| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 1916002950157 |
| Дугаар | 2020/ДШМ/12 |
| Огноо | 2020-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.О |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2020/ДШМ/12
Б.И, Б.Ж нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ш.Б, шүүгч Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.О
Шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч М.Э
Шүүгдэгч Б.Ж
Хохирогчийн өмгөөлөгч Ж.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нарыг оролцуулан
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 34 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Б.О-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр Б.И, Б.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.И: 1985 оны 08 дугаар сарын ... -ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд оршин суух хаягтай, ДМ85............ регистрийн дугаартай, Х овогт Б.И.
Шүүгдэгч Б.Ж: 1995 оны 09 дүгээр сарын ... -ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах нарын хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Говь-Алтай аймгийн Цогт сумын Далан багт оршин суух, ДМ95............ регистрийн дугаартай, Б овогт Б.Ж.
Шүүгдэгч Б.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А ангиллын эрхийн үнэмлэхгүйгээр 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Цогт сумын төвөөс зүүн тийш 500 метрийн зайд шороон зам дээр 53- ... ГАЗ улсын дугаартай, Мустанг маркын мотоцикль жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан “Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад нь ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно”, 12 дугаар зүйлийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж Ц.Х-ын жолоодож явсан улсын дугааргүй, Тайга-150 маркын мотоцикльтой мөргөлдөж Ц.Х-ын биед зүүн шанаа хацар ясны цөмөрсөн хугарал, баруун чамархай ясны шугаман хугарал, доод эрүүний хугарал, тархины дух хэсгийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний дээд зовхины буулт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэн амь насанд аюултай гэмтлийн хүнд хохирол, 165.000 төгрөгийн хохирлыг учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Цогт сумын төвөөс зүүн тийш 500 метрийн зайд хээр газар хохирогч Б.И-ыг “Ц.Х-ыг мотоциклиор мөргөлөө” гэх шалтгаанаар нүүрэн тус газар гараараа хоёр удаа цохиж хохирогч Б.И-ын биед дээд үүдэн хоёр шүдний булгарал, нэг шүдний ганхалт, дээд уруулын дотор талын язрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.И, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ж нарт холбогдох 1916002950157 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мотоцикльд нэмэлтээр тавьдаг флаш уншигч, хөгжмийн өсгөгчийн хагархай, улаан өнгөтэй арын таг, хянах самбарын шил, хар хүрээний хамт, шар өнгөтэй дохионы гэрлийн хагарсан хэлтэрхий, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон 8 ширхэг сийрэг материалтай даавуу зэргийг хэргийн хамт хүргүүлж, Шүүгдэгч Б.И, Б.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Прокурорын газраас шүүгдэгч Б.И-т холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар, шүүгдэгч Б.Ж-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Шүүгчийн захирамж нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй, гэрч, хохирогч нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэлээгүй, хэрхэн яаж үгүйсгэгдэж үнэлэгдээгүй талаар дурьдаагүй хууль ёсны гараагүй байна.
Хохирогч Ц.Х-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д заасан заалтыг зөрчсөн буруутай гэсэн дүгнэлт гарсны дагуу мөрдөн байцаалтын шатанд Замын цагдаагийн тасагт албан бичгээр зөрчлийн шинжтэй үйлдэлд арга хэмжээ тооцуулахаар хүргүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан болно. Хохирогч Ц.Х-ын “...Б бид хоёр зорчих хэсгийн баруун тал руу шахсан маягтай явж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ийн “...Сумын төвөөс зүүн тийш байх цагаан хаалга өнгөрөөд нэг ганга руу орох гэж байсан чинь өмнөөс нэг мотоцикль ирж байсан. Тэгээд би нөхрөө “замаас жаахан гараад зайтай яваарай наад мотоцикль чинь их тод гэрэлтэй юм байна” гэж хэлсэн. Манай нөхөр замаас бага зэрэг гараад явах үйлдэл хийх үед өөдөөс ирж байсан мотоцикль ирээд мөргөчихсөн. Тэр үед өөдөөс хуртай мотоцикль гарч ирэхэд замаас гараад хурдаа хасахад өөдөөс ирээд мөргөчихсөн, манай нөхөр мотоциклио зогсоож амжаагүй. И зогсоох арга хэмжээ аваагүй, шууд ирээд мөргөчихсөн...” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан, мөн 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэгээр осол болсон цэгийг гэрч Б.Б, Т.Э, Н.Ж, шүүгдэгч Б.И нар хохирогч Ц.Х-ын зорчих хэсэгт замын ирмэг дээр заасан нь гэрэл зургаар бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Б, гэрч Н.Ж нар нөхөн үзлэг хийгдэхэд осол болсон цэгийг заалгах талаар ажиллагаа хийгдэж байгааг мөрдөгч тайлбарлаж өгсөн, шүүгдэгч Б.И-ыг дарамталж, шахаж шаардан хүчээр зогсоож байгаад зургийг авсан зүйл болоогүй гэдгийг мэдүүлсээр байхад шүүгдэгчийн мэдүүлэгт хөтлөгдөн осол болсон цэгийг тогтоох талаар заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг үнэлэхгүй, зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг дангаар нь үнэлсэн нөхцөл байдал байна.
Шүүгдэгч Б.И-ын гэрчээр өгсөн мэдүүлэг гэрч Б.Б, хохирогч Ц.Х нарын мэдүүлэгтэй зөрүүтэй байсныг мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.И-тай хохирогч Ц.Х, гэрч Б.Б нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан нь хавтаст хэрэгт авагдсан, мөн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн нөхөн үзлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1, 23.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй хийгдсэн байхад үнэлээгүй байна. Харин шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлөх, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлэн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн Б.И-ын ярьсанг баримт болгон хэлсэн өгүүлбэрт үнэлэлт өгч ямар хуулийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн талаар огт дурьдаагүй дахин нөхөн үзлэг хийх, бүрэлдэхүүнтэй шинжээч томилох хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ.
Шүүх мотоциклиудад дахин нарийвчлан үзлэг хийж эвдрэлийн шинж, чиглэл зэргийг шинжээчийн дүгнэлтээр тогтох нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой байна гэж үзсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-12 дугаар хуудас/, эхний нөхөн үзлэгийн тэмдэглэлээр хохирогч Ц.Х-ын зорчих хэсгээс мотоциклийн эвдрэлийн хагарсан зүйлүүд, бохирлогдсон даавуу зэргийг хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, шинжээч Б.Т-ын гаргасан “Б овогтой И нь Мустанг маркийн 53- ... ГАЗ улсын дугаартай мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-гийн а, 11 дүгээр зүйлийн 11.6, 12 дугаар зүйлийн 12.3-д заасан заалтуудыг зөрчсөн буруутай үйлдлүүд байна. Мустанг маркийн 53- ... ГАЗ улсын дугаартай мотоциклийн жолооч Б.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах, суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах үүргээ биелүүлээгүйн улмаас осол үйлдэгдсэн байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 143 дугаар хуудас/, Жолоочийн лавлагаа /хх-ийн 145 дугаар хуудас/, Т.Э-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, хохирогч Ц.Х-ын өгсөн “...Б бид хоёр зорчих хэсгийн баруун гар тал руу шахсан маягтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/ гэрч Б.Б-ийн өгсөн “...ганга руу орох гэж байсан чинь өмнөөс нэг мотоцикль ирж байсан. Тэгээд би нөхрөө “замаас жаахан гараад зайтай яваарай наад мотоцикль чинь их тод гэрэлтэй юм байна” гэж хэлсэн. Манай нөхөр замаас бага зэрэг гараад явах үйлдэл хийх үед өөдөөс ирж байсан мотоцикль ирээд мөргөчихсөн. Тэр үед өөдөөс хурдтай мотоцикль гарч ирэхэд замаас гараад хурдаа хасахад өөдөөс ирээд мөргөчихсөн, манай нөхөр мотоциклио зогсоож амжаагүй. Б.И зогсоох арга хэмжээ аваагүй, шууд ирээд мөргөчихсөн. Тэгээд тар няр болоод явчихсан. Б.И доороос хүчтэй хаазалж ирээд манай мотоциклийг мөргөөд урд дугуй нь манай мотоциклийн урьд дугуйн дээр давхаралдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75, 77 дугаар хуудас/, гэрч С.М-ын өгсөн “...Тэнд хоёр мотоцикль давхаралдсан байсан. Уг хоёр мотоциклийн гэрэл хоёул асч байсан. И цагаан гэрэлтэй, Х шар гэрэлтэй асч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96, 99 дүгээр хуудас/, гэрч Б.Ж-ын өгсөн “...Тухайн мотоциклиуд нь ертөнцийн зүгээр замынхаа урд талын хэсэгт мөргөлдөж унасан байсан, Ц.Х-ын зорчиж байсан талд мөргөлдсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 дүгээр хуудас/, гэрч А.Н-ийн өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цагийн үед гэртээ хоолоо хийгээд сууж байтал манай төрсөн дүү болох М өөрийнхөө утаснаас “И энд мотоцикльтой мөргөлдсөн байна, хүрээд ирээч” гэсэн. Биднийг очиход ертөнцийн зүгээр зүүн тийш явж байсан жолоочийн баруун гар талд, баруун тийш Цогт сум руу явж байсан жолоочийн зүүн гар талд зам дээр биш замаасаа бага зэрэг гарсан байдалтай хоёр мотоцикль мөргөлдсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр хуудас/, гэрч Т.Э-ийн өгсөн “...Би тухайн хэргийн газар байх мотоциклийн зургийг өөрийнхөө гар утсаар авсан. Тухайн осол болсон зам нь сумын төвөөс аймаг явах чиглэлийн нэг урсгалтай шороон зам байгаа юм. Осол замынхаа урд талд болсон байдаг. Хоёр мотоциклийн гэрэл асаалттай байсан. Б.И-ын мотоцикль цагаан гэрэлтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 84, 87-89 дүгээр хуудас/, шинжээч Б.Т-ын өгсөн “...Хэргийн газрын үзлэгийг харахад хээр газар байх ба осол болсон газар нь бага зэргийн тахир замтай гуу жалгатай газар байсан. Осол гаргасан мотоциклиудын хурдыг тогтоох боломжгүй. Суурингийн гадна замд хөдөлгөөнд оролцохдоо дээд хурд 80 километр цаг байх ёстой. Тухайн осол нь зорчих хэсгийн баруун гар талд болсон байх ба тухайн хэсэгт Ц.Х мотоцикльтой зорчиж явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 120 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хэргийн бодит байдал тогтоогдсон байхад дээрх нотлох баримтуудыг огт үнэлээгүй байна.
Харин шүүх мотоциклиудад дахин нарийвчлан үзлэг хийж эвдрэлийн шинж, чиглэл зэргийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох нь хэргийн ямар байдлыг тогтооход яг ямар чухал ач холбогдолтой талаар тодорхой бичээгүй байна. Энэ нь мөн л шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлөх, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлэн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн Б.И-ын ярьсанг баримт болгон хэлсэн өгүүлбэрт үнэлэлт өгч хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.
Шүүгчийн захирамжинд: “...Үзлэгийн тэмдэглэлүүдээс үзэхэд хавтаст хэргийн 24 дүгээр хуудсан дахь гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргасан зураг дээрх мотоцикль мөргөлдсөн үеийн гэх зураг үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байна” гэжээ. Хавтаст хэрэгт уг зургийг хэн дарсан, ямар нөхцөл байдалтай байхад нь зургийг дарсан, зураг дарсанг гэрчүүд мэдүүлсэн зэрэг нотлох баримтууд авагдсан байхад тухайн ослын үеийн зураг үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж шүүх үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн ерөнхий шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
Шүүхийн шийдвэрт “...Шүүгдэгч Б.И-ын өмгөөлөгч М.Э-г авах хүсэлтийг нь 12 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор хангаж шийдвэрлэсэн байхад 9-11 дүгээр саруудад шинжилгээ хийлгэх тухай тогтоолуудтай танилцуулсан байдал нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна...” гэж дурьдагдсан байна.
Өмгөөлөгч М.Э-г шүүгдэгч Б.И-ын өмгөөлөгчөөр оролцсоноос хойш хийгдсэн ажиллагаатай танилцуулаагүй бол түүний эрхийг хязгаарлаж зөрчсөн асуудал болно, харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцохоос өмнө хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаатай өмгөөлөгч М.Э танилцах эрхтэй юм. Энэ мөрдөн шалгах ажиллагаатай танилцсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн асуудал биш юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсний дагуу хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгасан, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоосон хэрэгт хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа байхгүй байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэжээ.
Шүүгдэгч Б.И-ын өмгөөлөгч М.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжийг хавтаст хэргийн материалын хүрээнд хууль зүйн үндэслэл бүхий гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч болон миний үйлчлүүлэгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлд зааснаар зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар хүсэлт гаргасан байгаа. Энэ нь шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй гаргаж өгөөч гэсэн хүсэлт байсан. 2019 оны 09 дүгээр сарын 10-нд осол гарсан. Үүнээс 7 хоногийн дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 17-нд шинжээчийн дүгнэлт гарга гэсэн. Тэгэхэд шинжээчийн дүгнэлт гарах боломжгүй хэргийн ул мөр арилсан, дүгнэлт гаргахад нотлох баримт бүрдээгүй байна гэсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 17-нд буюу 2 сарын дараа нөхөн үзлэг хийсэн. Гэтэл энэ нөхөн үзлэгийг зөвхөн мотоцикльд хийсэн. Бусад ул мөр бүгд алга болсон. Тухайн үед Э гэдэг цагдаа ирсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хамгаалалт хийгээгүй. Нөхөн үзлэг хийгээгүй. Бүх ул мөр арилсны дараа нөхөн үзлэг гэсэн зүйл хийж шинжээчийн дүгнэлт гаргаад түүн дээрээ зүйлчилсэн. Тэгээд яллах дүгнэлт үйлдсэн байдаг. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргах гэхэд боломжгүй, гэрч нар зөрүүтэй мэдүүлэг өгөөд байна, схем, фото зураг байхгүй учир дүгнэлт гаргах боломжгүй гэсэн. Гэтэл мотоцикльтой согтуу явж байсан ашиг сонирхол нэгдмэл бүлэг хүмүүсийн мэдүүлгээр ослыг тогтоох гээд зүтгээд байдаг. Тэгээд өмгөөлөгч мэргэжлийн, тусгай мэдлэг шаардсан, нарийн мэргэжлийн хүмүүсээр дүгнэлт хийлгэхийг хүссэн. Энэ хүн /хх70/ би данхраадаад зогсож байсан. Би замын хөдөлгөөнд оролцоогүй байсан гэдгээ өмгөөлөгч авахаасаа өмнө мэдүүлэг өгсөн байгаа. Осолд орсон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүсийн мэдүүлгээр чи осол гаргасан байна гэж дүгнэлт гаргасан. Энэ хүн мэдүүлэхдээ би ухаан алдаад унасан байхад миний мотоциклийг байсан газарт нь давхралдуулаад тавьсан байсан гэдэг. Мөн энэ хүний шүд одоог хүртэл эд мөрийн баримтаар хураагдаагүй. Халаасанд нь явж байгаа. Хэргийн ул мөр арилсан. Би осол гаргаагүй, чи осол гаргасан гээд маргаад байдаг. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “мөрдөн шалгах ажиллагааны явцад шаардлагатай гэж үзвэл мэргэжилтнийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулж болно” гэсэн байгаа. Энэ мөрдөн шалгах ажиллагаанд нарийн мэргэжлийн хүмүүсийг оруулаагүй. Өөрөөр бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн буюу хуулийн дагуу нотлох баримт бэхжигдээгүй байгаа. Замын хөдөлгөөний дүрэм баримталсан. Замын хөдөлгөөний дүрэм баримтлахдаа замын хөдөлгөөний дүрмийн 11.6 дугаар зүйлд зааснаар буюу зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байх гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн. Гэтэл энэ хүн би зүүн талд нь явж байсан гэж байгаа. Нөгөө хүмүүс нь баруун талд явж байсан гээд байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр миний мөргөлдсөн цэг энэ биш гээд мэдүүлэг өгөөд нотлох баримтаар бэхжүүлсэн. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.21 дүгээр зүйлд заасан тусгай мэдлэг шаардсан, өөрөөр бол 27.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шинжилгээ хийлгэхэд хэд хэдэн салбарын тусгай мэдлэг шаардлагатай гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр шинжилгээг ижил, эсхүл өөр өөр мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн багаар хийлгэж болно” гэдэг заалтаар багаар шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах саналтай байгаа. Хэргийн ул мөр арилсан байгаа. Хэн нь зүүн талдаа, хэн нь баруун талдаа явсан, цохилтын өнцөг, цохилтын чигийг тодорхойлохын тулд котикын арга гэж хэрэглэдэг юм байна. Энэ тал дээр судалгаа хийгээд үзэхээр Дарханы зам дээр осол гаргасан 300 гаруй шийдвэрээр энэ тээврийн хэрэгслийн хурд, замын хөдөлгөөнд оролцсон эсэхийг тогтоохын тулд тусгай мэдлэг шаардсан эрх бүхий хүмүүс дүгнэлт гаргах бүрэн боломжтой байгаа. Миний талд шүүгч захирамж гаргаад шийдсэн асуудал биш. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлээр бидний эрх ашгийг хамгаалаад бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргаад үз. Энэ ослын дүгнэлт маргаантай байна. Ослын дүгнэлтийг хэдэн согтуу гэрчийн мэдүүлгээр гаргаж болохгүй гэдгийг анхан шатны шүүх хуралдаан дээр илэрхийлсэн. Шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр нь баталж өгнө үү? гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Х-ын тухайд амь насанд нь аюултай хүнд гэмтэл учирсан. Ц.Х нь газар дээрээ ухаангүй болоод Улаанбаатар хотод очоод хагалгаанд ороод эмчлүүлээд ирсэн. Тухайн хэргийг дандаа согтуу хүмүүс явж байгаад үйлдсэн мэтээр яриад байна. Ц.Х-ын араар найз охин Б нь сууж явсан. Б нь огт архи уугаагүй. Б-ийн мэдүүлэгт: Маш тод гэрэлтэй, хурдтай мотоцикль ирж байсан. Би нөхөртөө замаас жоохон гараад яваарай гэж хэлсэн. Замаас гарч амжаагүй байхад тэр машин өмнөөс ирээд мөргөсөн гэсэн мэдүүлэг байгаа. Огт архи уугаагүй, эрүүл байсан хүний мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хэргийн газрын нөхөн үзлэг дээр Ц.Х очоогүй. Б.Ж, Б.И, Б нар очоод хэрэг гарсан А цэг энэ байна гээд зааж зогсож байгаад хийсэн гэдгээ анхан шатны шүүх хуралдаан дээр хэлж байсан. Энд гэрч нараас асуухад бид нарыг ямар нэгэн байдлаар байцаагч шахаж шаардаагүй, бид нар хэргийн газрыг заа гэхэд өөрсдөө очоод заасан. Б.И-ыг ямар нэгэн байдлаар дарамталж шахаж үүнийг заа гэж дарамталж заалгаад зургийг нь аваагүй гэдгийг гэрчүүд хэлдэг. Тухайн үед хэргийн газар очиж заагаад Б.И нь хэргээ хүлээгээд мэдүүлгээ өгье. Хохирол дээрээ бодож үзээч, хохирол төлөх мөнгө алга гээд хохирогчтой уулзаж байсан. Цагдаагийн үүдэнд уулзаж байсан. Чи хэдий хэр мөнгө өгөх боломжтой байгаа юм боломжоороо өг гэдэг зүйл цагдаагийн газрын үүдэнд хэлж байсан. Б.И хэргээ хүлээгээд, хэргийн газрын үзлэг хийсэн, хууль зөрчөөгүй гэдэг нь хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Б.И-ын тухайд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Тийм болохоор би зогсож байсан гэж мэдүүлээд байгаа боловч энэ мэдүүлгийг нотолсон зүйл хэргийн материалд байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү? гэсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлт: Хэргийн тухайд Б.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А ангилалын эрхийн үнэмлэхгүйгээр 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Цогт сумаас зүүн тийш 500 метрийн зайд шороон зам дээр 53- ... ГАЗ улсын дугаартай мустанг маркын мотоцикль жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.6 дугаар зүйлд заасан суурин газрын гаднах зам буюу 5.1, 5.5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зорчих хэсгийн баруун гар талд аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад түүний зүүн талын аль ч эгнээгээр явахын хориглоно. 12.3 дугаар зүйлд зааснаар жолооч хөдөлгөөнд оролцохдоо аюул, саад учирхыг мэдсэн тохиолдолд зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчиж Ц.Х-ын жолоодож явсан Тайга-150 маркийн мотоциклтой мөргөлдөж Ц.Х-ын биед зүүн шанаа хацар ясны цөмөрсөн хугарал, баруун шанааны ясны шугаман хугарал, доод эрүүний хугарал, тархины дух хэсгийн няцрал, зүүн нүдний дээд зовхи шарх, зүүн нүдний дээд зовхины буулт, зүүн нүдний дээд доод хэсэгт цус хуралт үүсгэн амь насанд аюултай хүнд хохирол, 165.000 төгрөгийн хохирол учруулсан. Б.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Цогт сумаас зүүн тийш 500 метрийн зайд хээр газар хохирогч Б.И-ыг Ц.Х-ыг мотоциклоор мөргөлөө гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж хохирогч Б.И-ын биед үүдэн 2 шүдний булгарал, нэг шүдний ганхалт, дээд уруулын дотор талын язрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон. Анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Улсын яллагчаас эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцэл дээр 34 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх нь үндэслэлтэй байна гэсэн эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхэд бичсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн 34 дугаартай захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналыг прокурорын зүгээс гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Х Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалтыг зөрчсөн буруутай гэсэн дүгнэлт гаргасан байхад уг зөрчилд ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй, хохирогч Ц.Х зогсоох арга хэмжээ авсан эсэх, осол болсон цэгийг зөв тогтоох болон шүүгдэгч Б.И мотоцикл унтраад зогсож байсан гэх асуудлыг, хэргийн бодит байдлыг тогтоох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хохирол гаргах зэрэгт хамааралтай, шүүгдэгч Б.И, хохирогч Ц.Х нарын мотоциклд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлүүд зөрүүтэй байгааг дахин нарийвчлан үзлэг хийж, эвдрэлийн шинж, чиглэл зэргийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой гэж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Хохирогч Ц.Х-ын гаргасан зөрчилд мөрдөн байцаалтын шатанд арга хэмжээ авхуулахаар замын цагдаагийн тасагт албан бичиг хүргүүлсэн байх бөгөөд энэ нь Б.И-т холбогдох эрүүгийн хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд нөлөөлөхөөргүй байна.
Мөн Б.И, Ц.Х нарын хэн нь Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон ямар зөрчил гаргасан нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн буюу осол гарах үндсэн шалтгаан болсон, осол хаана болсон, түүнчлэн осол болох үед Б.И мотоциклоо зогсоосон байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн газар, түүний дотор байгаа зүйлийн байр байдлыг бэхжүүлэхийн тулд үзлэгийн үед авсан гэрэл зураг, хэргийн газрын үзлэгийн явцад илрүүлсэн ул мөр, эд мөрийн баримт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, эх сурвалжийг нь магадлах зэргээр шалгаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлэж, шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд ирүүлэх боломжгүй эд мөрийн баримтын байгаа газарт нь үзлэг хийх зэргээр хэргийн үйл баримтыг бодитой тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.
Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд мөрдөгч, прокурор нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгах боломжтой бөгөөд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах боломжтой. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэрэг гарсан газрыг буюу мотоциклууд мөргөлдсөн цэгийг тогтоолгох, шүүгдэгч Б.И мотоциклоо домкратдаад зогсож байсан байх боломжтой эсэхийг шинжээчээр тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэхүү хүсэлт нь тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай асуудалд хамааралгүй хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоох боломжтой хэргийн үйл баримттай холбоотой хүсэлт байна.
Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 34 дугаар захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.И, Б.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.И, Б.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.Ж
ШҮҮГЧИД Ш.Б
Ч.Э