| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/01566/И |
| Дугаар | 181/ШШ2024/01631 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2024/01631
2024 04 19 181/ШШ2024/01631
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би,
Нэхэмжлэгч: ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.С-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 291,713 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.С нь "ББСБ-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 140000067145 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Д.С нь уг гэрээний үндсэн дээр 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр сарын 3,9% хүүтэй 100,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.
Д.С нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Д.Сийн зээлийн гэрээний үүрэг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 100,000 төгрөг, зээлийн хүү 160,402 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,311 төгрөг, нийт 291,713 төгрөг төлөхөөр байна. Зээлийн хүү тооцсон хугацаа: 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 1251 хоног Зээлийн хүү тооцсон арга: 100,000*3,9%*12cap/365 хоног*1251 хоног=160,402 төгрөг Нэмэгдүүлсэн хүү тооцсон арга: /160,402-3846*20%= 31,311 төгрөг/
Д.Сийн зээлийн гэрээний үүргийг шаардан удаа дараа анхааруулсан боловч арга хэмжээ авахгүй, утас харилцаа тасалж, төлбөрийг төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Д.Сээс зээлийн гэрээний үүрэгт 291,713 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Д.С шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.С нь ББСБ ХХК-иас 2018 оны 100,000 төгрөгийн зээл авч одоог болтол төлж чадаагүй. Хүү, алданги нийлээд 291,713 төгрөг төлөх юм. Уг төлбөрөө 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 141,713 төгрөг төлж барагдуулах хүсэлттэй байна. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Д.Ст холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 291,713 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 141,713 төгрөг тус тус нэхэмжлэгч ББСБ ХХК-д төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь Д.С нь нэхэмжлэлийн шаардлага Зээлийн гэрээний үүрэгт 291,713 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 141,713 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ББСБ ХХК-д төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,402 төгрөгийн 4,701 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 4,701 төгрөгийг, хариуцагч Д.Сээс 4,701 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГАНТУЯА