Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Т.Жавхлантөгс, шүүгдэгч Ц.Батцооз, хохирогч К.Эрболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Батцоозод холбогдох эрүүгийн 1736000450028 дугаартай, 178/2017/0112/Э/ индекстэй хэргийг 2017 оны 9 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                   Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 9 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Цагаан морь малын зах дээр мал зардаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сум, Бугат 4-40 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Хиргис овогт Цогоогийн Батцооз /РД: ПЗ72092519/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ц.Батцооз нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажтллагаа явуулдаг “Цагаан морь” малын зах дээр 2017 оны 8 сарын 05-ны өдөр К.Эрболдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Батцооз нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан морь” малын зах дээр 2017 оны 8 сарын 05-ны өдөр К.Эрболдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дараах бичгийн нотлох баримтаар гэм буруутай болох нь нотлогдож байна. Үүнд: 

1. Хохирогч К.Эрболдын “...Би Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан морь” малын зах дээр 2017 оны 8 дугаар сарын 05-ны өглөө 08 цагийн үед мал авахаар очсон. Тэгээд сүүлд нэрийг нь сонсоход Батцооз гэх хүн дээр очоод мал ямар үнэтэй юм бэ гэж асуухад 115 000 төгрөг гэж хэлсэн. Тэгтэл нэг эрэгтэй ирээд Батцоозоос 110 000 төгрөгөөр 1 хонь аваад явчихаар нь би надад хонио 115 000 төгрөг гэж хэлчхээд 110 000 төгрөгөнд хонь зарчихлаа гэтэл намайг заамдаад миний нүүр хэсэгт толгойгоороо нэг удаа мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

2. Шинжээчийн 2017 оны 8 сарын 08-ны өдрийн 391 дугаартай “К.Эрболдын биед гэмтэл учирсан. К.Эрболдын биед дээд эрүүний зүүн талын 21 дүгээр шүдний цууралт, дээд эрүүний зүүн талын 2 дугаар шүд бага зэргийн хөдөлгөөн, дээд уруулын дотор талд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. К.Эрболдын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх /хх-ийн 17-р хуудас/ дүгнэлт .

3. Шүүгдэгч Ц.Батцоозын яллагдагчаар мэдүүлсэн “...Би Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан морь” малын зах дээр 2017 оны 8 дугаар сарын 05-ны өглөө 08 цагийн үед байж байтал Эрболд гэх хүн ирээд мал ямар үнэтэй юм бэ гэж асуухаар нь 115 000 төгрөг гэж хэлсэн. Тэгтэл нэг эрэгтэй ирээд 110 000 төгрөгөөр 1 хонь өгчих гэхээр нь зөвшөөрөөд хонио барьж өгөөд зогсож байтал Эрболд чи надад хонио 115 000 төгрөг гэж хэлчхээд 110 000 төгрөгөнд хонио зарчихлаа гээд намайг заамдаад авахаар нь би Эрболдын нүүр хэсэгт нь толгойгоороо 1 удаа мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.Батцооз хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/-аар тогтоогдож байгаа тул үйлдсэн гэмт хэрийн нийгмийн аюулын шинж чанар болон улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тул торгуулын ял оногдуулав.

Шүүхээс шүүгдэгчийг торгох ялыг биелүүлэх хугацаа заагаагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулийн ялыг гүйцэтгэх үүрэгтэй.

Шүүх хуралдаанд хохирогч хохиролд шүдний үнэ 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. Шүүгдэгч хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг өгөх боломжгүй хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэв.

Хохирогч хохирлын баримт шүүхэд ирүүлээгүй, хавтаст хэрэгт хохиролтой холбоотой баримт хавсаргагдаагүй, шүүгдэгч хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг хүлээн зөвшөөрөөгүй тул хохирогч хохирлоо Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгч Ц.Батцоозын эзэмшлийн 29 инчийн LG брэндийн хар өнгийн зурагт, БНХАУ-д үйлдэрлэсэн цагаан өнгийн хөлдөөгчийг битүүмжилж, шүүгдэгч Ц.Батцоозод хадгалах, хамгаалах үүрэг хүлээлгэсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг шүүгдэгч торгуулийн ялыг биелүүлэх хүртэл хэвээр үлдээх шаардлагатай.    

Шүүгдэгч Ц.Батцооз нь цагдан хоригдсон хоноггүй, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Хиргис овогт Цогоогийн Батцооз нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.  Шүүгдэгч Ц.Батцоозыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгж буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Батцооз нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Ц.Батцооз торгуулийн ялыг биелүүлэх хүртэл түүний эзэмшлийн 29 инчийн LG брэндийн хар өнгийн зурагт, БНХАУ-д үйлдэрлэсэн цагаан өнгийн хөлдөөгчийг битүүмжилж, шүүгдэгч Ц.Батцоозод хадгалах, хамгаалах үүрэг хүлээлгэсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2017 оны 9 сарын 01-ний өдрийн 5/13 дугаартай  Прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

5. Хохирогч К.Эрболд нь хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.  Шүүгдэгч Ц.Батцооз нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Болотбекэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.БАЯСГАЛАН