Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч, хохирогч Б.Буянжаргал, Д.Хуяг-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Буянжаргал, Д.Хуяг-Очир нарт холбогдох эрүүгийн 1736000000015 дугаартай, 178/2017/0103/Э/ индекстэй хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                   Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 4 сарын 09-ний өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн машинаар таксинд явдаг, ам бүл 2, охины хамт Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 03-08 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Божиндой овгийн Баатарбилэгийн Буянжаргал /РД: ПИ76040904/

Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 09-39-б тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай гэх, Отгууд овгийн Доригийн Хуяг-Очир /РД: ПИ76021515/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Буянжаргал нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Д.Хуяг-Очирын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Хуяг-Очир нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Буянжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүгдэгч Б.Буянжаргал нь иргэн Д.Хуяг-Очирын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Д.Хуяг-Очир нь иргэн Б.Буянжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дараах бичгийн нотлох баримтаар гэм буруутай болох нь нотлогдож байна. Үүнд: 

  1. Хохирогч Д.Хуяг-Очирын “...Буянжаргал миний хажууд ирээд сууж байснаа намайг цохиж бариад авахаар нь би буцаагаад гарыг нь бариад авсан тэгтэл чигчийн хурууныхан хиймэл хумс нь уначихсан. Тэгээд тоглоомоор янз бүрийн юм яриад инээлдээд сууж байсан. Тэгээд эхний машин гарахаар нь бид нар машинаа урагшлуулж байрлуулах гээд босоод машинруугаа явахдаа Буянжаргал нь намайг янз бүрээр хэлж Доригын унжуу хамарласан пизда хумс хугалаад хаячихлаа гэж хэлээд машинруугаа явж ороод би машинаа урагшлуулчихаад машинаасаа буугаад ирсэн чинь Буянжаргал бас надруу хандаж янз бүрийн зүйл хэлээд доромжлоод байхаар нь би очоод эрүү хэсгээс нь очоод гараараа түлхчихсэн юм аа. Тэгтэл Буянжаргал уурлаад машиныхаа хаалга онгойлгоод газраас чулуу аваад цохих гэхээр нь машиныхаа араар яваад ортол шидсэн чулуу нь миний дээгүүр гараад онохгүй явсан. Тэгээд дахиад босоод иртэл дахиад нэг чулуу шидээд тэр чулуу нь миний нүдний шилэн дээр цохиж хагараад нүдрүү хагарсан шил нь орсон. Тэгээд би тонгойгоод нүдээ дартал миний нүднээс цус гарч байсан юм эрүүл нүдээ таглаад нөгөө нүдээрээ юм харах гэсэн чинь юу ч харахгүй байсан” гэх мэдүүлэг /ХХ-34-36 хуудас/

2.  Шинжээч эмчийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 367 дугаартай “...Д.Хуяг-Очирын биед баруун нүдний хараа 0.4 бууралт, баруун нүдний эвэрлэгийн шархны сорви тогтоогдлоо. Д.Хуяг-Очирын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 7.3.4.1-д гэмтлийн дараа нүдний хараа 0.4 буюу 10% гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /ХХ-14 хуудас/

3.  Хохирогч Б.Буянжаргалын “...таксинд явах гээд зогсож байтал манай нөгөө ангийн хүн болох Д.Хуяг-Очир ирээд надтай сонин зүйл яриад хэл амаар доромжилсон тэгээд намайг барьж аваад намайг боохоор нь би амиа аврах эрхэнд газраас чулуу аваад шидвэл надаас холдчих байх гээд газраас чулуу аваад шидсэн чинь Хуяг-Очирын нүдэнд нь цохичихсон юм. Тэгсний дараа Хуяг-Очир над дээр ирээд намайг толгой, нуруу, бөгсрүү өшиглөж нэг гараар үсдэж аваад газраар чирсэн тэгээд ариа гэж салгаад Хуяг-Очир эмнэлэг явсан би араас нь машинтай эмнэлэг орсон” гэх мэдүүлэг/ХХ-39-41 хуудас/

4.  Шинжээч эмчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 423 дугаартай “...Б.Буянжаргалын биед тархи доргилт, бүсэлхийн нугалмын болон зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Б.Буянжаргалын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /XX-18 хуудас/

5.  Гэрч О.Эрдэнэбатын “...Би захын дээд талын таксины зогсоол дээр ирээд зогсож байтал гэнэт миний урд талд зогсож байсан Буянжаргал, Хуяг-Очир нар хоорондоо муудалцаад Хуяг-Очир машины зугтсан тэгтэл Буянжаргал Хуяг-Очирын араас чулуу шидсэн чинь Хуяг-Очирын машины дээд талыг оносон. Тэгтэл дахиад нэг чулуу аваад Хуяг-Очирын зүг шидсэн чинь машины цаад талд байсан Хуяг-Очирын нүдний шилэн дээр оноод нүдний шил нь хагарсан. Тэгээд нүдээ дараад нүд сохолчихлоо гээд хашгирснаа Хуяг-Очир нь Буянжаргалыг очоод нүд сохолчихлоо гээд гараараа мөр, цээж хэсэгт нь хоёроос гурван удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/

6.  Гэрч Д.Нямдоржийн “...Тэгтэл нэг мэдсэн нэгнээ хөөгөөд Буянжаргал нь Хуяг-Очир луу чулуугаар цохисон. Тэгтэл нүд сохлоод хаячихлаа гээд машиныхаа цаад талаас нүднээс нь цус гарчихсан байдалтай гараад ирсэн. Тэгэхээр нь би түргэн дууд гэж хэлсэн чинь утас байхгүй гэж хэлсэн. Тэгээд би 103 дээр аваачиж өгье гээд би Хуяг-Очирыг суулгаад төвийн 103 дээр хүлээн авах тасагт очоод дотогшоо ороод эмч дуудаж өгчхөөд үзүүлээд сууж байтал ах дүү нар нь хүрээд ирсэн. “...Хуяг-Очир нь лав хоёр удаа цохих шиг болсон. Буянжаргалын мөр цээж хэсэгт хоёр удаа цохисон” гэх /хх-ийн 44-45 хуудас/ мэдүүлгүүд зэрэг болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Буянжаргал, П.Хуяг-Очир нарт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-66 дугаар хуудас/-аар тогтоогдож байгаа тул үйлдсэн гэмт хэрийн нийгмийн аюулын шинж чанар болон шүүх хуралдааны дүгнэлтэд улсын яллагчийн санал болгосон торгох ялыг яллагдагч нар хүлээн зөвшөөрсөн тул торгуулийн ял оногдуулав. Шүүгдэгч нар нь амьдралын түвшинг харгалзан торгуулийн ялыг төлөх хугацаа тогтоож өгөхийг хүссэн болно.

Хохирогч Б.Буянжаргал, Д.Хуяг-Очир нар нь харилцан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгчид хоорондоо эвлэрсэн тул шүүгдэгч Б.Буянжаргал, Д.Хуяг-Очир нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, хураан авч битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Божиндоо овогт Баатарбилэгийн Буянжаргал, Отгууд овогт Доригийн Хуяг-Очир нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Шүүгдэгч Б.Буянжаргал, Д.Хуяг-Очир нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Буянжаргал, Д.Хуяг-Очир нарт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Буянжаргал, Д.Хуяг-Очир нар нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.  Шүүгдэгч Б.Буянжаргал, Д.Хуяг-Очир нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, хураан авч битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Буянжаргал, Д.Хуяг-Очир  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.БАЯСГАЛАН