Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0311

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0311

         Улаанбаатар хот

 

 

Ж.Сарангуагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 115/ШШ2017/0004 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч Н.Бүрэнтэгш нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Сарангуагийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, Аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Н.Бүрэнтэгш, А.Амгаланзаяа нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 115/ШШ2017/0004 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.5, 20.9,  Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.23, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.6, 7 дугаар зүйлийн 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.5, 20 дугаар зүйлийн 20.1.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйл /2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулийн өөрчлөлтөөс өмнөх үе/-ийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.4, 135.5 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Эрхийн актгүйгээр үнэ хямдруулан борлуулсан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-026/101 тоот, “Дутагдуулсан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-026/103 тоот, “Эрхийн актгүй, акталж устгасан тэмдэглэлгүйгээр данснаас хассан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-023/113 тоот акт дахь 272730 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг болон мөн акт дахь 2592268 төгрөгийн төлбөрийн 950530 төгрөгөөс бусад төлбөрт хамаарах актуудын нэхэмжлэгч Ж.Сарангуад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.6, 7 дугаар зүйлийн 7.7, 17 дугаар зүйлийн 17.1, 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг буюу “Эрхийн актгүй, акталж устгасан тэмдэглэлгүйгээр данснаас хассан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-026/102 тоот актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин нэхэмжлэгчид хамтран хариуцуулахаар тогтоосон 1361792 төгрөгийн төлбөрийн хэмжээг 96360 төгрөгөөр багасгаж, “Эрхийн актгүй, акталж устгасан тэмдэглэлгүйгээр данснаас хассан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-023/113 тоот акт дахь 1119319 төгрөгийн төлбөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин нэхэмжлэгчид хамтран хариуцуулахаар тогтоосон 1119319 төгрөгийн төлбөрийн хэмжээг 217588 төгрөгөөр багасгаж, мөн акт дахь 2592268 төгрөгийн төлбөрөөс 950530 төгрөгийн төлбөрт хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Тус хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 115/ШШ2017/0004 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 11-08-026/102, 11-08-026/113 тоот актын төлбөр тогтоосон үнийн дүнг өөрчлөн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Санхүүгийн улсын байцаагч нар төлбөр тогтоосон дээрх захиргааны актуудыг гаргахдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.12.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэсэн байх бөгөөд шүүхээс хэргийн бодит үйл баримтыг үнэлж, хуулийн дээрх зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэж чадаагүй байна.

Учир нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д зааснаар улсын байцаагч нь “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” тус зүйлийн 10.12.2-т зааснаар “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” эрхтэй талаар хуульчилсан байна.

Гэтэл шүүхээс нэхэмжлэгч Ж.Сарангуаг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2001 оны/ 7 дугаар зүйлийн 7.7-д, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д хориглосон заалтыг зөрчсөн, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.5-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнээд, ийнхүү зөрчил гаргасан нь тогтоогдож байгаа учраас улсын байцаагч нарын төлбөр тогтоосон актыг үндэслэлтэй гэж дүгнэсэн боловч ийнхүү үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Ж.Сарангуа нь ямар хууль бус орлого, эд хөрөнгө олсон, эсхүл бусдад ямар хэмжээний хохирол учруулсан болох талаар шүүх дүгнэлт хийгээгүй бөгөөд, хэргийн материалд энэ талаар нотлох баримт авагдаагүй болно.

Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй буюу нэхэмжлэгч Ж.Сарангуа нь хууль бусаар орлого олсон, түүнчлэн бусад ямар хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдоогүй байхад улсын байцаагч нар акт үйлдэж, Ж.Сарангуад төлбөр оногдуулсан нь үндэслэлгүй юм.

Харин Ж.Сарангуа нь нягтлан бодогчийн хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн эсэх асуудал, түүнд хүлээлгэх хариуцлагын тухайд тус харилцааг нарийвчлан зохицуулсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар шийдвэрлэгдэх ёстой болохыг анхаарах нь зүйтэй юм.

Мөн улсын байцаагч нь төрийн хяналт шалгалт хийж зөрчил илрүүлсэн тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д зааснаар зөрчлийг арилгуулах талаар шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах боломжтой бөгөөд санхүүгийн улсын байцаагч нар дээрх захиргааны актуудыг гаргахдаа ч тус зүйлийг баримталсан боловч энэхүү эрх хэмжээ буруу хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 115/ШШ2017/0004 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Н.Бүрэнтэгш давж заалдах гомдолдоо: “... Захиргааны хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийдвэрээр улсын байцаагчийн тогтоосон 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11-08-026-101, 11-08-026-103 тоот актуудыг хүчингүй болгосонд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Улсын байцаагчийн 11-08-026-101 тоот актын талаар:

Улсын байцаагчийн актаар захирлаар ажиллаж байсан Ц.Цэрэнхүү, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.Сарангуа нараар актыг хувь адил төлүүлэхээр шийдвэрлэсэн байгаа. Гэтэл шүүхийн шийдвэрт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.5, 20.9 дэх заалтуудыг үндэслэж зөвхөн захирлаар ажиллаж байсан Ц.Цэрэнхүүд бүх хариуцлагыг ногдуулах нь буруу юм. Харин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх заалтаар “Төрийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч нь өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг төрийн өмнө хариуцна” гэж заасан байдаг боловч 67.2 дахь заалтаар “Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналт шалгалтыг тухайн хуулийн этгээдийн ерөнхий нягтлан бодогч хариуцна” гэж бас заасан байдаг.

Иймд ерөнхий нягтлан бодогч Ж.Сарангуа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн нягтлан бодогчийн эрх үүргийн 19.1.3-д “нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад материалыг шаардан гаргуулах” гэсэн заалт мөн өөрийн ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж хариуцлагаас зугтах нь нягтлан бодогчийн хувьд ёс зүйгүй үйлдэл юм.

2. Улсын байцаагчийн 11-08-026-103 тоот актын талаар:

Улсын байцаагчийн актаар 318229 төгрөгийг захирлаар ажиллаж байсан Ц.Цэрэнхүү, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.Сарангуа нараар актыг хувь адил төлүүлэхээр шийдвэрлэсэн байгаа. Гэтэл шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135.1.2 дахь заалтуудыг үндэслэж сумдын эд хариуцагч нар төлбөрийг хариуцах байсан гэдэг нь буруу юм.

Учир нь сумдын эд хариуцагч нар тухайн дутагдлыг санаатай эсхүл санамсаргүй гаргасныг нотлох баримтгүй, Ж.Сарангуа нь эд хариуцагч нарын дутагдуулсан эмийг тухай бүр нь нягтлан бодох бүртгэлд авлагаар тусгаагүй орхигдуулсан нь тодорхойгүй байна.

Харин захирал Ц.Цэрэнхүү, ерөнхий нягтлан бодогч Ж.Сарангуа нар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2-т заасан заалтуудыг зөрчиж, нягтлан бодох бүртгэлээр тавих дотоодын хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүй, мөн Ж.Сарангуа шүүхэд гаргасан тайлбартаа “алдаж бичсэнээр санамсаргүй алдаа гаргасан байж магадгүй гэж боддог” гэж хэлсэн байгаагаас харахад нягтлан бодогчийн үүрэгт ажлыг хангалтгүй түвшинд гүйцэтгэж ирсэн нь харагдаж байна. Иймд Ж.Сарангуа бүх хариуцлагаас зугтах үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 115/ШШ2017/0004 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн зэргээс шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Ж.Сарангуа нь Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11-08-026/101, 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11-08-026/102, 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11-08-026/103, 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11-08-023/113 дугаар актуудын өөрт холбогдох хэсгийг үндэслэлгүй гэж үзэж, уг актуудын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

            Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зарлагдсан хяналт шалгалтын объектын 2014 оны төлөвлөгөөний дагуу “Эм эргэлтийн ОНӨААТҮГазар” багтаж улмаар Мэргэжлийн хяналт шалгалтын 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Хяналт шалгалт хийх тухай” 2/42 дугаар удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Н.Бүрэнтэгш, А.Амгаланзаяа нар нь дээрх байгууллагын 2010 оноос 2013 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан, үүний дагуу гаргасан маргаан бүхий захиргааны актууд хэрэгт авагдсан, үйл баримтын талаар анхан шатны шүүх дэлгэрэнгүй дүгнэжээ.

            1. Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний 11-08-026/101 дүгээр актын тухайд:

            Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тавих нийтлэг шаардлага MNS 5530:2009 стандартын 4-д “Эм ханган нийлүүлэх байгууллага нь Эм эмнэлэг, эмийн санг өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр бөөний үнээр хангах үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагыг хэлнэ” гэж заасныг зөрчиж, нийт 322370 төгрөгийн эмийн хөнгөлөлтийг холбогдох эрх зүйн актгүйгээр дур мэдэн үнэ хямдруулан худалдан борлуулсан зөрчил илэрснээр үндэслэлгүйгээр дур мэдэн хямдруулан худалдсан эмийн үнийн 322370 төгрөгийг захирлаар ажиллаж байсан Ц.Цэрэнхүү, нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.Сарангуа нараар хувь адил төcөвт төлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Эм эргэлтийн сан ОНӨААТҮГазар нь Мэргэжлийн хяналтын газарт эмийн үнийг 8240 төгрөгөөр, аймгийн Онцгой байдлын хэлтэст 309000 төгрөгөөр, аймгийн Хүүхдийн төлөө хэлтэст 5130 төгрөгөөр тус тус хөнгөлөлттэй үнээр борлуулсан нь 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн, 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн, 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдийн “Зарлагын падаан”, гэрч Ц.Цэрэнхүүгийн шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

            Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.23-д “эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага” гэж эмийн сан, эрүүл мэндийн байгууллага болон мал эмнэлгийг эм, эмнэлгийн хэрэгслээр бөөний үнээр хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг” гэж заажээ. Мөн Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тавих нийтлэг шаардлагыг тогтоосон MNS5530:2009 стандартын 4.1-д “Эм ханган нийлүүлэх байгууллага Эмнэлэг, эмийн санг өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын өндөр түвшинд явуулах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн байгууллага” гэж эм ханган нийлүүлэх байгууллага нь зөвхөн эмнэлэг, эмийн сан, эмнэлгийн хэрэгслээр хангах үүрэг бүхий хуулийн этгээд бөгөөд тэдгээрт зөвхөн бөөний үнээр нийлүүлэхээр зохицуулсан байна.

            Тиймээс Дорноговь аймаг дахь Эм эргэлтийн сан ОНӨААТҮГазар нь Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Онцгой байдлын хэлтэс, Хүүхдийн төлөө хэлтэс зэрэг байгууллагуудад эмийн үнийг хөнгөлж борлуулсан нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.23-д болон Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тавих нийтлэг шаардлагыг тогтоосон стандартуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр хямдруулан худалдсан эмийн үнийн 322370 төгрөгийг төсөвт төлүүлэхээр Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч 2014 оны 07 дугаар сарын 31-ний 11-08-026/101 дүгээр актыг үйлдсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэж заасантай нийцсэн байна.

            Нөгөөтэйгүүр, үндэслэлгүйгээр хямдруулан худалдсан эмийн үнийн 322370 төгрөгийг захирлаар ажиллаж байсан Ц.Цэрэнхүү, нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.Сарангуа нараар хувь адил төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5-д “Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ” гэж зааснаар дээрх актаар тогтоосон төлбөрийг захирлаар ажиллаж байсан Ц.Цэрэнхүү хариуцаж төлөхөөр байжээ.

            Өөрөөр хэлбэл, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний 11-08-026/101 дүгээр актын нэхэмжлэгч Ж.Сарангуад холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангах үндэслэлтэй юм.

            2. Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний 11-08-026/102 дугаар актын тухайд:

             Уг захиргааны актаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.7-д тус тус зааснаар 2012 онд эм, эмнэлгийн хэрэгслийн хугацаа дууссан, эвдэрч хэмхэрсэн гэх боловч бүртгэлгүй, хэний буруугаас эвдэрч хэмхэрснийг нотлох баримтгүй, акталж устгасан талаар тушаал шийдвэр гаргаагүй, хэрхэн устгасан талаар хурлын тэмдэглэлгүй, устгасан нь тодорхойгүй зөвхөн зарлагын баримтаар 2100257 төгрөгийн эм эмнэлгийн хэрэгслийг данс бүртгэлээс дур мэдэн хассан зөрчил илэрсэн гэж Эм, эмнэлгийн хэрэгслийг акталж устгасан хурлын тэмдэглэлгүй, захирлын тушаал, шийдвэргүйгээр дур мэдэн актлан устгасан гэх ... 1361792 төгрөгийг захирлаар ажиллаж байсан Ц.Цэрэнхүү, нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.Сарангуа нараар тус тус хувь адил төлүүлж төсвийн орлого болгохоор тогтоосон байна.

             Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д ““анхан шатны баримт” гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог” гэж, 7 дугаар зүйлийн 7.7 “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” гэж заажээ.

            Нэхэмжлэгч Ж.Сарангуа нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй анхан шатны баримтыг үндэслэн эмийг акталж “Эм эргэлтийн сан” ОНӨААТҮГазрын санхүүгийн тайланг бүрдүүлж буй нягтлан бодох бүртгэлийн данснаас хассан нь тогтоогдсон.

            Тодруулбал, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д “анхан шатны баримт бүрдүүлээгүй, заавал хөтлөх ёстой журнал, ерөнхий дэвтэр, дэлгэрэнгүй бүртгэлийн дэвтрийг хөтлөөгүй байх” гэж нягтлан бодогчийн үйл ажиллагаанд хориглосныг нэхэмжлэгч нь зөрчсөн. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-д “эд хөрөнгө, өр төлбөрийн хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг бүртгэхгүй байх” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан гэх нэхэмжлэгч Ж.Сарангуа нь эм, эмнэлгийн хэрэгслийн хугацаа дууссан, эвдэрч хэмхэрсэн гэх бүртгэлгүй, хэн нэгэн этгээдийн буруугаас эвдэрч хэмхэрснийг нотлох баримтгүй, акталж устгасан талаар тодорхой шийдвэр гаргаагүй, ямар байдлаар устгасан талаар тэмдэглэл үйлдээгүй, мөн устгасан эсэх нь тодорхойгүй зөвхөн анхан шатны баримт болох зарлагын баримтыг үндэслэн нягтлан бодох бүртгэлийн данснаас хассан зөрчил гаргасан нь нотлогдож байгаа тул хариуцагч нарын гаргасан уг захиргааны актын Ж.Сарангуад холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

            Харин анхан шатны шүүх уг актаар тогтоосон зөрчил болох 1361792 төгрөгийн төлбөрийн хэмжээг 96360 төгрөгөөр багасгаж тооцсон нь зөв байна.

            3. Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний 11-08-026/103 дугаар актын тухайд:

            Нягтлан бодогч тооцоо нийлсэн акт үйлдээгүй, авлагыг баталгаажуулаагүйгээс “Эм эргэлтийн сан” ОНӨААТҮГазрын 2012 оны сумдын эмийн тайлангаар 18786596 төгрөгийн эмийг сумдын эд хариуцагч нар дутагдуулсан байхад нягтлан бодогч нь 18260383 төгрөгийн дутагдлыг авлагаар бүртгэж, 526213 төгрөгийн эмийн дутагдлыг данс бүртгэлд авлагаар тусгаагүй орхигдуулж, өнөөг хүртэл барагдуулаагүй орхигдуулсан зөрчлөөс 318229 төгрөгийг захирлаар ажиллаж байсан Ц.Цэрэнхүү, нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.Сарангуа нараар тус тус хувь адил төлүүлж төсвийн орлого болгохоор дээрх актаар тогтоожээ.

            Хөдөлмөрийн тухай хуульд байгууллагын эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг хүлээх этгээдийг тодорхойлж заажээ.

            Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-д “Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэж зааснаар тус байгууллагатай Ж.Сарангуа нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан эсэхийг хариуцагч шалгаж тогтоогоогүй атлаа дутагдуулсан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэхийг Ж.Сарангуад хариуцуулж шийдвэрлэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэж заасантай нийцээгүй байна.

            Өөрөөр хэлбэл энэхүү захиргааны актаар нэхэмжлэгч Ж.Сарангуаг шууд хамаатуулж төлбөр тогтоосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж, Ж.Сарангуад холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй юм.

            4. Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний 11-08-023/113 дугаар актын тухайд:

            2010 он, 2013 онд эм, эмнэлгийн хэрэгслийн хугацаа дууссан, эвдэрч хэмхэрсэн гэх боловч бүртгэлгүй, хэний буруугаас эвдэрч хэмхэрснийг нотлох баримтгүй, акталж устгасан талаар тушаал шийдвэр гараагүй, хэрхэн устгасан талаар хурлын тэмдэглэлгүй, устгасан эсэх нь тодорхойгүй зөвхөн зарлагын баримтаар 2010 онд 1002867 төгрөгийн эмийг, 2013 онд нөөцөөс 1982469 төгрөгийн эмийг, сумдын тайлангаас 2001848 төгрөгийн, бүгд 4987184 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг данс бүртгэлээс дур мэдэн хассан зөрчилд 1119319 төгрөгийг захирлаар ажиллаж байсан Ц.Цэрэнхүү, нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.Сарангуа нараар, 272730 төгрөгийг захирлаар ажиллаж байсан Ж.Сарангуа, нягтлан бодогчоор ажиллаж байсан А.Гантуяа нараар, 2592268 төгрөгийг захирлаар ажиллаж байсан Ж.Сарангуа, нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Мягмарсүрэн нараар хувь адил төлүүлж төсвийн орлого болгохоор тогтоожээ.

            Нэхэмжлэгч Ж.Сарангуа нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй анхан шатны баримтыг үндэслэж эмийг акталсан гэснээр “Эм эргэлтийн сан” ОНӨААТҮГазрын санхүүгийн тайланг бүрдүүлж буй нягтлан бодох бүртгэлийн данснаас хассан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.

            Тодруулбал, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д “анхан шатны баримт бүрдүүлээгүй, заавал хөтлөх ёстой журнал, ерөнхий дэвтэр, дэлгэрэнгүй бүртгэлийн дэвтрийг хөтлөөгүй байх” гэж нягтлан бодогчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг заасан. Тиймээс хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-д “эд хөрөнгө, өр төлбөрийн хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг бүртгэхгүй байх” гэж заасныг нэхэмжлэгч Ж.Сарангуа биелүүлэх үүрэгтэй.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нягтлан бодогчоор ажиллаж байсан нэхэмжлэгч Ж.Сарангуа нь эм, эмнэлгийн хэрэгслийн хугацаа дууссан, эвдэрч хэмхэрсэн гэх бүртгэлгүй, хэн нэгэн этгээдийн буруугаас эвдэрч хэмхэрснийг нотлох баримтгүй, акталж устгасан талаар тодорхой шийдвэр гаргаагүй, ямар байдлаар устгасан талаар тэмдэглэл үйлдээгүй, мөн устгасан эсэх нь тодорхойгүй зөвхөн анхан шатны баримт болох зарлагын баримтыг үндэслэн нягтлан бодох бүртгэлийн данснаас хассан зөрчил гаргасан нь нотлогдож байгаа тул хариуцагч нарын гаргасан уг захиргааны актын Ж.Сарангуад холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

            Учир нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “анхан шатны баримт” гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог” гэж заасан хуулийн шаардлагыг зөрчиж анхан шатны баримтаар эмийг акталсан гэснээр байгууллагын нягтлан бодох бүртгэлийн данснаас хассан нь тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно”, 20 дугаар зүйлийн 20.1.7-д “анхан шатны баримт бүрдүүлээгүй, заавал хөтлөх ёстой журнал, ерөнхий дэвтэр, дэлгэрэнгүй бүртгэлийн дэвтрийг хөтлөөгүй байх” гэж заасан үүргээ биелүүлээгүй байх тул дээрх захиргааны актаар тогтоосон 1119319 төгрөг, 272730 төгрөг, 2592268 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Ж.Сарангуад хамтран төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

            Харин анхан шатны шүүх уг актаар тогтоосон зөрчлийн 1119319 төгрөгийн  хэмжээг 217588 төгрөгөөр багасгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

            Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч Н.Бүрэнтэгш нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 115/ШШ2017/0004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч Н.Бүрэнтэгш нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ШҮҮГЧ                                                                   Э.ЗОРИГТБААТАР

                    ШҮҮГЧ                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР