Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2020/ДШМ/22

 


Б.Магнайбаярт холбогдох эрүүгийн 
хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй  
Прокурор Б.Батцэцэг  
           Нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:           
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Магнайбаярт холбогдох 2022000000098 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 07 сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгэгдэж байгаагүй,  ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн Хулд сумын 3-р баг “Ширээ жаргалант” гэх газарт оршин суух Олхонууд овогт Баатарын Магнайбаяр /РД:ЗМ83071114/

Б.Магнайбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Баатарсүрэнг  зодож, эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт   холбогджээ. 

Дундговь аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Олхонууд овогтой Баатарын Магнайбаярыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Магнайбаярт мэдэгдэж, Шүүгдэгч Б.Магнайбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураан авсан битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 300,000 /гурван зуун мянган/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна. 

Хяналтын прокурор Г.Хаш-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ Б.Магнайбаяр нь 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хулд сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Баатарсүрэнгийн биед халдаж, нүүрэн тус газар нь өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Тус прокурорын газраас Б.Магнайбаярын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ба шүүхээс хэргийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд Б.Магнайбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болно.
Гэвч анхан шатны шүүхээс дээрх хэргийг шийдвэрлэж, шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Учир нь яллагдагч Б.Магнайбаярт мөрдөн байцаалтын шатанд буюу 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ “шүүхийн шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх”-ийг орхигдуулсан байна.
Улмаар шүүхээс уг асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байхад шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр болон оногдуулсан торгуулийн ялыг ямар хугацаанд төлөхийг тогтоогоогүй байхад 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэсэн мэтээр тусгасан байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн
1 дэх хэсгийн 1.6-д заасан “Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, мөн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэг зөрүүтэй бол” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэсэнд хамаарч байхаас гадна мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн тогтоолыг өөрчлөх үндэслэл болж байна.
Иймд Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШТ/86 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:
           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Шүүгдэгч Б.Магнайбаяр нь 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын Ширээ жаргалант гэх газар нутаглах  гэртээ, согтуугаар, иргэн Б.Баатарсүрэнгийн нүүрэн тус газар нь өшиглөсний улмаас түүний зүүн доод 2 дугаар шүдийг унагаж, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, уруулын салстын язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зовхи, хацар зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Баатарсүрэн, гэрч Г.Будгарав, Ц.Гантөмөр, Р.Соронзонболд нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,  шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 168 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон байна. Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Магнайбаярыг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирчээ. 
          Прокурорын эсэргүүцэлд дурдсан “... шүүхээс шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлд шүүхийн шийдвэр зөрүүтэй бичигдсэн”  гэсэн нь үндэслэлтэй байх тул энэ асуудлаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав. 
         Харин шүүгдэгчид оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг ямар хугацаанд хэсэгчлэн төлөхийг шийдвэрлээгүй гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээ бага байх тул уг ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно. 
           Иймд Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, эсэргүүцэлд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.    

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтад “Магнайбаяр нь” гэснийг “Магнайбаярт” гэж “Магнайбаярт” гэсний дараа “урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж” гэж нэмж оруулсугай.  
2.    Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3.    Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.


           
                             ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ 

                                 ШҮҮГЧИД                                  Ш.ТӨМӨРБААТАР 

                                                   Т.БЯМБАЖАВ