Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2024/02072

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Б.Гончигсумлаа, шүүгч Б.М******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х******* дүүрэг, ** тоотод оршин суух, Х овогт С.Э /РД:**********/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С дүүрэг, ** тоотод байрлах, Б******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, Б овогт Э.Б /РД:*********/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг тараасан тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б*******, 

Хариуцагч Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******,

Хариуцагчийн өмгөөлөгч М.М*******,

Хариуцагч Э.Б*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.О*******,

Иргэдийн төлөөлөгч Д.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Б******* ХХК, Э.Б******* нарт холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Үүнд:

1.1.Э.Б******* болон Б******* ХХК нь өөрийн үйл ажиллагаа явуулдаг .mn сайтаараа 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Эхлээд газар, дараа нь 2 тэрбумыг нэхэхэд нь өгөөгүйгээс бүх гүтгэлэг эхэлсэн” гэсэн гарчигтайгаар С.Э миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан учир нэр хүндээ сэргээлгэж, худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэж, уучлалт гуйлгахыг даалгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Э.Б******* нь .mn сайтад өгсөн ярилцлагадаа: Хажуу талын барилгын эзэмшигч болох С.Э болон эхнэртэй нь манай гэргий бид хоёр хэд хэдэн удаа уулзаж байв. Тэд өөрсдийнх нь хуульч Д.Б гэдэг хүнийг бидэнтэй уулзуулсан. Тэр хүн манай үйлчлүүлэгч С.Э 2 тэрбум авах саналтай байна гэж палхийтэл хэлсэн. Манай байшингийн хажууд барилга барих гэж байгаа бол ийм хэмжээний мөнгө өг гээд нэхээд л байгаа. Ямартай ч манай бүх зөвшөөрөл хууль ёсны дагуу гарсан тул бид барилгаа эхлүүлнэ гэдгээ хэлэхэд хэрэв тэгвэл танайх дайралтанд өртөнө дөө гэсэн. Харуул хамгаалалтын алба гээд том биетэй залуус авчираад, хүч бэхэлгээ хийх ажлыг зогсоосон. Манай улс хуультай ардчилсан улс. Гэтэл эмнэлгийн өргөтгөл барих гэхээр хажуу талын байшингаас өдөөн турхираад, мөнгө нэхэж шантаажлаад байдаг нь зөв үү. Өөрөө болохоор өндөр байшин дотроос хүмүүсийг турхираад л. Монгол хүний эрүүл мэндийн төлөө ийм хөрөнгө оруулалтыг төр засгаас эхлээд дэмжих байх гэж бодож байсан ч шантаажингуудаас болоод гацчихлаа гэсэн худал мэдээлэл тараасан. С.Э миний бие Э.Б*******тай уулзаж 2 тэрбум төгрөг шантаажилсан, том биетэй залуучууд хөлсөлж барилгын ажил зогсоосон, сүрдүүлсэн, хүмүүсийг турхирсан асуудал байхгүй. Э.Б******* нь хэвлэлд мөнгө төлж, С.Э миний нэр төрд халдсан тухай кино хийлгэж, удаа дараа хэвлэлээр худал мэдээлэл тарааж байгаад маш их харамсч байна. Б******* болон Б******* ХХК нарт өөрийн үйл ажиллагаа явуулдаг .mn сайтаараа 2023 оны 10 сарын 25-ны өдөр эхлээд газар, дараа нь 2 тэрбумыг нэхэхэд нь өгөөгүйгээс бүх гүтгэлэг эхэлсэн гэсэн гарчигтайгаар Сгийн Э миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан учир уг худал мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж, Сгийн Э миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж өгнө үү гэжээ.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Э.Б******* болон Б******* ХХК нарт өөрийн үйл ажиллагаа явуулдаг .mn сайтаараа 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эхлээд газар, дараа нь 2 000 000 000 төгрөгийг нэхэхэд нь өгөөгүйгээс бүх гүтгэлэг эхэлсэн гэсэн гарчигтайгаар н.Сгийн Э миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан учир уг худал мэдээллийг тараасан тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж, Сгийн Э миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж өгнө үү гэв.

1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Б*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тайлбарт тайлбар хэлье. Тэгэхээр Э.Б******* гэдэг хүн хууль зөрчөөгүй, нэр хүндэд нь халдаагүй, үзэл бодлоо илэрхийлсэн гэж л хэлэх шиг боллоо. Яг тэгж хэлж байна л даа. Та бүхэн энэ мэдээллийнхээ агуулгыг харсан уу, ер нь энэ үзэл бодол мөн юм уу, өөрөөр хэлбэл одоо Э.Б******* гэдэг хүн мөнгө авахаар нэхдэг 2 000 000 000 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхдэг шантаажчин том биетэй залуусыг авчирч барилга хууль ёсоор барилгын үйл ажиллагааг нь зогсоодог, өдөөн турхирдаг шантаажчин мөн гэж шантаажлаад байгаа. Үгүй ийм үзэл бодол байдаг юм уу, үүнийг тэгээд шантаажиж  гэж хэлэх нь үзэл бодол юм уу, шантаачилж байна гэж хэлээд мөнгө нэхээд байгаа гэдэг нь үзэл бодол юм уу, С.Э гэдэг хүн л ийм хүн тийм хүн гэсэн болохоос өөр юм байна. С.Э гэдэг хүн надаас мөнгө шантаажлаад байгаа шүү дээ. Шантаажчин гэж яриад байгаа шүү дээ. Энэ гарчиг, мэдээ С.Э гэдэг хүний нэрийг дурдаагүй гэж байх юм. Энэ мэдээллийн агу чинь тэр чигээрээ С.Э гэдэг хүний талаар байгаа. Хамгийн эхлээд харахад хажуу талын барилгын эзэмшигч С.Э гэж байгаа юм. Олимпын хорооны газар буюу Ө ХХК-ийн хажууд байгаа хажуу талын барилга гэвэл ерөөсөө С.Э гэдэг хүний барьсан барилга байгаа. Тэгээд С.Этэй уулзсан. Тэгсэн чинь н.Б гэдэг хүн өмгөөлөгчтэй нь уулзсан. Тэгээд н.Б гэдэг хүн манай үйлчлүүлэгч С.Э 2 000 000 000 төгрөг авах саналтай байна гэж хэлсэн. С.Э рүү мессеж бичье. С.Э гэдэг хүний талаар л яриад байгаа шүү дээ. Одоо С.Э гэдэг хүн байхгүй гээд байх юм. Сүүлийн өгүүлбэр дээр бол байхгүй гэж яриад байх шиг байгаа юм. Гэхдээ л энэ мэдээ чинь агуараа тэр чигээрээ С.Э гэдэг хүн ингээд байгаа юм. Хажуу талын барилгын хүн ингээд хажуу талаас өдөөн турхираад манай хүнийг зогсоогоод байгаа юм. С.Эий талаар л ярьж байгаа шүү дээ. Үндсэндээ энэ мэдээг уншсан, ямар ч бизнес эрхэлдэг хүн С.Этэй хамтран ажилладаг С.Э гэдэг хүнийг мөнгө нэхээд байгаа юм байна, энэ хүн шантааж хийгээд байгаа юм байна гэж ойлгогдоно. Угаасаа л тэгж ойлгогдохоо мэдээ болсон үйл явдлыг бодитоор нь яриагүй байхгүй юу даа. Э.Б*******ы эхнэр н.А гэдэг хүн гэрчээр ч мэдүүлэг өгсөн. Тэр хүн болсон үйл явдал,  мэдээ тэр хүний гэрчийн мэдүүлгийг харвал дарааллаар харвал  болсон үйл явдал хоёр шал өөр зөрөөд байгаа. Зүгээр байхад мөнгө нэхээд байгаа юм шиг бичээд байгаа байхгүй юу. Гэтэл гэрээний саналыг хэн гаргасан юм, хамтран ажиллах саналын бичиг хэн өгсөн юм Э.Б*******ы эхнэр н.А өгсөн, хамтран ажиллая танай барилгаас чинь орц гарцаа нэгтгэе, газар шорооны ажил хийхдээ танай газ, барилгын талбайг чинь бид нар авто засвар дээр ашиглачихъя, яг дулааны ажил хийж дуусахаараа буцаагаад өгье, орц гарцаа нэгтгэе, танай энэ орц гарцаар чинь манайх орж гарч байя, барилгаа холбоё, танай барилгыг харж нөлөөлөл үзүүлэх гээд байна. Энэ талаар та саналаа ирүүл гэж байгаа шүү дээ 2 000 000 000 төгрөг гэдэг нь нэгэнт баригдаад босчихсон барилгад шинээр барилга барихад нөлөөлөл үзүүлээд байна. Дулаан цахилгааны зөвшөөрөл орох юм байна, энэний төлбөр зардлууд нь 2 000 000 000 төгрөг болох юм байна гэдэг санал л өгч байгаа шүү дээ. Тэгэнгүүт нь энэ хүмүүс зөрүүлээд магадгүй нөгөө оршин суугчид цэнгэлдэх хотхон, дээрээс нь тэр барилгын оршин суугчид гомдол эсэргүүцэл гаргангуут нь энэ гомдол ерөөсөө нийгэмд буруу ойлголт төрүүлэхээр зүгээр нэг хүн рүү чиглүүлчихсэн байгаа. Магадгүй Э.Б******* гэдэг хүний  газартай холбоотой, барилга барих гээд байгаа газартай холбоотой асуудал угаасаа 2017 оноос хойш олон нийтийн маргаан хэлэлцүүлгийн дунд өрнөж байсан юм. Энэ дээр ерөөсөө олон нийт ерөөсөө дургүй байдаг. Олон нийтийн дургүйцэл  ороод ирэнгүүт яасан бэ гэхээр нөгөө нэг ичсэн хүн хүн ална гэдэг шиг зүгээр энэ асуудлаас өөрөө цэвэрхэн гарахын тулд зүгээр л С.Э гэдэг хүнийг золиосолсон байхгүй юу. Зүгээр ингээд л энэ дагуу С.Э энэ мэдээг гарах хүртэл С.Э, Э.Б******* гэдэг хоёр хүн ямар ч маргаан байгаагүй. Тэгэнгүүт нөгөө магадгүй тэр .mn сайтынхан яриад байна. н.Т гэдэг хүнээс мэдээ олон нийт ингээд Э.Б*******ыг эсэргүүцээд эхлэнгүүт ганцхан С.Э гэдэг хүн ингээд буруутгаад байгаа юм гээд л зүгээр л золиос л явуулсан шүү дээ. Тэрнээс С.Э гэдэг хүн энэ барилгын үйл ажиллагаатай чинь ямар ч хамааралгүй тэр том, том биетэй залуучууд авчраад байна гээд байгаа. Тэд нар энэ хүн ямар ч хамааралгүй гэдгийг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай байгаа. Яагаад гэхээр тэр Цэнгэлдэх хотхоны оршин суугчдад л хариу өгөөд байгаа шүү дээ. Энэ барилгын үйл ажиллагаа ингээд хууль бус байна, цуцална гээд  С.Э гэдэг хүнд хариу өгөөд С.Э гэдэг хүн гомдол гаргаад С.Э гэдэг хүн эсэргүүцээд явсан ямар ч үйл баримт байхгүй. Тэгтэл одоо та бүхний гаргасан мэдээллээс болоод миний үйлчлүүлэгч шантаажчин. Ингээд барилгыг хууль бусаас зогсоодог, мөнгө нэхдэг, хамгаалалтын алба ажиллуулдаг гэдэг ийм л одоо нэртэй болчихоод байгаа юм. Ер нь бол яах вэ, энэ эрт дээр үеэс одоо Библийн судар ч юм уу, түүхтэй байдаг хүний нэр төрийг нэг ингээд хагарчихсан бол хэзээ ч эвлэдэггүй. Ер нь бол та бүхэн залру хийсэн ч эвлэхгүй. Гэхдээ одоо хуулийн боломж нь ийм учраас бид хэд хуулийнхаа дагуу тараасан хэлбэрээр няцаалт хийж өгөөч  гэсэн ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа юм гэв.

 

2.Хариуцагч Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б******* ХХК-ийн www..mn сайт нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр "Н.Т: Олимпын аварга Э.Б*******д хандаж хэлэхэд олны хайрыг хүлээж чадахгүй бол түмний шившиг болдог шүү” гэсэн гарчигтай мэдээг бэлтгэн олон нийтэд хүргэсэн. Энэхүү мэдээгээр “Олимпын аварга Э.Б******* нь Олимпын хорооны өмчлөлийн байрыг газартай нь цуг өөрийн болгосон, ийм ойрхон зайд хоёр блок том барилга барих стандарт нөхцөл байгаа юм уу, шөнө оройн цагаар барилгын ажил явуулж тав тух алдагдуулж байна гэж Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тас шаардаж, Ө ХХК (Ө мед эмнэлэг)-ийн өргөтгөлийг барихаар барилгын ажил эхлүүлж буйг оршин суугчид эсэргүүцэл жагсаал“ хийж байгаа тухай бэлтгэн олон нийтэд хүргэсэн юм. Мэдээллийн сайт учир мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс тухайн өрнөж байгаа үйл явдалтай холбоотой эсрэг талын байр суурийг илэрхийлэх зорилгоор 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Э.Б*******аас тодруулж, өгсөн ярилцлагын хүрээнд “Эхлээд газар, дараа нь 2 тэрбумыг нэхэхэд нь өгөөгүйгээс бүх гүтгэлэг эхэлсэн” гэсэн гарчигтай мэдээг бэлтгэн олон нийтэд хүргэсэн. Уг мэдээгээр “Эмнэлэг байгаа объектыг Э.Б******* нь газрын хамт 2017 онд хувь хүн Б.Нээс худалдаж авсан. Энэ газар Олимпын хороонд ямар ч хамааралгүй гэдгийг 2014 онд шүүхээс албан ёсоор тогтоож өгсөн. Оршин суугчид эсэргүүцэн жагсаалт хийж байна гэж бодохгүй байна. Хажуу талын барилгын эзэмшигч болх С.Э болон эхнэртэй нь хэд хэдэн удаа уулзахад ямар ч асуудалгүй, хамтарч ажиллая гэх мэтээр ярилцаад явж байснаа сүүлдээ өөрсдийнх нь хуульч Д.Б гэдэг хүнтэй уулзуулсан. Тэр хүн нь манай үйлчлүүлэгч С.Э 2 тэрбум төгрөг авах саналтай байна гэсэн. Улмаар С.Э рүү мессэж бичээд, хууль ёсны дагуу бүх зөвшөөрөл гарсан байхад ямар учир шалтгаанаар ийм их хэмжээний мөнгө нэхээд байгааг огтхон ч ойлгохгүй байгааг хэлсэн. Бүх зөвшөөрөл хууль ёсны дагуу гарсан тул барилгаа эхлүүлнэ гэдгээ хэлэхэд “Хэрэв тэгвэл танайх нэлээн дайралтанд өртөнө” гэснээр л маргаашнаас нь эхэлж элдэв хүмүүс явуулж, худал цуу яриа цахим орчинд тарааж, манай хашааг нураасан” гэх Э.Б*******ы өгсөн ярилцлагыг олон нийтэд мэдээллэсэн юм. Б******* ХХК-ийн www..mn сайтын зүгээс ярилцлагад дурдаж байгаа С.Этэй холбоотой асуудлыг Э.Б*******аас утсаар тодруулж үнэн бодитой эсэх, энэ талаарх нотлох баримт байгаа эсэхийг лавлаж асуухад “Байгаа, энэ ярилцлагад ярьсан бүх зүйл үнэн” гэж хэлсэн. Б******* ХХК-ийн www..mn сайт нь нэхэмжлэлд дурьдсан дээрх мэдээг гүтгэлгийн шинжтэй, бусдын нэр төр, алдар хүндэд гэм хор учруулах санаа зорилго агуулаагүй бөгөөд Э.Б*******ы “надад нотлох баримт байгаа, бүх зүйл үнэн” гэсэн яриагаар нь мэдээлэл эх сурвалжийн тэнцвэртэй байх зарчмаас гажиж, хэт нэг талыг барьсан өнцгөөр цацагдсан гэх ойлголт төрүүлэхгүйн тулд Э.Б*******аас ярилцлага авч, мэдээ бэлтгэж, олон нийтэд мэдээлсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Б******* ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

2.1.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* нэхэмжлэлийн үндэслэлийг эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Б******* ХХК-ийн .mn сайтын 2023 оны 10  дугаар сарын 02-ны өдөр олимпийн аварга Э.Б*******д холбогдож хэлэхэд олны хайрыг хүлээж авч чадахгүй бол түмний шившиг болдог шүү гэсэн гарчигтай мэдээг бэлтгэн олон нийтэд хүргэсэн байсан. Энэхүү мэдээгээр Олимпын аварга Э.Б******* нь Олимпын хорооны өмчлөлийн байрыг газартаа цуг өөрийн болгосон. Энэ ойрхон зайд хоёр том барилга барих стандарт нөхцөл байгаа юм уу, шөнө орой барилгын ажил явуулж байна. Хот байгуулах өмчлөлийн газрын дарга илтэд тусгай нөхцөлөөр Ө ХХК-д барилга барихаар барилгын ажил эхлүүлэхийг оршин суугчид эсэргүүцсэн жагсаалт хийж байна гэсэн утгатай олон нийтэд энэхүү мэдээнд хүргэсэн байсан. Манайх мэдээллийн сайт учраас, мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс тухайн өрнөж байгаа үйл явдалтай холбоотой эсрэг талын байр суурийг илэрхийлэх зорилгоор 2023 оны 10 дугаар  сарын 25-ны өдөр Э.Б*******аас тодруулж өгсөн ярилцлагын хүрээнд 2 000 000 000 төгрөгийг нэхэхэд нь өгөөгүйгээс бүх гүтгэлэг эхэлсэн гэсэн гарчигтай мэдээг бэлтгэн нийтэд хүргэгдсэн байгаа. Уг мэдээгээр болохоороо иргэдэд байгаа объектыг Э.Б******* нь газрын хамт 2017 онд худалдаж авсан. Ийнхүү газраа өнөөдрийн хороонд ямар ч хамаарахгүй гэдэг нь 2014 онд шүүхээс албан ёсоор тогтоож өгсөн. Мөн ийнхүү барилгын ажилтай холбоотой хажуу талын барилгын эзэмшигч болох нэхэмжлэгч С.Э болон эхнэртэй сүүлдээ өөрт холбогдож Д.Б гэдэг хүнтэй уулзсан. улмаар Д.Б нь С.Э 2 000 000 000 төгрөг  авах саналтай байна гэсэн ярилцлагыг өгчихсөн байгаа. Яагаад гэвэл манайхан зөвшөөрлийн дагуу ажиллагаагаа явуулж байна гэсэн хариу хэлэхэд хэрэв тэгвэл танайх нэлээн дайралтад өртөнө гэснээр маргааш нь элдэв хүмүүс ирээд ажиллагааг зогсоосон гэсэн ярилцлага өгчихсөн байгаа. Үүний дагуу Э.Б*******ы өгсөн ярилцлагын дагуу мэдээг бэлдсэн. .mn сайтын зүгээс ярилцлагад дуудаж байгаа дүгнэлт нь С.Э болон Э.Б******* нарын хоорондох ярилцлагын ярианы хүрээнд бэлдэн мэдээ байгаа. Э.Б*******аас утсаар залгаж асуухад энэ бүх ярьсан ярилцлагад үнэн надад нотлох баримт байгаа гэсэн хариу өгсөн байгаа. Мөн нэхэмжлэлд дурдсан дээрх гүтгэлгийн шинжтэй, бусдын нэр төр алдар хүндэд гэм хор учруулсан гэх үндэслэл байхгүй. Манайх мэдээллийн эх сурвалжийн тэнцвэртэй байх зарчмаас гажиж нэг талыг барьсан гэх ойлголт байхгүй тул Э.Б*******аас ярилцлага авч мэдээ бэлтгэгдсэн байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 2.2.Хариуцагчийн өмгөөлөгч М.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: . Сэтгүүлч н.Т гээд хүний мэдээг манай үйлчлүүлэгч тавьсан. Өдрийн сонин, бусад веб сайтууд гээд бараг 10 гаран эх сурвалж дээр нийтлэгдсэн байх. Үүнээс .mn сайтыг хариуцагчаар татаж байгаа. Өмнөх мэдээллийн хэлбэлзэлтэй байдлын талаар сая ярилаа. .mn сайтын өөрөө мэдээлэл тавиагүй, гэхдээ нийтэлсэн учраас  хэрэгт оролцож байгаа. Нэр төрд, алдар хүндэд халдсан гутаан доромжилсон мэдээлэл гэдэгт 3 багц зүйл байгаа. Нэхэмжлэлд дурдсан 2 000 000 000 төгрөгийн асуудал, хамгаалалтын албаны асуудал, мөн салбарын дарга гэсэн гурван асуудал яригдаж байгаа. Нэр төрд халдсан шинж ер нь байгаа юм уу гэдэг асуудал. Яг үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн зураг байхгүй. Энэ мэдээгээр Сгийн Э гэдэг нэг, хоёр тайлбар гарсан байгаа. Тэгээд саяын багц мэдээний  үндэслэлийнх нь сүүлийн хоёр дээр нь С.Э  гэдэг тэгсэн, хамгаалалтын албыг тэгсэн, С.Э тэгсэн гэж яг нэр заагаагүй юм байсан тэр талаар мөн анхаарах ёстой. Яагаад гэхээр яг энэ нь нарийн үг үсэг тэр агу руу нь орж шинэ маргааныг шийдэх учраас, мөн нэр төрд халдсан, бизнесийнх ажил хэрэгт халдсан уу, хохирол учрав уу гэдэг нь чухал юм. Зүгээр яах вэ хүнийг бодитой бус мэдээлэл хэллээ гэж бодоход тэр нь нэгдүгээрт нь халдсан байдлыг л шалгах ёстой. Тэгээд ийм байдал ерөөсөө байхгүй л байгаад байгаа. Нотлогдохгүй байгаад байгаа учраас одоо энэ  хоёр хүмүүсийн хоорондын харилцааг шүүхэд авчирчихсан л асуудал болчхоод байгаа юм. Бизнес хоорондын тохиролцохгүй асуудлыг авчирчихсан асуудал байгаа. Тэгэхээр энэ нь Иргэний хуулийн гэм хорын нэг төрд халдсан асуудал байхгүй гэв.

 

3.Хариуцагч Э.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан асуудлууд болох 2 тэрбум төгрөг нэхсэн, барилгын ажил зогсоосон гэх мэт асуудлууд нь өөрийн байдлаар манай зүгээс гаргасан гомдлоор Х******* дүүргийн цагдаагийн хэлтэс дээр 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 231004124 дүгээр прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан нөхцөл байдал үүссэн байх тул тус хуулийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

3.1.Хариуцагч Э.Б*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо С.Эгийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан учир худал мэдээллийг тараасан гэх хэлбэр зэрэгцлээр няцаалт хийхийг даалгаж, С.Эгийн нэр төр, алдар хүнд, ажил хэрэг, хэргийн үүргийг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, 17 дугаар зүйлд зүйлд зааснаар хүн амьд явах, нэр нэр төр, нэр төр нь халдашгүй байх эрхтэй хэн болох бусдын нэр төр, алдар хүндийг хүндлэх үүрэгтэй байхаар зохицуулсан. Иргэн Э.Б******* нь иргэн С.Эгийн  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд гутаасан мэдүүлгийн тараагаагүй байгаад  бодитоор өөрийн санаа, үзэл бодлоо хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан илэрхийлсэн. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотлох үүргийг хүлээсэн тул дараах нотлох баримт, үйл баримтад үндэслэн тайлбар байна. Нэгдүгээрт өмгөөлөгч Б.Бар дамжуулан 2 000 000 000 төгрөг авах саналтай байна гээд хэлүүлсэн талаар Ө ХХК нь Х******* дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт тэмээтэй хөшөөний зүүн талд 2967 м.кв талбай бүхий газрын эрхийг эзэмшдэг. Энэхүү  талбайд Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний дагуу барилгын аж суурийн ажлыг гүйцэтгэхээр 2023 оны 9-10 дугаар сарын дотор төлөвлөн ажилласан байдаг аа. Энэхүү барилгын ажлыг хийгдэх явцад иргэн С.Э түүний эхнэр н.Д нартай удаа дараа уулзаж утсаар холбогдсон. Түүний өмгөөлөгч н.Б нартай уулзах үйл явдал болж өнгөрсөн. .mn сайтад гарсанчлан өмгөөлөгч н.Б гэдэг хүнийг уулзуулан  манай үйлчлүүлэгч С.Э 2 000 000 000 төгрөг авах саналтай байна гэдгийг хэлсэн байдаг. Энэхүү нэхэмжилсэн төлбөр нь хууль ёсны дагуу одоо хууль ёсны төлбөр үү, эсхүл хууль бусаар аргаад бусдаас их хэмжээний төлбөр нэхэмжилсэн үү гэдэг асуудал чухал гэж ингэж үзэж байгаа. Монгол Улсад аливаа иргэн, аж ахуйн нэгж барилга барихдаа барилгын тухай хууль,  түүний дагаж гарсан стандартууд, норм дүрэм журмаар тогтоосон хэмжээнд холбогдох холбогдох төлбөр хураамжийг төлөх ёстой гэдгийг заасан. Ө ХХК-ийн зүгээс холбогдох дээр дурдсан холбогдох төлбөр хураамжуудыг хөрөнгө тогтоомжид нь нийцүүлээд зөвшөөрлийн хураамжийг төрийн байгууллага, зохих байгууллагуудын тушаалд тушаах зөвшөөрсний үндсэн дээр Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын 2023 оны 9  дүгээр сарын 13-ны өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гарсан байдаг. Э.Б*******, Г.А нар нь барилга барих талаар зөвлөгөө авч,  хамтран ярилцаж, санал солилцох талаар уулзсан нь үнэн боловч  иргэдийн ээлжит гишүүн болон н.Д нартай албан ёсоор гэрээ хэлцэл байгуулж баталгаажуулсан гэрээ хэлцэл байхгүй. Ямарваа нэгэн төсөв байхгүй, баримт гэх зүйл байхгүй. Хоёрдугаарт барилгын ажлыг зогсоосон талаар Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын дээр дурдсан зөвшөөрлийн дагуу барилгын суурийн ажлыг 2023 оны 9-10 дугаар са төлөвлөн ажилласан байдаг. Барилга барих бэлтгэл ажил буюу суурийн ажлыг гүйцэтгэхээр эргэн бэлтгэл хийх явцад маш олон удаагийн үйлдлээр барилгын ажлыг зогсоосон байж байгаа. Ингээд үл таних хүмүүс, 2 сар орчим,мөн зарим тохиолдолд 70-80 хамгаалах албаны ажилтан барилгын талбайд байгаа ажилтнуудыг дарамтлах, доромжлох, сүрдүүлэх байдлаар үйл ажиллагааг нь зогсоож байгаа. Бид нар хамгийн сүүлд хавтаст хэргийн материал дотор энэ талаарх одоо баримтуудыг өгсөн байгаа. Энэ нь бол одоо флашинд дотор яг тэнд болж байгаа үйл баримтыг газар дээр болж байгаа үйл баримтуудыг бичлэгт буад баримтуудад үзлэг хийлгэсэн байгаа. Тухайн бичлэг дээр яг одоо тэр барилга барих гэж байгаа ажилтнуудыг одоо тэр барилгын талбай дээрээс нь түрүүлж гаргаад хашааг нь хааж байгаа ийм үйл явдал байдаг. Тайлбараараа бол одоо энэ бол манай огт хамааралгүй энэ бол  оршин суугчид гэдэг энэ тайлбарыг өгч байгаа боловч бодит байдал дээр энэ бол хамгаалалтын алба зохион байгуулсан хамгаалалтын албаных нь дарга нь одоо н.Батжаргал гэдэг хүн байж байгаа. Ингээд ийм байдлаар үйл ажиллагаанд нь саад учруулж эхэлсэн. Гуравдугаарт 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн .mn сайтад гарсан мэдээнүүд байгаа  нэр төр халдсан гэх тухайн өдрийн мэдээ н.Б гэдэг хүний уулзуулан манай үйлчлүүлэгч С.Э 2 000 000 000 төгрөг авах саналтай байна гэдгийг хэлсэн байдаг гэдгээс өөрөөр нэхэмжлэгчийн нэр төрд халдсан нь одоо юу гэдэг юм. Нэр хүндээсээ өөр тогтоол огтоос дурдагдаагүй. Гэрчүүдийн мэдүүлэг ч гэсэн зөрөхгүй нэг зүйл ярьсан, нэр төрд халдсан гэх байдлаар нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Дөрөвдүгээрт гэрчүүдийн мэдүүлгийн талаар болсон хэргийн талаар иргэн н.А, н.Д, н.Б гэх гурван иргэнээс гэрчийн мэдүүлэг авсан байгаа юм. Тэгэхээр за иргэн н.Аын мэдүүлгийн 2 дахь хуудасны эхний дугаар нь манай үйлчлүүлэгч С.Э 2 000 000 000 төгрөг авах саналтай байна гэдгээ хэлсэн гэж байгаа. Үүнийг н.Бтай уулзах үед н.Б ингэж хэлсэн гэдгийг тайлбарлаж гэрчийн мэдүүлгээр хэлсэн гэж байгаа. н.Д гэрчийн мэдүүлгийн 2 дахь хуудсанд догол  мөрөнд байгаа. Манай нөхрийн өмгөөлөгч н.Б уулзаад 2 000 000 000 төгрөгийн зардал гарах юм байна гээд хэлүүлсэн гэж байгаа юм. н.Бын мэдүүлэгт 2 000 000 000 төгрөг авах саналтай байна гэдэг үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийг дамжуулж хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл одоо энэ мэдээн дээр гараад байгаа зүйлийг гэрчүүд ерөөсөө гэрчүүд нэг  үйл баримтаар нотолж нэг л процессыг яг л мэдүүлсэн 2 000 000 000 төгрөг авах саналтай байна гэдгийг н.Б дамжуулж хэлсэн гэдгээ хэлсэн. н.Аын хувьд өмгөөлөгчөөрөө дамжуулж 2 000 000 000 төгрөг авах саналтай байна гэдгээ бидэнд мэдэгдсэн гэдэг юм байна. Ерөөсөө гэрчүүдийн энэ мэдүүлэг дээр ерөөсөө зөрсөн зүйл ерөөсөө огтоос байхгүй 2 000 000 000 төгрөг авах саналтай байна гэдгээ л тодорхой ойлгомжтойгоор мэдэгдсэн. Дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлэг 2 000 000 000 төгрөг авах санал тавьсан гэдэг нь тодорхой болсон ба энэхүү төлбөрийг чухам юунд зориулж байгаа за ямар учир шалтгаанаар авхуулсан юм, энэ нь хууль ёсны дагуу юм. С.Э гэдэг хүнд төлөх ёстой төлбөр мөн үү, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий одоо шаардлага тавьсан уу гэдэг ийм асуудал байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа огт нотлоогүй гэж үзэж үзэж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

3.2.Хариуцагчийн өмгөөлөгч Б.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс хэсэгчлэн товч хэлээд байгаа. Гэхдээ ер нь бол ярилцлагыг гурван агуар нь уншиж судлах хэрэгтэй гэж бодож байна. Ярилцлага агуулгын хувьд түрүүн юу гэж хэлсэн С.Эгийн хуульч гэж хэлсэн гэж хэлээд байгаа. Хөрш залгаа барилгын эзэмшигч бид  дундаа утпээ ашиглая. Тэр хөлс мөнгө хэд болох вэ, энээ тэрээ гээд 2 000 000 000 төгрөг  хэт өндөр үнэ санагдсан гэж, Ерөнхийдөө товчхон агуулгын хувьд бол ингэж ярьсан байгаа. Тэгэхээр эндээс юу гэж асууна вэ гэхээр С.Эгийн хуульч ярьсан болохоос биш С.Э л гэж хэлсэн гэдэг зүйл бол байхгүй. С.Эд бол огт чиглээгүй. мөн 2 барилгын үйл ажиллагаа эрхлэгч бизнесмен хүмүүс  барилгын үйл ажиллагаа явуулдаг, хоорондоо гардаг энгийн өдөр тутмын бизнесийн маргааныхаа зүйлийг ярьсан байдаг. Өөрөөр хэлэх юм бол бизнесмен хүн наймаа ярьсан. Наймаа ярихдаа ийм хүндрэл бэрхшээл  гарсан юм гэдэг агуар ерөнхийдөө ярьсан. Ярилцлагын  агуд гарсан байдаг. Тэгэхээр яг С.Эий нэр төр, алдар хүндэд нь халдсан тийм гутаасан зүйл  огт байдаггүй юм. Үүнийг мөн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хоёрдугаарт ярилцлагад С.Эгийн талаар .mn сайтад тавигдаагүй. Ярилцлагаас харахаар С.Э гэж яг ямар хүнийг хэлээд байгаа нь бол ерөөсөө ямар ч тодорхойгүй. Тэгэхээр өөрт нь мэдээлсэн болон гутаасан гэж үзээгүй. Тэгэхээр эндээс юу гэж харж байна гэхээр С.Э гэж ямар хүн байдаг вэ гэдэг нь тэр уншсан ч гэж өөрөө ойлгоогүй, мэдэх боломжгүй байсан учраас зөвхөн өөрт нь мэдээлсэн байна гэж үзэх нөхцөл байдал харагдаж байна. Тэгэхээр гутаасан гэдэг шинж нь өөрөө яах вэ гэхээр хүмүүс нь өөр хүнд мэдээлсэн байхад л энэ ярилцлага дээр огт тэр шинж нь байхгүй байгаад байгаа гэсэн үг. Гэрчийн мэдүүлэг, бусад хууль зүйн үндэслэлийг сүүлийн өмгөөлөгчийн дүгнэлтдээ хэлье. Ерөнхий ярилцлагын агуулгыг  буруу ойлгоод байна  гэж үзэж байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн цахим нийтлэл, итгэмжлэл, Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/1277 тоот албан бичиг /хэргийн 3-9, 22, 114-1-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Б******* ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар, .mn, .mn, .mn, .mn цахим сайтын нийтлэл /хэргийн 13-14, 21, 95-113-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Э.Б*******аас итгэмжлэл, Х******* дүүргийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 231004124 дүгээр Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол, хариу тайлбар /хэргийн 16, 122, 175-177-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр .mn  сайтад 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нийтлэлд үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Х.Аын 885 дугаарын утасны мессеж, вайбер, Э.Б*******ы 995 дугаарын утасны мессежинд үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Д.Б, Ш.Д, Х.А нарыг дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэл, хариуцагч Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхэд баримтаар гаргаж өгсөн флашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 61-70, 125-145, 172-173-р хуудас/-ийг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Б*******ыг хариуцагч Б******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг .mn сайтаар “эхлээд газар, дараа нь 2 тэрбумыг нэхэхэд нь өгөөгүйгээс бүх гүтгэлэг эхэлсэн” гэсэн гарчигтайгаар худал, мэдээ мэдээлэл тарааж нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тул уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэхээр шаардсан.

 

3.Хариуцагч Э.Б******* нь болсон бодитой явдлыг ярьсан, Үндсэн хуульд заасан үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй, бид барилгын зөвшөөрөлтэй, хамтран ажиллах талаар санал солилцож байсан нь үнэн боловч 2 тэрбумыг авна гэж хэлсэн, үйл ажиллагаанд саад учруулж эхэлсэн талаар ярьсан, мөн маргаан бүхий нийтлэлтэй холбоотойгоор эрүүгийн журмаар гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хариуцагч Б******* ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангахаар Э.Б*******аас тодруулж ярилцлага авч, “Эхлээд газар, дараа нь 2 тэрбумыг нэхэхэд нь өгөөгүйгээс бүх гүтгэлэг эхэлсэн” гэсэн гарчигтай мэдээг бэлтгэн олон нийтэд хүргэсэн, уг ярилцлагад нэхэмжлэгч С.Эгийн нэр дурдагдаагүй, дээрх мэдээ нь гүтгэлгийн шинжтэй биш, бусдын нэр төр, алдар хүндэд гэм хор учруулах санаа зорилго агуулаагүй, уг ярилцлага нь өөр бусад сайтад нийтлэгдсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Хариуцагч Э.Б******* нь хариуцагч Б******* ХХК-ийн .mn сайтад 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн ярилцлагадаа “...хажуу талын барилгын эзэмшигч болох С.Э болон эхнэртэй нь манай гэргий бид хоёр хэд хэдэн удаа уулзаж байв. Тэд өөрсдийнх нь хуульч Д.Б гэдэг хүнийг бидэнтэй уулзуулсан. Тэр хүн манай үйлчлүүлэгч С.Э 2 тэрбум авах саналтай байна гэж палхийтэл хэлсэн. Манай байшингийн хажууд барилга барих гэж байгаа бол ийм хэмжээний мөнгө өг гээд нэхээд л байгаа. Ямартай ч манай бүх зөвшөөрөл хууль ёсны дагуу гарсан тул бид барилгаа эхлүүлнэ гэдгээ хэлэхэд хэрэв тэгвэл танайх дайралтад өртөнө дөө гэсэн. Харуул хамгаалалтын алба гээд том биетэй залуус авчираад, хүч хэрэглэж манай хашааг нураагаад газар шорооны ажил болон суурийн бэхэлгээ хийх ажлыг зогсоосон. Манай улс хуультай ардчилсан улс. Гэтэл эмнэлгийн өргөтгөл барих гэхээр хажуу талын байшингаас өдөөн турхираад, мөнгө нэхэж шантаажлаад байдаг нь зөв үү. Өөрөө болохоор өндөр байшин дотроос хүмүүсийг турхираад л. ...Монгол хүний эрүүл мэндийн төлөө ийм хөрөнгө оруулалтыг төр засгаас эхлээд дэмжих байх гэж бодож байсан ч шантаажингуудаас болоод гацчихлаа” гэж ярьсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан www..mn сайтад, фэйсбүүкийн нүүр хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

 

6.Талуудын маргааны зүйл нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үндэслэлгүй, худал мэдээлэл тараасан талаар байна, уг мэдээг нийтэлсэн, сайтад ярилцлага өгсөн талаараа маргаагүй.

 

7.Нэхэмжлэгч нь хариуцагчийг дээрх www..mn сайтад өгсөн ярилцлагадаа нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, худал, үндэслэлгүй мэдээ мэдээллийг олон нийтэд тараасан нь үзэл бодлоо илэрхийлсэн  гэж үзэхгүй, хариуцагч Б******* ХХК нь мэдээллийн үнэн зөвийг нягтлах, мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн Үндсэн хуулинд заасан халдашгүй байх эрхийг зөрчсөн гэсэн.

 

7.1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт “...мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно...” гэж тус тус заажээ.

7.2.Хариуцагч Э.Б*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь .mn сайтад өгсөн ярилцлагадаа барилгын ажлын талаар ярьсан, хажуу талын барилгыг эзэмшдэг С.Э, түүний эхнэртэй уулзаж байсан, хуульч Д.Б нь 2 тэрбум төгрөг авах саналтай байгаа талаараа хэлсэн, хөрөнгө оруулагч маань зөвшөөрөөгүй тул маргаан гарсан, болсон бодит үйл явдлын талаар ярилцлага өгсөн гэж тайлбарласан.

7.3.Хариуцагч Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр "Н.Т: Олимпын аварга Э.Б*******д хандаж хэлэхэд олны хайрыг хүлээж чадахгүй бол түмний шившиг болдог шүү” гэсэн гарчигтай мэдээг бэлтгэн олон нийтэд хүргэсэн, мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс тухайн өрнөж байгаа үйл явдалтай холбоотой 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Э.Б*******аас тодруулж, өгсөн ярилцлагын хүрээнд “Эхлээд газар, дараа нь 2 тэрбумыг нэхэхэд нь өгөөгүйгээс бүх гүтгэлэг эхэлсэн” гэсэн гарчигтай мэдээг бэлтгэн олон нийтэд хүргэсэн тул мэдээлэл эх сурвалжийн тэнцвэртэй байх зарчмыг баримталсан бөгөөд .mn, .mn, .mn, .mn гэх цахим мэдээллийн сайтууд маргаан бүхий барилгын ажилтай холбоотой мэдээлэл нийтэлсэн байхад ганцхан манай мэдээллийн сайтыг хариуцагчаар татсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, Х.Аын 88 дугаарын утаснаас С.Эгийн 91 дугаарын утас руу бичсэн мессеж, Х.Аын 885 дугаарын утаснаас Ш.Дгийн 916 дугаарын утас руу вайбераар бичсэн зурвас, Э.Б*******ы 995 дугаарын утаснаас С.Эгийн 91 дугаарын утас руу бичсэн мессеж, гэрч Х.А, Д.Б нарын мэдүүлгээр нотлогдоно гэсэн.  

 

7.4.Гэрч Х.А шүүхэд мэдүүлэхдээ “...2023 оны 8 дугаар сард Ө ХХК-ийн эзэмшлийн газар доогуур явж байгаа дулааны шугамыг шилжүүлэх ажлынхаа зөвшөөрлийг Улаанбаатар дулаан түгээхээс авсан. Тэр ажлыг хийх гэсэн чинь тодорхой хэсэг нь хажуу талын хөршийн барилга буюу Рын газар доор ажил хийгдэх шаардлага гарсан. Манайхаас тавьсан хүсэлт нь болохоор нэгдүгээрт тэдний газрын доор явж байгаа дулааны шугамыг шилжүүлэхэд шаардагдах хэсэгт ажил хийх зөвшөөрөл авах, үсрээд 3 хоногийн дотор бид нар хийгээд буцаагаад яг анх байсан байрлалд нь эргүүлээд өгье гэдэг хүсэлт тавьсан. Хоёрдугаарт, манай компанийн энэ газарт барилга барих зөвшөөрлүүд гарч байгаа. Тиймээс хойшдоо ч гэсэн байнга хөрш байх юм чинь энэ барилгын ажлаа танай барилгын замтай уялдуулъя, хамтарч ажиллая гэсэн хүсэлт тавьж би нөхөр Э.Б*******ы  хамт С.Э, түүний  эхнэр Ш.Дтэй уулзсан” гэж мэдүүлжээ.

7.5.Мөн гэрч Ш.Д шүүхэд мэдүүлэхдээ “...Э.Б*******ы зүгээс хамтран ажиллах санал тавьсан. Манай нөхрийн барьсан барилгын хажууд тэднийх оффисын барилга барихаар зургаа гаргаж байгаа бөгөөд түүн дээрээ хамтарч ажиллах санал тавихаар уулзсан. Тэднийх саналаа амаар болон бичгээр тавьж ирсэн. Бичгээр тавьсан санал дээр нь шугам, сүлжээ, цахилгааны ажил хийх, орц гарцыг нэгтгэх дундаа ашиглах, хоёр барилгыг нэгтгэх гүүр хийх гэх мэт саналыг тавьсан. Анх хамтарч ажиллах саналыг Э.Б*******ы талаас гаргасан, тэдний зүгээс гэрээ бэлдэж над руу явуулсан. Түүний даруу гарах зардлаа л хэлсэн. Тэрнээс биш өөр ямар ч зорилго байхгүй” гэж, гэрч Д.Б шүүхэд мэдүүлэхдээ “...2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хамтарч ажиллая гэснийхээ дагуу 8 дугаар сарын 26-ны өдөр Х.А нь Ш.Д гэдэг хүн рүү гэрээний төслөө хүргүүлсэн байдаг. Ямар зүйл дээр хамтарч ажиллах гэж байгаа гэдгээ өмнө нь албан бичиг болон холбогдох зүйлүүд дээрээ дурдсан байсан. Надад өгсөн, миний танилцсан баримтаар бол 33/2 тоот барилгын ертөнцийн зүгээр зүүн талд нь Ч гэдэг 23 давхар барилга барих гэж байгаа. Ч гэдэг барилгаа С ХХК-ийн  барьчихсан 33/2 тоот орон сууцтай холбосон шилэн гүүр хийе, танайхаас цахилгаан дулааны нөхцөл авъя,  дундын хашаагүй болъё, автомашины зогсоолоо хамтарч эзэмшье, хамтарч ажиллая гэсэн ийм санал тавьсан байдаг. Дээрх саналуудын ажил хийгдвэл өөрөөр хэлбэл 2 барилгын хооронд шилэн гүүр тавих,  цахилгаан дулаан, цахилгааны нөхцөл авах,  дундын хашаагаа авах, автомашины зогсоолыг нэгтгэх, гарах нийт зардал нь 2 000 000 000 төгрөг байна шүү гэж хэлсэн. Энэ саналыг нь дамжуулж гэрээн дээрээ хамтарч ажиллая гэсэн. 8 дугаар сарын 31-ний өдөр уулзахад Э.Б******* бид нар хамтарч ажиллах гэж байгаа танайхаас үнийн саналаа хэлээч гэж хэлж байсан. Ингээд 2 000 000 000 төгрөг гэдэг үйлчлүүлэгчийнхээ саналыг дамжуулж хэлсэн” гэжээ.

 

7.6.Дээрх гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгч С.Э хариуцагч Э.Б******* нарын хооронд хамтран ажиллах талаар санал солилцож, уулзаж харилцаж байсан талаар хэн аль нь мэдүүлсэн, мөн энэ талаар нэхэмжлэгч С.Э болон Э.Б******* нар хүлээн зөвшөөрч маргаагүй, нэхэмжлэгч нь бодит байдлыг зөрүүтэй илт худал мэдээлсэн гэх боловч талуудын хооронд 2 тэрбум төгрөгийн талаар яригдаж байсан байна гэж үзэв.  

7.7.Мөн нэхэмжлэгч нь “...бид барилгаа эхлүүлнэ гэдгээ хэлэхэд хэрэв тэгвэл танайх дайралтад өртөнө дөө гэсэн. Харуул хамгаалалтын алба гээд том биетэй залуус авчираад, хүч хэрэглэж манай хашааг нураагаад газар шорооны ажил болон суурийн бэхэлгээ хийх ажлыг зогсоосон, хажуу талын байшингаас өдөөн турхираад, мөнгө нэхэж шантаажлаад байдаг нь зөв үү. Өөрөө болохоор өндөр байшин дотроос хүмүүсийг турхираад л. ...шантаажингуудаас болоод гацчихлаа” гэж нэр хүндийг болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэх боловч хариуцагч Э.Б*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх мэдээлэл нэхэмжлэгчийг нэр дурьдагдаагүй, түүний нэр төрд халдаагүй, тойроод олон өндөр байшин байдаг, мөн Захиргааны хэргийн шүүхэд маргаантай үйл баримт байгаа гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/1277 тоот “Хууль норм дүрмийн хэрэгжилтийг хангуулах тухай” албан тоот болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

7.8.Хариуцагч Б******* ХХК нь мэдээллийг түгээх дэлгэрүүлэх, хэвлэн нийтлэх эрхийн хүрээнд уг ярилцлагыг нийтэлсэн бусад мэдээллийн эх сурвалжид уг ярилцлага мөн нийтлэгдсэн байхад зөвхөн манай сайтад нийтлэгдсэн мэдээллийг нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэж үзсэн нь үндэслэлгүй гэж тайлбарласан, нэхэмжлэгч нь www..mn сайтад нийтлэгдсэн мэдээлэл нь үнэн, бодитой байдаг гэж маргасан боловч хэрэгт авагдсан баримтаар уг ярилцлага нь .mn, Livetv.mn сайтад “Б*******: Хүмүүст үнэнийг ойлгуулаагүй нь миний алдаа байх”, Мэдээ.mn, .mn сайтад “Э.Б*******:Эхлээд газар, дараа нь тэрбумыг нэхэхэд нь өгөөгүйгээс дайралт эхэлсэн” гэсэн гарчигтайгаар тус тус нийтлэгдсэн байх тул хариуцагч Б******* ХХК-ийг гутаасан мэдээг тараасан гэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.

 

8.Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрх чөлөөтэй, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана” гэж тус тус заажээ.

8.1.Мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлд “1.Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй, 2. Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана” гэжээ.

 

8.2.Иймд хариуцагч Э.Б*******, Б******* ХХК нь Үндсэн хууль болон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хүрээнд аливаа мэдээллийг хүлээн авч, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөөтэй, энэ эрхээ хэрэгжүүлсэн байна.  

8.3.Хэдийгээр хүний нэр төр, алдар хүнд халдашгүй байх эрх бол Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т заасан халдашгүй, чөлөөтэй байх ерөнхий эрхээр хүлээн зөвшөөрөгдсөн үндсэн эрх боловч хариуцагч нар нь нэхэмжлэгчийг уг эрхэд халдаж, түүний нэр, төр, алдар хүндийг болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан, нэхэмжлэгчийн нэр төр, түүний ажил хэргийн нэр хүндэд хохирол учирсан үйл баримт тогтоогдохгүй байна .

9.Иймд нэхэмжлэгч С.Эгийн хариуцагч Б******* ХХК, Э.Б******* нарт холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг тараасан тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

10.Нийслэлийн Х******* дүүргийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №231004124 дүгээр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” прокурорын тогтоолоор иргэн Х.А нь Х******* дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ө ХХК-ийн барилгын талбайд үйл ажиллагаа явуулах гэхэд нэр бүхий хүмүүс 2 тэрбум төгрөг өг гэж дарамталж худал мэдээлэл тараасан гэх гомдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсүгэй гэсэн байна.

10.1.Хариуцагч Э.Б*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх гомдол шалгагдаж байгаа гэсэн боловч дээрх гомдлыг иргэн Х.Ааас гаргасан байх бөгөөд энэ үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

11.Иргэдийн төлөөлөгч Д.С нь “Б******* хэвлэл мэдээллийн хэрэгслээр Э гэдэг хүний нэр төрд халдсан нь баримт нотолгоотой учир гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлтийг гаргасан боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримт талуудын тайлбараар нэхэмжлэгчийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

12.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар нэхэмжлэгч С.Эгийн хариуцагч Б******* ХХК, Э.Б******* нарт холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг тараасан тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ХУЛАН

 

                                       ШҮҮГЧ                                  Б.ГОНЧИГСУМЛАА

                                                            

                                       ШҮҮГЧ                                  Б.МӨНХЖАРГАЛ