Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч Х.Болотбек нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Болотбекэд холбогдох эрүүгийн 1736000390025 дугаартай, 178/2017/0105/Э/ индекстэй хэргийг 2017 оны 9 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                   Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн Буянт сум Норжинхайрхан багт оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу ногоочин, хэрэг хариуцах чадвартай, Жантекей овогт Хухайгийн Болотбек /РД: ПВ88101618/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Х.Болотбек нь Ховд аймгийн Буянт сум Норжинхайран багийн нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Ерболоттой маргалдаж улмаар түүнийг хүрзээр цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Болотбек нь Ховд аймгийн Буянт сум Норжинхайран багийн нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Ерболотын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дараах бичгийн нотлох баримтаар гэм буруутай болох нь нотлогдож байна. Үүнд: 

1. Хохирогч А.Ерболотын “2017 оны 07 дугаар сарын 31-ний орой 17 цагийн үед Ховд аймгийн Буянт сум Норжинхайрхан багийн нутагт иргэн Х.Болотбек нь согтуугаар надтай маргалдаж улмаар миний зүүн талын бөөрөнд хүрзээр цохиж надад гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг/хх-ийн 17-р хуудас/,

2. Яллагдагч Х.Болотбекийн “Би... 2017 оны 07 дугаар сарын 31-ний орой согтуугаар иргэн А.Ерболоттой маргалдаж улмаар хүрзээр зүүн талын бөөр хэсэгт нь цохиж гэмтэл учруулсан... би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

3. Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 381 дугаартай “А.Ерболотын биед гэмтэл учирсан. А.Ерболотын биед хэвлийн зүүн хажуу хэсгийн зөөлөн эдийн няцрал, хэвлийн зүүн хажуу хэсэгт 23*17см цус хуралт, цус хурсан хэсгийн гол хэсэгт 6*0.7см зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох үед үүсэх боломжтой... хөнгөн зэргийн гэмтэл учирсан ” гэсэн /хх-ийн 13-р хуудас/ дүгнэлт  зэрэг болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.Болотбек хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/-аар тогтоогдож байгаа тул үйлдсэн гэмт хэрийн нийгмийн аюулын шинж чанар болон улсын яллагчийн  санал болгосон торгуулын ялыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тул торгуулын ял оногдуулав.

Шүүхээс шүүгдэгчийг торгох ялыг биелүүлэх хугацаа заагаагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулийн ялыг гүйцэтгэх үүрэгтэй

Шүүгдэгч Х.Болотбек нь хохирогч А.Ерболоттой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн /хх-ийн 29 дугаар хуудас, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл/ тул шүүгдэгч Х.Болотбек нь будад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Жантекей овогт Хухайн Болотбек нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.  Шүүгдэгч Х.Болотбекыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Болотбек нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.  Шүүгдэгч Х.Болотбек нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Болотбекэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.БАЯСГАЛАН