| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Отгонтуяа |
| Хэргийн индекс | 128/2023/0897/3 |
| Дугаар | 128/ШШ2024/0027 |
| Огноо | 2024-01-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2024/0027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: ХК
Хариуцагч: Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.
Гомдлын шаардлага: Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.ын 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай № Шийтгэлийн хуудас-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.- хариуцагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч нь Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.ад холбогдуулан түүний гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай № дугаар Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.
2. Хэргийн нөхцөл байдлын талаар:
2.1. Хариуцагч нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, таун -р байрны в2 тоотод гал түймэр гарсан байна гэх бүртгэлийн НОБГ дугаартай гомдлын дагуу 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба, ХК-ийг үйл ажиллагаа явуулахдаа Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 4.8, 4.9, 4.10 дахь заалтуудыг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэн 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай № Шийтгэлийн хуудас-аар Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3. Хариуцагчийн зөрчилд шийтгэл оногдуулсан 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн № Шийтгэлийн хуудас-ыг эс зөвшөөрч гомдол гаргагч нь 2023 оны 10 дугаар сарын 13ны өдөр шүүхэд хандсан байна.
4. Гомдол гаргагчаас хариуцагч эрх бүхий албан тушаалтны 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн № Шийтгэлийн хуудас-ыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэлдээ:
4.1. ХК нь өөрийн ******* сүлжээ дэлгүүрийн шинэ салбарыг нээн ажиллуулах зорилгоор Монгол Улсын иргэн Б.тэй түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, Хатанбаатар Магсаржав гудамж байр, нэгдүгээр давхар Б-1 тоот хаягт байрлах 149.9 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх - тоот Түрээсийн гэрээ-г 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан.
Энэхүү түрээсийн байранд үйл ажиллагаа явуулахад цахилгаан болон сантехникийн аюулгүй байдлыг хангах засвар үйлчилгээг зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатай байх тул түрээслүүлэгчийг түрээсийн гэрээнд заасан үүргийнхээ дагуу шаардлагатай техникийн нөхцөлийг гаргаж өгөхийг шаардсан.
Түрээслүүлэгч Б. нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн /******* дугаар техникийн нөхцөлийг хууль тогтоомж, дүрмийн дагуу хүсэлтээ гарган авч өгсөн.
Ингээд манай компанитай Ажил гүйцэтгэх мастер гэрээ-г байгуулан хамтран ажилладаг ХХК нь дотор засал, цахилгааны болон сантехникийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Гэтэл Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н. нь манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн гэж заасныг зөрчиж, зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон гэж шийтгэлийн хуудас үйлдсэн.
Бид ХХК-аар дээрх ажлыг хийж гүйцэтгүүлснээр шинэ салбарын үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болмогц ажлын байран дээрээ дугаартай Галын аюулгүй байдлын дүгнэлт-ийг дүрэм, журмын дагуу гаргуулж авсан. Уг дүгнэлт нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 20 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хүчинтэй байхаар тусгагдсан.
Тодруулбал, биднийг үйл ажиллагаа явуулах галын аюулгүй байдлын нөхцөл хангагдсан тул ийнхүү дүгнэлт олгогдсон. Тиймээс биднийг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.
4.2. Мөн манай компанийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 4.9, 4.10-д заасныг зөрчсөн талаар шийтгэлийн хуудсанд тусгасан байна. Бид дээр дурдсаны дагуу цахилгааны болон сантехникийн ажлыг тусгай зөвшөөрөл бүхий ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг ажлыг хийж гүйцэтгэсний дараа ажлын байран дээрээ Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулсны үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулсан.
Гэтэл ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг манай компанид халдаан зөрчил үйлдсэнд тооцож, шийтгэлийн хуудас үйлдсэн нь мөн адил үндэслэлгүй юм.
4.3. Мөн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Тауны зоорины давхарт байрлах в2 тоотод иргэн И.гийн оффисын байранд гал түймэр гарч бохирын хоолой цоорсон асуудалд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төв-өөс шинжээч томилон ажиллуулсан. Ингээд шинжээчдийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дугаар дүгнэлтээр тус гал түймэр нь манай компанийн үйл ажиллагаанаас бус харин иргэн И.гийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан болохыг тогтоосон.
Иймд Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.ын 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.
5. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.- шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Өмнөх шүүх хуралдаан дээр хэргийг бүтэн хэлэлцээд хурал хойшилсон. Тиймээс гомдлын шаардлага давхардуулахгүйгээр тайлбарлахад маргаан бүхий захиргааны актыг үндсэндээ хоёр үндэслэлээр л хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ нь ч шүүхээс нотлох баримт цуглуулах ажиллагаа хийсний дагуу тогтоогдож байна.
Яагаад гэхээр энэ манай компанийг галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 4.8-ыг зөрчсөн гэж үзсэн. Ашиглаж байгаа цахилгааны шугам шинээр хэрэглэгч холбохдоо техникийн хяналтын тооцоог үндэслэн зөвхөн аюулгүй байдлыг хариуцсан байгууллагын шийдвэрийг гүйцэтгэнэ гэснийг зөрчсөн гэж үзээд байгаа юм. Түрээсийн гэрээг иргэн Б. гэж хүнтэй ви эс ХК байгуулсан. Түрээсийн гэрээн дээр ямар заалт байсныг өмнөх шүүх хурал дээр судалсан. Энэ нь болохоор түрээслүүлэгч иргэн Б. манайд 380 Вт-ын холболттой байрыг хүлээлгэж өгнө гэж заасны дагуу иргэн Б. 380 Вт-ын техникийн нөхцөлийг өөрөө хүссэн хүсэлт нь сүүлд ирсэн баримт дээр авагдсан байна.
Гараар бичсэн хүсэлтэд би өөрийн өмчлөлийн объектыг 380 Вт-ын цахилгааны эрчим хүчээр хангамаар байна. Холбох зөвшөөрөл олгож өгөөч гэсэн хүсэлтийн дагуу Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ техникийн нөхцөлийг олгосон нь манай компанид биш юм. Тэгэхээр иргэн Б. техникийн нөхцөлийн дагуу ажлаа хийж гүйцэтгээд буцаагаад хийсэн ажлаа шалгуулж Улаанбаатар цахилгаан түгээх станцад хүлээлгэж өгсөн акт нь сүүлд ирүүлсэн материалд авагдсан байна.
Тэгэхээр зөвшөөрөлгүйгээр галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.8-ыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэдэг нь баримтаар тогтоогдож байна.
Мөн манай компанийг галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.10-д заасны дагуу цахилгааны шугам утсыг инженерийн шугам сүлжээ, утааны яндан халуун усны хоолойтой зэрэгцүүлэн ил далд байдлаар татаж ашиглахыг хориглох заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Тухайн заалт дээр шүүхээс зөрчлийн хэргийг бүхэлд нь татаж аваад үзэхэд бид түрээсийн гэрээгээ өгсөн. Тухайн байрны өмчлөгч нь иргэн Б. байгаа. Сүүлд Улаанбаатар цахилгаан түгээх станцтай цахилгаан хэрэглэгчийн гэрээ байгуулсан хэрэглэгч нь иргэн Б. байгаа. Тухайн байраа ви эс ХК-тай түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлж, өөрөө ашиглаж, түрээсийн төлбөр гэж сар бүр 4 000 000 төгрөг манай компаниас авч байгаа.
Ашиглаж байгаа этгээд буюу зөрчлийн субъект нь бид биш иргэн Б. байгаа юм. Үнэхээр зөрчил үүслээ гэж үзэхэд зөрчлийн үр дагаврыг түрээслэгч биш түрээслүүлэгч буюу өмчийн эзэн өөрөө арилгах нь зүйтэй. Тэгэхээр зөрчлийн субъектээ зөв тодорхойлж чадаагүй гэдэг тайлбар хэлж байгаа.
Цахилгааны шугам утсыг инженерийн шугам сүлжээ, халуун усны хоолойтой зэрэгцүүлэн нь татахгүй гэж байгаа. Усны хоолой нь дотроо халуун, хүйтэн, бохир гэж байдаг. Үүнээс тусгайлан галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.10-д халуун усны гэж заасан байгаа. Учир нь халуун усны холоотой цахилгааны утас зэрэгцүүлж ил татвал галын аюултай болохоор хориглож байгаа. Халуун усны хоолойтой зэрэгцүүлэн ил татсан талаар тухайн үйл баримтаас харагдахгүй байна.
Мөн иргэн Б. 380 Вт-ын тэжээлтэй холбох хүсэлтээ өөрийн гараар бичээд холбоод өгсөн. Үүний дараа ви эс ХК тохижилтын ажлыг хийсэн. Тохижилтын ажлыг хийгээд Онцгой байдлын ерөнхий газраас түрээслэгчийн хувиар үйл ажиллагаа явуулах галын аюулгүй байдлын дүгнэлтээ авсан. Тус дүгнэлтийг ямар тохиолдолд өгч байна вэ? гэвэл тухайн үйл ажиллагаа явуулахад галын үйл ажиллагааны стандарт хангасан байна. Ая тухтай дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах нөхцөл шаардлагыг хангасан гэж үзээд тухайн галын аюулгүй байдлын дүгнэлтийг өгч байгаа. Харин бусад 380 Вт-той холбоотой утас хаагуур татсан тухай асуудлыг объектын өмчлөгч нь өөрөө хариуцах байсан агуулгаар нэхэмжлэлээ гаргасан.
Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.8 дах заалт, 4.9 дэх заалт, 4.10 дах заалтыг зөрчсөн гэж шийтгэл оногдуулсан. ви эс ХК нь одоогоор Улаанбаатар хотод нийт 385 салбар сүлжээ дэлгүүртэй. Үндэсний хэмжээний томоохон сүлжээ үйл ажиллагаа явуулдаг. Нийгмийн хариуцлагын хүрээнд тусгай зөвшөөрөлтэй компаниар засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгүүлсэн.
Дүрмийн 4.8 дахь заалт нь /Ашиглаж байгаа цахилгаан шугамд шинээр хэрэглэгч холбохдоо техник хяналтын тооцоог үндэслэн зөвхөн цахилгааны аюулгүй байдлыг хариуцсан байгууллагын шийдвэрээр гүйцэтгэнэ/ гэж заасан байгаа. Уг зүйл заалтын зөрчлийн субъект нь шинэ хэрэглэгч холбох эрх бүхий хүн байгаа. Б. болон ви эс ХК биш юм.
Шинэ хэрэглэгч холбох зөвшөөрлийн хуудас олгоод байгаа этгээд н.Энхтөр ч юм уу? н.Энхтөр нь Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 4.8 дахь заалтын дагуу холболтыг хариуцсан байгууллагын шийдвэрээр гүйцэтгэсэн эсэхийг шалгаж, шийдвэрийн дагуу гүйцэтгэсэн байвал холбох зөвшөөрөл олгосон байх ёстой. Хариуцсан байгууллагын зөвшөөрөлгүйгээр холбох боломжгүй, тэгэхээр тус заалтыг манайх зөрчсөн байх боломжгүй.
Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 4.9 дэх хэсэгт/ Барилгад цахилгаан дамжуулах утсыг ил татахдаа механик гэмтэл учирч болох хэсгүүдэд төмөр хоолой болон нэмэлт хамгаалалт хийнэ/ гэж заасан байдаг. Тэгвэл сая судлагдсан баримтуудаар нэмэлт хоолой болон хамгаалалт хийх ёстой байхад хийгээгүй байна гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн тэр талаарх тодорхой баримт байхгүй байна. Бүх цахилгааны утасны гадуур хамгаалалтын хар хоолой байгаа эсэхийг асуухад байсан гэх хариу өгсөн. Заавал төмөр байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Гэмтэл учирч болох хэсгүүдийн энэ хэсэгт гэдэг нь бичигдээгүй. ви эс ХК нь бүх цахилгаан хамгаалалтын хар хоолойг хийж гүйцэтгэсэн гэдэг тайлбартай байгаа учраас Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй.
Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.10 дах хэсэгт /Цахилгааны шугам, утсыг инженерийн шугам сүлжээ, утааны яндан, халуун усны хоолойтой зэрэгцүүлэн ил, далд байдлаар татаж ашиглахыг хориглоно/ гэж заасныг зөрчсөн гэдэг. Утааны янданг агааржуулалтын хоолойтой адилтгаж үзнэ гэж дүрэмд байхгүйгээр эрх зүйн хэм хэмжээний актыг өөрийн бодлоор тайлбарлаж байна. Агааржуулалтын хоолой, бохирын хоолойтой зэрэгцүүлж татаж болохгүй гэсэн зохицуулалт байхгүй. Халуун усны хоолойтой зэрэгцүүлж татаж болохгүй гэдгийг эрх зүйн актаар тогтоож өгсөн байгаа. Үүнийг зөрчсөн үйл баримт байхгүй. Мөн агааржуулалтын хоолой, бохирын хоолойгоор гарч байгаа цахилгааны утас нь Б.ийн хийж байгаа 380 Вт-той цахилгааны утас гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа. Хэрвээ зөрчил гэж үзэж байгаа бол эрх бүхий албан тушаалтан Б.ийг дуудаж, өөрийн өмчлөлийн объектыг түрээслэхдээ ямар утас татаж түрээсэлсэн юм бэ? гэдгийг асуух хэрэгтэй. Б. тухайн объектоо түрээслэж орлого олж ашиглаж байгаа. Тэгэхээр зөрчлийн үр дагаврыг арилгах эрх бүхий субъект нь техникийн нөхцөлөө дахин гаргаж, шугам сүлжээгээ өөрчлөх этгээд нь Б. юм. Зөрчлийн хувьд өнөөдрийн нэхэмжлэгч ви эс ХК биш, иргэн н.ийн өмч учир бүх үр дагаврыг бүгдийн хариуцах ёстой. Мөн түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.13 дэх хэсэгт түрээсийн байрны нөхцөлд тусгайлан 380 Вт-ын нөхцөлөөр хангаж өгөх тухай түрээслүүлэгч Б.т үүрэг болгосон. Иймд зөрчлийн субъект Б. байх ёстой байсан. Мөн утааны яндан, халуун усны хоолойтой зэрэгцүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байгаа тул шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
6. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ви эс ХК-ийн ажил гүйцэтгэсэн ХХК-ийн ажлын актууд ирсэн. Тухайн акт нь дээр 7 дугаар сарын 22-ны өдөр цахилгааны ерөнхий шугам сүлжээг холбоод бэлэн болсон. Техникийн зөвшөөрөл 9 дүгээр сарын 15-ны өдөр гарсан. ви эс ХК-ийн гүйцэтгэгч ажлыг нь гүйцэтгэсэн юм бол тухайн өдрийн ажил гүйцэтгэсэн акт гарах ёстой. ви эс ХК-ийн цахилгааны дотор ажлыг хийж гүйцэтгэсэн тухай баримт байдаг. Тухайн нөхцөл байдал болсноос Б. нэг хоёр сар орчмын хугацаанд Улаанбаатар цахилгаан түгээхээс техникийн нөхцөл гарсан. Техникийн нөхцөл нь ви эс ХК-ийн ажил гүйцэтгэснээс хойш гарсан тул хууль дүрмийн дагуу биш хууль бусаар цахилгаан тэжээлээ авсан гэж үзэж байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ болон Баянгол дүүргийн хэрэглэгчид үйлчлэгч төвөөс ирүүлсэн материал дээр ч цахилгааны ерөнхий гэрээн дээр ч хамтран хариуцагчаар ви эс ХХК-ийн нэр дурдагдсан байдаг.
Б. гэдэг хүн 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар цахилгаан түгээх станцаас техникийн нөхцөл гаргуулсан байдаг. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэсний дараа техникийн нөхцөл гаргасан гэх асуудал яригдаж байгаа. Техникийн нөхцөл гарсны дараа араас нь тус техникийн нөхцөлтэй тохирсон цахилгаан дамжуулах утсаны хэрэглээ гэдэг юм тооцоолж хийдэг.
Хэргийн материалд нэмэлтээр өгсөн нотлох баримтаар өгсөн хэргийн газрын үзлэгийн зураг дээр инженерийн шугам сүлжээг дагуулан цахилгааны шугам сүлжээ татсан байгаа болох нь харагдаж байгаа. Барилгын тухай хуульд зааснаар ус хангамж, цахилгаан дулаан, ариутган халдваргүйжүүлэх, цэвэрлэх байгууламж, газрын тос болон төрөл бүрийн эд анги болон төвлөрсөн тоног төхөөрөмжийг ерөнхийдөө инженерийн байгууламж гэдэг.
ХК-ийн гүйцэтгэгчээс ирүүлсэн ил, далд ажлын, цахилгааны болон дотор засварын акт нь Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас иргэн Б.ийг техникийн нөхцөл авснаас 2 сарын өмнө цахилгааны ажил нь дууссан техникийн нөхцөл нь гараагүй байхад энэ байгууламж цахилгаанд холбогдох боломжтой болчихсон байсан нь өөрөө Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөд байгаа юм.
Ерөнхийдөө сая хэлсэн. Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 3 заалт дээр л үндэслэж шийдвэрээ гаргасан байгаа. Эрх бүхий албан тушаалтны хувьд ви эс ХК-ийг албан ёсоор цахилгааны гэрээ хийж цахилгаан татуулсан юм уу гэдгийг тодруулах зорилгоор ажиллагаануудыг явуулсан.
Цахилгаан шугам сүлжээ утсыг инженерийн шугам сүлжээ, утааны яндан, халуун усны хоолойтой зэрэгцүүлэх байдлаар татаж ашиглахыг хориглоно. Одоо ашиглах байгаа байгууллага нь Экспресс компанийг гэж үзэж байгаа. Иймд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагчийн гомдлыг шаардлагыг үндэслэлтэй байна гэж үзлээ.
1. ви эс ХК-ийн өмгөөлөгчөөс гомдлын шаардлагын үндэслэлээ ... ХХК-аар засварын ажлыг гүйцэтгүүлсэн, таун -р байрны зоорины давхарын в2 тоот иргэн И.гийн оффисын байранд гарсан гал түймэр нь манай компаний үйл ажиллагаанаас бус өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог, Б.тэй байгуулсан гэрээнд 380 Вт-ын цахилгаан үүсвэр, холболтыг Б. хариуцахаар заасан, манай компанийг Галын аюулгүй байдлын дүрмийн 4.8, 4.9, 4.10 дахь заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч зөрчил үйлдсэн субьектийг буруу тодорхойлсон гэх агуулгаар тайлбарладаг.
Харин хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас ...Нэхэмжлэгчийн зүгээс тус объектод үйл ажиллагаа явуулахдаа гэрээний дагуу түрээслэгчээс объектыг хүлээн авсан, мөн гэрээт байгууллагаар засвар үйлчилгээг хийлгэсэн нь гэрээний харилцаа, цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн гэрээгээр гомдол гаргагч хамтран хариуцагч байгаа, шийтгэлийн хуудсыг шинжээчийн дүгнэлтүүд, Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн заалтуудыг тус тус үндэслэн гаргасан гэх агуулга бүхий тайлбараар гомдлын шаардлагын үндэслэлийг үгүйсгэн маргаж байна.
2. Хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн материал болон бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2.1. Хариуцагч Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Н. нь Нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлсэн ...Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Таун -р байрны в2 тоотод үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн оффист гал түймэр гарсан байна гэх гомдлыг хүлээн авч шалгаад, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолоор /1 дэх хавтаст хэргийн 38 дахь тал/;
2.2. Улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, Таун -р байрны в2 тоотод үзлэгийн ажиллагааг явуулсан нь Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан фото зургаар /1 дэх хавтаст хэргийн 39-42, 178-186 дахь тал/;
2.3. Гомдол гаргагч ви эс ХК нь өөрийн ******* сүлжээ дэлгүүрийн шинэ салбарыг нээн ажиллуулах зорилгоор иргэн Б.тэй түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, Хатанбаатар Магсаржав гудамж байр, нэгдүгээр давхар Б-1 тоот хаягт байрлах 149.9 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээг байгуулсан болох нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан - тоот Түрээсийн гэрээ- /1 дэх хавтаст хэргийн 21-24 дэх тал/-гээр;
2.4. Цаашлаад хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас Таун -р байрны в2 тоотод үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийг Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 4.11 дэх заалтыг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай № 0071484 Шийтгэлийн хуудас /1 дэх хавтаст хэргийн 94 дэх тал/-аар;
2.5. Гомдол гаргагч ви эс ХК-ийг Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 4.8, 4.9, 4.10 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай № Шийтгэлийн хуудас /1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал/-аар тус тус тогтоогдож байна.
2.6. Хариуцагчаас Таун -р байрны в2 тоотод үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн оффист гал түймэр гарсан шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор 2 байгууллагын эрх бүхий албан тушаалтныг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, шинжээч нарын гаргасан Шинжээчийн дүгнэлт-ээр гал түймрийн шалтгааны талаар дараах нөхцөл байдлыг тогтоогдсон байна. Үүнд:
2.6.1. Хариуцагчаас гал түймэр гарсан обьектод хийсэн үзлэгийн үед дээж болгон авсан цахилгаан дамжуулах утасны дээжинд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын нэгдсэн төвийн галын инженер-судлаач, ахмад Д. шинжилгээ хийсэн ба хариуцагчаас шинжээчид тавьсан асуултад ... шинжилгээнд ирүүлсэн цахилгаан утсанд бөмбөлөг үүссэн байна. Бөмбөлөг нь цахилгааны хэт ачаалал, богионо холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холболт үүсэх, эсхүл гал түймрийн улмаас цахилгаан дамжуулагчийн гадна тусгаарлагч дөлний нөлөөгөөр шатаж гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр богино холбоо үүсч бөмбөлөг үүсдэг. ...цахилгаан дамжуулах утаснаас гал түймэр үүсвэрлэн гарах боломжтой, шинжилгээнд ирүүлсэн 3 гэж тэмдэглэсэн цахилгаан дамжуулах утас, цахилгааны залгуурт байх /залгуурын нэмэлт газардуулгын шон/ зүйлд хайлж, наалдсан байх зүйл нь хүлээн авагч буюу розетканы нэмэлт газардуулгын шон хүлээн авагч байна[1] гэж хариулсан байгаа нь 2023 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн шинжээч оролцуулах тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай Шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 227-233 дахь тал/-ээр;
2.6.2. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, дэслэгч Б. Шинжээчийн дүгнэлт гаргасан ба, хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас шинжээчид тавьсан асуултад 4. гал түймэр нь тухайн угаалгын өрөөний цахилгаан хэрэгслийн залгуураас эхэлж үүсвэрлэж гал түймэр гарсан байх үндэслэлтэй байна. Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай дүгнэлтэд Шинжилгээнд ирүүлсэн 3 гэж тэмдэглэсэн цахилгаан дамжуулах утас, цахилгааны залгуурт байх /залгуурын нэмэлт газардуулгын шон/ зүйлд хайлж, наалдсан байх зүйл нь хүлээн авагч буюу разетканы нэмэлт газардуулгын шон хүлээн авагч байна. Далд явсан 380 вольтын цахилгаан дамжуулагч утаснаас бөмбөлөг илэрсэн нь гал түймрийн улмаас цахилгаан дамжуулагчийн гадна тусгаарлагч дөлний нөлөөгөөр шатаж гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр богино холбоо үүсч бөмбөлөг үүссэн гэж үзэж байна. 6. Гал түймрийн голомт нь тус угаалгын өрөөний хойд хэсгээс үүсвэрлэн гарч шатах материалаар дамжин тархсан байна гэж тус тус хариулсан нь 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шинжээч оролцуулах тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн мэд******* дугаартай Шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 2-237 дахь тал/-ээр;
Мөн галын шинжээч, дэслэгч Б.ийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ...тухайн гал түймэр гарсан өрөөнд байрлах угаалгын машины залгуур байрлаж байсан хэсгээс дээш шатлагын ул мөр үүссэн байгаа нь гал түймрийн голомтыг тодорхойлж байгаа юм. Хэрэв дээр байрлах цахилгааны утаснаас үүсэлтэй гал түймэр гарсан байсан бол дор байгаа угаалгын машины цахилгааны утсанд үүссэн байгаа шиг ул мөр үүсэхгүй байсан. Мөн гамшиг судлалын хүрээлэнгийн дүгнэлтээр хэрэглээний цахилгааны дамжуулах утсанд гэмтэл үүсэн угаалгын машины розетка нь залгууртай хайлж наалдсан байна. Тухайн өрөөнд гал түймэр гарснаас 380 вольтын цахилгааны утсанд гэмтэл үүсэж богино холболт болгосон гэж үзэж байна гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 195-196 дахь тал/-ээр тус тус галын эх үүсвэр, голомт нь ХХК-ийн оффист байрлах угаалгын өрөөний угаалгын машины залгуур байрлаж байсан хэсгээс үүссэн, улмаар шатах материалаар дамжин гал тархаж гарснаас 380 вольтын цахилгааны утсанд гэмтэл үүсэж богино холболт болсон нь тогтоогдсон байна гэж үзлээ.
Түүнчлэн шинжээчдийн дүгнэлт, мэдүүлгээр тогтоогдсон гал түймэр гарсан шалтгаан нөхцөлийн ХХК-ийн ажилтан гэрч А.******* угаалгын машин байнгын разеткандаа залгаатай байдаг байсан тэрийг салгадаггүй гэх /1 дэх хавтаст хэргийн 55-56 дахь тал/, гэрч Э.******* угаалгын машин байнга розеткандаа залгаатай байдаг байсан, удаан хугацаагаар явах тохиолдолд салгадаг, тэрийг сүүлд хэзээ салгасныг санахгүй байна /1 дэх хавтаст хэргийн 57-58 дахь тал/ гэж шинжээч нарын дүгнэлтийг баталсан мэдүүлэг өгсөн байна.
Тодруулбал хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримт буюу 2 шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгүүдээр гал түймэр ХХК-ийн оффист байрлах угаалгын өрөөний угаалгын машины залгуур байрлаж байсангазраас үүссэн нь тогтоогдсон байна гэж үзлээ.
3. Гомдлын шаардлагын үндэслэл, хариуцагчийн татгалзлын үндэслэлийн талаар:
Хариуцагчаас гомдол гаргагчийг Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм-ийн 4.8, 4.9, 4.10 дахь заалтыг зөрчсөн гэж маргаж байна.
Харин гомдол гаргагчаас ... Б.тэй байгуулсан гэрээгээр манай компани сард 4 сая төгрөг төлдөг, гэрээнд түрээслүүлэгч нь түрээслэгчийн буруутай үйлдлийн улмаас үүссэнээс бусад шугам сүлжээ,...эвдрэлээс үүдэн гарсан аливаа төлбөрийн нэхэмжлэл, хохирлыг хариуцахаар заасан ба манай компанид шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, түүнчлэн хариуцагчийн буруутгаж байгаа 4.8 заалт нь хэрэглэгчид хамаарахгүй заалт, 4.9-д заасны дагуу хамгаалалтын хоолой байсан гэдгийг хариуцагч зөвшөөрч байгаа атлаа аль хэсэгт төмөр хамгаалалт хийх байсныг нотлоогүй 4.10-д цахилгааны шугам, утсыг инженерийн шугам сүлжээ, утааны яндан, халуун усны хоолойтой зэрэгцүүлэн ил, далд байдлаар татаж ашиглахыг хориглоно гэсэн гэтэл утааны яндан байхгүй, халуун усны хоолойтой зэрэгцүүлж татсан нь тогтоогдохгүй байна гэж хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж байна.
3.1. Хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1. Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна, 1.1. тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх гэж заасныг зөрчиж, зөрчилд холбогдогч буюу зөрчлийн үр дагаварыг арилгах этгээдийг зөв тодорхойлоогүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь гомдол гаргагч ви эс ХК нь гал түймэр гарсан Таун -р байрны в2 тоотын дээрх нэгдүгээр давхарт в1 тоот хаягт байрлах иргэн Б.ийн өмчлөлийн[2] 149.9 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр - тоот Түрээсийн гэрээ /1 дэх хавтаст хэргийн 21-24 дэх тал/ байгуулан үйл ажиллагаа явуулж байсан ба гэрээний хугацаа 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 4 жил байна.
Мөн гэрээний 4.10-д түрээслүүлэгч нь түрээслэгчийн буруутай үйлдлийн улмаас үүссэнээс бусад шугам сүлжээ,...эвдрэлээс үүдэн гарсан аливаа төлбөрийн нэхэмжлэл, хохирлыг хариуцана,[3] 4.13-д түрээслүүлэгч нь түрээсийн зүйлийн цахилгааны техникийн нөхцөлийг албан ёсоор авсан байх ёстой бөгөөд түрээслэгч талын шаардлагад нийцүүлж 380 вольтын, 30кВт-ын хүчин чадал бүхий тог, цахилгаан хэрэглэх зөвшөөрөлтэй байна. Хэрэв энэхүү гэрээг байгуулахад түрээсийн зүйл нь цахилгааны шаардлагыг хангаагүй байсан бол түрээсийн гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногт багтаан цахилгааны техникийн нөхцөлийг түрээслэгчийн шаардлагад нийцүүлэн авсан байх үүрэгтэй[4] гэж тус тус заасан байна.
Түрээслүүлэгч Б. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт 380 вольтын 30 квт-ын цахилгааны техникийн нөхцөл хүссэн өргөдлийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр /2 дахь хавтаст хэргийн 118 дахь тал/ гаргасан, улмаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр олгосон Техникийн тодруулга-ыг /2 дахь хавтаст хэргийн 103 дахь тал/ үндэслэн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компаниас /******* дугаартай Техникийн нөхцөл-ийг /2 дахь хавтаст хэргийн 104-106 дахь тал/ Б.т 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр олгосон нь тус тус тогтоогдож байна.
Мөн хариуцагчаас Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд гомдол гаргагч нь хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан гэж маргадаг, уг гэрээнд ви эс ХК-ийг төлөөлж П.******* гарын үсэг зурсан /2 дахь хавтаст хэргийн 20 дахь талын арын нүүр/ тогтоогдож байх хэдий ч уг гэрээгээр гомдол гаргагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь гомдол гаргагчаас түрээслэгчийн буруутай үйлдлийн улмаас үүссэнээс бусад шугам сүлжээ,...эвдрэлээс үүдэн гарсан аливаа төлбөрийн нэхэмжлэл, хохирлыг түрээслүүлэгч буюу Б. хариуцахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан нь дээрх байдлаар тогтоогдож байна.
Улмаар өмнөх 2.6 дахь хэсэгт дүгнэснээр гомдол гаргагчийн буруутай үйл ажиллагаанаас гал түймэр гарсан гэх үзэх үндэслэлгүй тогтоогдоогүй, гал түймэр гомдол гаргагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй нь тогтоогдсон тохиолдолд ч гэрээнд зааснаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, түрээслүүлэгч Б. нь зөрчлийн үр дагаварыг арилгаж, үүссэн хохирлыг төлөх үүргийг хүлээсэн байх тул манай компанийг зөрчил гаргасан гэж үзэн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, Б. хариуцна гэх гомдол гаргагчийн шаардлага үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
3.2. Хариуцагчаас ... Б.т 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Техникийн нөхцөл-ийг олгосон байхад гомдол гаргагч хуулийн этгээд нь техникийн нөхцөл олгогдохоос өмнө 380 вольтын утсыг татсан нь гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогддог гэж маргадаг ба ХХК-ийн үйлдсэн Дотор цахилгааны угсралтын ажил, туршилт хийж шалгасан акт-аас /1 дэх хавтаст хэргийн 171 дэх тал/ үзвэл ви эс ХК-ийн ******* дэлгүүрийн цахилгааны монтажны ажлыг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хийж гүйцэтгэсэн нь тогтоогдож байна.
Түүнчлэн гэрч Ч.Мөнхболдоос ...байрны түрээслүүлэгчийг төлөөлсөн хүнээс утсаар холбогдож тодруулаад.., ...цахилгааны утсыг түрээслүүлэгчийн болон эзэмшигчийн зөвшөөрлөөр татсан /1 дэх хавтаст хэргийн 63-64 дэх тал/ гэж, гэрч Ж.*******оос ... эзэмшигчийн зүгээс цахилгааны холболтыг хийлгэсэн ямар хүмүүсээр хийлгэсэнийг мэдэхгүй /1 дэх хавтаст хэргийн 68 дахь тал/ гэж тус тус мэдүүлсээр байхад хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь тухайн обьектийн өмчлөгч, түрээслүүлэгч иргэн Б.өөс түүний зөвшөөрлөөр цахилгааны монтажны ажил, цахилгааны холболтыг хийсэн эсэхийг тодруулж мэдүүлэг аваагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй байх бөгөөд Б.ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй талаараа ... гэдэг хүнийг Хил хамгаалах ерөнхий газар руу хүртэл тодруулга авсан.., миний зүгээс Б. болон Б.ийн аавтай уулзаж байгаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2. Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, ... бусад баримтаар тодорхойлогдоно гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1. Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна, 1.1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх гэж тус тус заасан байхад хариуцагч нь зөрчлийг нотлох ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй, улмаар шийтгэл оногдуулах нөхцөл байдлыг буюу гомдол гаргагч хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг бүрэн тогтоолгүйгээр зөрчилд холбогдуулан шийтгэл оногдуулсан хууль бус, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гаргасан хариуцагчийн хуульд нийцээгүй ажиллагааг шүүхээс зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.3. Дээрхээс дүгнэхэд хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь зөрчил үйлдсэн этгээдийг буруу тодорхойлж, гомдол гаргагчийг буруутгасан нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Иймээс шүүх хэргийн оролцогчийн маргааны бусад үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй байх боловч маргааныг эцэслэх үүднээс хэргийн оролцогчийн маргаж буй зарим үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2. Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм болон гал түймрийн улсын хяналтын дүрмийг Засгийн газар батална заасны дагуу Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 339 дүгээр тогтоолоор баталсан Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм-ийн /цаашид дүрмийн гэж товчлох/ 4.8.-д Ашиглаж байгаа цахилгаан шугаманд шинээр хэрэглэгч холбохдоо техник хяналтын тооцоог үндэслэн зөвхөн цахилгааны аюулгүй байдлыг хариуцсан байгууллагын шийдвэрээр гүйцэтгэнэ гэж заасан.
3.3.1. Хариуцагчаас ...дүрмийн 4.8 заалтыг гомдол гаргагч нь зөрчсөн гэж, харин гомдол гаргагчаас ...түрээслүүлэгч Б. гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу өөрөө 380 вольтын зөвшөөрөл авч, эрх бүхий байгууллагын шийдвэрээр холбосон, энэ заалт хэрэглэгчид хамааралгүй гэж тайлбарлан маргаж байна.
Дүрмийн 4.8-д Ашиглаж байгаа цахилгаан шугаманд шинээр хэрэглэгч холбохдоо техник хяналтын тооцоог үндэслэн зөвхөн цахилгааны аюулгүй байдлыг хариуцсан байгууллагын шийдвэрээр гүйцэтгэнэ гэж заажээ.
Б. нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт 380 вольтын 30 квт-ын цахилгааны техникийн нөхцөл хүссэн өргөдлийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргасан, улмаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр олгосон Техникийн тодруулга-ыг тус тус олгосон нь өмнөх хэсэгт дүгнэснээр тогтоогдсон.
Үүний дараа Б.ийн захилга өгсөний дагуу Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компаний Баянгол дүүрэг дэх салбарын эрх бүхий ажилтнууд 2022 оны 10 дугаар сарын -ны өдөр хэмжилт хийсэн нь №******* Тоноглолын газардуулгын эсэргүүцэл хэмжсэн протокол-оор /2 дахь хавтаст хэргийн 108 дахь тал/, улмаар эрх бүхий байлууллагаас Б.т 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр № *******2022 дугаартай Шинэ хэрэглэгчийг сүлжээнд холбох зөвшөөрлийн хуудас /2 дахь хавтаст хэргийн 107 дахь тал/ олгосон нь, түүнчлэн түрээслүүлэгч буюу Б.ийн зөвшөөрснөөр цахилгааны холболтыг хийсэн нь тус тус тогтоогдож байна.
Иймээс цахилгааны аюулгүй байдлыг хариуцсан байгууллагын шийдвэргүйгээр холболт хийсэн гэж гомдол гаргагчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.
3.3.2. Дүрмийн 4.9. Барилгад цахилгаан дамжуулах утсыг ил татахдаа механик гэмтэл учирч болох хэсгүүдэд төмөр хоолой болон нэмэлт хамгаалалт хийнэ, 4.10. Цахилгааны шугам, утсыг инженерийн шугам сүлжээ, утааны яндан, халуун усны хоолойтой зэрэгцүүлэн ил, далд байдлаар татаж ашиглахыг хориглоно гэж тус тус заажээ.
Хариуцагчаас гомдол гаргагч нь цахилгааны утсыг татахдаа цахилгаан дамжуулах утсыг татахдаа төмөр хоолой хийгээгүй гэж, харин гомдол гаргагчаас хариуцагч хар хоолой байсныг хүлээн зөвшөөрч байгаа ч, яг аль хэсэгт төмөр хоолой хийх байсныг нотлох ёстой, утааны яндан байхгүй, мөн халуун усны хоолойтой зэрэгцүүлсэн утас байхгүй, хариуцагч нотолж чадахгүй байна гэж тус тус маргаж байна.
Хариуцагч нь дээрх нөхцөл байдлыг хэргийн газар хийсэн үзлэгээр тогтоогдсон гэх боловч, үзлэгийн тэмдэглэлд ... уг өрөө нь 35*35 см хэмжээтэй төмөр таазтай байсан ба бохирын шугам, ******* худалдааны төвийн 380 вольтын кабель, тус өрөөний цахилгаан хэрэгсэл тэжээж байсан кабель шугам нь таазны дээд хэсгээр явсан байна, ... уг өрөөний баруун талаас урагш гарсан бохирын шугамыг дагаж сувилагчаар 380 вольтын кабель татагдсан байх ба зүүн урд талын таазнаас гарч ирсэн агааржуулалтын 15*15 см хэмжээтэй буруу харсан Г үсгийн байрлалтай агааржуулалтын хоолойн дээд талын ирмэгээр 380 вольтын цахилгааны утас гарсан байна /1 дэх хавтаст хэргийн 178-179 дэх тал/гэснээс өөрөөр үзлэгийн фото зургаар /1 дэх хавтаст хэргийн 181-186 дахь тал/380 вольтын цахилгааны шугам явсан аль аль хэсэгт механик гэмтэл учирч болохоор байсан эсхүл учирсан, тухайлан аль хэсгийг төмөр хоолойгоор хамгаалах шаардлагатай байсан гэх, мөн халуун усны хоолойтой зэрэгцүүлсэн татсан цахилгааны утас байгаа нөхцөл байдлыг тогтоогдсон гэж үзэх боломжгүй юм. Халуун усны хоолойтой зэрэгцүүлсэн утас байгаагүй нь үзлэгийн тэмдэглэлд ...бохирын шугам таазаар явж байсан гэж тэмдэглэсэн байгаагаар тогтоогдож байна.
Хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй, зөрчил гаргагчийн зөрчил үйлдсэн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй, өөрөөр хэлбэл гомдол гаргагчийг дүрмийн 4.9, 4.10 дахь заалтуудыг зөрчсөнийг баримтаар тогтоож чадаагүй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1. Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ заасан.
Иймд шүүх хариуцагч эрх бүхий албан тушаалтныг шийдвэрийнхээ үндэслэлийг нотолж чадаагүй бөгөөд гомдол гаргагч хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан гэж үзэн, ви эс ХК-д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай № Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3. дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 7.1, 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан гомдол гаргагч ви эс ХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.ын гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай № Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА