Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2020/ДШМ/26

 


Х.Ганхуягт холбогдох эрүүгийн 
хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй  
Прокурор Х.Мөнхбаатар  
           Шүүгдэгч Х.Ганхуяг
           Шүүгдэгчийн өмгөөлөгч  Д.Ганбат, Д.Долгорсүрэн
           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ренчиндорж
           Нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид  нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:           
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Х.Ганхуягт холбогдох 1722001040036 дугаартай /3 хавтас/ эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 онд Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Говьсүмбэр аймаг дахь Петровис ХХК-д жолооч ажилтай, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, 1-р баг, 1-р байрны 4-63 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Махсад овгийн Хүрэлбаатарын Ганхуяг /РД:РЮ85052813/,

Х.Ганхуяг нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг “Боржигон мандал” өрхийн эмнэлгийн зүүн талын асфальтан зам дээр 43-10 ГСА улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн О.Цэрэнбатын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 
Дундговь аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 
          Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Махсад овгийн Хүрэлбаатарын Ганхуягийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ганхуягт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Х.Ганхуяг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс өмнөх шатанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 8.000.000 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ренчиндоржийг шүүхээс хэлэлцээгүй орхисон хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Ганхуягаас нэхэмжлэх эрхтэйг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, амь хохирогчийн өмсөж явсан хар өнгийн куртик 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн Тамгын газарт шилжүүлж, шүүгдэгч Х.Ганхуягийн “ВС” ангиллын №385283 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоолын хамт Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ганхуягт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат давж заалдах гомдолдоо: 
          “Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ЦЩТ/88 тоот шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй”, хэт нэг талыг барьсан, зохиомол, хууль бус нотлох баримтад үндэслэж шийдвэрлэсэн” хэмээн гомдол гаргаж байна. 
           Шүүх дүгнэхдээ: Гэм буруутай этгээд хохирол, хор уршиг учруулах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Ганхуяг тухайн үед эргэх хөдөлгөөн хийхийн өмнө 4-н хүүхэд тээврийн хэрэгслийн хажууд ойрхон зогсож байсныг толиндоо харж мэдсэн нь аюул учрахыг мэдэх боломжтой байсан нь тогтоогдож байна хэмээн дүгнэсэн. Гэтэл бодит байдал дээр машин нь чиргүүлийн хамт 21.8 м урттай тээврийн хэрэгсэл цагт 20 км цагийн хурдтай /хх 184-185/-тай явж байхад 4 хүүхэд замаас 1О м зайтай дугуй засвараас /зүүн тал/-аас зам хөндлөн гарахаар ирж явааг харсан. Энэ агшинд тээврийн хэрэгсэл замаар шулуун явж 3.4 сек хугацаанд 18.8м явж өнгөрөхөд насанд хүрээгүй гэрч Х.Баянмөнхийн мэдүүлснээр “Талийгаачийн ар далан дээр гараараа хүрэх үед чиргүүлийн хажуугийн улаан хайрцагт гогдогдоод явж байгаад унасан” хэмээн мэдүүлснээс үзэхэд улаан хайрцгаас чиргүүлийн төгсгөл хүртэл З м зай буюу 0,6 сек явах хугацаа үлдсэн агшинд уг осол болсон байдаг. “Тооцсон аргачлал заавал мэргэжлийн тусгай мэдлэг шаардахгүй захын 10-н жилийн хүүхэд ч бодох боломжтой байсан 20000метр :3,600сек=5.6м/сек” 
           Талийгаачийг шүргэсэн гэх “А” цэгийн орчимд тээврийн хэрэгсэл эргэх үйлдэл хийх болоогүй чигээрээ хойшоо 5-10м явж байж чиглэлээ өөрчилж явсныг туршилтаар авагдсан CD-д тодорхой дүрслэгдсэн байгаа. Мөн гэрч Ж.Марусягийн мэдүүлэг, шүүх хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг давхар нотолно.  2.8 м урттай тээврийн хэрэгсэл хажуугаар нь явж өнгөрхөд явган зорчигч бүү хэл мал адгуус ч аюулгүй байдлаа хамгаалж үлдэх чадвартай байдаг.
Осол болсон өдөр байгаль цаг уурын хувьд хур тунадасгүй, замын гадаргуу тэгш хуурай үзэгдэх орчин чөлөөтэй, замын хөдөлгөөний эрчим сийрэг, техникийн шинжээчийн дүгнэлтээр 43-10 ГСА тээврийн хэрэгсэл нь тухайн ондоо оношилгоонд орсон ямар нэгэн эвдрэлгүй бүрэн бүтэн болох нь тогтоогдсон /хх-112/ жолооч хөдөлгөөнд оролцож явахдаа ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл болох нь тогтоогдсон.
        1.Шүүхэд Х.Ганхуяг нь олон жил тээвэрт явсан туршлагатай жолооч, системийн улсын 2 удаагийн аварга, архи огт хэрэглэдэггүй маш тайван дөлгөөн, бага насны 4 хүүхэдтэй гэр бүлтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно.
        2.Х.Ганхуяг нь зөвшөөрөгдсөн замаар батлагдсан маршрутаар явж өнгөрөхдөө замын хөдөлгөөний 9-р зүйл 9.1-дэх заалт, 1.5 дугаар зүйлд заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан буруутай болох нь хавтаст хэрэгт хавсрагдсан баримтуудаар нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл замын хажуугаас ирж явсан 4-н хүүхдийг харчхаад 3,4 сек өнгөрсөн хойно замын хажууд байсан хүүхдүүдийн нэг нь машины чиргүүлийн төгсгөл орчимд шүргэгдэн осолдсон. Жолооч хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлж учирч болох саад бэрхшээл аюулгүй байдлаа хангаж явах үүрэгтэй нь хэнд ч ойлгомжтой байсан харин ч толинд харсан даруйдаа зогсоох арга хэмжээ авсан нь тогтоогдоно.
Гэтэл шүүх нь дээрх цагаатгах нотлох баримтуудад огт дүгнэлт хийж анхаарч үзээгүй харин эсрэгээр 2020.05.26- өдөр 2019.12.20-ны өдрийн 238-тоот шүүгчийн захирамжид дурдсан заалтуудыг хангах туршилт явуулах үед тогтоогдсон яллагдагч, шүүгдэгчид ашигтай байж болох 80-90% магадлалтай баримт болох CD-ийг өмгөөлөгч миний хүсэлтээр шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан боловч огт ач холбогдол өгөлгүй зөвхөн хяналт тавьж байсан прокурорын үүрэг болгосны дагуу 17-22 цагийн хооронд хоёр ч жолооч сольж 15-16 удаа зам дээр явуулсан туршилтаар жолооч Х.Ганхуяг нь явган зорчигчийг шүргэсэн болох нь нотлогдохгүй байсаар байтал жолоочийн хажууд суусан цагдаагийн офицерын зааварчилгаагаар замаас гаргаж, буцааж замд нь оруулж займчуулж, мурилзуулж явуулсны хүчинд арай хийж тусгайлан бэлдсэн хиймэл хүнийг зам тал руугаа хазайлган байж арай хийн шүргүүлсэн баримтаа /зохиомол, хуурамч/ шүүхэд нотлох баримт болгон шинжүүлсэнд гомдолтой байна.

Нөгөөтэйгүүр талийгаачтай хамт явсан гэрч болох насанд хүрээгүй хүүхдүүд Х.Баянмөнх, Б.Шаарийбуу, Б.Мөнхбат нар нь Х.Баянмөнх нь тоглоом наргиан маягаар талийгаачийн ар нуруунд нь хүрэх агшинд тээврийн хэрэгслийн чиргүүлийн хажуу руу талийгаач шүргэгдсэнээр куртикнээс гогдогдож огцом угзрагдаж амь нас нь хохирсон болохыг хэн ч мэдүүлэхийг хүсдэггүй. Мөн: -Жолооч асар хурдтай явсан, чиргүүлийн дугуй талийгаачийн нуруун дээгүүр овгос гээд гарсан, машин замын шороон зурвас хэсгээр явж байгаад талийгаачийг шүргэсэн, явган хүний гарц 300-400м зайтай байсан /Бодит байдалд ЗОм/, зам дээр хэвтэж байсан талийгаачийн цогцсыг зөөж шороон зурвас руу гаргаж тавьснаа үнэн зөвөөр мэдүүлээгүй /А/ цэгийг одоо ч зөв зааж өгөөгүй зэрэг худал мэдүүлгүүд өгснийг шүүгч мөн анхаарч үзээгүй харин ч цорын ганц үнэн зөв мэдүүлэг өгсөн Ч.Маруся руу Улсын яллагчийн довтолж хууль сануулсан, хариуцлага хүлээлгэнэ хэмээн сүрдүүлж шүүх хуралдааны дэг зөрчсөн үйлдлийг таслан зогсоогоогүй.
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар захирамжид дурдсан ажиллагааг бүрэн хийгээгүй байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Хүүхэд анх шүргүүлсэн гэх А цэгийг тогтоогоогүй байгаа. Туршилтаар машин замын голоор явж байсан уу, замын зах хэсгээр явж байсан уу гэдгийг тогтоох ёстой байсан. Туршилтад би өөрөө оролцсон. Дараа нь хэрэгтэй танилцахад туршилтаар тогтоогдсон баримтууд байхгүй байсан. Туршилтыг олон удаа явуулж эцэст нь машиныг мурилзуулан байж хиймэл хүнийг шүргэсэн тэр баримт л байсан. Туршилт зорилгоо биелүүлээгүй туршилт нь зөвхөн хиймэл хүнийг унагахад чиглэсэн ажиллагаа болсон. Туршилтад оролцсон шинжээчийг байцааж өгөөч гэсэн хүсэлтийг прокурорт гаргасан боловч байцааж өгөөгүй. Шүүх хуралдаанд өгсөн гэрч Марусягийн мэдүүлгийг шүүх үнэлээгүй. Шүүх шүүгдэгч Ганхуягийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэлт хийдэг. Гэтэл хүүхэд шүргэсэн гэх “А” цэгээс машины эргэх хөдөлгөөн хийсэн зам нь цаана хол байгаа нь бичлэг болон мэдүүлгээр тогтоогддог. 
Ганхуягийн зүгээс хохирогчийн ар гэрийнхэнд 8 сая төгрөг өгсөн нь гэм буруутай гэж өгөөгүй харин сэтгэлийн зовлонг хуваалцаж өгсөн болно. 
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасна гэж заасан байхад  анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрхийг  2 жилээр хасч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг хүндрүүлж шийдвэрлэх эрх байхгүй. 
Иймд өмгөөлөгч миний бичсэн гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцаан 2020.05.26-ны өдөр хийгдсэн туршилтын үр дүнд бий болсон нотлох баримтуудыг хэрэгт бүрэн авхуулсны үндсэн дээр дахин шинэ өөр бүрэлдэхүүнтэй шинжээч томилон дүгнэлт гаргуулсны дараа хэргийг дахин анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхийг хүсэж байна.  Х.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж өгнө үү” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хэтэрхий цалгар назгай явагдсан. Ганхуяг нь болсон үйл баримтын талаар эхнээсээ нэг мөр мэдүүлдэг. Харин хохирогчтой хамт явж байсан хүүхдүүд эхлээд бодит байдлаас зөрүүтэй худал мэдүүлэг өгч яваад сүүлдээ хэргийн бусад нотлох баримтуудад тулгуурлан эхний мэдүүлгээсээ буцсан. 
 Шүүхээс шинжээчийн 68 дугаар дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Энэхүү дүгнэлтийг 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан бөгөөд дүгнэлт гаргахдаа хэрэгт өмнө нь гарсан 2 дүгнэлтийн аль нь үндэслэлтэй эсэхэд хариулт өгөх боломжгүй гэсэн байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа болно. Жолооч Ганхуяг тухайн нөхцөлд хурд хэтрүүлээгүй явсныг хурд хэмжигчээр тогтоосон байгаа. Хохирогч нь замд хэт ойрхон очсон талаар гэрчүүд мэдүүлдэг бөгөөд анхан шатны шүүх хуралдаан дээр гэрч Мөнхбат  талийгаачийг зам руу гүйсэн байдалтай ирээд зогссон, машины улаан хайрцагт чирэгдээд явсан талаар мэдүүлдэг. /2-р хавтас.212х/ Хэрэгт тэр хайрцагны зураг авагдсан байдаг. Хайрцаг нь хадаасны арзгар, сордгор ихтэй харагддаг. Эдгээрт хохирогчийн куртка нь гогдогдсон байхыг үгүйсгэхгүй. Машины чиргүүлийн хайрцагт ул мөр илрүүлэх зорилгоор  шинжээчийн дүгнэлт гаргуулсан боловч асуултууд оновчтой биш байна. Хүний гутлын улны ул мөр байгааг илрүүлэх зорилготой хийсэн дүгнэлт гаргуулсан нь ойлгомжгүй. Хайрцагны гадаргууд хадаас зэрэг сарзгар зүйл байсан эсэхийг тогтоох шаардлагатай байсан. Мөн мөрдөн байцаалтын шатанд авагдсан зарим гэрэл зургууд хэрэгт байхгүй байгаа. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг бүрэн хийж, шалгаж тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай байгаа талаар дурдлаа. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ганхуяг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа маш удаан хугацаанд  явагдаж байгаа талаар би тухайн үед ч гомдол гаргаж байсан. Энэ хэрэгт холбогдоод өнөөдрийн байдлаар яг 3 жил болж байна. Энэ хугацаанд миний бие хохирогчийн нэгэн адил нэг ч өдөр тайван байгаагүй. Өнгөрсөн зун гэр бүлийнхэнтэйгээ явж байгаад осолд орж, эхнэрийн нуруу хугарч, одоо миний толгой байнга өвддөг, даралт ихэсдэг болсон зэргээр хэргийг удаан хугацаанд шийдвэрлэж байгаа нь миний амьдралд хүндээр тусч байна. Миний бие замаа чөлөөлж зогссон дээрээс болж замаас гарч хүүхдийг дайрсан хэрэгт холбогдоод байгаа юм. Тухайн үед би дүрэм, журам зөрчөөгүй бөгөөд хэргийн газрын үзлэгт машин замаас гарсан мөр гардаггүй. Мөрний зургийг хэрэгт хийгээгүй. Машины толгойноос чиргүүл өнгөртөл зогсож байсан хүүхэд яагаад чирэгдэж нас барсныг ойлгохгүй байна. Хэрэгт анхнаасаа туршилт хийлгэх хүсэлтийг гаргаж байсан боловч хангахгүй удсан. Мөн туршилт хийхэд хүүхдүүдийг оролцуулах ёстой байсан гэж боддог. Осол болоход хохирогч хүүхэдтэй хамт байсан хүүхдүүд мөрдөн шалгах явцад эхлээд улайн цайм худал мэдүүлэг өгч хэргийн байдлыг хүндрүүлсэн. Осол болохыг харсан гэх Бүрэнтогтох гэх хүнтэй уулзахад надаас мөнгө нэхсэн. Иймд хэргийн үнэн зөвийг олохын тулд миний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Хохирогч Д.Ренчиндорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүл саруул, найз нартайгаа хамт гарсан хүүгээ гэнэт алдсандаа  гэр бүлийн хүмүүс бүгд гомдолтой байдаг. Хүү минь эмээ, өвөө бидэн дээр өссөн, хамт байсан хүүхэд. Ганхуягийн өмгөөлөгч манай хүүхдийг буруутай юм шиг яриад байгааг ойлгохгүй байна. Хэрэг гарснаас хойш 3 жил болж байна. Бид үрээ алдсанаас гадна их хохирсон. Гэхдээ энэ хүнийг хохирол төлөөч гэж шахаж шаардаагүй. Оршуулгын зардалд 2019 оны 12 дугаар сард 8.000.000 төгрөг өгснийг хүүгийнхээ ээжид өгсөн. Шүүхээс хүүгийн минь амь насыг хохироосон хүнд 1 жил 06 сарын хорих ял оногдуулсныг хөнгөдсөн гэж үзэж байна. Бидний сэтгэл санааны хохиролд 7.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Прокурор Х.Мөнхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ганхуягийн өмгөөлөгч нар мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн туршилтын асуудлыг нэлээд ярилаа. Туршилтад шүүгдэгч өмгөөлөгчтэйгөө оролцсон. Энэ хэргийг шүүх шийдвэрлэхдээ зөвхөн туршилтад үндэслэж шийдвэрлээгүй хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ганбат анхан шатны шүүх гэрч Марусягийн мэдүүлгийг үнэлээгүй гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Шүүх хуралдаанд Марусяг оролцуулж, гаргасан  мэдүүлгийг нотлох баримтаар  үнэлж, дүгнэсэн байгаа.  Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны бичлэгийг үзэхийг хүсч байна.  
Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт холбогдогчийн  өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж ажилласан. Тухайлбал өмгөөлөгчийн хүсэлтээр жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх асуудлаар  шинжээчийн дүгнэлтийг 3 удаа гаргуулсан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар “жолооч замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй” гэж байгаа боловч жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэсэн шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн үед осол болсон замаар өөр машин урагшаа болон хойшоо явж байгаагүй. Хүүхдүүд замын хажууд зогсож байгаад тээрийн хэрэгслийн чиргүүлийг өнгөрөх үед 1 хүүхэд нь куртканыхаа урд энгэрээс чирэгдэж яваад осолдсон хэрэгт авагдсан нотлох  баримтуудаар нотлогдсон.  
Шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах, мэдүүлгийг газар дээр нь шалгах, гэрчүүдийг байцаах, шинжээчээс мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийсэн тул  Шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүрэн хийгээгүй гэсэн өмгөөлөгчийн  гомдол үндэслэлгүй байна. Хохирогч сэтгэл санааны хохиролд 7 сая төгрөг нэхэмжилснийг дэмжиж байгаа.
 Иймд Өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хяналаа. 
         “...Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн, дахин шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай” гэсэн  өмгөөлөгч Д.Ганбатын давж заалдах гомдлыг  шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд дэмжиж тайлбар гаргасан болно. Жолооч Х.Ганхуяг нь осол гарахад Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөгчийн тогтоол гарсан боловч  Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга Д.Энх-Амгалан, ахлах зохицуулагч О.Чинзориг, зохицуулагч а/д А.Мөнх-Эрдэнэ нар нь хэрэгт туршилт хийлгүйгээр дүгнэлт гаргах боломжгүй, дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргуулах шаардлагатай, хүүхэд анх шүргүүлсэн гэх “А” цэгийг тогтоосны эцэст  дүгнэлт гаргах боломжтой  гэсэн үндэслэлээр  дүгнэлт гаргалгүй /хх-1, хуу-127,131/  цаг хугацаа алдсан байх бөгөөд Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 25 дугаар дүгнэлтийг  шүүгдэгчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаснаар 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 496 тоот , 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 68 тоот дүгнэлтүүд гарчээ.
         Хэргийн газар үзлэг хийх //хх-1, хуу-38-39/, үзлэгийг гэрэл зургаар баримтжуулах /хх-1, хуу-40-42/, хэргийн газарт нөхөн үзлэг хийх /хх-1, хуу-43-44/, хэмжилт хийх /хх-1, хуу-47,48/, цогцост болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийх /хх-1, хуу-48-58/, мөрдөн байцаалтын туршилт хийх /хх-1, 64-66/,гэрч, хохирогч нарыг байцаах  зэрэг тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн байна.
       Тухайн хэрэг болсон үйл явдлын талаар хохирогчтой хамт явсан хүүхдүүдээс  гадна насанд хүрсэн Ц.Бүрэнтогтох, Д.Наранцэцэг, Ч.Маруся, жолооч Х.Ганхуягийн кабинд хамт явсан И.Ганхүү нарыг гэрчээр байцаасан бөгөөд шинээр гэрч байцаалгах тухай гомдол, хүсэлт ирүүлээгүй байх тул  хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэл тогтоогдохгүй  байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  
         Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгчийн гэм буруугийн талаар болон  шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэнгийн ”Жолооч зогсоох арга хэмжээ авсан”, “Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдтай явж байсан тул жолооч буруугүй” гэсэн тайлбаруудад дүгнэлт хийгээгүй болно.  
          Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Х.Ганхуягийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялаас доогуур ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс нэмэгдэл ялыг хуульд заасан хэмжээгээр оногдуулж шийтгэх тогтоолыг өөрчлөх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг зөрчих тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.3-т -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.    Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Х.Ганхуягт холбогдох 1722001040036 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.  
2.    Х.Ганхуягт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.


           
                             ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ 

                                 ШҮҮГЧИД                                  Ш.ТӨМӨРБААТАР 

                                                   Т.БЯМБАЖАВ