Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/02934

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 02 182/ШШ2024/02934

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... оршин суух, ... ...-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... хаягт байрлах, ... ХХК ...,

 

Хариуцагч: ...од оршин суух, ...,

 

Хариуцагч: ...од байрлах, ...нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: ... ХХК-ийн 3,583 ширхэг хувьцааг хувьцаа эзэмшигч ...гоос ...д бэлэглэсэн гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах, хувьцаа бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, ...г ... ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох, ... ХХК-д ...г хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянаад хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...

Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч ...

Хариуцагч ... /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Наранмандах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ..., түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1. ...д 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шуудангаар мэдэгдэл ирсэн. Тус мэдэгдлийг хүлээн авснаар нэхэмжлэгч нь ... ХХК-ийн хувьцааны 40 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч болохоо мэдсэн. Үүнээс гадна, шүүхийн шийдвэрийн дагуу ... ХХК-аас гаргуулах 28,251,636 төгрөгийн төлбөрийг ... нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд төлөхийг мэдэгдсэн байна.

1.2. Гэтэл нэхэмжлэгч ... нь өөрийгөө "..." ХХК-ийн хувьцаа эзэмшигч болохоо энэхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгийг хүлээн авсан өдрийг хүртэл огт мэдээгүй явсан. Улсын бүртгэлийн газраас өөрийгөө хэрхэн уг компанийн хувьцаа эзэмшигч болсныг мэдэхээр хандахад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас компанитай холбоотой мэдээлэлд хориг тавьсан тул бүртгэлтэй холбоотой баримтуудыг хуулбарлан өгөх боломжгүй гээд холбогдох баримтуудыг зөвхөн харахыг зөвшөөрсөн.

1.3. Улсын бүртгэлд авагдсан баримтаас үзвэл, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч ...гоос нэхэмжлэгч ...д компанийн хувьцааг бэлэглэх тухай бэлэглэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээ 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нотариатаар гэрчлүүлсэн байсан ба гэрээний бэлэг хүлээн авагч тал буюу ... гэх гарын үсэг нь нэхэмжлэгч ...гийн гарын үсэг биш болох нь энгийн нүдээр харахад ойлгомжтой илэрхий байсан болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ... нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ... ХХК-ийн 40 хувийн хувьцааг бэлэглэх гэрээнд гарын үсэг огт зураагүй. Мөн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр уг гэрээг нотариатаар гэрчлүүлэх үед ... өөрийн биеэр нотариатын газар байлцаагүй ба нотариатын энэхүү үйлдлийн талаар мэдээгүй байсан болно. Өөрөөр хэлбэл өөрийг нь огт мэдээгүй, эзгүй үед энэ бүх ажиллагаа хийгдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл өөрийг нь огт мэдээгүй, эзгүй үед энэ бүх ажиллагаа хийгдсэн байдаг. Хариуцагч ...гийн зүгээс компанийн 40 хувийн хувьцааг бэлэглэх гэрээг нэхэмжлэгч ...д танилцуулаагүй, бас түүнээр гарын үсэг зуруулаагүй атлаа гэрээг бичгээр үйлдэж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна.

Мөн нотариатч ... нь, нэхэмжлэгч ...г нотариатын газарт биеэр хүрэлцэн ирээгүй байхад компанийн хувьцаа бэлэглэх гэрээг гэрчилсний улмаас уг гэрээ бүртгэлийн байгууллагад бүртгэгдэх үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн болно. Хариуцагч ..., ... нарын энэхүү хууль зөрчсөн үйлдлийн улмаас ... өөрөө мэдээгүй байхдаа ... ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн ба өнөөдрийн байдлаар тус компанийн өр төлбөрийг хариуцах этгээд хэмээн тооцогдож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 28,251,636 төгрөгийг төлөх ёстой төлбөр төлөгч болоод байна.

1.4.Иймд хариуцагч ...гоос нэхэмжлэгч ...д ... ХХК-ийн хувьцаа бэлэглэсэн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулснаар цаашид ... нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлбөр төлөгчөөс хасагдах хууль зүйн үр дагавар үүсэх юм.

Шүүхээс хувьцаа бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцлоо ч компанийн өмнөх хувьцаа эзэмшигчийн бүртгэл сэргэхгүй юм. Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд энэ талаар ямар ч зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл ...гоос ...д хувьцаа бэлэглэсэн гэрээг шүүхээс хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн шийдвэрлэсэн ч гэлээ хариуцагч ... буцаад "..." ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан гэх хуучин бүртгэл сэргэхгүй юм. Ийм учраас нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч ...г "..." ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн болохийг тогтоох шаардлагатай төдийгүй үүн дээр нэмээд "..." ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр ...г улсын бүртгэлд бүртгүүлэхийг "..." ХХК-д даалгах зайлшгүй шаардлага үүсээд байгаа билээ. Энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийн зүгээс "..." ХХК-ийг мөн хариуцагчаар татсан болно.

1.5. 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нотариатч ... ...гийн гарын үсгийг хуурамчаар зураад бэлэглэлийн гэрээ, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, компанийн хөрөнгийн гэрээг шилжүүлэх тухай гэрээг батлуулснаар ... нь ... ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч болсон болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3335 дугаар дүгнэлтээр нотлогдож байна. Хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ... болон хариуцагч ...гийн хариу тайлбараар энэ бас нотлогдлоо.

1.6. Нотариатч ... 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлээгүй, хариу тайлбараа гаргаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бас хүлээн зөвшөөрсөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаахтай холбоотой холбогдох бүртгэлийг хийлгэхийг "..." ХХК нь ... нарт даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага тодруулж байна.

Иймд ... ХХК-ийн нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 3,583 ширхэг хувьцааг хувьцаа эзэмшигч ...гоос иргэн ...д бэлэглэсэн гэрээг гэрчилсэн нотариат үйлдлийг хүчингүйд тооцуулах, энэхүү хувьцаа бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, мөн ...г "..." ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох, бас "..." ХХК нь ...г хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч ... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Миний бие Гэлдэн овогтой Болдмаа нь "..." ХХК-д ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг зөвшөөрч хүлээн авч байгаа тул нэхэмжлэгч талтай эвлэрэх саналыг хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлтэй санал нийлэхгүй байна. Учир нь,

3.1. ... гэдэг хүний ээж бид хоёр барилгын компанид хамт ажиллаж байсан. Би тэнд менежер, ээж нь нягтлан бодогч хийдэг байсан. Ээжтэй нь бид 2 тохиролцоод барилгын ажил хамтарч хийх зорилгоор компани байгуулах тухай ярилцсан. Гэтэл тухайн үед охинтойгоо ингээд компани байгуулаад, миний бичиг баримт дээр ороод ирэхээр нь би энэ компанид ерөөсөө ажиллаагүй. Больё гэдгээ хэлсэн. ...г сайн танихгүй. Мөн энэ нэхэмжлэлийн 28,251,636 төгрөг ямар үйл ажиллагаа явуулаад, яагаад ийм хохирол төлбөрт орсныг сайн мэдэхгүй. Би ямар ч оролцоогүй учраас энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрээс нь энэ нотариатч гэдэг хүн яагаад намайг байхгүйд ингэж хувьцаа шилжүүлсэн юм. ... миний бие ... ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан бол тухайн компанийн үйл ажиллагаанд оролцох байсан. Орлого, зарлага, нэхэмжлэх, төлбөрийн даалгавар, гэрээ хэлцэл зэрэг олон санхүүгийн баримтад миний нэр байх ёстойг шалгаж өгнө үү. Санхүүгийн ямар ч харилцаа байхгүй. Миний нэр дээрх банкны данстай харьцсан харьцаа огт байхгүй.

3.2. Нотариатч ...г огт танихгүй.

3.3. ... гэх хүнийг мэдэхгүй. Хараагүй, уулзаж байгаагүй.

3.4. ... ХХК-ийн өр төлбөр байтугай ашиг, орлого нь ч надад огт хамаагүй тул үнэн зөвийг шалгаж, тогтоож өгнө үү.

Иймд хариуцагчаар татсан мөн төлбөр тооцооны нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

4.Хариуцагч ... бичгээр хариу тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

 

5.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

5.1. Шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар /хх-10/

5.2. Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлийн хуулбар /хх-11/

5.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлийн хуулбар /хх-12/

5.4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамж /хх-13-17/

 

6. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

6.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-21/

 

7. Нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу шүүхийн журмаар дараах баримтыг бүрдүүлсэн. Үүнд:

7.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-44-46/

7.2 Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн хуулбар /хх 47-48/

7.3 "..." ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын хуулбар /хх 49/

7.4 Бэлэглэлийн гэрээний хуулбар /хх-50/

7.5 Компанийн хөрөнгийн эрх шилжүүлэх тухай гэрээний хуулбар /хх-51-52/

7.6 Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл /хх-54-55/

7.7 "..." ХХК-ний дүрэм /хх-56-64/

7.8. Шинжээчийн дүгнэлт зэрэг баримт авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... ХХК, ..., ... нарт холбогдуулан ... ХХК-ийн 3,583 ширхэг хувьцааг хувьцаа эзэмшигч ...гоос ...д бэлэглэсэн гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах, хувьцаа бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, ...г ... ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох, ... ХХК-д ...г хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ ...... ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэдгээ Шийдвэр гүйцэтгэх газраас ирсэн төлбөр төлөх тухай мэдэгдлийг хүлээн авснаар мэдсэн. Ингээд тухайн компанийн талаарх мэдээллийг улсын бүртгэлээс хайж үзэхэд ... гэдэг хүнээс надад тус компанийн 40 хувийн хувьцааг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн болохыг мэдсэн. Гэтэл миний бие тухайн гэрээтэй танилцаж байгаагүй, гарын үсэг зураагүй, нотариатын газарт биеэр очоогүй байхад нотариатч ... компанийн хувьцаа бэлэглэх гэрээг гэрчилсэн байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хэлцлээр шилжүүлсэн зүйлийг буцааж өгнө үү... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч ... нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, ......, ...г байлцуулахгүйгээр нотариатч ... дээр очиж бэлэглэлийн гэрээ хийсэн... гэжээ.

 

4. Хариуцагч ... нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ ...... гэж хүнийг танихгүй, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээг байгуулаагүй, нотариатч ...г танихгүй, тухайн гэрээг гэрчлэх үед нотариатын газар байгаагүй, ... ХХК-ийн үйл ажиллагаанд оролцдоггүй, тухайн компанийн өр төлбөрийн асуудлыг мэдэхгүй тул хариуцагчаас хасаж өгнө үү гэх агуулгаар тайлбарласан.

 

5. Хариуцагч ... дээрх нэхэмжлэлийн зөвшөөрч байгаа эсхүл татгалзаж байгаа талаарх байр сууриа илэрхийлж, бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1. ..., ... нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Бэлэглэлийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ... ХХК-ийн хувьцаа эзэмшигч ... нь өөрийн эзэмшдэг нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 3,583 ширхэг хувьцаанд ногдох 40 хувийн хөрөнгийг бэлэг хүлээн авагч ...д бэлэглэх, ... нь тухайн гэрээтэй холбоотой гарсан зардлыг төлөхөөр тус тус харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж, компанийн тамга дарагдсан байна.

 

6.2. Дээрх бэлэглэлийн гэрээг 05 тамганы дугаартай нотариатч ... 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэрчилж, үйлчилгээний хөлсөнд 10,000 төгрөг хураасан байна.

 

6.3. Нэхэмжлэгч ... болон хариуцагч ... нарын тайлбар болон хэрэгт цугларсан Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3335 дугаартай Шинжээчийн дүгнэлт зэрэг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлбэл, маргаан бүхий 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн бэлэглэлийн гэрээг тухайн гэрээний талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2 дах хэсэгт заасан хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна.

 

6.4. Учир нь, дээрх гэрээний талууд болох бэлэг шилжүүлэгч болон бэлэг хүлээн авагч нарын хэн аль нь дээрх гэрээг анх удаа харж байгаа бөгөөд тус гэрээнд зурагдсан ... гэсэн гарын үсгийн бичиглэл нь нэхэмжлэгчийн гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй болох нь тогтоогдсон.

 

Хэргийн оролцогч талууд дээрх тогтоогдсон үйл баримтын талаар маргаагүй. Хариуцагч ...гийн хувьд, тухайн гэрээг байгуулаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн. Харин ... ХХК-тай аливаа харилцаагүй гэх агуулгаар тайлбар, татгалзлаа илэрхийлж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

7. Иймд 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй байна.

 

8. Шүүх маргаан бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл болох Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр ...д шилжүүлсэн ... ХХК-ийн нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 3,583 ширхэг хувьцаанд ногдох 40 хувийн хувьцааг буцаан ...д шилжүүлэх нь зүйтэй байна.

 

8.1. Хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох ... нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргадаг бөгөөд шүүхээс хийсэн дээрх дүгнэлттэй холбоотойгоор ... ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр ...г улсын бүртгэлд буцаан бүртгүүлэхийг ... ХХК болон ... нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

8.2. Дээрхээс гадна, ... нь ... ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэгдсэн байх бөгөөд энэхүү иргэний хэргийн талуудын маргаж буй 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд ...гийн зүгээс гаргасан тус компанийн хувьцаа эзэмшигч мөн эсэхтэй холбоотой гаргасан тайлбар, татгалзлыг хүлээн авах боломжгүйг дурдав.

 

9. 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

9.1. Маргаан бүхий дээрх гэрээний талууд уг гэрээг нотариатч ... гэрчлэх үед биечлэн байгаагүй, тухайн гэрээнд зурагдсан ...гийн гарын үсэг түүнийх биш болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

9.2. Хариуцагч ... нь өөрт нь холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбараа бичгээр гаргаагүй. Хэрэг хянан шийдвэрлэсэн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Нэхэмжлэгч болон хариуцагч ... ХХК-ийн гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасны дагуу хангаж, хариуцагч ...гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

9.3. Хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлагын талаарх аливаа тайлбар бичгээр гаргаагүйн гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлагатай холбоотойгоор аливаа баримт гаргаагүй болно.

 

Иймд нотариатч ... нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн бэлэглэлийн гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлсэн эсэх талаарх тайлбар, баримт гаргаагүй тул тухайн гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцов.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5, Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан, ... болон ... нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатч ...гийн үйлдлийг хүчингүй болгож, уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээгээр шилжүүлсэн ... ХХК-ийн нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 3,583 ширхэг хувьцаанд ногдох 40 хувийн хувьцааг буцаан ...гийн нэр дээр шилжүүлж, холбогдох бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллагад хийлгэхийг хариуцагч ... болон ... ХХК нарт даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ...гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,183 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...гоос 71,394 төгрөг, хариуцагч ... ХХК-аас 71,394 төгрөг, хариуцагч ...гээс 71,394 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ...д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ