Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баясгалан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Б.Баянмөнх, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг /үнэмлэх №0803/ нарыг оролцуулан түс шүүхийн танхимд нээлттэй хийсэн эргүүгийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баямөнхөд холбогдох эрүүгийн 1736000000031 дугаартай 178/2017/0096/э/ индекстэй хэргийг 2017 оны 09 сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1989 оны 9 сарын 23-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа сан техникийн ажил хийдэг, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 10-06 тоотод түр оршин суудаг, Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай гэх, Авгас овогт Баярсайханы Баянмөнх /РДП389092317/

Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

Яллагдагч Б.Баянмөнх нь Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэн Н.Эрдэнэсувдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Баянмөнх шүүхийн хэлэлцүүлэгт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн дэвсгэрт 2017 оны 8 сарын 15-ны өдөр иргэн Н.Эрдэнэсувдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дараах бичгийн нотлох баримтаар гэм буруутай болох нь нотлогдож байна. Үүнд:  

  • Хохирогч Н.Эрдэнэсувдын “...Тухайн өдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 15-ны шөнө манай нөхөр Б.Баянмөнх архи ууж ирчхээд таксины мөнгө байна уу гэж хэлсэн тэгэхээр нь би байхгүй гэж хэлсэн чинь өөрөө таксиныхаа мөнгө гаргаж өгчхөөд орж ирээд надтай хэрүүл өдөөд би одоо унтчих гэсэн чинь унтахгүй хэрүүл маргаан үүсгээд миний нүүр лүү гараа атгаж байгаад цохисон тэгсэн би газар унаад унахдаа гэрийнхээ багана мөргөөд тэгээд намайг үсдэж аваад газар мөргүүлээд миний нуруу луу цохисон. Тэгсэн манай гадна байдаг айлын эхнэр Бадамаа орж ирээд манай нөхрийг унт гэсэн чинь үгэнд орохгүй байсан” гэх мэдүүлэг /ХХ-7-8 хуудас/
  • Гэрч Ц.Эрдэнэбилэгийн “...Манай хаалга хүн нүдсэн тэгээд хэн бэ гэтэл манай охин Н.Эрдэнэсувд зодуулчихсан хамарнаас нь цус гарсан байдалтай орж ирсэн тэгэхээр нь юу болсон талаар нь асуухад манай нөхөр Баянмөнх намайг зодлоо одоо очиж хоёр хүүхдээ гэрээсээ гаргаж авмаар байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /ХХ-9 хуудас/
  • Шинжээч эмчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 422 дугаартай “...Н.Эрдэнэсувдын биед тархи доргилт, хамар ясны хугарал, 2 нүдний дээд додд зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун хацарт хэсэгт 4x3 см, доод эрүүний баруун хэсэгт 6x5 см цус хуралтууд зүүн шанаа хэсэгт 6x5 см, зүүн чихний ар хэсэгт 3x1 см цус хуралтууд, баруун далны хэсэгт 11x7 см, зүүн далны хэсэгт 9x8 см,2 далны дунд хэсэгт 6x5 см, баруун бугалганы гадна дээд хэсэгт 12x9 см, баруун тохойн гадна хэсэгт 7x5 см цус хуралтууд, зүүн гарын тохойн хэсэгт 1x0.3 см зулгаралт, зүүн хөлийн шагайн үений гадна хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Н.Эрдэнэсувдын биед учирсан доорх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг болно.

Б.Баянмөнхийн Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн дэвсгэрт 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэн Н.Эрдэнэсувдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэл тохирч байна.  

Иймд Б.Баянмөнхийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Баянмөнх нь эхнэр Н.Эрдэнэсувд /гэр бүлийн хамаарал бүхий хүн/-ийг зодсон боловч 2017 оны 02 сарын 10-ны өдрөөс хойш байнга зодож байгаагүй болох нь хохирогчийн мэдүүлэг, цагдаагийн газрын хайлтын систем /АСАП сангийн бүртгэл/-ээр /хх-ийн 30-32 дугаар хуудас/ тогтоогдсон болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Баянмөнх нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн, прокурорын шатанд прокурорын нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг яллагдагч хүлээн зөвшөөрсөн /хх-ийн 42 дугаар хуудас/ боловч шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч торгох ял оногдуулж өгөхийг хүссэн, улсын яллагч торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэсэн тул торгуулийн ял оногдуулав.

Шүүхээс шүүгдэгчийг торгох ялыг биелүүлэх хугацаа заагаагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулийн ялыг гүйцэтгэх үүрэгтэй

Шүүгдэгч Б.Баянмөнх нь хохирогч Н.Эрдэнэсувд нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн /хх-ийн 7-8 дугаар хуудас, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл/ тул шүүгдэгч Б.Баянмөнх нь будад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Авгас овогт Баярсайханы Баянмөнхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Б.Баянмөнхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Баянмөнхийг торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Шүүгдэгч Б.Баянмөнх нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баянмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.БАЯСГАЛАН