Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2024/0051

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: *******ийн *******

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.*******

Гомдлын шаардлага: Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.*******гийн гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай № ******* Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч П.*******, хариуцагч хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч нь Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын байцаагч Д.*******д холбогдуулан түүний гаргасан 2023 оны 09 сарын 07-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай № ******* Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

2. Хэргийн нөхцөл байдлын талаар:

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.******* нь холбогдогч П.*******ыг Үндэсний их баяр наадмын гурвын даваанд улсын харцага Л.-т тахимаа өгөх үедээ улсын харцага Л.-ыг түлхэж биед нь халдсан зөрчил гаргасан гэж үзэн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн № ******* Шийтгэлийн хуудас-аар холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3. Гомдол гаргагч нь хариуцагчийн гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай № ******* Шийтгэлийн хуудас-ыг эс зөвшөөрч 2023 оны 10 дугаар сарын 24ны өдөр шүүхэд хандсан ба ингэхдээ хүчингүй болгуулахаар шаардаж буй маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хэзээ гардаж авсан талаарх баримтыг ирүүлээгүй байсан тул шүүхээс гомдол гаргагчид гомдлын бүрдүүлбэр хангуулах боломжийг олгон уг хугацааг 14 хоногоор тогтоож шийдвэрлэсэн.

Гомдол гаргагчаас маргаан бүхий шийтгэлийн хуудсыг Монгол шуудан ХК-иас 2023 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр гардан авсан тухай тодорхойлолт, шуудангийн хүргүүлсэн дэвтрийн хуулбарыг тус тус нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлсэн ба, шүүх Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.4. Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна гэж заасны дагуу тооцон гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй үзэн, зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэг үүсгэсэн болно.

4. Гомдол гаргагчаас хариуцагч эрх бүхий албан тушаалтны 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн № ******* Шийтгэлийн хуудас-ыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэлдээ:

4.1. Үндэсний их баяр наадмын бөхийн 3-ын давааны барилдаанд миний бие улсын харцага Л.-той барилдсан. Бид барилдаж байгаад талбай голлохоор болж барилдааныг түр завсарлах үед араас ирэн барьц авч барилдааныг үргэлжлүүлсэн бөгөөд засуулууд ирж барилдааныг түр зогсоосон боловч дахин барьц авалгүй барилдааныг дуусгасан. Үүний дараа засуул хөлийн цэцэд мэдэгдэхээр гүйсэн. Харин миний бие улсын харцага Л.-т хөлийн цэцэд гомдол гаргана. Түр хүлээж байгаад шийдвэрийг нь сонсъё гэж хэлсэн. Хөлийн цэцээс тахимаа өгөх нь зөв гэдэг шийдвэр гармагц шийдвэрийг хүлээн зөвшөөрч тахимаа өгснөөр барилдаан бүрэн дууссан. Тахим өгөх үед ямар ч биед нь халдсан үйлдэл гаргаагүй болно.

4.2. Гэтэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* дугаартай тухай Шийтгэлийн хуудас-аар П.******* нь тахимаа өгөх үедээ улсын харцага Л.-ыг түлхэж биед халдсан гэж Үндэсний баяр наадмын Бөхийн барилдааны дүрмийн 5.2 дугаар зүйлийн 5.2.4 дэх хэсэг "бөхийн барилдааны үед засуул, хөлийн цэцийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэх, барилдааны талбайд даруу төлөв, ёс жудагтай байх гэснийг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзсэн.

4.3. Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой зөрчил учруулж байна.

Учир нь Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 6.4.4 дэх хэсэгт заасны дагуу "хөлийн цэцийн шийдвэр гараагүй байхад малгайгаа авч өмсөх, туг тойрох, эсхүл шийдвэр гарсан үед тахимаа өгөөгүй тохиолдолд учраа бөхөд тахим авалгүйгээр туг тойрохыг зөвшөөрч, тухайн бөхийн бай шагналыг хасах" эрхтэй байхаар заасан тул шийдвэрээ хүлээхийг учраа бөхдөө сануулснаас биед нь халдсан үйлдэл гаргаагүй.

4.4. Зөрчлийн хэрэгт холбогдуулан мэдүүлэг өгөх үед улсын байцаагч Д.******* нь би бөх сайн мэдэхгүй, ямар ч байсан болсон үйл явдлыг ойлголоо гэж хэлсэн боловч зөрчлийн арга хэмжээ авсанд гомдолтой байна.

Учраа бөхөд эрх үүргийг нь тайлбарлаж буй үйлдэлд хариуцлага хүлээлгэхээр хуульд заагаагүй, мөн Үндэсний бөхийн дүрэмд заасан бөхөд хариуцлага хүлээлгэх зөрчлийн шинжийг хангахгүй байна. Үндэсний баяр наадмын Бөхийн барилдааны дүрмийн 5.2 дугаар зүйлийн 5.2.4 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэл нь хариуцлага хүлээлгэх үндэслэл биш бөгөөд зөвхөн дагаж мөрдөх үүргийг бий болгож буй эрх зүйн зохицуулалт атал дээрх хэсгийг биелүүлээгүй тул зөрчил гэж үзэх нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна гэжээ.

5. Гомдол гаргагчийн өмгөөлөгч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1. Үндэсний бөхийн барилдааны өв соёл бол Монголчуудын хувьд ёс суртахууны хэм хэмжээ, эр хүний ёс жудаг, биеэ авч явж байгаа байдлаар илрэн гарч ирж байгаа. Ёс суртахууны хувьд ярих юм бол Л.-ын араас нь унагааж байгаа энэ үйлдэл нь нилээн ёс суртахуунгүй үйлдэл болсон гэж нийгмийн сүлжээнд хэл амны бай болсон байдаг. Бөхчүүдийн хувьд бол толгой дээр дарах, санаатай болон санамсаргүй мөргөх, элэг, бүсний барьц тавихдаа нүүр лүү нь цохих, илт хараал, зүй бус хэрэглэх нь үндэсний бөхийн барилдааны дүрэм, Засгийн газрын тогтоолын зүйл заалтыг уншихад зөрчил гэж үзэхээр зааж өгсөн байна. Энэ дунд түлхэх эсвэл хөлийн цэц шийдвэр гаргаагүй байхад дэвэх гэж байгаа үйлдлийг болиулахтай холбоотой үг бичигдээгүй байгаа учраас үүнийг ёс зүйн зөрчил гэж өмгөөлөгчийн зүгээс үзэхгүй байна. Хориотой болон буруу барьц барих цээрлэх гэдгээс бөхийн ёс зүйн зөрчлийг жагсаасан байна.

5.2. Өмгөөлөгчийн зүгээс 2023 оны 09 дүгээр сарын 07-ны ******* дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлын шаардлагыг дэмжиж байгаа. Шийтгэлийн хуудас дээр Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзсэн. Энэ хуулийн 6.28 дугаар зүйлийн 6.28.1 дэх хэсэгт үндэсний бөхийн дүрмийг зөрчсөн бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байгаа. Үндэсний бөхийн дүрэм гэж байгаа юм. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах дүрэм гэсэн үг өгүүлбэр байхгүй. Өмгөөлөгчийн зүгээс юу хэлэх гээд байна гэхээр 257 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын дүрэм үйлчлэх байх. Мөн Монголын Үндэсний бөхийн холбооны баталсан 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дүрэм ч үйлчлэх байх. Энэ хоёр дүрмийн яг аль заалтыг зөрчсөн юм бэ? Шийтгэлийн хуудасд үндэсний бөхийн дүрмийн яг ямар зүйл заалтыг зөрчсөн юм бэ гэдэг нь харагдахгүй байна. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 5.2 дугаар зүйлийн 5.2.4-д заасан бөхийн барилдааны үед засуул хөлийн цэцийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэх гэж байгаа юм.

5.3. Бичлэгээс үзэхэд хөлийн цэц болон засуулуудтай П.*******ын хувьд маргасангүй. Бичлэг дээр барилдаан үргэлжлээд явж байхад Л.- харцага талбай голлоё гэж хэлсэн гэдгийг мэдүүлж байсан. Эргэх хооронд араас нь барьцыг нь аваад унагаасан. Унагаагаад шууд дэвэх гэж байсан учраас хөлийн цэцийн шийдвэр гараагүй байна тэр болтол байж байгаач ээ гээд хорьж зогссон үйлдлийг нь түлхэж биед нь халдсан, ёс суртахуунгүй, барилдааны талбайд даруу төлөв байх ёстой гэсэн хариуцлагын санкцаар шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй. Бичлэг дээр засуул, хөлийн цэц шууд шийдвэрээ гаргахад П.******* арслан бүтэн жилийнхээ хөдөлмөрийг үнэгүйдүүлээд уйлаад шийдвэрийг нь сайн дураараа биелүүлээд, танхимаа өгөөд явж байгаа ийм л үйлдэл. Тэрнээс шаардлагыг нь биелүүлэлгүйгээр маргаан үүсгээд л талбай дээр ганцаараа наадамчин олныг бухимдуулсан үйлдэл гаргаагүй. Шүүх бүрэлдэхүүний зүгээс нарийн зүйлийг нь харах ёстой юм.

5.4. Барилдаад унагаад бөх босоод, гүйгээд тугийн өмнө дэвээд баруун гар тийшээ эргэдэг энэ үйлдэл нь давсан гэдгийн илэрхийлэл буюу бөхийн үйлдэх ёстой ёс юм. Энэ үйлдлийг хийж ирээд өрсөлдөгч бөхөөс тахимаа аваад, засуулаас малгайгаа аваад тугаа тойрч гүйх ёстой юм ингэснээр барилдаан дуусна. Энэ барилдаан дээр П.******* зүгээр зогсож байгаад ардаа барьц алдчихсан учраас шууд дээр нь Л.- унагаачихаад ёсолгоогоо хийх гээд гүйх гэсэн. Тэгэхээр нь П.******* арслан зогсоосон юм. Байж байгаач хөлийн цэц шийдвэр гаргаагүй байна. Та голлоё гэсэн голлоё гэж хэлчхээд араас барьц аваад намайг унагачихлаа хөлийн цэцийн шийдвэрийг хүлээнэ, хөлийн цэц намайг унасан гэвэл би танхимаа өгье өө гэдэг ийм үйлдэл харагдаж байгаа юм. Гэтэл яг энэ дээр ёс суртахуунгүй байсан гэх үйл баримт харагдахгүй байгаад байна. Хөлийн цэц шийдвэр гаргаад П.******* арсланг унасан гэж үзэхэд ямар ч хэл амгүйгээр танхимаа өгөөд уйлаад бүтэн жилийнхээ хөдөлмөрөөр тоглуулаад явж байгаа юм. Тэгэхээр яг хэн нь ёс суртахуунгүй үйлдэл гаргасан бэ гэдэг нь эргэлзээтэй гэсэн үг юм.

6. Хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1. Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос тогтоосон харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлсэн ******* дугаартай гомдол мэдээлэлд дугаартай зөрчлийн хэрэг нээж, П.*******ын зөрчил /гаргасан үйлдэл/ нь ил тодорхой, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр /видео бичлэгтэй/ цацагдсан нэмэлт шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй тул шийтгэлийн арга хэмжээг оногдуулсан.

6.2. Цагдаагийн хэлтсээс шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчлийг тогтоосон боловч Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авах харьяалал нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.52 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн харьяалал болно. Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлийн 1-д үндэсний бөх, сурын болон шагайн харваа, хурдан морины уяач сурын болон шагайн харваач, дасгалжуулагч, эмч зөрчсөн бол гэж заасны дагуу 500 мянган төгрөгийн шийтгэл оногдуулсан. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.4 дэх заасан барилдааны талбайд даруу төлөв, ёс зүйтэй байх үүргийг зөрчсөн гэж үзсэн. Засуул, хөлийн цэцийн дүрмийн дагуу шаардлагыг биелүүлэх гэдгийг таслалтай гэдэг утгаар нь аваагүй байгаа. Таслалаас хойш барилдааны талбайд даруу төлөв, ёс жудагтай байх гэсэн хэсгийг л авсан. Тоочсон байгаа болохоор таслалаар хязгаарлагддаг.

6.3. Үндэсний баяр наадмын бөхийн барилдааны дүрэм, 257 дугаар тогтоолоор бөхөд хариуцлага хүлээлгэх субъект нь салбар хороо. Салбар хороо хариуцлага хүлээлгээд шилжүүлсэн баримт байхгүй.

6.4. Л.-ын утас нь холбогдох боломжгүй байгаад байсан, Л.-той холбоо тогтоож, мэдүүлэг авч чадаагүй.

6.6. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл дээр эхлээд заавал салбар хороо шийдвэр гаргаж арга хэмжээ аваад бөхөд хариуцлага тооцно гэсэн зүйл заалт бол байхгүй. Яагаад П.*******д арга хэмжээ авсан гэхээр Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж тодорхойлсон байдаг.

Засгийн газрын 2022 оны 257 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлийн 1-д зааснаар дүрмийг зөрчсөн бол гэж шийтгэл оногдуулахаар заасан. Олон нийтийн мэдээллийн цахим сүлжээгээр явсан мэдээлэл бичлэг дээр үндэслэж цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу шилжүүлж ирсэн учраас зөрчлийн арга хэмжээ авсан. Гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг үндэслэлтэй байна гэж үзлээ.

1. П.*******аас хариуцагчийн түүнд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн № ******* Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагын үндэслэлээ

... миний бие улсын харцага Л.-той барилдаж байгаад талбай голлохоор болж барилдааныг түр завсарлах үед араас ирэн барьц авч барилдааныг үргэлжлүүлсэн бөгөөд засуулууд ирж барилдааныг түр зогсоосон боловч дахин барьц авалгүй барилдааныг дуусгасан. Үүний дараа Засуул хөлийн цэцэд мэдэгдэхээр гүйсэн. Харин миний бие Улсын харцага Л.-т хөлийн цэцэд гомдол гаргана. Түр хүлээж байгаад шийдвэрийг нь сонсъё гэж хэлсэн. Л.- хөлийн цэцийн шийдвэр гараагүй байхад туг тойрох гээд байсан тул үүнийг зогсоож, дүрэм тайлбарласны төлөө хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй , хөлийн цэцээс тахимаа өгөх нь зөв гэдэг шийдвэр гармагц шийдвэрийг хүлээн зөвшөөрч тахимаа өгснөөр барилдаан бүрэн дууссан ба тахим өгөх үед биед нь халдсан ямар ч үйлдэл гаргаагүй гэж тайлбарлаж байна.

Харин хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас ... гомдол гаргагч барилдааны талбайд даруу төлөв, ёс зүйтэй байх үүргийг зөрчсөн нь бичлэгээр тогтоогдсон, иймээс нэмэлт ажиллагаа хийлгүйгээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэх агуулга бүхий тайлбараар татгалзлаа үндэслэн маргаж байна.

2. Хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн материал болон бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

2.1. Цагдаагийн ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэх газрын Захиргаа, дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан бичгээр 2023 оны Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны үеэр зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан бөхчүүдийн талаар олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн мэдээллийг харьяаллын дагуу шалгуулахаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүргүүлсэн нь, улмаар Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн даргын албан бичгээр Зөрчлийн З-1-******* дугаартай зөрчлийн хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн нь хэрэгт авагдсан 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ************** дугаар албан бичиг, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 28к 1-4******* дугаар албан бичгээр /хавтаст хэргийн 28, 43 дахь тал/ тус тус тогтоогдож байна.

2.2. Хариуцагч нь Цагдаагийн байгууллагаас харьяаллын дагуу шилжүүлсэн зөрчлийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх ба 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр барилдааны дүрмийн талаар бөхийн засуулуудаас нэмэлт мэдээлэл, мэдүүлэг авах, нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай үндэслэлээр зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 14 хоногоор сунгуулах саналыг /хавтаст хэргийн 58 дахь тал/ удирдах албан тушаалтандаа гаргасан байдаг.

2.2.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1. Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ гэж, мөн 3.6 дугаар зүйлийн 1.Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байгаа хүнийг гэрч гэнэ гэж, 4.14 дүгээр зүйлийн 2. Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, ..., бусад баримтаар тодорхойлогдоно гэж тус тус заасан.

2.2.2. Гэтэл хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс хойш маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргах 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд зөрчилд холбогдогч П.*******аас нэг удаа мэдүүлэг авсанаас өөрөөр хохирогч Л.- болон зөрчлийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар гэрчлэх бөхийн засуулуудаас мэдүүлэг авах зэргээр зөрчлийг нотлох баримт цуглуулаагүй, хуульд заасан ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй байна.

2.2.3. Тодруулбал холбогдогч П.*******аас ... цэцийн шийдвэр гартал явуулахгүй байх арга хэмжээ авсан, энэ нь санаатай биед нь халдсан үйлдэл биш. Дахиж барилдъя гэж гуйсан арга барсан хүний үйлдэл гэж мэдүүлсээр /хавтаст хэргийн 54 дэх тал/ байхад хариуцагч нь хохирогч Л.-оос дээрх нөхцөл байдлын талаар тодруулж мэдүүлэг аваагүй, түүнчлэн тухайн барилдааны бөхийн засуулуудаас хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулж мэдүүлэг аваагүй нь тус тус тогтоогдож байх ба энэ талаар хариуцагчаас ... Л.-ын утас нь холбогдох боломжгүй байсан тул мэдүүлэг авч чадаагүй, холбогдогчийн зөрчил, гаргасан үйлдэл нь ил тодорхой, бичлэг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан нэмэлт шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

3. Хариуцагчаас маргаан бүхий акт болох 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн № ******* Шийтгэлийн хуудас-аар холбогдогч П.*******ыг Үндэсний их баяр наадмын гурвын даваанд улсын харцага Л.-т тахимаа өгөх үедээ улсын харцага Л.-ыг түлхэж биед нь халдаж, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бөхийн барилдааны дүрмийн Тавын 5.2 дугаар заалтын 5.2.4-т ...барилдааны талбайд даруу төлөв, ёс жудагтай байх үүргийг зөрчсөн гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлийн 1. Үндэсний бөх, ... дүрмийг бөх, ... зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг баримтлан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байдаг.

3.1. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 15.1.1. үндэсний бөхийн барилдаан, үндэсний хурдан морины уралдаан, сурын болон шагайн харвааны дүрмийг батлах гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 257 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бөхийн барилдааны дүрэм-ийг /цаашид дүрмийн гэж товчлох/ батласан байх ба мөн дүрмийн Тав-д Бөхийн эрх, үүрэг-ийг тодорхойлон заажээ.

3.2. Дүрмийн 5.2.4-т ...барилдааны талбайд даруу төлөв, ёс жудагтай байх гэж заасан нь баяр наадамд барилдах бөхөд үүрэг болгосон зохицуулалт байх бөгөөд Үндэсний их баяр наадмын тухай хууль болон уг дүрэмд даруу төлөв, ёс жудагтай байх гэсэн ойлголтыг тайлбарлаагүй байна.

Дүрмийн 5.3.1-5.3.5-д заасан хориотой эсхүл буруу барьц барихгүй, 5.4.1-5.4.11-д заасан гэмтээх барьц барих болон хөдөлгөөн хийхгүй гэж заасан, жишээлбэл цохиж халах, даллан цохих, шуугаар халах, хоолой шахах, зориуд мөргөх зэргийг бөхийн барилдаанд хориглосон байх ба ийнхүү дүрмээр хориглосон хэм хэмжээнүүдийг зөрчсөн тохиолдлыг мөн дүрмийн 9.2.1. энэ дүрмийн 5.3, 5.4-т заасан хориотой буюу гэмтээх барьц барьсан нь учраа бөхдөө гэмтэл учруулаагүй бол уг бөхөд сануулга өгөх бөгөөд сануулснаас хойш хоёр дахь удаагаа зөрчих, нэг дор хоёр зөрчлийг зэрэг гаргасан гэж зааснаар хөлийн цэц-ээс бөхийг барилдаанаас хасаж, учраа бөхийг давсан тооцсон шийдвэр гарган хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл дүрэмд ...барилдааны талбайд даруу төлөв, ёс жудагтай байх гэж заасан нь үүрэг болгосон, харин бөх барилдах үедээ хориотой эсхүл буруу барьц барихгүй, гэмтээх барьц барих болон хөдөлгөөн хийхгүй гэдэг нь хориглосон хэм хэмжээ гэж үзэхээр байна.

3.3. Хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас дүрмийн 5.2.4-т ... барилдааны талбайд даруу төлөв, ёс жудагтай байх үүргээ биелүүлээгүй гэж үзэн түүнд торгох шийтгэл оногдуулсан, зөрчил гаргасан нь бичлэгээр тогтоогддог гэж тайлбарлан маргаж байх ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүхээс П.*******, Л.- нарын барилдааны дуу дүрс бүхий CD бичлэг-т хийсэн үзлэгээр П.******* Л.- нар барилдаанаа зогсоож, П.******* Л.-ын урд орж алхах үед Л.- нь П.*******ын араас зүүн гараараа сэнжигнээс нь, баруун гараараа шуудагнаас нь барьц авч, энэ үед засуулууд ирж барилдааныг түр зогсоосон боловч дахин барьц авалгүй зүүн талын тахим хавьцаа хавирах мэх хийж П.*******ыг давсан, П.******* нь босч ирэх үед Л.- зөрж явах гэж буй үйлдэл хийж энэ үед П.******* зүүн мөрний доод хэсэгт 1 удаа, зүүн мөр хавьцаа нэг удаа гараараа түлхэх, нэг удаа биеээрээ түлхэх үйлдэл хийсэн нь, мөн бичлэгт бөхийн тайлбарлагч нарын ... араас барьж аваад унагаана гэж бодоогүй байх л даа, *******ын хувьд маш харамсалтай юм боллоо гэж харилцан ярилцсан нөхцөл байдал тогтоогдсон болно.

3.4. Үзлэгээр илэрсэн Л.- П.*******ыг унагачихаад зөрж явах гэж зүтгэж байгаа, энэ үед П.*******аас дунд зэргийн хүчээр Л.-ын зүүн мөрний доод хэсэгт 1 удаа, зүүн мөр хавьцаа нэг удаа гараараа түлхэх, нэг удаа биеээрээ түлхэж байгаа нөхцөл байдлаас дүгнэхэд П.*******ын ... миний бие Улсын харцага Л.-т хөлийн цэцэд гомдол гаргана. Түр хүлээж байгаад шийдвэрийг нь сонсъё гэж хэлсэн. Л.- хөлийн цэцийн шийдвэр гараагүй байхад туг тойрох гээд байсан тул зогсоох оролдлого хийсэн гэх агуулгатай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг нь үндэслэлтэй байна.

3.5. Тэрээр гомдол гаргагчаас дүрмийн 5.1.2-т барилдааны үед гарсан аливаа асуудал, маргааныг засуул, хөлийн цэцэд тавьж шийдвэрлүүлэх гэж заасан эрхээ хэрэгжүүлэх замаар хөлийн цэцээс шийдвэр гараагүй байхад туг тойрохоор оролдсон[1] Л.-ыг хориглон зогсоох зорилгоор биед нь хүрсэн байгааг дүрмийг зөрчсөн гэж үзэн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд Үндэсний их баяр наадмын тухай хууль, хуульд заасны дагуу батлан гаргасан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм-ийн зохицуулалтад тус тус нийцээгүй байна гэж дүгнэлээ.

Тодруулбал П.*******ын үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлийн 1-д заасан үндэсний бөхийн дүрмийг зөрчсөн зөрчил биш, харин П.*******ыг дүрэм зөрчсөн гэж үзэх тохиолдолд түүний үйлдэл нь дүрмийн 9.1-д зааснаар ... тахим өгөлцөх, авалцах үедээ бие биенээ нударсан гэх үндэслэл, нөхцөлд хамаарахаар байна. Энэ тохиолдолд давааны бай шагналыг хасах хариуцлагыг хөлийн цэц-ээс хүлээлгэхээр дүрэмд зохицуулжээ.

4. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1. Энэ хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас гадна зохион байгуулах хороо дараах хариуцлагыг хүлээлгэнэ гэж, 19.1.1. Үндэсний их баяр наадмын тухайн үндэсний бөхийн барилдаан, үндэсний хурдан морины уралдаан, үндэсний сур болон шагайн харваанаас хасах, 19.1.2. тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх гэж заасныг Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм-ийн 9.3, 9.3.1-9.3.6-д заасан үйлдэлд Салбар хороо-ноос бөхөд хариуцлага хүлээлгэсэн байхаас гадна зөрчлийн хуульд зааснаар хариуцлага буюу шийтгэлийг оногдуулахаар ойлгож хэрэгжүүлэхээр байна.

5. Шүүх өмнөх 3.5 дахь хэсэгт гомдол гаргагч П.*******ын үйлдлийг дүрмийн 9.1-д зааснаар ... тахим өгөлцөх, авалцах үедээ бие биенээ нударсан гэх үндэслэлд хамаарна гэж дүгнэсэн, энэ тохиолдолд гомдол гаргагчийн үйлдэл нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1. Энэ хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас гадна зохион байгуулах хороо дараах хариуцлагыг хүлээлгэнэ гэж заасанд хамаарахгүй, улмаар хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас П.*******д Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлийн 1. Үндэсний бөх, сурын болон шагайн харваа, хурдан морины дүрмийг бөх, уяач, сурын болон шагайн харваач, дасгалжуулагч, эмч зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар шийтгэл оногдуулах үндэслэл, нөхцөл болохооргүй байжээ.

6. Иймээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1. Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ заасан. Шүүх хариуцагчийг шийдвэрийнхээ үндэслэлийг нотолж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул П.*******д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай № ******* Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч П.*******ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.*******гийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай № ******* Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгттийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагч П.*******д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА


[1] Засгийн газрын 2022 оны 257 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бөхийн барилдааны дүрэм-ийн 6.4.4 дэх заалт