Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/88

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баясгалан даргалж, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч Б.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эргүүгийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баярсайханд холбогдох эрүүгийн 1736000110003 дугаартай 178/2017/0089/э/ индэкстэй хэргийг 2017 оны 8 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1972 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эхнэр 5 хүүхдийн хамт Ховд аймгийн Зэрэг сум, Бураа багт оршин суух, малчин, хэрэг хариуцах чадвартай, Буурлыхан овогт Баастын Баярсайхан /РД: ПЕ72062919/

Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

Яллагдагч Б.Баярсайхан нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сум Хөндлөн баг гэх газарт өөрийн салсан эхнэр Г.Уламбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Баярсайхан нь 2017 оны 6 сарын 15-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сум Хөндлөн баг гэх газарт Г.Уламбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцоно гэсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дараах бичгийн нотлох баримтаар гэм буруутай болох нь нотлогдож байна. Үүнд: 

1.  Хохирогч Г.Уламбаярын “Миний бие нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нөхөр хүүхдүүдийнхээ хамт гэртэй байж байсан юм. Тэгсэн манай нөхөр Б.Баярсайхан 17 цагийн үед хөдөө гэрээсээ Зэрэг сумын төв рүү сонгино худалдаж авахаар явсан юм. ... 2-3 цагийн дараа ирэхэд нь би нөхөртөө хандан... яагаад удсан юм вэ... гээд уурласан чинь манай нөхөр Б.Баярсайхан уурлаад улмаар бид хоёр маргалдсан. ... би гэрээс гарсан чинь араас Б.Баярсайхан гарч ирээд сандлаар миний баруун хөлийн гуя орчим руу цохиход нь би дэрсэн дээр унахад... миний нуруу орчим руу өшиглөхөд манай хүүхдүүд Б.Баярсайхан бид хоёрыг салгасан. ...миний хувьд одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/ 

2.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн "... Г.Уламбаярын биед гэмтэл учирсан байна. Г.Уламбаярын биед учирсан гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Г.Уламбаярын биед баруун хөлийн гуянд 15*10см цус хуралт, тус хэсэгт 0,5*0,3см 3 ширхэг өнгөц шарх, зүүн гарын бугалга, тохойн гадаргуйд өнгөц зулгаралтууд, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. ... дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 320 дугаартай дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/

3.  Шүүгдэгч Б.Баярсайханы яллагдагчаар өгсөн “... би уурандаа сандлаар Г.Уламбаярын баруун гуя орчим руу цохисон тэгсэн чинь Уламбаяр газар унасан ба газар унахдаа зүүн гараараа дэрсэн дээр унасан. Тэгээд миний бие сандлаа барьж аваад гэрлүүгээ эргэж орсон. Миний хувьд Уламбаярыг зодож гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Буруугаа ойлгож байна. Уламбаяр бид хоёрын хувьд 1996 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон ингээд Уламбаяр бид хоёр хамт амьдарч байгаад 2011 онд гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж өөрөөр хэлбэл Уламбаяр бид хоёр салсан юм. Гэхдээ хүүхдүүдээ бодоод одоогоор хамтран амьдарч байгаа” гэх /хх-ийн 26-27 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүгдэгч Б.Баярсайхан нь 2017 оны 6 сарын 15-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сум Хөндлөн баг гэх газарт өөрийн салсан эхнэр Г.Уламбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд 2017 оны 7 сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.  /хх-ийн 01 дүгээр хуудас/.

Шүүгдэгч Б.Баярсайханы дээрх үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн зүйлчлэл тохирч байгаа боловч 2015 онд батлагдсан 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж зааснаар прокурорын газраас тухайн зүйлд заасан торгох ялын хэмжээ багассан, баривчлах ялын төрөл байхгүй болсон, нийтэд тустай ажил хийлгэх ял нэмэгдсэн зэрэг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэстэй байна.

Шүүгдэгч Б.Баярсайхан нь өөрийн салсан эхнэр Г.Уламбаяр /гэр бүлийн хамаарал бүхий хүн/-ыг зодсон боловч 2017 оны 02 сарын 10-ны өдрөөс хойш байнга зодож байгаагүй болох нь хохирогчийн мэдүүлэг, цагдаагийн газрын хайлтын систем /АСАП сангийн бүртгэл/-ээр /хх-ийн 32-34 дүгээр хуудас/ тогтоогдсон болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Баярсайхан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/-аар тогтоогдож байгаа  тул үйлдсэн гэмт хэрийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулав.

Шүүгдэгч Б.Баярсайхан нь будад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Буурлынхан овогт Баастын Баярсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.  Шүүгдэгч Б.Баярсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 /долоон зуун тавь/ нэгж буюу 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярсайханд оногдуулсан 750 000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Баярсайханыг торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.  Шүүгдэгч Б.Баярсайхан нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баярсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.БАЯСГАЛАН