Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Л.Дэмбэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Дэмбэрэлд холбогдох эрүүгийн 201721000209 дугаартай, 178/2017/0068/Э индекстэй хэргийг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 20 настай, захчин, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үйлдвэрийн механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, ах, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 08-50 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Дэгрээт овогт Лхагваагийн Дэмбэрэл /РД: ПИ96121630/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Л.Дэмбэрэл нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн О.Дүүрэнбаяртай маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Дэмбэрэл нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн О.Дүүрэнбаяртай маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дараах бичгийн нотлох баримтаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Шүүгдэгч Л.Дэмбэрэл шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруу болон зүйлчлэлд маргаан байхгүй. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна.

- Хохирогч О.Дүүрэнбаярын “...би Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт байрлах “Кровн” баарны гадна талд өөрийн эзэмшлийн 08-41 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ найз Түмэн-Өлзийгийн хамт явж байтал “Кровн” баарны гадна талд 3 залуу зогсож байсан. Тэгээд би сигнаалдаад тэр 3 залууг замаас гараад зогсчих гээд хэлтэл намайг наад лаазаа аваад зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи юу яриад байна гээд хэлтэл чи юу юм зайл гэж намайг хэлсэн. Тэгтэл Түмэн-Өлзий тээврийн хэрэгслээс буугаад нэг залууг нь машинд оруулж ирээд суулгасан...” “...Машинд сууж байсан залуу машинаас буугаад Түмэн-Өлзийтэй барилцаад авахаар нь би,машинаас буугаад больцгоо гэж хэлээд нэг залууг татаад автал хойноос нэг хүн намайг боосон. Тэгэхээр нь би эргээд хартал тэр залуу намайг толгойгоороо нүүр шанаан тус газар мөргөсөн. Тэгээд зүүн гараараа зүүн талын нүд хэсэг рүү нэг удаа цохисон...” “...намайг өндөр залуу буюу Дэмбэрэл цохисон. Нөгөө 2 залуу намайг цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/

- Гэрч Г.Алтанхуягийн “...манай найз Бат-Оргил, Дэмбэрэл, бид 3 нийлээд Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар сургуулийн саадан дотор Боргио нэртэй 2 литрийн 2 пиво уусан. Тэгээд бид нар пиво ууж дуусаад Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт байрлах Кровн нэртэй баарлуу 22 цагийн үед орсон. Кровн бааранд суугаад 1 шил Улаанбаатар нэртэй пиво уугаад бүжиглэж байгаад баар хаах цаг болохоор бид 3 гадаа гарсан. Тэгээд Кровн баарны хаалганы урд гэрлийн шонгийн хажууд хамтдаа тамхи татаад зогсож байтал саарал өнгийн Аксент маркийн тээврийн хэрэгсэл ирээд сигнаалдсан. Тэгэхээр нь би дайрлаашдээ гээд чанга хэлтэл тухайн тээврийн хэрэгсэл зогссон. Жолооч талын хаалга онгойсон. Тэгэхэд манай найз Бат-Оргил очоод тэр жолоочтой уулзаад ах аа би таныг таньж байна та явчих гэж хэлээд зогсож байсан. Би Бат-Оргил дээр явж очоод тухайн тээврийн хэрэгслийг хартал миний зүс таних хүн байсан. Тэгэхээр нь би Таныг таньж байна та зүгээр явчих гэж хэлээд зогсож байтал тухайн тээврийн хэрэгслийн хойд талаас нэг ах буугаад ирсэн. Тэгээд миний хүзүүнээс бариад машин дотор суулгасан. Тэгтэл манай найз Бат-Оргил ирээд тэр ахад найзаа авъя гэж хэлээд манай найз Бат-Оргил чи машинаас буу гэж намайг хэлсэн. Тэгэхээр нь би машинаас буух гэтэл тэр ах түрүүлж буугаад Бат-Оргилтой барилцаад авсан. Тэгэхээр нь хойноос нь буугаад би тэр ахыг бариад Бат-Оргил бид хоёр тэр ахтай барилцаад байж байгаад газар унагаасан...” “...тухайн өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр манай найз Л.Дэмбэрэл хүнээр зодуулаагүй...” “...тухайн үед Дүүрэнбаяр, Түмэн-Өлзий нар намайг зодож цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 49 дугаар хуудас/

- Гэрч Түмэн-Өлзийгийн “...2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дүүрэнбаяртай уулзчихаад Ариунболдтой уулзах гээд Кровн баарны гадаа ирсэн чинь баарны үүдэнд 3 залуу зогсож байсан. Тэгэхээр нь бид хоёр машинтай ирээд сигнаалдсан чинь урдаас холдохгүй байхаар нь би буугаад тэр хэдийг холд гэсэн чинь нэг залуу ирээд би таныг таних юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр залууг машинд суулгасан чинь найзаа авъя гэж хэлсэн. Тэгээд би буусан чинь тэр залуугийн найз машинд суудаг залуу хоёр намайг барьж аваад нэг нь хөлнөөс тэврээд тэр хоёр намайг унагахаар нь би босоод цаашаа явтал Дүүрэнбаярыг нэг өндөр залуу нэг удаа толгойруу нь цохиод авсан. Тэгээд бид хоёр цагдаа дуудаад тэр хэдийг аваад явсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би гэмтлийн зэрэг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Болороогийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 7072 дугаар дүгнэлт: 1. О.Дүүрэнбаярын биед зүүн нүдний битүү гэмтэл шар толбоны доорхи цус харвалт, судаслаг бүрхүүлийн язрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 10 хуудас/  зэрэг баримт болно.

Шүүгдэгч Л.Дэмбэрэлийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт иргэн О.Дүүрэнбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Л.Дэмбэрэлийн дээрх үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж зааснаар прокурорын газраас тухайн зүйлд заасан торгох ялын хэмжээ багассан, баривчлах ялын төрөл байхгүй болсон, нийтэд тустай ажил хийлгэх ял нэмэгдсэн зэрэг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэстэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч О.Дүүрэнбаяртай сайн дураараа эвлэрсэн, хохирогчид 500 000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүх хуралдаанд шүүгдэгч торгуулийн ял оногдуулж өгөхийг хүсэж торгуулын ялыг шүүхийн тогтоосон хугацаанд төлөх боломжтой болохоо илэрхийлсэн тул түүнд торгуулын ял оногдуулав.  

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/, хохирогч О.Дүүрэнбаярт 500 000 төгрөгийн хохирол төлсөн болох нь хохирогчийн цагдаагийн газарт гаргаж өгсөн тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/, бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч О.Дүүрэнбаярын “Оюунаа овогтой Дүүрэнбаяр би Л.Дэмбэрэлтэй сайн дураараа эвлэрсэн хохирлын маргаангүй нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.  

Шүүхээс шүүгдэгчийг торгох ялыг биелүүлэх хугацаа заагаагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор  торгуулын ялыг гүйцэтгэх үүрэгтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй,  шүүхэд эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дэгрээт овогт Лхагваагийн Дэмбэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Дэгрээт овогт Лхагваагийн Дэмбэрэлийг 470 / дөрвөн зуун дал/ нэгж буюу 470 000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч Л.Дэмбэрэл нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Дэмбэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.БАЯСГАЛАН