Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2014/8776/и |
Дугаар | 001/ХТ2016/00789 |
Огноо | 2016-06-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2016/00789
Ж.Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 450 дугаар шийдвэр,
Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 91 дүгээр магадлалтай,
Ж.Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй
Я.Уламбаярт холбогдох,
Хохиролд 7.340.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурайгийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Отгонсүрэн түүний өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.Отгонсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Орхон суманд газар тариалан эрхлээд 15 жил болж байна. 2015 онд 4 га лууван, 1 га сонгино, 0,5 га өргөст хэмх, 0,5 га шар манжин тарьсан. 2015 оны 08 сарын 12-13-ны өдөр Уламбаярын үхэр хашааны тор дайран орж, өргөст хэмх, манжинг идэж, тастаж, гишгэсэн. Тухайн үед Уламбаярын эхнэр Орхонтуяад утсаар хэлсэн. Орхон сумын захиргаанд гомдол гаргасны дагуу Орхон сумын Засаг даргын захирамж гарч, 4 хүний бүрэлдэхүүнтэй комисс манай талбай дээр ирж, 0,5 га өргөст хэмх, 0,5 га шар манжинг сүйтгэснийг тогтоосон. Өргөст хэмх 1 га талбайгаас 17 тн, шар манжин 1 га талбайгаас 6,4 тн ургац авах боломжтой байсан байна гэсэн дүгнэлт гаргасан. Иймээс 1 кг өргөст хэмхийг 600 төгрөгөөр бодож 0,5 га-аас 8,5 тн гэж тооцож 5.100.000 төгрөг, 0,5 га-аас 3,2 тн шар манжинг нэг кг манжинг 700 төгрөгөөр тооцож 2.240.000 төгрөг, нийт 7.340.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би энэхүү сүйтгэсэн талбайгаас нэг ч ургац аваагүй гэжээ.
Хариуцагч Я.Уламбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх Орхон сумын Хүрээлэн гэх газар амьдардаг. Отгонсүрэн нь малын зам дагуу ногоо тариалсан нэртэй боловч ургаагүй. Талбай нь зэрлэгэнд баригдсан байдалтай байдаг байсан. Маш оройтож манжин тарсан боловч ургаагүй юм. Өргөст хэмх тарьсан боловч энд тэнд ганц нэг гарсан байсан. Малын зам дээр ногоо тарьчхаад талбайгаа сайн хамгаалах нь түүний үүрэг юм. Бид малаа шөнөдөө хашиж хоноод өглөө уулруу бэлчээрт нь туудаг. Отгонсүрэнгийн талбайн ойролцоо үхэртэй айл олон байгаа. Манайх 60 гаруй үхэртэй. Зурган дээрх үхрүүдийн наана нь байгаа 2-3 үхэр бол манай үхэр мөн байна. Цаана байгаа нь сайн танигдахгүй байна. Мөн Засаг даргын тамгын газраас хүмүүс ирж акт тогтоохдоо биднийг байлцуулаагүй бөгөөд үхэр талбайд орсон талаар Отгонсүрэн манай эхнэрт хэлсэн байсан. Гэхдээ Отгонсүрэн нь өөрөө талбайгаа хамгаалаагүй орхисон, хашаа тор нь муу байснаас үхэр орсон байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Мөн ургац муу байсан учир 7.340.000 төгрөгийн хохирол учрах боломжгүй юм гэжээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 450 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Я.Уламбаяраас нийт 7.340.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Отгонсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж. Отгонсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132.390 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.
Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 91 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 450 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.
1. Магадлалд “шүүх Б.Батзул, Б.Нямбаяр, С.Жаргал, Б.Бат-Орхон, Ч.Намсрайжав, Ч.Мөнх-Эрдэнэ, Б.Хулан, Б.Түмэнцогт, Д.Энхтөр нарыг гэрчээр асууж тэмдэглэл хөтөлсөн байх бөгөөд хүсэлтийг шийдвэрлэсэн тухай захирамж гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ” гэж дүгнэн ИХШХШТХ-ийн 105.1, 123.1, 123.3 дахь заалтыг зөрчсөн тул дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Шүүхийн уг дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Дээрх гэрчүүдийг нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр зохигчдыг байлцуулан мэдүүлэг авсан байдаг. Гэрчээс мэдүүлэг авч байгаа нь талуудын хүсэлтийг хангаж байгаа үйл баримт гэж үзэж байна.
2. Давж заалдах шатны шүүх ....“хүсэлтийг шийдвэрлэсэн захирамж гаргаагүй”...гэсэн нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, хэргийг шийдвэрлэлт удаашруулсан, ач холбогдол муутай үндэслэл болсон.
3. ИХШХШТХ-ийн 123.1, 123.3 дахь заалтуудыг зөрчөөгүй “дээрх хуулийн заалт нь хэрэг маргааныг агуулгаар шийдвэрлэж буй тохиолдолд шүүхийн шийдвэр гаргах ба бусад тохиолдолд шүүгчийн захирамж, тогтоол гаргах тухай заалт юм. Гэрчээр асуулгах хүсэлтийг заавал бичгээр гаргана гэсэн хуулийн заалт байхгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Давж заалдах шатны шүүх “...гэрч асуулгах хүсэлтийг шийдвэрлэсэн захирамж гаргаагүй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ.
Зохигчид Б.Батзул, Б.Нямбаяр, С.Жаргал, Б.Бат-Орхон, Ч.Намсрайжав, Ч.Мөнх-Эрдэнэ, Б.Хулан, Б.Түмэнцогт, Д.Энхтөр нарыг гэрчээр асуух хүсэлт гаргасан, шүүх нэр бүхий хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан нь хэрэгт авагдсан байна /хавтаст хэргийн 91, 94, 96, 98-103, 105-119 дүгээр тал/.
Анхан шатны шүүх хүсэлтийг шийдвэрлэхдээ захирамж гаргаагүй нь буруу боловч гэрчүүдээс мэдүүлэг авах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж мэтгэлцэх эрхээр хангасан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.
Нэхэмжлэгч Ж.Отгонсүрэнгийн “...7.340.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хариуцагч Я.Уламбаяр эс зөвшөөрөхдөө “...малаа шөнө хашиж хоноод өглөөд уул руу туудаг, Ж.Отгонсүрэн талбайгаа хамгаалах үүрэгтэй, тэрээр ногоо тарьсан боловч ургаагүй, талбайн ойролцоо үхэртэй айл олон байдаг...” гэжээ.
Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заажээ. Ийнхүү гэм хорыг хариуцах үүрэг үүсэхийн тулд хариуцагчийн хууль бус үйлдэл, гэм буруу, учирсан гэм хор, гэм буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх шаардлагатай.
Хариуцагч Я.Уламбаярын үхэр нэхэмжлэгчийн тариалангийн талбайд орж, тариалсан ногоог сүйтгэсэн эсэх, үүнд хариуцагчийн гэм буруу байгаа эсэх нь маргааны зүйл болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 685, 799 дугаар тодорхойлолтыг зааж, улмаар гэрч Б.Нямбаяр, Б.Батзул нар нотолно гэжээ /хавтаст хэргийн 1-2, 4-5 дугаар тал/.
Уг тодорхойлолтыг бичсэн Б.Хулан, Д.Энхтөр, Ч.Мөнх-Эрдэнэ, Б.Түмэнцогт болон Б.Нямбаяр, Б.Батзул нарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээс үзэхэд Я.Уламбаярын үхэр нэхэмжлэгчийн талбайд орж тариалсан ногоог устгаж, хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Анхан шатны шүүх зохигчдын гаргаж өгсөн болон тэдний хүсэлтээр цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 91 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 450 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 133.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ