| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шагдаргомбын Төмөрбаатар |
| Хэргийн индекс | 2022000000086 |
| Дугаар | 2020/ДШМ/28 |
| Огноо | 2020-12-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2020/ДШМ/28
М.Даваадоржид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй
Прокурор Б.Батцэцэг
Шүүгдэгч М.Даваадорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш
Нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нарыг оролцуулан тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн М.Даваадоржид холбогдох 2022000000086 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 05 сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, япон орон судлаач, орчуулагч мэргэжилтэй, Япон хэлний сургалтын төв ажиллуулдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн 286 байранд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Түмэд овгийн Мөнхсайханы Даваадорж /РД:ЗЮ94053013/
Шүүгдэгч М.Даваадорж нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 05 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Анужин” үйлчилгээний төвийн хашааны гадна талд иргэн П.Ган-Эрдэнийг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дундговь аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Түмэд овгийн Мөнхсайханы Даваадоржийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Түмэд овгийн Мөнхсайханы Даваадоржид 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоо зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Даваадорж нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдэж, шүүгдэгч М.Даваадорж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 1.690.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Ган-Эрдэнэ нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Даваадоржоос нэхэмжлэх эрхтэйг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн CD 2 ширхгийг шүүгдэгч М.Даваадоржид холбогдох эрүүгийн 2022000000086 дугаартай хэрэгт хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Даваадоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч М.Даваадорж давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Мөнхсайханы Даваадорж намайг иргэн П.Ган-Эрдэнийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэж Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэж 700000 төгрөгөөр торгох ял ногдуулсан.
Миний бие Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Би иргэн П.Ган-Эрдэнийг нэг удаа цохисноо хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч би яагаад П.Ган-Эрдэнийг цохих болсон бэ гэдгийг анхан шатны шүүх тогтоолгүй намайг шийтгэсэн гэж үзэж байна. Учир нь, П.Ган-Эрдэнэ бид хоёр бие биенээ огт танихгүй, урьдын ямар нэгэн өс хонзон. өр авлагын зүйл байхгүй.
Хэрэг болох үед П.Ган-Эрдэнэ нь миний найз Б.Гандөшийг цохисон. Түүнийгээ анхан шатны шүүх хуралдаанд болон мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн миний найзыг дахиж цохиж. зодох гэсэн байдалтай тухайн үед байхад нь би П.Ган-Эрдэнийг хорьж зогссон. Тэр үед П.Ган-Эрдэнэ намайг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед би миний өөдөөс ирсэн довтолгоон буюу П.Ган-Эрдэнийн гаргасан үйлдэлд хариу үйлдэл хийж П.Ган-Эрдэнийг нэг удаа цохисон. Улмаар тэрээр цагдаа дуудсан.
Надад П.Ган-Эрдэнийг цохих ямар ч санаа байгаагүй. Харин түүний үйлдэлд би хариу үйлдэл хийсэн нь П.Ган-Эрдэнийг цохиж, түүнд гэмтэл учруулсан.
Би П.Ган-Эрдэнийг цохисноо хүлээн зөвшөөрдөг. Тийм ч учраас П.Ган-Эрдэнэ надаас шаардсан мөнгүүдийг өгсөн.
Гэвч яагаад намайг П.Ган-Эрдэнийг цохих болов оо гэдгийг шүүх тогтоогоогүй намайг шийтгэсэн байх тул давж заалдах гомдол гаргаж байна.
Мөн би тухайн үед П.Ган-Эрдэнийн үйлдлийг түүнд халдаж буюу цохиж таслаагүй бол өнөөдөр би болон миний найз хохирогч болчихсон, нөхцөл байдал ямар байх байсныг тааж мэдэхгүй байна.
Иймд Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Мөнхсайханы Даваадоржийн гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянахад хэргийн оролцогчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч М.Даваадорж нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн үед Сайнцагаан сумын төвд байрлах “Анужин” үйлчилгээний төвийн хашааны гадна талд иргэн П.Ган-Эрдэнийг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт цохиж зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэх хэрэгт холбогдон эрүүгийн хариуцлагад татагдсан ба сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан үзээд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, ял оногдуулжээ.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болжээ.
Энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын болон шүүхийн шатанд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн гэх байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.Даваадорж нь иргэн П.Ган-Эрдэнэд хүндэвтэр хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг боловч энэхүү үйлдлийг гаргах болсон шалтгаан нь хохирогч П.Ган-Эрдэнээс өөрийгөө болон найзыгаа хамгаалсан аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн гэж тайлбарлан давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгчийн энэ гомдол нь нотлогдохгүй байна. Хэргийн болсон байдал, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаас дүгнэн үзэхэд аргагүй хамгаалалт хийхээс аргагүй байдалд байсан гэж үзэх эрүүгийн эрх зүйн ямар нэгэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн хэн боловч халдашгүй эрхтэй бөгөөд, ямар нэг хуульд үл нийцэх аргаар, үл ялих зүйлээр шалтаглан, иргэний эрх чөлөөнд хууль бусаар халдах ёсгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангид заасан ялыг сонгон тохируулж хэрэглэсэн бөгөөд дээрх ялыг өөрчлөх, хүчингүй болгох ямар нэгэн хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Даваадоржийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ш.ТӨМӨРБААТАР
Н.НАСАНЖАРГАЛ