дотоодод үйлдвэрлэдэг эмүүд нь импортын багагүй хэсгийг харилцан орлох боломжтой бөгөөд уг судалгаа нь зөвхөн импортын гэсэн агуулгаар явцуу хийгдсэн нь дээр дурдсан журмын дагуу бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлоогүй болохыг харуулж байдаг. Мөн эм нь ерөнхий нэршлээр харилцан орлох шинж чанар бүхий бүлгийг бий болгох бөгөөд нийт импортын эмийг бүхэлд нь харилцан орлох бүлэг гэж тодорхойлж байгаа нь үндэслэлгүй;
4.5. ...Зах зээлд эзлэх хувийг тогтооход бодит байдалд нийцээгүй тоо, мэдээлэл ашигласан нь үндэслэлгүй
Импортын хэмжээг тооцохдоо бодит байдлаас зөрүүтэй тоо, мэдээлэл ашигласан. Тухайлбал, тус компанийг 2022 оны 335,4 тэрбум төгрөгийн эмийн импорт хийсэн гэж тооцсон бөгөөд гаалийн лавлагаагаар 191,3 тэрбум төгрөгийн импорт хийгдсэн болох нь гаалийн байгууллагын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн лавлагаагаар нотлогддог. Өөрөөр хэлбэл судалгаанд ашигласан 335,4 тэрбум төгрөгийн импорт хийгдсэн тоо, мэдээлэл нь ор үндэслэлгүй буюу илэрхий алдартай ;
4.6.Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 198 дугаар тогтоолоор батлагдсан давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-д заасан зах зээлд эзлэх хувийг тооцохдоо борлуулалтын орлого, биет хэмжээ гэсэн хоёр хэмжигдэхүүнээр тооцохоор заасан байтал импортын тоо, мэдээллийг ашигдаж зах зээлд эзлэх хувийг тооцсон нь үндэслэлгүй;
4.7. ...Зах зээлд эзлэх хувийг тооцохдоо дээрх журмын 5.1.1-д заасны дагуу тухайн аж ахуй эрхлэгчийн борлуулалтын орлого болон биет хэмжээг нийт хэмжээнд харьцуулах байдлаар тооцохоор заасан. Гэтэл судалгаанд ашигласан нийт импортын хэмжээ нь ямар эх сурвалж бүхий тоо, мэдээлэл ашигласан нь тодорхой бус үндэслэлгүй байна;
4.8. ...Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг хийхдээ зах зээлийн хүчийг тогтоохоор журамд заасан боловч энэ талаарх судалгаа огт хийгдээгүй зэрэг нь уг судалгааг Өрсөлдөөний тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан Зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-ын дагуу хийгдээгүй болохыг харуулж байна;
4.9. ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийгдсэн эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох судалгаанд Моносфарм трейд ХХК-ийг 2021 онд нийт зах зээлийн 28 орчим хувийг эзэлж байсан бол 2022 онд 46 хувь болсон гэж ор үндэсгүйгээр дүгнэхдээ бодит байдалд нийцээгүй тоо мэдээлэл ашигласан. Гэтэл бодит байдалд тус компанийн импортын болон борлуулалтын орлогын тоо, хэмжээ өмнөх оноос төдий л өсөөгүй, хэвийн хэмжээн байсан. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 5.2-д заасан тодорхой бүтээгдэхүүний зах зээлийн 3/1-д хүрээгүй буюу давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзэх үндэслэл бүрдээгүй гэж үзэж байна.
Зах зээлд эзлэх хувь болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас гаргасан тоо баримт дурдаж болно. 3/1 хүрээгүй гэдгийг шууд нотлох баримт байвал дурдаж гаргах;
4.10. Эдгээр үндэслэлүүд нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт нь 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; гэсэн зарчмуудад нийцээгүй байх тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 5 дугаар тогтоол бүхий эрх зүйн зөрчилтэй захиргааны актын улмаас эрх ашиг маань зөрчигдөж байх тул уг захиргааны актыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэх агуулга бүхий тайлбарыг тус тус гарган маргаж байна.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоол "Моносфарм трейд" ХХК-ийг эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосныг хүчингүй болгох тухай юм. Тухайн тогтоол нь хүчингүй болох хууль зүйн үндэслэлийн тухайд ер нь анхнаасаа л мордохын хазгай гэгч болсон. 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд дуудсан 06 дугаар сарын 20-ны өдрийн 0/987албан бичигтээ Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу сонсгол ажиллагаанд 21-ний өдөр хүрэлцэн ирнэ үү гэсэн байж сонсгол ажиллагаанд оролцож, санал тайлбараа хэлэх эрхээр хангаагүй нь Монгол Улсын Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж заасныг ноцтой зөрчсөн.
Ер нь уг захиргааны актыг гаргахдаа Захиргааны Ерөнхий хууль болон удирдлага болон тогтоосон 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан журам хоёрын аль заалтыг зөрчсөн бэ гэдгээс илүү аль заалтыг дагаж мөрдсөн байна вэ гэдгийг харах нь арай цөөхөн хялбар байсан. Тэр болгоныг ярих гэхээр Захиргааны Ерөнхий хууль болон 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан журмын заалт болгоныг ярих болохоор хугацаа их орно. Иймд заримыг нь дурдаад заримыг нь нотлох баримт уншуулж судлуулах ажиллагаанд тодорхой нэг зүйл заалтуудыг уншуулъя. Хууль зүйн үндэслэлийн тухайд анх энэ судалгааны гарчгаа уг нь зөв эхлүүлсэн юм. Эм хангах нийлүүлэх байгууллагын, зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжийг тогтоох судалгаа. Гэвч судалгааны зорилгоосоо эхлээд буюу зорилгоо тодорхойлсон эхний өгүүлбэрээсээ буруудаад явчихсан. Тухайн судалгааны зорилго нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан Зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-ын дагуу эмийн импортын төлөв байдалд үнэлэлт өгч давамгай байдалтайг тогтоох гээд. Энэ нь нэгдүгээрт. Зах зээлийн хүрээг эмийн импортын зах зээл гэж тодорхойлчихсон. Энэ нь журамд яагаад ч нийцэхгүй. Тус журмын 2.2 т тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг дараах үе шатаар тогтооно. Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох 3.2-т Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох нь бараа бүтээгдэхүүнийг хэрэглээ, зориулалтаар нь ангилж, тэдгээрийн харилцан орлох бараа бүтээгдэхүүний бүлгийг тодорхойлоход чиглэгдсэн үйл ажиллагаа юм. Гэтэл харилцан орлох бүтээгдэхүүний бүлгийг тодорхойлох бүү хэл тухайн бүтээгдэхүүний хэрэглээ зориулалтын талаар тусгасан нь ч байхгүй. Зүгээр л импортын эмийн зах зээл гээд л томьёолчихсон. Тэгвэл импортын хүнсний зах зээл гээд аваад үзье. Импортоор орж ирсэн жигнэмэг жимс 2 харилцан бие биеэ орлох уу. Адилхан л хүнсэнд хэрэглэнэ. Ийм болохоор харилцан орлож болох эсэх талаар заавал бүлэг болгож тодорхойлно. Зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох. Зах зээлийн төвлөрлийг тооцох 5.1. Зах зээлийн төвлөрлийг тооцохдоо :аж ахуй эрхлэгчийн зах зээлд эзлэх хувийг тодорхойлох гэж байгаа юм. Аж ахуй эрхлэгчийн тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хэмжээг бараа бүтээгдэхүүний хүрээ, газар зүйн хил хязгаараар тодорхойлогдсон зах зээлийн үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын нийт хэмжээнд харьцуулж тодорхойлно. Энэ нь биет хэмжээ, мөнгөн дүн.
Аж ахуй эрхлэгчийн зах зээлд эзлэх хувийг дараах 3 аргын аль нэгээр тодорхойлно. Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хэмжээгээр гэж. Эмийн үйлдвэрлэлийн талаар дурдахгүй зөвхөн импортын зах зээл гэж судалгаандаа дурдахаар нь Монгол Улсын эмийн үйлдвэрийн талаар сонирхож үзлээ. Анх 1976онд эмийн үйлдвэр байгуулагдаж байсан байна. Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы баасан гарагийн буюу 2022 оны 10 дугаар сарыг 14-ний өдрийн хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд хийсэн мэдээлэлдээ. Өнөөдрийн байдлаар Монгол улсад дотоодын 33 эмийн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна хэмээн дурдсан байна. Үүнээс үзэхэд эм ханган нийлүүлэх байгууллагын, зах зээлд давамгай байдалтай аж ахуй нэгжийг тогтоохдоо үйлдвэрлэгчдээ орхиод зөвхөн импортыг авч үзсэн нь давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоох журмаа зөрчсөн үйлдэл болох нь тодорхой харагдаж байна. Зах зээлийн хүчийг тодорхойлох.6.1. Тухайн аж ахуй эрхлэгчийн зах зээлд үзүүлэх хүчийг тодорхойлохдоо тухайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх буюу борлуулах хүчин чадлыг тодорхойлно. Гээд дахиад л үйлдвэрлэлийг оруулаад ирж байна. Давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоох журамдаа үйлдвэрлэл гэж дахин дахин дурдаад байхад энэ журмыг үндэслэн давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоолоо гэж байгаа юм. Ер нь Судалгааны зорилго нь: аль нэг салбарын хамгийн том аж ахуй эрхлэгчийг тогтоох биш зах зээл дээр борлуулагдаж буй бүтээгдэхүүний харилцан орлох бүлэг буюу хоорондоо өрсөлдөж болохуйц бүтээгдэхүүнийг тодорхойлох, түүний дараа тухайн бүтээгдэхүүнийг ямар аж ахуй эрхлэгч зах зээлд хэдий хэмжээгээр нийлүүлдэг болохыг тодорхойлж харуулах явдал юм. Тухайлбал олон улсын буюу ерөнхий нэршлийг нэг харилцан орлох бүлэг бүхий тодорхой тус тусдаа өвчнийг анагаахад зориулсан. Жишээ нь Үйлдвэрлэгч байгууллагууд нь зүрхний эмд өөр өөрсдийн оноосон нэр өгдөг бөгөөд Үйлдвэрлэгч бүр адилхан нэр өгдөггүй нь үйлчилгээ бүр нь өөр гэсэн үг биш. Өөр өөр өвчний тус бүр 3 3 эм авчруулах. Зүрхний эмийг бөөрөнд ууж болохгүй. Эдгээр хоёр эм нь ЭМ гэдгээрээ ижил төстэй болохоос ямар өвчинд зориулан хэрэглэгддэг вэ гэдгээр нэгнийгээ харилцан орлох огт боломжгүй тул өөр. Тийм учраас энэ хоёр эм нь өөр хоорондоо өрсөлдөхүйц эм биш байхад нийтэд нь нэг харилцан орлох бүлэг мэтээр ангилсан нь үндэслэлгүй байна. Жишээ нь: эмч эмийн жор бичиж өгөхдөө ерөнхий нэршлийг бичдэг болохоос худалдаанд гаргадаг эмийг буюу хайрцаг сав баглаа боодол дээрх нэрийг бичдэггүй. Ингэхээр судалгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмын зорилгод нийцээгүй гэдгийг харж болно. Мөн нөгөөтээгүүр хэргийн материалд авагдсан нотлох баримтад 2023 оны 6 р сард ЗГХЭГ- т шаардлагатай материал гаргаж өгөхгүй байгаа Эм эмнэлгийн хяналтын газарт арга хэмжээ авахыг хүссэн албан бичиг явуулсан хэр нь 06 дугаар сарын 20-ны өдөр давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоосон нь тухайн сарыг хүртэл нотлох баримт судалгаа дутуу байсан нь харагдаж байна. Энэ нь Моносфарм трейд ХХК-ийг яаран сандран давамгайгаар тогтоох ашиг сонирхол байсан мэт харагдаж байна. Ер нь бол бодит байдалд судалгаа хийх ерөнхий арга зүй байж болох ч салбарын нарийвчилсан онцлог, шинж чанарыг энэ байгууллага дангаараа тодорхойлох боломжгүй. Хоёр. зах зээлд эзлэх хувийг тогтооход бодит байдалд нийцээгүй тоо, мэдээлэл ашигласан нь үндэслэлгүй. Импортын хэмжээг тооцохдоо бодит байдлаас зөрүүтэй тоо, мэдээлэл ашигласан. Тухайлбал, тус компанийг 2022 онд 335 тэрбум төгрөгийн эмийн импорт хийсэн гэж тооцсон бөгөөд гаалийн лавлагаагаар 191 тэрбум төгрөгийн импорт хийгдсэн болох нь гаалийн байгууллагын 2023 оны лавлагаагаар нотлогддог. Өөрөөр хэлбэл судалгаанд ашигласан 335 тэрбум төгрөгийн импорт хийгдсэн гэдэг тоо, мэдээлэл нь ор үндэслэлгүй байна. Алдаатай тоо мэдээллийг эх сурвалжаа болгож судалгаандаа хайхрамжгүй хандсан. Гаалиас авсан лавлагаагаар авсан үр дүнгээр нийт зах зээлийн гуравны нэгд хүрдэггүй. Тодруулбал, 2022 оны судалгааны хавсралт 1д авагдсан дүнд компанийг 335,4 тэрбум гэж тодорхойлсон байдаг бол Гаалийн байгууллагаас авсан баримтад Моносфарм трейд ХХК-ийн 2022 оны нийт импорт 191 тэрбум үүнээс эмийн импортоор 145,2 тэрбум гэж Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын баталгаажсан сайтад байдаг. Энэ хоёр тоо илэрхий зөрүүтэй байгаа нь тогтоогдож байдаг. Түүнчлэн нийт импортын хэмжээ буюу зах зээлд эзлэх хувь хэмжээг тогтооход ашиглагдсан хөл дүн бодит мөн л тодорхой нотлох баримтаар тогтоогдоогүй, бодит байдлаас мөн л зөрүүтэй. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 5.2-д заасан тодорхой бүтээгдэхүүний зах зээлийн 3/1-д хүрээгүй буюу давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзэх үндэслэл бүрдээгүй гэж үзэж байна. Судалгааны танилцуулгын Мэдээллийн сангийн бүрдэлт гэдэгтээ Гаалийн ерөнхий газрын судалгаа, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас судалгаа мэдээлэл авч мэдээллийн сангаа бүрдүүлсэн гэсэн хэр нь судалгаанд бичигдсэн тоон мэдээлэл бодит байдал дээрх тооноос маш их зөрүүтэй хийдсэн нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт нь 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;, гэсэн заалтыг зөрчиж байна. Түүнчлэн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд тухайн байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээдийг хуралдаандаа оролцуулсан мэт харагддаг. н.Баясгалан гэдэг хүнтэй л харилцаад байгаа харагддаг. Энэ байгууллагад н.Баясгалан гэдэг хүн байдаггүй. Тухайн байгууллагыг давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоохын тулд Судалгаанаас нь эхлээд хуралдаанаа явуулахдаа хүртэл хариуцлагагүй хайнга хандсан нь харагдаж байна. Эдгээрээс үзвэл судалгааны үр дүн үндэслэл бүхий болоогүй, судалгаанд ашиглагдсан тоо баримт нотлох баримтын шаардлага хангасан нь эх сурвалжаар үнэхээр нотлогдоогүй. Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоол "Моносфарм трейд" ХХК-ийг эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосныг хүчингүй болгож өгнө үү гэв.
5.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хяналтын газраас ирүүлсэн нотлох баримтын хэмжээнд 335 зөвшөөрөл хүссэн үүнээс эмийн импортолсон нь 145,2 тэрбум төгрөг импортоор орж ирсэн байна. Шударга өрсөлдөөн эрхлэгчийн төлөө газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 5 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа гэв.
5.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Орших шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ тогтоолын улмаас Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үүрэг "Моносфарм трейд" ХХК-д шууд үүсэж байгаа. Хэрвээ давамгай байдалтай эрх үүрэгтэй аж ахуй нэгжээр тогтоогоогүй бол энэ эрх үүрэг зөрчигдөхгүй байгаа. Үүний улмаас хууль бусаар давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоогоод бидэнд үүсэх ёсгүй байсан үүргийг хүлээлгэж байгаа. Тухайн үүргийн дагуу Зөрчлийн тухай хуулиар 8,5 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байгаа юм. Зөрчлийн тухайн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалтаар Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзээд торгох шийдвэр гаргасан байгаа юм гэв.
5.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний өмнөх хурлаар гаргаж өгсөн хүсэлт үүнтэй холбоотой хүсэлт байгаа юм. 335.4 тэрбум төгрөгийг ямар үндэслэлээр гаргасан талаар тайлбарыг Эм, эмнэлгийн хяналт зохицуулалтын газарт гаргасан. Мөн үзлэг хийлгэх гэж байгаа хүсэлт нь үүнтэй холбоотой байгаа юм. 335.4 тэрбум төгрөгийн лиценз хүссэн юм. Гэтэл энэ зөвшөөрлийн 191,1 сая төгрөгийг манай компани импортолсон байгаа юм. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалт газрын (www.moh.mn/Licemed) сайт дээр бодитой импортолсон нь 145.2 тэрбум төгрөг байгаа. Хариуцагч хэлээд байна албан ёсны мэйл байгаа мэйлд ирсэн баримтыг үндэслэсэн гээд байгаа юм. Тэгэхээр яг энэ мэйлд үзлэг хийлгээд импортын лиценз хүсээд лицензийнхээ дагуу олгосон манай импортолсон бараа бүтээгдэхүүнийг баталгаажуулаад, баталгаажсан үнийн дүн тоог үзлэг хийлгэх гэж байгаа (www.moh.mn/Licemed) сайтад яг тоо ширхэг, үнийн дүнгээр байгаа. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хэлсэн н.Оюун-Эрдэнэ гэж Эм, эмнэлгийн хяналт зохицуулалтын газрын ямар албан тушаалтай, ямар хүн гэдэг нь мэдэхгүй хүнээс мэйл ирсэн. 10 импортын компани 81%-ийг нь эзэлсэн байна . Монос фарм трейд ХХК зөвшөөрөл хүссэн үнийн дүнг бичээд 46,4%-ийг эзэлсэн байна гэж үзээд ямар ч судалгаа дүгнэлт байхгүй. Импортолсон үнийн дүнгийн үндэслэлгүйгээр давамгайлсан аж ахуй нэгжээр 46,4%-ийг эзэлсэн гэж тогтоочихсон. Энэ баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байна. Гаалийн ерөнхий газраас судалгаа авсан гээд байгаа юм. Хэрэгт авсан нотлох баримтаар ямар баримтад үндэслээд ямар судалгаа авсан нь мэдэгдээгүй байгаа юм. Хэргийн материалд 2019, 2020, 2021 оны Гаалийн ерөнхий газрын мэдээ ирсэн байгаа. Гэтэл энэ баримтаар яг аль баримтыг үндэслээд 335 тэрбум төгрөгт хүрсэн гэсэн баримт байдаггүй. Мөн Татварын Ерөнхий газрын тайланг хэрэгт өгчихсөн байдаг. Бас энэ баримтад яг ямар баримтыг үндэслээд тайлангийн хэд хэдийг үндэслээд 335,5 тэрбум төгрөгийн бараа импортолсон байна гэдгийг тогтоолгүйгээр шууд ирүүлсэн нотлох баримтын шаардлага хангаагүй материалд үндэслээд судалгаа хийлгүйгээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогоод хууль бус үндэслэлгүй тогтоол гаргаад давамгай байдалтай аж ахуй нэгжээр Моносфарм трейд ХХК-ийг тогтоочихсон. Эцэст нь хэлэхэд тухайн сонсох ажиллагаанд манай Моносфарм трейд ХХК оролцсон. Манай Моносфарм трейд ХХК 191 тэрбум гаалийн ерөнхий газрын баримтаар тогтоогдсон байна. 335,5 тэрбум төгрөг гэдэг нь зөрөөтэй мэдээлэл байна гэхээр танайхыг сонсохгүй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт мөн хандсан. Гэтэл ямар хариу хэлээгүй. Тэгээд эцэст нь хуулийн хугацаанд шүүхэд хандаад явж байна гэв.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Халиунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбараа бүрэн дэмжиж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн дараах тайлбарыг хэлье. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь Монгол Улсын хэмжээнд Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлж, түүнд хяналт тавьж, зохих арга хэмжээг авах эрх бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг юм. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хэмжээнд 15.1.6-д зах зээлд зүй ёсны, монопол болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох түүний үйл ажиллагаанд хяналт тавих, зүй ёсны, монопол болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг Засгийн газраас батална гэж 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасан байдаг. Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан зүй ёсны, монопол болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг үндэслээд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтан энэхүү судалгааг хууль журмын хүрээнд хийж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хуралдаанаар хамтын шийдвэр гаргуулж энэхүү тогтоол гарсан байгаа. Судалгааны ажил хийгдэх болсон үндэслэл нь өөрөө Монгол Улсын Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 20/А95 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан хяналт шалгалтын ажлыг хийсэн байгаа. Энэ хамтарсан тушаалын хүрээнд нийтдээ ганцхан манай агентлаг байгаагүй. Нийтдээ 5, 6 байгууллагын төлөөллөөс бүрдсэн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн. Хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа. Энэхүү хяналт шалгалтын мэдээллийг Шадар сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Мөн энэ хяналт шалгалтын хүрээнд тухайн зах зээлийн судалгааг хийх үүрэг хуульд олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт үүрэг өгөгдсөн байгаа юм. Судалгааны ажилд шаардлагатай мэдээллүүдийг холбогдох байгууллагуудаас гаргуулж авсан. Түрүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлээд байгаа тэр Гаалийн ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай агентлагт албаны цахим мэйлээр холбогдох материал ирсэн. Үүнийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Албан бичгээр шаардаад ирээгүй тул Хяналт зохицуулалтын газарт хариуцлага тооцуулахаар хүсэлт хүргүүлсэн. Яагаад гэвэл төрийн байгууллага эрх үүргээ хэрэгжүүлэхэд эс үйлдэхүй гаргаж байна гэж манай байгууллагын зүгээс үзсэн. Үнэлгээ эрсдэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.23-д эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх байгууллага гэж эмийн сан эрүүл мэндийн байгууллага болон мал эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, бөөний үнээр хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг гэж мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.24-д эмийн сан гэж эрүүл мэндийн байгууллага, байгууллага, мал, эмнэлэг, хүн амыг эм, эмнэлгийн хэрэгслээр, жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг гэж хуульчилж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл дотоодын үйлдвэрлэл болон импортын эмийн бөөний болон жижиглэнгийн гэсэн борлуулалтын сувгаар зах зээлд нийлүүлэхээр зохицуулсан байдаг. Тийм учраас бид нар судалгааныхаа хүрээг эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээл гэж тодорхойлсон байгаа. Эмийн импортын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөний байдлыг бараа бүтээгдэхүүний хүрээ газар зүйн хил хязгаар зах зээлд эзлэх хувь, төвлөрлийн түвшнийг тодорхойлж, зах зээлд нэвтрэх боломжийг нь судлах байдлаар дүн шинжилгээ хийж тухайн зах зээл зүй, ёсны, монполи болон давамгай худалдаа аж ахуй эрхлэгчийг тогтоох журмынхаа 3 дугаар зүйлд заасны дагуу тухайн аж ахуй нэгжийг зах зээл давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох аргачлалаараа тогтоосон байгаа. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хүний эм эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, эмнэлгийн эм, тэдгээрийн угтвар бодис үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно гэж зааснаар тусгай зөвшөөрлийн ангиллын дагуу импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй эмийн импортын үйл ажиллагаа эрхлэх, эрхэлж байгаа эм, ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагааг нэг зах зээл гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзсэн. Ийм учраас энэхүү хуулийн заалт болон зориулалтаар нь эмийн импорт ханган нийлүүлэх үйл ажиллагааг нэг зах зээл гэж авч үзэх нь үндэслэлтэй байна аа гэж үзсэн. 2022 оны хувьд тус зах зээлд эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуй эрхлэгчийн импортоор оруулж ирж зах зээлд нийлүүлж байгаа эмийн 80 гаруй хувийг ердөөсөө 10 аж ахуй нэгж нийлүүлж байна гэж үзсэн. Энэ 10 аж ахуй нэгжээс Моносфарм трейд ХХК 2022 оны хувьд эмийн зах зээл дээр 46,4%-ийг дангаараа эзэлж байна гэж үзсэн. Эмийн импорт ханган нийлүүлэх зах заалд төвлөрлийн түвшин 2021 онд Хернитал дешимений индекс гэж одоо олон улсад нэршсэн. Энэ индексийн одоо томьёоллоор авч үзэх юм болбол 2021 онд 1340,76 буюу буюу дунд зэргийн төвлөрөлтэй байсан. Харин 2022 онд 2378,3 буюу төвлөрлийн түвшин өндөр өрсөлдөөн хязгаарлагдмал ийм салбар байна гэж тодорхойлогдсон. Эдгээр судалгааны томьёолох гэж байгаа томьёолол маань бүгдээрээ Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан журмаар хийгдэж байгаа. Ийм судалгааны аргачлалууд байгаа. Эмийн импорт ханган нийлүүлэх зах зээл төвлөрлийн түвшин өндөр байгаа тусгай зөвшөөрөл олгогдсон байдлаар нь авч үзэх юм бол хангалттай өрсөлдөөнтэй мэт харагдаж байгаа боловч тухайн зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүний 80%-ийг нь ердөөсөө аравхан аж ахуй эрхлэгч одоо эзлээд тухайн 10 аж ахуй эрхлэгч тухайн зах зээл дээрээ одоо тоглолт хийж байгаа нь өөрөө олигополь шинжтэй байгааг харуулж байгаа. Бүтээгдэхүүн нийлүүлэлт борлуулалт цөөн хэдэн аж ахуй эрхлэгчид нь төвлөрөл ихтэй төвлөрсөн байна гэж үзэж байгаа. Өрсөлдөөн тухайн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эс үгүй бол харилцан хамаарал бүхий этгээдтэйгээ хамтраад зах зээлийн 3/1-ээс дээш хувийг эзэлж байгаа тохиолдолд давамгай худалдаа аж ахуй эрхлэгчээр тогтооно гэж заасан. Харин Моносфарм трейд ХХК өөрөө тухайн зах зээлд 46,4%-ийг эзлэн 3/1-ээс дээш хувийг дангаараа эзэлж байгаа учраас тухайн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох судалгааны үр дүн гараад Шугам өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолоор эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон. Нэхэмжлэл гаргагчийг өмгөөлөгч хэлээд байсан. Сонсох ажиллагааг явуулаагүй гэж. 06 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдээд 21-ний газрын хуралдаан дээрээ тухайн аж ахуй эрхлэгчийн төлөөллийг оролцуулаад санал хүсэлтийг сонсох ажиллагаагаа хууль тогтоомжтой нийцүүлэн хийсэн гэж үзэж байгаа. Тийм учраас сонсох ажиллагааг хуулийн хүрээнд хийгээгүй гэдэг гомдол нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн тухайн зах зээлд харилцан орлох боломжгүй гэж үзээд байгаа. Гэвч өнөөдөр энэ аж ахуй эрхлэгч маань өөрөө эмийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа гэтэл өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг хүнстэй харьцуулж үзэж байна. Бид нар өнөөдөр талх идэж чадахгүй бол магадгүй өөр нарийн боов авч идээд талхаа орлуулж болно. Гэтэл өнөөдөр бодит амьдрал дээр эм хэрэглэж байгаа хүн толгой өвдөж байхад гэдэсний эм уугаад толгойгоо эдгээж болно гэдэг ийм асуудал байхгүй. 298 дугаар тогтоолын 1.2.1-д харилцан орлох бараа бүтээгдэхүүн гэдгийг тодорхойлж өгсөн байдаг. Энэ нь болбол харилцан олох бараа бүтээгдэхүүнийг зориулалт, хэрэгцээ, техникийн тодорхойлолт, үнэ худалдах болон худалдан авах нөхцөл бусад хэмжүүрүүдийг адилтгаж болох хэрэглээг нь орлуулж болох бараа бүтээгдэхүүнийг хоорондоо харилцан олох боломжтой бараа бүтээгдэхүүн гэж үздэг. Тийм учраас эмийн хувьд тухайн бараа бүтээгдэхүүнийг харилцан олох боломжгүй бараа бүтээгдэхүүн гэж үзсэн.
Хоёр сайдын хамтарсан хяналт шалгалтын явцад зах зээлийн нөхцөл байдлыг судлаад судалгааны ерөнхий танилцуулга хийсэн. Эм, эмнэлгийн хяналт зохицуулалтын газар нь салбарын мэдээг гаргадаг, энэ тоо мэдээлэл нь аж ахуй нэгжүүдээс ирдэг тоон мэдээлэл байгаа юм. Эм, эмнэлгийн хяналт зохицуулалтын газарт хянагдаад манайд ирсэн мэдээлэл байгаа юм. Бид албан ёсоор хяналт тавьж байгаа байгууллагын гаргаж өгсөн тоон мэдээлэл дээр үндэслэсэн байгаа.
Ханган нийлүүлэх гэдэг нь өөрөө бөөний худалдаа тиймээс импортоор оруулж ирээд бөөний худалдаа хийж байгаа учраас үйлдвэрлэлээс нь тусд нь авч үзсэн. Яагаад гэвэл эн зөвхөн эм нь дээр яригдана. Үйлдвэрлэл гэх юм бол дотроо уламжлалтын эм, европ эм, шингэн тариа гээд тустай зах зээл байгаад байгаа юм. Бид нар зах зээлийн хүрээг тусгай зөвшөөрөл олгож байгаа ангиллаар авч үзэж хүрээг тогтоосон. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй нэгж эрхлэгчээр тогтоох журам нь өөрөө олон улсын хууль, журам, стандарт нь кодоор баталгаажсан хүрээгээр зах зээлээ ангилдаг. Газар зүйн хэл хязгаарыг бол Монгол улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь нэг зах зээл гэж авч үздэг.
Тухайн зах зээлийн хүрээг тодорхойлно гэдэг нь нэхэмжлэгч нар биднийг үйлдвэрлэлийг авч үзэхгүй орхисон гэж үзээд байгаа юм. Гэтэл үйлдвэрлэл нь тустай, импорт ханган нийлүүлэх гэдэг нь импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүнийг бөөний үнээр зарж байгаа. Импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүнийг бөөний үнээр зарж байгаа бүтээгдэхүүн хоёрыг тусад нь авч үзэх юм бол энэ хоёр бүтээгдэхүүн нь өөр өөрсдийгөө орлох боломжтой байдаг. Импортоор оруулж ирж байгаа бүтээгдэхүүнийг жижиглэнгээр зарах аж ахуй нэгж байхгүй. Импортоор оруулж ирээд ханган нийлүүлэхээр дамжуулаад эмийн сангаар дамжуулан худалдаг. Тиймээс энэ хоёр зах зээл нэг нэгээ орлох боломжтой зах зээл учраас бид нэг зах зээл гэж авч үзсэн.
Гаалийн ерөнхий газрын үнийн дүнг Моносфарм трейд ХХК судалгаа хийсний дараа энэ үнийн дүнг гаргаж өгсөн. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалт газрын гаргасан баримтыг бодит гэж үзээд байгаа юм. Гаалийн ерөнхий газраас 135,2 тэрбум төгрөг гэж ирсэн юм. 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын гаалийн мэдүүлгээр бүрдүүлбэр хийсэн барааны лавлагаа дээр ирсэн нь 191,3 тэрбум гэж байгаа юм. Тиймээс бид аль баримтыг үндэслэх вэ гэхээр Эм, эмнэлгийн хяналт зохицуулалтын газрын албан ёсны мэдээллийг л харна. Шаардлагатай гэж үзэх юм бол н.Оюун-Эрдэнэ гэдэг албан хаагчийг гэрчээр ч дуудаж болох байсан. Хэрвээ яг хэн гэдэг нь мэдэгдэхгүй албан хаагч гэж байгаа бол бид нар жишээлбэл төрийн ажил хийж байгаа хүмүүс хэн нэгэн иргэнээс мэдээлэл аваад Засгийн газрын тогтоолын дагуу судалгаа хийгээд тухайн аж ахуй эрхлэгчийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтооно гэдэг ийм юм байж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ судалгаа нь өөрөө ганцхан улсын байцаагч, харьяа газар, хэлтэс нь хийж байгаа ч гэсэн нийтдээ 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байдаг. Түүний 50-аас дээш хувийн ирцтэйгээр бол хуралдааны шийдвэр хүчин төгөлдөр байдаг. Сая хэлсэн энэ шийдвэрийг хүчингүй болгохоор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан гэж хэрэв хүчингүй болгохын бол дахин Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар судалгаа хийж тогтоол гаргаж байж энэ тогтоол хүчингүй болно. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга дангаараа юм уу, тухайн судалгааг хийсэн эрх бүхий албан тушаалтан дангаараа энэ шийдвэрийг хүчингүй болгох эрхгүй юм гэв.
Шүүх хуралдаан эхлэхэд хэлсэн шүүхэд бичгээр гаргаж өгсөн хариу тайлбараа бүрэн дэмжиж байгаа. Моносфарм трейд ХХК нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас өгсөн мэдээллээр бол зөвхөн эмийн импортыг бүртгээд манайд мэдэгдсэн болохоос биш түрүүний хэлсэн тусгай зөвшөөрөл байгаагүй ч гэсэн бид нар гоо сайхны бүтээгдэхүүн импортоор компанийнхаа нэр дээр оруулж ирдэг гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж бодож байна. Яагаад гэвэл Монос Групп ХХК маань өөрөө доороо чиглэл бүрээрээ охин компанитай байдаг Монос Косметикс ХХК гэж компани байна. Монос Групп ХХК үүсгэн байгуулагч энэ компаниуд нь хоорондоо харилцан хамаарал бүхий хуулийн этгээдүүд байгаа. Үүсгэн байгуулагч нь нэг учраас тусдаа аж ахуй эрхлэгч гэдэг ойлголт бол байхгүй гэж бид нарын зүгээс үзэж байна. Гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгчээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
2.1. Хариуцагчаас эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоох хуралдааныг хийхдээ манай компанид ... тайлбар, санал гаргах боломж олголгүйгээр маргаан бүхий тогтоолыг гаргасан, зах зээлийн хүрээг эмийн импортын зах зээл гэж тогтоохдоо хууль, журмын зохицуулалтуудыг зөрчиж судалгааг буруу хийсэн, зах зээлд эзлэх хувийг тогтоохдоо бодит байдалд нийцээгүй тоо, мэдээлэл ашигласан нь үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарладаг.
Харин хариуцагчаас ...судалгаанд шаардлагатай мэдээллүүдийг холбогдох төрийн байгууллага, эм ханган нийлүүлэх бөөний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс гаргуулан авч судалгааны ажлын мэдээллийн санг бүрдүүлсэн, нэхэмжлэгч компани нь 2022 онд импортын эмийн зах зээлийн 46.4 хувийг дангаар нийлүүлсэн нь тогтоогдсон, нэхэмжлэгчид сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн гэх агуулга бүхий тайлбарыг гарган нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэн маргаж байна.
3.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 20/А/95 дугаар тушаалаар баталсан Эм эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвх бүтээгдэхүүний үнэ бүрдэлт, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийх ажлын хүрээнд Эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай ах ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа-г /1 дэх хавтаст хэргийн 46-51 дэх тал/ Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-д заасны дагуу хийсэн байна.
3.2. Уг судалгаагаар нэхэмжлэгч Моносфарм трейд ХХК-ийн 2021 оны импортын эмийн хэмжээг 137.9 тэрбум төгрөг, зах зээлд эзлэх хувийг 28% гэж, 2022 оны импортын эмийн хэмжээг 335.4 тэрбум төгрөг, зах зээлд эзлэх хувийг 46.4% гэж тогтоон, нэхэмжлэгчийг 2022 онд импортын эмийн зах зээлийн 46.4%-ийг дангаар нийлүүлсэн /1 дэх хавтаст хэргийн 49, 50 дахь тал/ гэж дүгнэжээ.
3.3. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар дээр дурдсан Эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай ах ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа-г танилцуулж, Моносфарм трейд ХХК-ийг Эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай ах ахуй эрхлэгчийг тогтоох тогтоолын төслийг хуралдаанд оролцсон нийт гишүүд дэмжин, улмаар нэхэмжлэгч Моносфарм трейд ХХК-ийг Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч-ээр тогтоож шийдвэрлэсэн нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны Гуравдугаар хуралдааны тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 46-63 дахь тал/, маргаан бүхий акт болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолоор /1 дэх хавтаст хэргийн 15 дахь тал/ тус тус тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгчээс ... хариуцагч нь манай компанид сонсох ажиллагаа явуулж, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангаагүй гэж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн гэж тус тус маргасан.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2. Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж заасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа ... 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/987 дугаар албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн /1 дэх хавтаст хэргийн 43 дахь тал/ дурдсан байх боловч ийнхүү мэдэгдэл хүргүүлсэн гэх 01/987 дугаар албан бичгийг шүүхэд нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй, өөрөөр хэлбэл хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар шүүхийг буруутгах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Гэвч хариуцагчаас нэхэмжлэгч Моносфарм трейд ХХК-ийг Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч-ээр тогтоосон маргаан бүхий 05 дугаар тогтоолыг гаргахаасаа 01 /нэг/ хоногийн өмнө сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн гэж үзсэн тохиолдолд энэ нь нэхэмжлэгчийг сонсох ажиллагаанд тайлбар, санал гаргах боломжит хугацаагаар хангасан гэж дүгнэх үндэслэлгүй болохооргүй байна.
Мөн түүнчлэн нэхэмжлэгч компаний гүйцэтгэх захирал, төлөөлөгч нарыг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд очиж оролцоход нь тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй болох нь тэднийг хуралдаанд оролцохоос өмнө Моносфарм трейд ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгч-ээр тогтоох саналыг хурааж, маргаан бүхий тогтоолыг гаргасан байгаа нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 63-64 дэх тал/-д тусгагдсанаар тогтоогдож байна.
Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5. Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж заасныг зөрчин нэхэмжлэгчид захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй, боломжит хугацаагаар хангаагүй хариуцагчийн хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй гэж үзлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт ...хуралдааны тэмдэглэлд Моносфарм трейд ХХК-ийн гүйцэтгэх захирлын нэрийг Б.Онон гэхийг н.Баясгалан гэж буруу бичиж, тэмдэглэл үйлдсэн хүн алдаа гаргасан байна гэж тайлбарласныг мөн дурдах нь зүйтэй.
5. Нэхэмжлэгчээс ...зах зээлд эзлэх хувийг тогтоохдоо бодит байдалд нийцээгүй тоо, мэдээлэл ашигласан нь үндэслэлгүй гэж, хариуцагчаас ...нэхэмжлэгч нь 2022 онд 335.4 тэрбум төгрөгийн эмийн импорт хийж, зах зээлийн 46.4%-ийг дангаар нийлүүлсэн нь төрийн байгууллагуудаас авсан судалгаагаар тогтоогдсон гэж тус тус маргаж байна.
Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6. ... Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг Засгийн газар батална гэж зааснаар Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 298 дугаар тогтоолоор Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам /цаашид журам гэж товчлох/ баталсан байх ба журмын 1.2.2. "зах зээлд эзлэх хувь" гэж тухайн зах зээлд аж ахуй эрхлэгчийн дангаараа буюу бусад этгээдтэй хамтран нийлүүлсэн, эсхүл худалдан авсан бараа бүтээгдэхүүний эзлэх хувийг тус тус ойлгохоор заажээ.
2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай ах ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа-ны Хүснэгт 1-д Моносфарм трейд ХХК-ийн 2022 оны импортын үнийн дүнг 335.4 тэрбум төгрөг, зах зээлд эзлэх хувийг 46.4% гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс судалгаагаар тогтоогдсон гэх импортын үнийн дүн 335.4 тэрбум төгрөгийн талаар ...2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын ажилтнаас албаны цахим шуудангаар манай агентлагт холбогдох судалгааг ирүүлсэн[1] /3 дахь хавтаст хэргийн тал/ гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгч-ээр тогтоох үндэслэл болсон 2022 оны импортын үнийн дүнг 335.4 тэрбум төгрөг, зах зээлд эзлэх хувийг 46.4% гэх судалгааг Оyunerdene EEHHZG гэх цахим хаягаас хариуцагч байгууллагад /хэнд хаяглаж ирүүлсэн нь тодорхойгүй/ 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 5:22 PM буюу 17 цаг 22 минутад, уг судалгааг хийж дуусгасан гэх 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 5 хоногийн дараа ирүүлсэн /1 дэх хавтаст хэргийн 72 дахь хуудас/ болох нь тогтоогдож байна.
Тэрээр дээрх цахим шуудангаар ирүүлсэн Топ 10 ханган нийлүүлэгч байгууллага /1 дэх хавтаст хэргийн 73 дахь хуудас/ гэх 1 хуудас хүснэгтэн мэдээлэл нь бичвэрээ дундуур зураасаар дарсан засвартай, үг үсгийн алдаатай байх тул уг хүснэгтэн мэдээллийг шүүхээс хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар буюу төрийн байгууллагаас ирүүлсэн үнэн зөв мэдээлэл, уг баримтын эх хувь гэж үзэхэд эргэлзээтэй байна гэж үзэн нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно гэж заасан байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас 2022 онд нэхэмжлэгч Моносфарм трейд ХХК-д 38 улсын 148 үйлдвэрлэгчийн 680 нэрийн 335,381,226,621 (гурван зуун гучин таван тэрбум, гурван зуун наян нэгэн сая, хоёр зуун хорин зургаан мянга, зургаан зуун хорин нэг) төгрөгийн эмд 471 удаагийн импортын лиценз олгосон, үүнээс нэхэмжлэгч нь 2022 онд 145,228,460,110 (нэг зуун дөчин таван тэрбум, хоёр зуун хорин найман сая, дөрвөн зуун жаран мянга нэг зуун арав) төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортолсон талаар тайлан ирүүлж баталгаажуулсан болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Нотлох баримт хүргүүлэх тухай 01/2107 дугаар албан бичиг /2 дахь хавтаст хэргийн 177 дахь тал/, түүнд хавсаргасан 131 хуудас бүхий нотлох баримтаар /2 дахь хавтаст хэргийн 179-250 тал, 3 дахь хавтаст хэргийн 1-59 тал/ тогтоогдож байна.
Дээрхийг дүгнэж үзвэл нэхэмжлэгч нь 2022 онд 145,228,460,110 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортолсон нь тогтоогдож байх ба хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, түүний эрх бүхий албан тушаалтнууд нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас 2022 онд нэхэмжлэгч Моносфарм трейд ХХК-д олгосон импортын лиценз буюу зөвшөөрлийн үнийн дүн 335,381,226,621 төгрөгийг нэхэмжлэгчийн 2022 онд импортолсон эмийн үнэ гэж буруу дүгнэлт бүхий судалгаа хийсэн, цаашлаад уг үнийн дүнгээс зах зээлд эзлэх хувийг 46.4% гэж тооцсон нь бодит нөхцөл байдлаас илтэд зөрүүтэй, тодруулбал буруу мэдээлэлд үндэслэсэн судалгааг хийж, хуралдаанд танилцуулсан болох нь тогтоогдож байна.
Улмаар хариуцагч нь нэхэмжлэгчийг Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолыг гаргахдаа дээрх судалгааг үндэслэн бөгөөд ингэхдээ нэхэмжлэгчийг сонсох ажиллагаанд тайлбар, санал гаргах боломжит хугацаагаар хангаагүй, тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй нь хууль бус бөгөөд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчид Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үүргийг хууль бусаар оногдуулж, нэхэмжлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг хязгаарласан байна.
Маргаан бүхий акт болох 05 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчимд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч Моносфарм трейд ХХК-д Өрсөлдөөний тухай хуулиар олгогдсон зах зээлд шударгаар өрсөлдөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1. захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд зарим нотлох баримтын шаардлага хангахгүй, маргаан бүхий актын үндэслэлд хамааралгүй, ач холбогдолгүй нотлох баримтыг үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Моносфарм трейд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай 05 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Моносфарм трейд ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлийн р хуудас