Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 25

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг би,  

        Нэхэмжлэгч:  иргэн М.******* нэхэмжлэлтэй,  

        Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох,                                                           

       Нэхэмжлэлийн шаардлага: М.******* эзэмшлийн 3375 м.кв газраас аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нартай хийсэн хэлцлийн дагуу нийтийн эзэмшилд авч, чөлөөлсөн 225 м.кв газрын нөхөн төлбөрт оногдох газрыг олгуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч М.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  эмнэлгийн зүүн талд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, дэд бүтэц, шугам сүлжээнд холбогдсон, 1 дүгээр бүсийн 3375 м.кв талбай бүхий газар эзэмшдэг. Энэ газар маань 2010 онд миний эзэмшилд шилжин ирсэн, 2025 он хүртэл эзэмших эрхтэй. Хуулийн дагуу өөрийн эзэмшилдээ авч гэрчилгээ авсан болно. 2014 оны 08-р сард аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хүсэлтийн дагуу өөрийн эзэмшиж байсан газраас 225 м.кв газрыг зам тавих бүтээн байгуулалтын ажлыг дэмжин чөлөөлсөн. Тухайн үед газар чөлөөлөх тухай тохиролцохдоо /М.*******, О.*******/ миний эзэмшил газраас нийтийн эзэмшилд шилжүүлсэн газрын нөхөн төлбөрт яг авсан хэмжээ нэгэн адил газрыг 1 дүгээр бүсэд эзэмшүүлэх захирамж гарган нөхөн төлбөрт тооцно гэж тохиролцсон.

       Үүний дагуу би зөвшөөрч газраа чөлөөлж өгөөд одоо бүтээн байгуулалтын ажил хийгдэж, аймаг газраа нийтийн эзэмшилд ашиглаж байгаа. Гэтэл миний эзэмшил газраас авсан газрын нөхөн төлбөрт газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байна. Би нөхөн төлбөрт ногдох газраа авахаар удаа дараа шаардаж,  аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өгсөн боловч мөн л хариу өгөхгүй байна. Иймд иргэн миний хуулийн дагуу эзэмшиж байгаа газраас аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нартай хийсэн хэлцлийн дагуу нийтийн эзэмшилд авсан 225 м.кв газрын нөхөн төлбөрт ноогдох газрыг олгуулахыг даалгаж өгнө үү гэв.

       Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  нутаг дэвсгэрт, “*******-*******” эмнэлгийн зүүн талд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай дэд бүтэц, шугам сүлжээнд холбогдсон хотын “А” зэрэглэл буюу 1 дүгээр бүсэд 3375 м.кв талбай бүхий газрыг аймгийн Засаг даргын 2010 оны 330 дугаар захирамжаар иргэн М.*******д эзэмшүүлсэн байдаг. Иргэн М.******* эзэмшлийн газраас 225 м.кв газрын талбайд Чойбалсан хотын дэд бүтэц зам тавих ажил хийгдэх болсны улмаас нийтийн эзэмшилд авсан бөгөөд М.******* нь иргэний үүргээ ухамсартайгаар биелүүлж газрыг чөлөөлж өгсөн тул чөлөөлсөн газартай дүйцэхүйц газрыг 1 дүгээр бүсэд нөхөн олгохоор тохиролцсон. Иймд холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран М.*******д хуулийн дагуу газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжтой болно гэжээ.

       Хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Аймгийн Засаг даргын 2010 оны 330 дугаар захирамжаар иргэн М.******* нь  багийн нутаг дэвсгэрт 3375 м.кв газрыг худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар шилжүүлэн эзэмшиж байгаа бөгөөд уг эзэмшил газрын зарим хэсэг нь 2014 онд 10 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр тавигдах хатуу хучилттай замын трасст давхцсан тул аймгийн Засаг даргын Тамгын газар болон манай байгууллагын холбогдох мэргэжилтнүүд газрыг чөлөөлүүлэх ажлыг зохион байгуулж ажилласан байдаг. Иймд уг иргэний нэхэмжлэлд дурдсан нөхөн олгох газрыг хууль, эрх зүйн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч М.******* нь Хэрлэн сумын 10 дугаар багийн нутагт “*******-*******” эмнэлгийн зүүн талд 3375 м.кв газрыг худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан бөгөөд 2014 онд түүний эзэмшил газрын зарим хэсгийг дайруулан  шинээр хатуу хучилттай зам тавих болсон тул тухайн газрыг чөлөөлж, нөхөн төлбөрт нь 225 м.кв газар авахаар эрх бүхий албан тушаалтантай тохиролцсон болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна. Үүнийг хариуцагч аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нар хүлээн зөвшөөрч, түүний эзэмшил газрын зарим хэсгийг нь чөлөөлсний нөхөн төлбөрт 225 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэх боломжтой гэдгээ шүүхэд ирүүлсэн тайлбартаа дурдсан байна. Мөн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорнод аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох, нэхэмжлэгч М.*******  “Иргэн М.******* эзэмшлийн газраас нийтийн эзэмшилд авч, чөлөөлсөн 225 м.кв газрын нөхөн төлбөрт ноогдох газрыг түүнд эзэмшүүлэх”-ийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 69 дугаар зүйлийн 69.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 35100 төгрөг, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 35100  төгрөгийг тус тус, нийт 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгосугай. 

        Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь тухайн асуудлаар дахин Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй. 

 

ШҮҮГЧ                                    С.ОЮУНТУНГАЛАГ