| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/02524/И |
| Дугаар | 102/ШШ2024/03369 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2024/03369
| 2024 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2024/03369 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, дугаар байр, ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух,******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 193,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж
Харуицагч Р.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч******* холбогдуулан 193,400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэл үндэслэл, шаардлага түүний тайлбартаа: Тус суугч нь Монгол улсад мөрдөгдөн хэрэгжиж байгаа үйлчлэгчийн цалингийн доод хэмжээ 2023 онд 550,000 төгрөг мөн 2024 онд цалингийн доод хэмжээ 660,000 төгрөг болж нэмэгдсэний зөрүүг өгөлгүй төлбөрөө төлөөгүйн улмаас бусдад учруулсан хохирол нь СӨХ-ны ДӨЭХ-ийн засвар үйлчилгээ, сангийн засвар хийх СӨХ-ийг хуримтлалгүй болгож хөрөнгийн хомсдолд оруулж ирсэн ба нийтээр эзэмшдэг орон сууцны дундын өмчлөлийн засвар үйлчилгээний хуримтлалгүй болгож оршин суугчдаа удаа дараа хохироосоор ирлээ. Энэ бүх байдал нь цалин багатай үйлчлэгчийн ажлын хөлсийг өгөхгүй СӨХ төлдөг айлуудын хөлсийг хувалз шиг сорж ирсэн нь ямархуу ёс суртахуунтай байгаагаа харуулж хүний эрхийн наад захын хэм хэмжээг зөрчсөөр ирлээ. Н.Батбаярт удаа дараа шаардахад эрхээ эдэлж СӨХ-өөс ус зайлуулах хоолой эвдэрснийг шаардаж засуулсан боловч мөн л зөрүү төлбөрөө өгөөгүй цаашлаад үйлчлэгчийг гэрийнхээ цонхыг угааж өгвөл зөрүүг өгнө гээд төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Энэ хүн төлбөрөө хуучин тарифаар мобайлаар 18,800 төгрөгийг төлсөөр ирсэн. Үүний зөрүү 14 сар 193,400 төгрөгийг төлөлгүй өдийг хүрлээ. Иймд СӨХ-ны төлбөр 193,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч******* нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Үйлчилгээний шинэ тарифын тухай 2024 оны 3 сард тааралдахдаа надад лэдэгдсэн бөгөөд урд нь тарифын өөрчлөлтийн талаар бичгээр болон албан ёсоор огт мэдэгдээгүй, ямар ч хурлын тогтоол, протокол үзүүлээгүй болно. Энэ нь тухайн байгууллагын өөрсдийнх нь хариуцлагагагүй байдлаас болсон гэдэг нь тодорхой буюу өөрсдийнх нь буруу тул төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Харин тарифын өөрчлөлтийн талаар мэдэгдсэн 2024 оны 3 сараас эхлэн дараах 2 ба 3 зүйлд заасан үйл ажиллагааны дүгнэлт гарсаны дараа шинэ тарифаар төлөхөд татагалзах зүйлгүй. Хэдэн оршин суугчдыг оролцуулан хуралдсан, санал авсан хурлын тогтоол болон протокол байгаа эсэхийг нягталж байрны бүх оршин суугчдын дахин хуралдуулж саналыг нь авах ёстой бегеед цаашид уг СӨХеер үйлчлүүлэх эсэхийг шийднэ гэж хөршүүдтэйгээ тохиролцоод байна. Ямар учраас гэнэт бүтэн жилийн дараа үнийн өөрчлөтийн талаар мэдэгдэж мөнгө нэхэмжлэв, мөн байрны хонгилын ханын засвар хийдэггүй, байрны гадаа хогийн цэггүй байж ямар шалтгаанаар үйлчилгээний тарифаа нэмсэн зэрэг асуудлаар тухайн СӨХийн ажиллагааг ШӨХТГ-т хандан шалгалт оруулахаа мэдэгдэж байна. Урд нь санхүүгийн баримтуудаа нягталж чаддаггүй мэдлэг хомс учраас намайг бүтэн жилийн төлбөр төлөөгүй мэтээр гүжирдэн танай шүүхэд хандаж байсан бөгөөд ичгүүртэйгээр өргөдлөө буцаан авч тэтгэвэрийн надад төвөг учруулж байсаныг дурдахад илүүдэхгүй байх гэжээ.
3.Хэрэгт ******* СӨХ-ны гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 2/, татвар төлсөн баримт /хх-ийн 3/, ******* СӨХ-ны 2013 оны 08 сарын 28-ны өдрийн тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 4/, төлбөрийн дэлгэрэнгүй /хх-ийн 6/, ******* СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит хурлын тогтоол /хх-ийн 15/, төлбөрийн задаргаа /хх-ийн 16/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч******* холбогдох 193,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ ...Хариуцагч******* нь ******* СӨХ-ны гишүүн юм. ******* СӨХ нь 2023, 2024 онд хөдөлмөрийн хөлсний хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой бүх гүшүүдийн хурал хийж, СӨХ-ны 2023 оны төлбөр 2023 оны 02 дугаар сараас 32,350 төгрөг, 2024 оны 01 дүгээр сараас 36,050 төгрөг болж нэмэгдсэн. СӨХ-ны төлбөр нэмэгдсэн ч хариуцагч******* нь сард 18,800 төгрөгийн СӨХ-ны төлбөр төлсөн учир 2023 оны 02-12 дугаар сар, 2024 оны 01-03 дугаар сарын төлбөрийн зөрүү 193,400 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан.
3.Хариуцагч******* нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь СӨХ надад мэдэгдэлгүйгээр үндэслэлгүйгээр зөрүү гэх төлбөр нэхэмжилж байна. Бүх гишүүдийн хурал хийсэн нь худал бөгөөд энэ талаар мэдэгдээгүй. Сар бүрийн төлбөрөө төлөөд явж байгаа гэжээ.
4.Зохигч талууд шүүхэд гаргасан тайлбараараа хариуцагч******* нь ******* СӨХ-ны гишүүн бөгөөд тус СӨХ-ны 2023 оны 01-12, 2024 оны 01-03 дугаар сарын төлбөрт сар бүр 18,800 төгрөг төлсөн тухайд маргаагүй.
5.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй.
6.Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаар ******* СӨХ нь бүх гишүүдийн хурлыг 2023, 2024 онд тус тус хийж, СӨХ-ны төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2-т заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй боловч нотолж чадаагүй.
8.Иймд хариуцагч******* холбогдох СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 193,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
9.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,452 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч******* холбогдох 193,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,452 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР