Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2020/ДШМ/23

 


Ж.Цэвээнбаярт холбогдох эрүүгийн 
хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй  
Прокурор Б.Батцэцэг  
Хохирогчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн
           Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цоодол
           Нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:           
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/89 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн Ж.Цэвээнбаярт холбогдох 2022001620099 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 07 сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 38 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Өлзийт сумын 5-р баг “Баян-булаг” гэх газар оршин суух, урьд Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.1-дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Жаргалсайханы Цэвээнбаяр /РД:ЗК82071715/

Ж.Цэвээнбаяр нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байх “Далдын цагаан бууц” гэх газарт иргэн Ө.Мөнхбаттай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар ташуурыг зэвсгийн чанартай хэрэглэн биед халдаж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
Дундговь аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

          Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дундговь аймаг дахь Прокурорын газраас Боржигон овогт Жаргалсайханы Цэвээнбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Боржигон овогт Жаргалсайханы Цэвээнбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Цэвээнбаярт мэдэгдэж, шүүгдэгч Ж.Цэвээнбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг ташуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж, Хохирогч Ө.Мөнхбатаас хохиролд нийт 1,069,110 /нэг сая жаран есөн мянга нэг зуун арав/ төгрөг нэхэмжилснээс 741,100 /долоон зуун дөчин нэгэн мянга нэг зуун/ төгрөгт холбогдох хэсгийг, цаашид хийлгэх эмчилгээний зардал 7.000.000 /долоон сая/-аас 8.000.000 /найман сая/ төгрөг нэхэмжилснийг тус тус хэрэгсэхгүй болгож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ж.Цэвээнбаяраас 328,000 /гурван зуун хорин найман мянган/ төгрөг гаргуулж хохирогч Ө.Мөнхбатад олгож, хохирогч Ө.Мөнхбат нь шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Цэвээнбаярт авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж шийдвэрлэсэн байна. 

Хохирогчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/89 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.Тус шүүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Цэвээнбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь: Шүүх шийдвэрийнхээ гол үндэслэлд шүүгдэгч Ж.Цэвээнбаяр, гэрч Д.Угтахбаяр, Ж.Цэвээнравдан, Ц.Батбилэг, Б.Өнөрболд, шинжээч эмч М.Баттүвшин нарын мэдүүлгээр Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 10 дугаартай дүгнэлтэд заагдсан хохирогчийн далны шонтонгийн дээд холбоос 3-р зэргийн урагдал, далны хуудасны холбоос 2-р зэргийн урагдал гэмтэл буюу хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдохгүй байна гэжээ.
Гэтэл шүүгдэгч Ж.Цэвээнбаяр нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд “хохирогчийг ташуураар цохисон, гар, суганаас нь өргөсөн, чирсэн” талаар, гэрч Д.Угтахбаяр “Ж.Цэвээнбаяр нь хохирогчийг ташуураар цохисон” талаар мэдүүлсэн нь шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол буюу мөрөнд гэмтэл учруулсан үйлдлийг шалтгаант холбоотой болохыг илэрхийлдэг. Мөн Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 6 сарын 2-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч эмч М.Баттүвшин “мөрний гэмтлийг хатуу мохоо зүйлийн буюу унах, цохих, цохигдох, татах зэрэг бүх хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой” талаар мэдүүлсэн.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлж буй “хохирогчийг мотоциклоос унаж мөрөө гэмтээсэн” гэх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдохгүй байх бөгөөд шүүгдэгчийн хамаарал бүхий этгээдүүд болох түүний эхнэр, төрсөн ах нарын мэдүүлгийг үндэслэн хэргийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Хохирогч Ө.Мөнхбат нь Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээлэл болон мөрдөн байцаалт, шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “мөрний гэмтлийн талаар дурдсан, мэдүүлсэн байдаг, хэрэгт авагдсан хөдөлшгүй нотлох баримт болох нэмэлтээр явуулсан Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 6 сарын 2-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “хохирогчийн далны шонтонгийн дээд холбоос 3-р зэргийн урагдал, далны хуудасны холбоос 2-р зэргийн урагдал гэмтэл” нь 2020 оны 4 сарын 8-ны өдөр бусдад зодуулсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн байдаг. Мөн хохирогч нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанаас хойш Гурвансайханы хүн эмнэлэг болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчид үзүүлэхэд мөрний гэмтлийн талаар тодорхой дурдсан байдаг. Хавтаст хэрэгт мөрний гэмтлийн талаарх эмчийн бичилт бүхий эмчлүүлэгчийн карт баримт авагдсан бөгөөд урьд өмнө нь хохирогч нь мөрөндөө гэмтэл авсан, авч байсан талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “..сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал..шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн 10 дугаартай дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч Ж.Цэвээнбаяр нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хангалттай тогтоогдож байх атал шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт, хэрэгт нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Хохирогч мотоциклоос унаснаас даландаа гэмтэл авсан талаар хэрэгт ямар ч баримт байхгүй. 
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/89 дугаар шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байх тул уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цоодол гаргасан тайлбартаа: ”Ташуураар хөл рүү нь цохисон гэдгээ шүүгдэгч хүлээн зөвшөөрдөг. Харин дал руу нь цохиогүй гэдэг. Цэвээнравдан, Өнөболд нар Мөнхбатыг мотоциклоос унаж гараа эвгүй болгосон гэж ярьж байсныг гэрчилдэг.  Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Малчин хүний хөдөлмөрийн багаж болох хулсан ташуурыг устгахаар шийдвэрлэснийг өөрчилж, ташуурыг буцааж олгоно уу” гэв.

Прокурор Б.Батцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:” Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Ж.Цэвээнбаярт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зөвхөн хохирогчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 
         Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр Ж.Цэвээнбаярын Ө.Мөнхбатыг ташуураар цохиж түүний зүүн даланд хүндэвтэр гэмтэл учруулсан гэх үйлдэл нотлогдож, тогтоогдоогүй, түүний гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байна, харин Ж.Цэвээнбаяр нь 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Ө.Мөнхбатын толгойн тус газарт гараар болон хуванцар сандлаар цохиж, түүний биед тархи доргилт, хэнгэргэн хальсны урагдал бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна гэж дүгнэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
           Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Ж.Цэвээнбаяр, Ө.Мөнхбат нар нь ах дүүсийн холбоотой улсууд бөгөөд тухайн өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зодолдсон асуудал дээр маргадаггүй бөгөөд харин Ө.Мөнхбатад учирсан  зүүн далны шонтонгийн дээд холбоос 3 дугаар зэргийн урагдал, далны хуудасны холбоос 2 дугаар зэргийн урагдал бүхий хүндэвтэр хохирол нь Ж.Цэвээнбаярт зодуулснаас учирсан эсхүл мотоциклоос унаснаас учирсан гэдэг дээр маргадаг. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч Ж.Цэвээнбаярт ташуураар цохиулснаас учирсан болох нь эргэлзээтэй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. 
         Аймгийн прокурорын газраас Цэвээнбаяр нь ташуурыг зэвсгийн чанартай хэрэглэн зодсоны улмаас хохирогчийн зүүн далны шонтонгийн дээд холбоос 3 дугаар зэргийн урагдал, далны хуудасны холбоос 2 дугаар зэргийн урагдал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн боловч хэрэгт хохирогч Ж.Мөнхбат, гэрч Д.Угтахбаяр нарын “...ташуураар хөл хавьцаа нь 2 удаа цохисон” гэж мэдүүлсэн ба харин ташуураар дал хавьцаа цохиулсан талаар хэн ч мэдүүлээгүй байна. 
         Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийжээ. 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэрэгт сэжиглэгдэж буй Ж.Цэвээнбаярт худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авч  Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан “яллагдагч мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй, яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг хаасан байна. 
            Хавтаст хэргийн 82 дугаар хуудсанд хүний 2 хажуу болон эгц өмнөөс авсан 3 ширхэг гэрэл зураг байх боловч хэний зургийг хэн, хэзээ, хэрхэн бэхжүүлж авсан талаар ямар ч тэмдэглэл үйлдээгүй  нь  нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчсөн боловч шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  
                  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ө.Мөнхбатын өмгөөлөгч Т.Дашцэрэнгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 
2.    Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Цэвээнбаярт авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээсүгэй. 
3.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

           
                             ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ 

                                 ШҮҮГЧИД                                  Ш.ТӨМӨРБААТАР 

                                                   Т.БЯМБАЖАВ