Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2020/ДШМ/25

 


Б.Бархаспүрэвт холбогдох эрүүгийн 
хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй  
Прокурор Б.Батцэцэг 
           Нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид  нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:           
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/91 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн улсын яллагчийн  эсэргүүцлийг үндэслэн Б.Бархаспүрэвт холбогдох 2022002000100 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, Дундговь аймгийн Луус сумын Соёлын төвд соёлын өвийн ажилтнаар ажилладаг, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Луус сумын 2-р баг, “Жирмийн хар чулуу” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, °РД:ЗК99112212/ Баянхошуу овогт Баярсайханы Бархаспүрэв,
Б.Бархаспүрэв нь 2020 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн орчимд хувийн таарамжгүй харьцаанаас иргэн М.Отгонхүүгийн нүүрэн тус газарт цохиж бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
Дундговь аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Баянхошуу овогт Баярсайханы Бархаспүрэвийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Баянхошуу овогт Баярсайханы Бархаспүрэвт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч М.Отгонхүү нь санал, хүсэлтгүй гэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Отгонхүүгийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсны төлбөрт 250.000 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч М.Отгонхүү нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Бархаспүрэвээс нэхэмжлэх эрхтэйг зааж, Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солино гэдгийг Б.Бархаспүрэвт тайлбарлаж шийдвэрлэсэн байна. 

Хяналтын прокурор Б.Батцэцэг: Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Бархаспүрэв нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Дундговь аймгийн Луус сумын төвд хохирогч М.Отгонхүүгийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Тус прокурорын газраас Б.Бархаспүрэвийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ба шүүхээс Б.Бархаспүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болно.
Гэвч анхан шатны шүүхээс дээрх хэргийг шийдвэрлэж, шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Учир нь Шийтгэх тогтоолын ТОГТООХ НЬ: хэсгийн 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар... торгох ял оногдуулж шийтгэсүгэй” гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд байхгүй “хэсгийг” баримтлан торгох ял оногдуулсан, тогтоолын 2 дугаар заалтад  ” ...500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй” гэж торгох ялын хэмжээг тоон илэрхийлэл болон үсгээр бичихдээ зөрүүтэй бичсэнээс 500000 эсхүл 550000 /таван зуун мянган эсхүл таван зуун тавин мянган/ төгрөгийн ял оногдуулсан аль болох нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “...оногдуулсан ялын төрөл, хэмжээ, ...” гэж заасныг тус тус зөрчсөн байна. 
           Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэсэнд хамаарч байхаас гадна мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулах, зөвтгүүлэх үндэслэл болж байна. 
          Миний бичсэн эсэргүүцэлтэй танилцаад хэргийг шийдвэрлэсэн шүүгч 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүгчийн захирамж гаргаж шийтгэх тогтоолдоо зохих өөрчлөлт оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн. Учир нь хуулийн энэ заалтад “..үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулж болно гэснээс оногдуулсан ялын хэмжээний талаар гарсан алдааг залруулах эрх тухайн шүүхэд байхгүй.  
Иймд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хуулийн зүйл хэсэг, торгуулийн хэмжээг зөвтгүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр   бүхэлд нь хянаж үзэв. 
        Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Б.Бархаспүрэв нь Луус сумын төвд 2020 оны 7 дугаар сарын 14-өөс 15-нд  шилжих шөнийн 01 цагийн орчимд иргэн Б.Доржпүрэвийн гэрийн гадаа машинд Б.Доржпүрэв, М.Отгонхүү нартай 2.5 литрийн пиво ууж согтуурсан үедээ машинаас бууж гэрт орох асуудлаас болж иргэн Отгонхүүгийн нүүрэн тус газарт гараар цохиж хөмсөгт 1.6 см шарх, зовхинд цус хуралт үүсгэсэн хөнгөн зэргийн гэмтлийг санаатай  учруулсан болох нь хохирогч М.Отгонхүү, гэрч Б.Доржпүрэв нарын мэдүүлэг,  Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 175 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 
        Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бархаспүрэвийн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулах ял шийтгэл, эмчилгээний зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн боловч Эрүүгийн хууль хэрэглэх, шүүгдэгчид оногдуулсан торгуулийн хэмжээг тогтоосон заалт бичихдээ алдаа гаргасан байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй байна.
        Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурор Б.Батцэцэг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн бөгөөд эсэргүүцлийг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд мөн өдөр хүлээж аваад 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 218 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоолд улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар өөрчлөлт оруулсан нь хуульд нийцээгүй байна. 
        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг залруулахаар заасан байхад Эрүүгийн хуулийн зүйл хэсэг, ялын хэмжээг тогтоосон заалтад өөрчлөлт оруулж хууль зөрчжээ.
        Мөн шүүхийн шийдвэрт залруулга хийхдээ уг асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэлгүйгээр шүүгчийн захирамжаар шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 2, 3 дахь заалтын “.. алдааг шүүх даруй хянан хэлэлцэнэ, шийдвэрийг залруулах, хянан хэлэлцэх ажиллагаанд оролцогч, улсын яллагчийг оролцуулж болно” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  
    Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлийг оруулахаар тогтов.   
            
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.4  дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/91 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “11.6 дугаар зүйлийн 1,3 дахь”  гэснээс  “3” гэснийг хасаж, мөн заалтын “/таван зуун тавин мянга/” гэснийг “/таван зуун мянга/” гэж өөрчилсүгэй. 
2.    Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3.    Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бархаспүрэвт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
4.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.


           
                             ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ 

                                 ШҮҮГЧИД                                  Ш.ТӨМӨРБААТАР 

                                                   Т.БЯМБАЖАВ