Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2024/02546

 

 

 

 

 

 

 

2024 06 24 181/ШШ2024/02546

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Өвөрмонголын өөртөө засах орон, Шилийн гол, Эрээн хот, Чахар хойд гудамж, баруун зам, * тоот хаягт оршин байх Ө ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамж-32, * тоот хаягт оршин байх, М ХХК /РД:*/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 519,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангуа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Алтанзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 519,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

"Ө" ХХК нь хариуцагчтай 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр "Тээврийн үйлчилгээний гэрээ" байгуулсан байх ба тус гэрээний зорилго нь хариуцагч нь нэхэмжлэгчийн ачааг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Чойр өртөөний О гаалийн хяналтын талбайгаас БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл өөрийн эзэмшлийн болон гэрээт вагоноор тээвэрлэлт хийж, тээвэр зуучийн цогц үйлчилгээг үзүүлэхээр талууд харилцан тохиролцсон билээ. Нэхэмжлэгч нь гэрээний 2.1-д заасан гэрээний үнэ болох 745,473 юань түүнтэй тэнцэх хэмжээний 350,000,000 төгрөгийг хариуцагчийн * тоот Голомт банкны юанийн данс руу төлбөрийг 100 хувь шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн билээ.

Гэтэл хариуцагчийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байсантай холбоотойгоор талууд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 22-20-01 тоот Тээврийн үйлчилгээний нэмэлт гэрээ-г байгуулсан бөгөөд тус нэмэлт гэрээний 1.1.1 дэх заалтад заасны дагуу тээвэрлэлт хийж дуусах сүүлийн хугацааг 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байхаар гэрээнд заасан.

Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэл үндсэн гэрээ болон нэмэлт гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч талд эдийн засгийн хувьд ихээхэн хэмжээний хохирол учраад байгаа билээ. Хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгч тал болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/66 тоот албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22/68 тоот албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22/69 тоот албан бичиг, 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23/07 тоот албан бичиг, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 23/24 тоот албан бичгүүдээр тус тус мэдэгдлүүдийг ирүүлж, гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байгаа талаар удаа дараа дурдаж байсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 22/56 тоот албан бичгээр танай байгууллагаас 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тээврийн зардал болгон төлсөн 745,473 юанийг манай байгууллага санхүүгийн дотоод журмын дагуу /сар бүрийн 15-ны өдөр төлбөр тооцоог шилжүүлэх/ 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр танай байгууллагад төлж барагдуулахыг үүгээр мэдэгдэж байна. хэмээн хариу албан бичиг ирүүлж байсан билээ.

Нэхэмжлэгч талын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, бүхий л төлбөрийг төлсөн атал хариуцагч нь үндсэн гэрээний 4.2.1-т зааснаар Үйлчлүүлэгчийн захиалгаар энэхүү гэрээнд О ХХК-ийн гаалийн хяналтын талбайгаас БНХАУ-ын Эрээн өртөө хүртэлх УБТЗ-ын тээврийн төлбөр, вагон тавьж өгөх үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй. гэх заалтыг зөрчсөн.

Хариуцагч талын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 1 дэх заалт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ., мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх заалтад Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. гэж заасныг зөрчсөн байх тул үндсэн гэрээний төлбөр болох 350,000,000 төгрөг болон нэмэлт гэрээний 1.1.3-т 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 100 вагоноор ачааг Эрээн өртөөнд тээвэрлэх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Тээвэрлэгч нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг тооцно. гэж заасны дагуу 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх нийт 97 хоногийн алданги болох 169,750,000 төгрөг, нийт 519,750,000 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М ХХК нь Ө ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр №22/20 дугаартай Тээврийн үйлчилгээний гэрээ байгуулсан.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч компанийн захиалгаар түүний ачааг /нүүрс/ Дорноговь аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Чойр өртөөний У ХХК-ийн талбайгаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн өртөө хүртэл тээвэрлэлт хийхээр тохирч 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Голомт банк дахь * тоот дансаар 351,975,076.95 төгрөгийг хүлээн авсан.

Т ХХК нь манай компанитай байгуулсан гэрээгээ цуцалсантай холбогдуулан тээвэрлэлтийн үйлчилгээ зогссон. Энэ нөхцөл байдлаас шалтгаалаад гэрээний үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон талаараа нэхэмжлэгч компанитай албан бичгээр харилцаж байсан. Өөрөөр хэлбэл, нэгэнт гэрээгээр хүлээсэн үүрэг, гэрээний хугацаа хэдийгээр дуусаж байгаа ч гүйцэтгэе гэх нөхцөл байдлаа илэрхийлж байсан.

Талуудын хооронд байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Тээврийн үйлчилгээний гэрээ-нд талууд ямар нэгэн анзын асуудлыг тохиролцоогүй. 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар буюу гэрээний 1.1.1 дэх заалтаар тээвэрлэлт хийх хугацаагаа 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгаж, энэ хугацаанд гүйцэтгэж чадахгүй тохиолдолд алданги төлөхөөр нэмэлт гэрээний 1.1.3 дахь заалтаар тохиролцсон юм.

Талуудын анхны гэрээ буюу Тээврийн үйлчилгээний гэрээ-ний 3.1 дэх заалтаар гэрээний хугацааг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусахаар талууд тохиролцсон. Гэтэл нэмэлт гэрээ 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хийгдсэн бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 35-ны өдрийг хүртэл хугацаагаар тээвэр зуучийг гүйцэтгэнэ гэж заасан. Энэ бол ямар нэгэн байдлаар 360,000,000 төгрөгийг төлж барагдуулах, төлбөр тооцоо барагдуулахтай холбоотой хэлцэл биш. Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсантай маргахгүй. Харин нэмэлт гэрээ бол тухайн гэрээний хугацааг сунгаж буй хэлцэл байна. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-д зааснаар гэрээний хугацааг талууд сунгаж байгаа тохиолдолд гэрээний хугацаа дууссан үеэс тухайн хугацааг тооцно гэсэн. Тэгэхээр 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс гэрээ сунгагдаагүй, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэмэлт тохиролцоо хийхдээ алданги тохирсон. Иймд хуульд зааснаар гэрээний хугацааг сунгаагүй тул алданги төлөхгүй гэж үзэж байгаа. Харин 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээний дагуу авсан үндсэн төлбөрөө төлнө гэсэн байр суурьтай байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д гэм буруугүй эсвэл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-д заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг цуцлах эрхтэй гэж заасан. Энэ гэрээний үүрэг биелэгдээгүй нөхцөл байдал нь төрийн эрх бүхий байгууллагын шийдвэртэй холбоотой, Улаанбаатар Төмөр замын авлигын хэргийн асуудлаас шалтгаалж тээвэр зуучийн компаниудад маш их хэмжээний хохирол учирсан. Иймд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тул алдангиас чөлөөлөгдөнө.

Зөвхөн М ХХК-иас шалтгаалж үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал үүсээгүй, нэхэмжлэгчээс авсан мөнгө Төмөр замын дансанд орсон. Өнөөдрийг хүртэл компаниудын мөнгө буцаан олгогдоогүй, эрүүгийн хэрэг үүсчихсэн явж байгаа нөхцөл байдал байгаа гэдгийг хэлмээр байна.

Нөгөөтэйгүүр энэ гэрээ биелүүлэх боломжгүй болсон тул гэрээг цуцлах талаар мэдэгдлүүд биелэгдэхгүй байна. Ийм байдлаар биелүүлье гэдэг байдлаар хүсэл зоригоо илэрхийлээд байгаа. Гэрээ цуцлагдах тохиолдолд гэрээ цуцлах хүртэлх харилцаа хэвээр үргэлжилдэг. Гэрээнээс татгалзах үндэслэл бүрдсэн. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж байгаа. Гэрээнээс татгалзсан тохиолдолд авсан, өгсөн зүйлийг буцаадаг. Иймээс компанийн дансанд ороод ирсэн 350,000,000 төгрөгийг төлөх байр сууриа нэхэмжлэл гардаж авснаасаа хойш л илэрхийлээд, эвлэрэх ямар боломж бололцоо байна вэ гэдгийг эрэлхийлж ирсэн. Тэгэхээр үүнд анзын зохицуулалт хэрэглэгдэхгүй. Гэрээнээс татгалзаж байгаа тул анз яригдахгүй. Мөн гэрээ цуцалж байгаа бол гэрээ цуцлах хүртэл харилцаа хэвээр үргэлжилж, цуцалснаас хойш үр дагаврын асуудал яригдана. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас алданги 169,750,000 төгрөг гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

 

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 2,756,700 төгрөг төлсөн баримт, Г.Н-д олгосон итгэмжлэл, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №22-20 дугаартай Тээврийн үйлчилгээний гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №22-20-01 дугаартай Тээврийн үйлчилгээний нэмэлт гэрээ, төлбөрийн нэхэмжлэл, Ө ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түүний орчуулгын хуулбар, Ө ХХК-ийн дүрэм, түүний орчуулгын хуулбар, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23/07 тоот Гэнэтийн нөхцөлөөс хамаарч тээвэрлэлт зогсоож буй тухай тэмдэглэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, М ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22/69 тоот албан бичиг, М ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22/68 тоот албан бичиг, М ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/66 тоот албан бичиг, М ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 23/24 тоот албан бичиг, М ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 22/56 тоот албан бичиг, Ө ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 23/03 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Ө ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 23/32 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Л-н гадаад паспортын хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2023/12228 дугаар захирамжийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШТ2023/00361 дүгээр тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлийг ирүүлсэн.

 

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М ХХК-ийн дүрмийн хуулбар, хариу тайлбар, дансны хуулга, Т ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/1501 тоот албан бичиг, М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 22/07 дугаар тушаалын хуулбар, М ХХК, н.Т-н нарын тооцоо нийлсэн акт, тооцооны баримтын жагсаалт, М ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 23/36 дугаартай Өр авлагын тооцоо барагдуулах тухай албан бичгийн хуулбар, М ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 22/56 тоот Мэдэгдлийн хариу хүргүүлэх нь гэх албан бичгийн хуулбар, М ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/66 тоот албан бичгийн хуулбар, М ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22/68 тоот албан бичгийн хуулбар, М ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22/69 тоот албан бичгийн хуулбар, М ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22/73 тоот албан бичгийн хуулбар, М ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23/07 тоот Гэнэтийн нөхцөлөөс хамаарч тээвэрлэлт зогсоож буй тухай тэмдэглэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, М ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 23/24 тоот албан бичгийн хуулбар, М ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 23/33 тоот албан бичгийн хуулбар, Э.С-д олгосон итгэмжлэл, Э.С-н иргэний үнэмлэхний хуулбар, - дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Г.З-с Л.Б-д олгосон итгэмжлэл, Нэгж талбарын * дугаартай газрын кадастр, нэгж талбарын тодорхойлолт, Р.О-н анкет, цахим зурвас, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 459 дугаартай тогтоолын хуулбар, Зам, тээврийн хөгжлийн яамны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 08/5805 тоот албан бичгийн хуулбар, М ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 23/20 тоот албан бичгийн хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 11/4-2165 тоот албан бичгийн хуулбарыг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Талууд харилцан тохиролцож Тээврийн үйлчилгээний гэрээ байгуулсан боловч хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Улмаар талууд харилцан тохиролцож, ахин нэмэлт гэрээ байгуулсан ч хариуцагч үндсэн болон нэмэлт гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас гэрээний дагуу төлсөн төлбөр 350,000,000 төгрөг, нэмэлт гэрээнд заасны дагуу 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тооцсон алданги 169,750,000 төгрөг, нийт 519,750,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан. Үүнд: Нэхэмжлэгч талтай Тээврийн үйлчилгээний гэрээ байгуулж, гэрээний дагуу 350,000,000 төгрөг хүлээж авсан үйл баримтад маргахгүй. Гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон талаар нэхэмжлэгч талтай албан бичгээр харилцаж байсан. Бид гэрээний дагуу хүлээн авсан төлбөр 350,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин талууд үндсэн гэрээгээр алданги төлөхөөр тохиролцоогүй, нэмэлт гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон. Үндсэн гэрээний хугацаа 27 хоногийн хугацаатай байсан. Хуульд зааснаар гэрээний хугацааг сунгаагүй учраас алданги төлөхгүй гэж маргаж байна. Гэрээний үүрэг биелэгдээгүй нөхцөл байдал эрх бүхий этгээдийн шийдвэрээс шалтгаалсан, хүндэтгэн үзэх шалтгаантай учраас алданги төлөхөөс чөлөөлөгдөнө гэж үзэж байна гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Ө ХХК, хариуцагч М ХХК нар 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Тээврийн үйлчилгээний гэрээ байгуулж, уг гэрээгээр тээвэрлэгч М ХХК нь үйлчлүүлэгчийн захиалгаар ачаа /нүүрс/-г Говьсүмбэр хяналтын аймгийн Сүмбэр сумын Чойр өртөөний О гаалийн талбайгаас БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл урьдчилсан төлбөрт нөхцөлөөр өөрийн эзэмшлийн болон гэрээт вагоноор тээвэрлэлт хийх ба тээвэрлэлтийг шуурхай, найдвартай, чанартай гүйцэтгэн тээвэр зуучийн цогц үйлчилгээг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үзүүлэх, Ө ХХК нь ажлын хөлс төлөх үүрэг хүлээжээ. /хх9-16/

 

Талуудын дээрх тохиролцооноос дүгнэхэд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч Ө ХХК нь М ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 351,975,076.95 төгрөг төлсөн болох нь М ХХК-ийн Голомт банк дахь * тоот дансны хуулгаар тогтоогдож байна. /хх76/

 

Харин М ХХК-ийн зүгээс Тээвэрлэлтийн үйлчилгээний гэрээ-ээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, гэрээний хугацаа дуусгавар болсон нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Улмаар, талууд Тээвэрлэлтийн үйлчилгээний гэрээ-ний 3.1.1-т зааснаар харилцан тохиролцож, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 22-20-01 дугаартай Тээврийн үйлчилгээний нэмэлт гэрээ байгуулж, үндсэн гэрээний 3.1.1 дэх заалтыг Тээвэрлэлт хийх хугацаа нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл байна гэж, үндсэн гэрээний 4.2.3 дах заалтыг 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор үндсэн гэрээний 1.1.1-т заасан газарт ачааг тээвэрлэн хүргэсэн байх үүрэгтэй бөгөөд тээвэрлэгч нь 100 вагоноор хангах үүрэгтэй. 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 100 вагоноор ачааг Эрээн өртөөнд тээвэрлэх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тээвэрлэгч нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно. гэж нэмэлт өөрчлөлт оруулжээ. /хх17-19/

 

4.3. Хэрэгт авагдсан баримтаар, Т ХХК-иас М ХХК-тай 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Вагон түрээслэх гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээний дагуу 1 жилийн хугацаатай түрээсэлсэн 50 ширхэг вагоныг улсын чанартай ачааны тээвэрт ашиглах болсон үндэслэлээр гэрээг дуусгавар болгож байгаа тухай мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан албан бичгээр тогтоогдож байна. /хх77/

 

Хариуцагч М ХХК-иас 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23/07 тоот албан бичгээр Т ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн гэрээ цуцалсантай холбоотойгоор гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон талаар, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ...санхүүжилт шийдэгдэх болон өөрийн эзэмшлийн вагоны асуудал шийдэгдэх хүртэлх хугацааг харгалзан үзэж, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дахин боломж олгох-ыг хүссэн албан бичиг хүргүүлж байсан нь тогтоогдсон. /хх43, 48, 89/

 

Иймд хариуцагч М ХХК-ийг дээрх нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч М ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгөө хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хэдийгээр Ө ХХК нь хариуцагч М ХХК-д 351,975,076.95 төгрөг төлсөн нь тогтоогдсон боловч нэхэмжлэгч нь хариуцагчаас 350,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцнэ.

 

Иймд хариуцагч М ХХК-иас 350,000,000 төгрөгийг гаргуулан Ө ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

4.4. Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч М ХХК-иас 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны алдангид 169,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Талууд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан 22-20-01 дугаартай Тээврийн үйлчилгээний нэмэлт гэрээ-ээр үндсэн гэрээний 4.2.3 дах заалтыг 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор үндсэн гэрээний 1.1.1-т заасан газарт ачааг тээвэрлэн хүргэсэн байх үүрэгтэй бөгөөд тээвэрлэгч нь 100 вагоноор хангах үүрэгтэй. 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 100 вагоноор ачааг Эрээн өртөөнд тээвэрлэх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тээвэрлэгч нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно гэж нэмэлт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай болон 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага болон хуулиар тогтоосон алдангийн хувь хэмжээнд нийцсэн байна.

 

Хариуцагч М ХХК нь гэрээнд заасны дагуу 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тээвэрлэлтийг хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч тээвэрлэлтийг гүйцэтгээгүй, улмаар нэхэмжлэгчээс хариуцагч М ХХК-ийн хүсэлтийн дагуу 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нэмэлт хугацаа тогтоосон боловч хариуцагч мөн үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч дээрх хугацааны алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. гэж заасан.

 

Шүүх хэргийн баримтаар тогтоогдсон үйл баримт буюу Т ХХК-иас М ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ цуцалсантай холбоотойгоор хариуцагч М ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгч Ө ХХК-ийн нэхэмжилсэн 169,750,000 төгрөгийн алдангийг 50 хувиар багасгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Түүнчлэн, Тээвэрлэлтийн үйлчилгээний гэрээ-ний 5.4.4.-т Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэнийг эрх бүхий байгууллага /*/ нотолсон байвал зохино. гэж заасан байх бөгөөд хэрэгт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас хариуцагч М ХХК-д гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон талаарх баримт авагдаагүй тул хариуцагч нь анз төлөх үүргээс чөлөөлөгдөхгүйг дурдъя.

 

5. Дээрх үндэслэлээр хариуцагч М ХХК-иас 434,875,000 /350,000,000+84,875,000/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 84,875,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг удирдлага болгон хариуцагч М ХХК-иас 434,875,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 84,875,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,756,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,332,325 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ