Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баясгалан даргалж, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч П.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцуулан түс шүүхийн танхимд нээлттэй хийсэн эргүүгийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ганбатад холбогдох эрүүгийн 1736000000026 дугаартай 178/2017/0098/э/ индэкстэй хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1972 оны 12 сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сум Тахилт багийн 04-17 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Пүрэвийн Ганбат /РД: ПЮ72121418/

Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

Яллагдагч П.Ганбат нь 2017 оны 8 сарын 08-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сум Тахилт багийн 04 дүгээр гудамжны 17 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр П.Гантуяаг гэртээ согтуу ирсэн гэж түүний толгой хэсэг рүү нь модоор цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Ганбат нь 2017 оны 8 сарын 08-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сум Тахилт багийн 04 дүгээр гудамжны 17 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр П.Гантуяаг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өмгөөлөгч авахгүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцоно гэсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дараах бичгийн нотлох баримтаар гэм буруутай болох нь нотлогдож байна. Үүнд: 

  1. Хохирогч Б.Гантуяагийн “ 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ... би хаалгаа цохиод гэрлүүгээ ортол миний нөхөр Ганбат нь толгойн тус газар луу 1 удаа модоор цохиод миний толгойг хагалсан... миний толгойг цохисон модыг намайг цагдаа дуудахад Ганбат бариад гараад зугтаасан буцаж ирэхдээ гудамжинд хаясан гэж хэлж байсан ” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 21-р хуудас/,
  2.  Гэрч Ц.Олдохын “...22 цагийн орчимд... хажуу хашааны Гантуяа гэх эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай орж ирээд намайг гэрт оруулаад өгөөч гэхээр нь би дагуулаад гэрийнх нь үүдэнд очоод дотогш орох гэтэл хаалга нь дотроосоо цоожилсон байсан. Тэгээд Гантуяа хаалга цохиод дотогш ортол нөхөр Ганбат нь толгойн тус газар луу нь 1 удаа модоор цохиод толгойг нь хагалчисан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 27-р хуудас/

3. Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 400 дугаартай “Б.Гантуяагийн биед гэмтэл учирсан. Б.Гантуяагийн толгой орой хэсэгт мэс заслын оёдол тавьсан, язарсан шарх гэмтэл учирсан байна Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн /хх-ийн 27-р хуудас/ дүгнэлт зэрэг болно.

Шүүгдэгч П.Ганбат нь эхнэр П.Гантуяаг /гэр бүлийн хамаарал бүхий хүн/-ыг зодсон боловч 2017 оны 02 сарын 10-ны өдрөөс хойш байнга зодож байгаагүй болох нь хохирогчийн мэдүүлэг, цагдаагийн газрын хайлтын систем /АСАП сангийн бүртгэл/-ээр /хх-ийн 53 дугаар хуудас/ тогтоогдсон болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч П.Ганбат нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрийн нийгмийн аюулын шинж чанар болон прокурорын шатанд прокурорын торгох саналыг яллагдагч хүлээн зөвшөөрсөн /хх-ийн 63 дугаар хуудас/ байх тул торгуулын ял оногдуулав.

Шүүгдэгч П.Ганбат нь хохирогч Б.Гантуяа гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн /хх-ийн 33 дугаар хуудас/ тул шүүгдэгч П.Ганбат нь будад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвийн Ганбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.  Шүүгдэгч П.Ганбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахв хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 490 /дөрвөн зуун ер/ нэгж буюу 490 000 /дөрвөн зуун ерин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ганбатад оногдуулсан 490 000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Ганбатыг торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.  Шүүгдэгч П.Ганбат нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ганбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.БАЯСГАЛАН