Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баясгалан даргалж, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч Б.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцуулан түс шүүхийн танхимд нээлттэй хийсэн эргүүгийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нямдоржид холбогдох эрүүгийн 1736000240027 дугаартай 178/2017/0097/э/ индэкстэй хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1989 оны 11 сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам 4, эхнэр 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сум Буянт багийн 1-15 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай, Галба овогт Баттулгын Нямдорж /РД: ПЮ89112132/

Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

Ховд аймгийн Жаргалант сум Цамбагарав багийн нутаг дэвсгэрт 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Б.Нямдорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Амартүвшинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний цээжин тус газарт гараараа цохиж бие махбодид нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Нямдорж нь Ховд аймгийн Жаргалант сум Цамбагарав багийн нутаг дэвсгэрт 2017 оны 6 сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Амартүвшинг цохиж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дараах бичгийн нотлох баримтаар гэм буруутай болох нь нотлогдож байна. Үүнд: 

  1. Хохирогч    М.Амартүвшиний миний төрсөн өдөр болоод Нямдорж, Хосбаяр нартай манай гол дээр байдаг гэрт нэг шил архи ууж байгаад Б.Нямдоржтой архинаас болж маргалдаад ...Б.Нямдорж өөрийнхөө подволкийг тайлж шидээд намайг шууд өшиглөөд унагаагаад миний дээрээс дэвссэн тэгсэн Б.Нямдоржийн аав ах хоёр нь салгаад бид нар гэрээс гараад ... Б.Нямдоржийн аав намайг ус руу хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

2.  Гэрч М.Хосбаярын “...миний дотор муухайраад байхаар нь гараад гэрийн ар талд хэсэгт сууж байгаад гэрийн үүдэн дээр ирсэн чинь Амартүвшин, Нямдорж хоёр газар унасан Амартүвшингийн дээр Нямдорж гаран цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

3.  Гэрч Т.Баттулгын “...Нямдоржийг авч явах гэсэн чинь үгэнд орохгүй Амартүвшин гэдэг залуутай хоорондоо барилцаж аваад газар унасан...тэгэхээр нь би Амартүвшинг архийг нь гаргах гэж голын усанд хийсэн... Нямдорж Амартүвшинг өшиглөж унгаасан Амартүвшингийн хамраас цус гарсан байсан...тэр хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэхн мэдүүлэг /17 дугаар хуудас/       

4. Гэрч Х.Мөнхцэцэгийн “...би бэртэйгээ хамт гэрийнхээ хажуунаас хөлсний такси аваад голын ар талд байдаг гэр дээрээ очсон чинь манай залуу уснаас гарч ирэхдээ нүүрнээс нь цус гарсан байдалтай гарч ирсэн. Нямдорж манай хүүг унагаагаад цээжнээс нь өшиглөөд зодсон. Нямдорж Амартүвшин нар согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

5.  Шинжээч эмчийн 329 дугаартай “М.Амартүвшингийн биед гэмтэл учирсан. М.Амартүвшингийн биед өвчүүний их бие хэсгийн хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн чихний ар хэсэгт 1.5*0.7см, 1*0.5см, зүүн мөр хэсэгт 2*1.5см цус хуралтууд, зүүн мөрний ар хэсэгт 4*2.5см зулгаралт, баруун гарын тохой болон шууны хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд, 2 нүдний доод зовхинд бүдэг цус хуралт, хамар хэсэгт бага зэргийн хаван, хавдар, дээд уруулын дотор талд язарсан шарх, хоолой хэсэгт 4*2.5см зулгаралт... зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унах үед үүссэн байх боломжтой... гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэсэн дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/

6.  Шүүгдэгч Б.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллаанд яллагдагчаар өгсөн “Амартүвшин бид хоёр хоорондоо зодолдоод тэгсэн нэг мэдсэн аав, ах ирсэн би Амартүвшинг өшиглөж байсан тэгээд Амартүвшингийн ээж, эхнэр хоёр нь бас ирсэн тэгээд цагдаа ирээд бид нарыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Нямдоржийн 2017 оны 6 сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Амартүвшинг цохиж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд 2017 оны 7 сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.  /хх-ийн 01 дүгээр хуудас/.

Шүүгдэгч Б.Нямдоржийн дээрх үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэргийн зүйлчлэл тохирч байгаа боловч 2015 онд батлагдсан 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж зааснаар Прокурорын газраас тухайн зүйлд заасан торгох ялын хэмжээ багассан, баривчлах ялын төрөл байхгүй болсон, нийтэд тустай ажил хийлгэх ял нэмэгдсэн зэрэг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэстэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Нямдорж нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/-аар тогтоогдож байгаа, шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тул торгуулийн ял оногдуулав.

Шүүгдэгч Б.Нямдоржоос хохирогч М.Амартүвшин нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн /хх-ийн 41 дүгээр хуудас, хохирогчоос гаргасан өргөдөл/ тул шүүгдэгч Б.Нямдорж нь будад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд  зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Галба овогт Баттулгын Нямдоржийг хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.  Шүүгдэгч Б.Нямдоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 /дөрвөн зуун жаран/ нэгж буюу 460 000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нямдоржид оногдуулсан 460 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Нямдоржийг торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.  Шүүгдэгч Б.Нямдорж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг  тус тус дурдсугай.

5.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нямдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.БАЯСГАЛАН