Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2020/ДШМ/24

 


Ү.Алимаад холбогдох эрүүгийн 
хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй  
Прокурор Г.Хаш-Эрдэнэ  
           Шүүгдэгч Ү.Алимаа
           Шүүгдэгчийн өмгөөлөгч  Ж.Чимэддулам
           Нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид  нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:           
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн Ү.Алимаад холбогдох /1822003450105 дугаартай 4 хавтас/ эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 онд төрсөн, 53 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Гурвансайхан сумын Засаг даргын тамгын газарт санхүүгийн албаны дарга ажилтай, Дундговь аймгийн Гурвансайхан сумын 5 дугаар баг, Задгайн 11 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Тайж овгийн Үржингийн Алимаа /РД:ЗГ67041101/,

Ү.Алимаа нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны даргын бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2017 оны 10 сарын 27-ны өдөр сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн өртэй М.Эрдэнэсүрэнд 15.000.000 төгрөгийн, мөн өөрийн нөхөр Ш.Хадбаатарт 18.000.000 төгрөгийн зээл олгуулж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ. 
Дундговь аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

          Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Тайж овгийн Үржингийн Алимааг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 7000 /долоон мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Алимаа нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдаж, Ү.Алимаа нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гарын үсгийн дардсыг эзэмшигч Э.Загдсүрэнд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, баримтыг Ү.Алимаад холбогдох эрүүгийн 1822003450105 дугаартай хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид   урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоолын Үндэслэх хэсэгт ... шүүгдэгч Ү.Алимаа нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын тамгын газрын санхүү албаны даргаар ажиллаж байхдаа өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурал болоогүй байхад өмнө нь ажиллаж байсан Засаг дарга Э.Загдсүрэнгийн үед хурал болсон мэтээр шинээр засаг даргын үүрэг гүйцэтгэгч болсон С.Өлзийбуянд танилцуулан зээл олгуулах тухай захирамж гаргуулан давуу байдал бий болгосон үйл явдал тогтоогдож байна. Ү.Алимаагийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй гэж үзэж байна. 
Авлигын эсрэг хуулийн 3.1.3.“албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах’ гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” хэлнэ гэж хуульчилсан.
Гэтэл Ш.Хадбаатар, М.Эрдэнэсүрэн нарт Зээл олгох тухай Гурвансайхан сумын Засаг даргын 2017.10.27-ны өдрийн А/110 тоот захирамжийг Ү.Алимаа гаргаагүй, захирамжид гарын үсэг зураагүй тул албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэж үзэх боломжгүй.
“Төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурал болоогүй гэдгийг засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Өлзийбуян “Засаг даргын 2017.10.27-ны өдрийн А/110 тоот захирамж" гаргахдаа мэдэж байсан, яагаад гэвэл С.Өлзийбуян нь засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохоосоо өмнө тус сумын засаг даргын орлогчоор ажиллаж байсан бөгөөд төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн гишүүн байсан. Мөн уг захирамжийг гаргахад төсөл сонгон шалгаруулах хурлын тэмдэглэл үйлдэгдээгүй байхад уг захирамжийг гаргасан. Эндээс үзэхэд засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Өлзийбуянгийн "2017.10.27-ны өдрийн А/110 тоот захирамж” гаргасан, Ш.Хадбаатар, М.Эрдэнэсүрэн нартай Зээлийн гэрээ байгуулсан үйлдэлд шүүх дүгнэлт хийгээгүй.
Анхан шатны шүүхээс С.Өлзийбуян нь засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр дөнгөж томилогдоод төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурлын шийдвэргүйгээр захирамж гарган зээл олгосон үйлдэл нь мэдэх ёстой зүйлээ мэдэхгүй байх нь зөв мэтээр дүгнэж байгаа нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй байна. Аль ч талаасаа бодож үзсэн шийдвэр гаргасан албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үр дүнг өөрөө хариуцах ёстой. Өлзийбуянгийн албан тушаалдаа хайнга хандсан үйлдлийг Прокуророос шалгасан гэж тайлбар гаргаж байгаа боловч энэ талаар хэрэгт баримт байхгүй байгаа. 
Сум хөгжүүлэх санд 8 төсөл ирсэн байсан гэж байгаа боловч хэрэгт энэ талаар баримт байхгүй байгаа. Ер нь ирсэн нь энэ 2 төсөл л байсан.   
Иймээс Ү.Алимаа нь Гурвансайхан сумын Сум хөгжүүлэх сангаас иргэн М.Эрдэнэсүрэн, Ш.Хадбаатар нарт зээл олгосон үйл ажиллагаанд эрх мэдэл, албан тушаалын байдлаа хэрхэн яаж урвуулан ашигласан нь тодорхойгүй, гэмт хэргийг ямар аргаар үйлдсэн нь нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм.
Иймд Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 12-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ү Алимаад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж давж заалдах гомдолдоо:  
          1.Шийтгэх тогтоолд өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Ш.Хадбаатарт зээл олгуулах тухай захирамж гаргуулан давуу байдал бий болгосон үйл явдал тогтоогдож байна” гэжээ. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ...” хэмээн заасан. Байдал гэсэн үгний ард хамаатуулахын “аа” нөхцөл залгаснаар шийдвэр гаргаж байгаа албан тушаалтанд үйл явдал хамаарах тухай ойлголт бий болж байх бөгөөд хуулиар олгогдсон бүрэн эрх, албан үүргийг урвуулан ашигласан идэвхтэй үйлдэл шаардагдана. Тэгэхээр “захирамж гаргуулах” албан үүрэг, бүрэн эрх Ү.Алимаад хуулиар байтугай ажлын байрны тодорхойлолтоор ч олгогдоогүй байх тул зүйлчлэл тохирохгүй байна.
Шийтгэх тогтоолд “... санхүүгийн албаны даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээд болон бусдад давуу байдал бий болгосон буюу эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай” гэжээ. Санхүүгийн албаны дарга нь гадагш чиглэсэн  эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргах ямар ч эрх мэдэлгүй тул зээл олгох шийдвэр гаргаагүй, зээлийн гэрээ байгуулаагүй. Ү.Алимааг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн дүгнэх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа явдал болно.  Ер нь бол шийдвэр нь хуульд нийцэж байгаа эсэх, түүний эрх зүйн үр дагаврыг гарын үсэг зурж байгаа тухайн албан тушаалтан хариуцдаг болохоос өөр бусад этгээд хариуцдаггүй. Тэгэхээр хариуцлагыг нь шийдвэр гаргаагүй этгээдэд хүлээлгэсэн шийтгэх тогтоолыг хууль зүйн хувьд үндэслэлгүй.  
Захирамж гаргуулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.2 дугаар зүйлийн 1-т заасан ’’Нийтийн албан хаагч ... өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгуулах зорилгоор өөрөө ... албаны эрх нөлөөг урвуулан ашиглаж ... давуу байдал олгосны улмаас ... хохирол учирсан бол ... гэсэн зүйлчлэл тохирч болох юм. Гэвч хохирол учраагүйг болон зээл, зээлийн хүү хуваарийн дагуу эгэн төлөгдөж дууссан талаар хохирогч /иргэний нэхэмжлэгч/ шүүх хуралдаанд тайлбарласан ба дээрх 22.2 дугаар зүйл нь 2017.05.11-нд хүчингүй болсон тул уг зүйлчлэлээр зүйлчлэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэдэггүй тул 22.1-ийг хэрэглэх нь хууль хэрэглээний алдаа юм.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ү.Алимааг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Ү.Алимаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд албан тушаалаа урвуулан ашиглаагүй. Би зээл олгох шийдвэр гаргаагүй. Сум хөгжүүлэх сангаас зээл олгоход Сумын Засаг дарга захирамж гаргаж, сумын засаг даргын тамгын газрын ахлах нябо 2 дугаар гарын үсэг зурдаг. Би төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Энэ 2 төсөл хэрэгжээд, эргэн төлөлт нь дууссан. Тухайн үед энэ 2 төслөөс өөр төсөл ирээгүй байсан. Тийм болохоор ч бид авч хэрэгжүүлсэн. Зээл олгогдсоноос хойш бараг жилийн дараа хурлын материалыг би бүрдүүлж өгсөн. Э.Загдсүрэнд гарын үсгийн дардас байдаг гэдгийг мэдээгүй байхад Өлзийбүрэн дарга байдаг гэдгийг надад хэлснээр би авч тэмдэглэлд дарсан.

Прокурор Хаш-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Сум хөгжүүлэх сангаас Зээл олгох засаг даргын захирамжийг тухайн үед засаг даргаар томилогдсон Өлзийбүрэн гаргаж албан тушаалын байдалдаа хайнга хандсан байдаг боловч хохирлын хэмжээ нь тухайн хэргийн хохирлын хэмжээнд хүрээгүй тул эрүүгийн хэрэг үүсгэж шалгаагүй. Ү.Алимаа нь зээл олгох хурал болоогүй байхад хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн, зөвлөлийн гишүүн Загдсүрэнгийн гарын үсэгт түүний дардсыг дарсан, холбогдох материалыг хуурамчаар бүрдүүлсэн болох нь тогтоогдсон. Ү.Алимаагийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс дүгнэж, түүнийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн Ү.Алимаад холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
    Ү.Алимаад холбогдох хэргийг тус аймгийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2020 оны 10 сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр товлогдсоныг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдоржид мэдэгдэхэд онлайнаар оролцохоор тохирсон боловч шүүх хуралдаан эхлэхэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд ирээгүй, утсаа авахгүй байсан тул түүнийг оролцуулалгүйгээр шүүгдэгч Ү.Алимаа болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам нарыг оролцуулан, өмгөөлөгч Г.Нацагдорж, Ж.Чимэддулам нарын гомдлоор хэргийг хянан хэлэлцсэн болно. 
          Анхан шатны шүүх Ү.Алимааг Гурвансайхан сумын засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа  2017 оны 10 дугаар сард Сум хөгжүүлэх сангаас нөхөр Хадбаатартаа 18.000.000 төгрөгийн, Засаг даргын тамгын газрын дарга Б.Энхтуяагийн ээж Эрдэнэсүрэнд 15.000.000 төгрөгийн зээл олгуулах тухай шийдвэрийг Сумын засаг даргаар гаргуулан, зээл авч өөрийн хамаарал бүхий этгээдэд болон бусдад давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. 
           Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байхаар хуульчилсан байгаа бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч нийтийн албан тушаалтан байхаар хуульчилжээ. Ү.Алимаа нь Гурван сайхан сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж, “Сум хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж  байсан  болох нь Засаг даргын тамгын газрын даргын  2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 тоот тушаал /хх-1, хуу172, ажлын байрны тодорхойлолт /хх-1,хуу173-174/, Гурвансайхан сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/110 дугаар захирамж зэрэг нотлох баримтуудаар  батлагдсан байна.
          Сум хөгжүүлэх сангаас зээл олгох ажиллагаа нь Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-аар зохицуулагддаг бөгөөд сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус  зөвлөл сум бүрт ажиллаж, зөвлөл нь иргэд байгууллагаас  ирүүлсэн төслийг журамд заасан шалгуурыг хангаж байгаа эсэхийг хянаад оролцсон гишүүдийн ердийн олонхын саналаар шийдвэр гаргаж, зээл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд  саналаа ажлын 3 хоногийн дотор тухайн сумын Засаг даргад хүргүүлэх, зөвлөлийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор Засаг дарга зээл олгох шийдвэр гаргахаар журамлагджээ.
           Хэргийн материалыг хянаж үзэхэд Ү.Алимаа нь нөхөр Ш.Хадбаатар, иргэн М.Эрдэнэсүрэн нарын  бичсэн сум хөгжүүлэх сангаас авах  зээлийн төслийг дэмжих талаар тухайн үед сумын засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Өлзийбуянд нөлөөлж 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гаргуулан зээл авч, авсан зээлээрээ охин Х.Баясгалангийн 8.097.000.00 төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл болон 7.000.000.00 төгрөгийн зээлийг хаасан болох нь  Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурлын тэмдэглэл, /хх-1,хуу-60-65/, Ш.Хадбаатарын “Талх, нарийн боов” /хх-1,хуу70-80/  Эрдэнэсүрэнгийн “Цайны газар” төслүүдийн материал /хх-1, хуу81-91/, зээл олгох тухай Гурвансайхан сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/110 захирамж /хх-1,хуу-17,54/, Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ /хх-1,хуу10-12, 15-16, Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдлийн бүртгэл /хх-1,хуу-13-ын ар/, дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар  нотлогдсон байна.
          Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар “Ү.Алимаа нь албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаагүй, зээл олгох тухай шийдвэрийг гаргаагүй” гэж анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцдэг бөгөөд энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ. 
         Гурвансайхан сумын засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны   даргаар ажиллаж байхдаа Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хяналт тавьж  ажилладаг байсан бөгөөд охин Х.Баясгалангийн хугацаа хэтрэлттэй зээлийн үлдэгдлийг хаах гэсэн хувийн ашиг сонирхлын үүднээс сум хөгжүүлэх сангаас зээл олгох орон тооны бус зөвлөлийн шийдвэргүйгээр нөхөр Хадбаатарын нэр дээр    зээл авсан /2017 онд/, зээл авснаасаа хойш /2018 онд/ зөвлөлийн шийдвэрийг өөрөө гаргаж /тэмдэглэлийг зохион бичсэн/, албан тушаалын нэр нөлөөгөө ашиглан зөвлөлийн гишүүдээр тэмдэглэлд гарын үсэг зуруулан баталгаажуулж, сум хөгжүүлэх сангийн зээлийн материалыг хуурамчаар бүрдүүлсэн, сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан С.Өлзийбуянд зээлийн материал бүрдсэн хэмээн танилцуулах, түүний гаргах шийдвэрийн төслийг бичиж өгөх зэрэг байдлаар хууль бусаар нөлөөлж зээл олгох шийдвэр гаргуулсан Алимаагийн үйлдлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзнэ.
        Шүүгдэгч Ү.Алимаа нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах үйлдэл хийхдээ “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын  /хх-1,хуу-66/ “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, хуулийн этгээд сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн талаарх саналаа тогтоосон хугацаанд төсөл сонгон шалгаруулах зөвлөлд хүргүүлнэ”, “зээлийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор тухайн сумын Засаг дарга зээл олгох шийдвэр гаргана”, Зээлдэгч нь “Сум хөгжүүлэх болон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байна” гэсэн журмын 4.1,  4.2.2,  4.5  дахь заалтуудыг тус тус зөрчжээ.    
           Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нь Ү.Алимаагаас 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг сануулан гэрчийн мэдүүлэг авч //хх-1,хуу-41/, /хх-2, хуу-66/, /хх-2, хуу-155/, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэрчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авч /хх-2, хуу-163/  Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэснийг зөрчсөн байна. Алимааг ийнхүү    гэрчээр байцаахдаа гэмт хэрэг үйлдсэн хүн, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах чиглэлийн асуулт, хариулт явагдсан байдлыг харгалзан гэмт хэрэгт холбогдогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзээгүй болно. 
         Давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ аймгийн прокурорын газраас ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэлээ. 
         Сумын засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан С.Өлзийбуянгийн “...сум хөгжүүлэх сангаас зээл олгох орон тооны бус зөвлөлийн шийдвэргүйгээр   зээл олгох шийдвэр гаргасан”, сумын засаг даргын тамгын газрын дарга Энхтуяагийн  “...сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй байсан ээждээ зээл олгуулсан”, Алимаагийн “...хуулийн байгууллагад шалгагдаж байхдаа хуурамч нотлох баримт бүрдүүлсэн” үйлдэл холбогдлыг шалгаагүй, С.Өлзийбуян, Г.Эрдэнэцэцэг, Б.Очгэрэл, Э.Загдсүрэн нарыг зориуд худал мэдүүлэг өгсөн хэрэгт яллагдагчаар татах үед хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан байхад  энэ үндэслэлээр хэргийг  хэрэгсэхгүй болгосон байх тул дурдсан асуудлуудыг тусад нь шалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 
          Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болсон байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг  цагаатгуулахаар бичсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнээд         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, Ж.Чимэддулам, шүүгдэгч Ү.Алимаа нарын давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.
2.    Магадлал хүчин төгөлдөр болтол Ү.Алимаад урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
3.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

           
                             ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ 

                                 ШҮҮГЧИД                                  Ш.ТӨМӨРБААТАР 

                                                   Т.БЯМБАЖАВ