Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/02841

 

 

 

 

 

 

 

2024 07 26 181/ШШ2024/02841

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: А ХЗХ эхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Ж

 

Хариуцагч: М.А нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 23,699,588.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хоршооны гишүүн *******, М.******* нар нь хоршоонд 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр автомашин худалдан авах зээлийн зориулалтаар 25,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай олгох хүсэлт гаргасан.

******* ХЗХ нь уг хүсэлтийн дагуу 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр *******, М.******* нартай ЗГ21228 тоот Зээлийн гэрээ байгуулж, сарын 2.29%-ийн хүүтэй, 25,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай олгосон.

Зээлдэгч *******, М.******* нар нь 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 14,800,650.05 төгрөг төлсөн бөгөөд зээлийн үлдэгдэл 17,001,431.55 төгрөг болсон. *******, М.******* нар ЗГ21228 тоот зээлийн гэрээний хавсралт №01-д заасны дагуу cap бүрийн 10-ны өдөр үлдсэн зээлийг хүүгийн хамт төлөх үүрэггэй байсан ч 2022 оны 8 дугаар сараас эхлэн хугацаа хэтрүүлж, зээлийн төлөлт хийгээгүй болно.

Хоршооны зүгээс зээлээ төлөх талаар шаардахад *******, М.******* нартай холбогдоход удахгүй төлнө гэдэг байсан боловч 2022 он гарснаас хойш өдөр бүр л утас болон чат руу нь залгаж, зээлийн төлбөрийг төлөхийг шаардаж байсан боловч *******, М.******* нар нь зээлийн гэрээгээ хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээлээ төлөөгүй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Зээлийн гэрээний 2.3-т Зээлдэгч нь үндсэн зээл болон түүний хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарь /Хавсралт №1/-ийн дагуу төлж барагдуулаагүй хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Иймд *******, М.******* нараас үндсэн зээл 17,001,131.55 төгрөг, зээлийн хүү 6,172,814.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 525,311.94 төгрөг, нийт 23,699,558.22 төгрөгийг гаргуулж Алтандавалгаа ХЗХ-нд олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие ******* Алтандавалгаа ХЗХ-ны нэхэмжилсэн 23,699,558 төгрөгийн нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Миний бие 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тус төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Алтандавалгаа ХЗХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *******, М.******* нарт холбогдох 23,699,558.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* (ХН78041372) би хариуцагч М.*******гаас татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Алтандавалгаа ХЗХ нь хариуцагч *******, М.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,699,588.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.*******гаас татгалзсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь Алтандавалгаа ХЗХ-ны нэхэмжилсэн 23,699,588.22 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч Алтандавалгаа ХЗХ-ны нэхэмжилсэн 23,699,588.22 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, *******, М.******* нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,447 төгрөгөөс 138,223.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 138,223.5 төгрөгийг, хариуцагч *******аас 138,223.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Алтандавалгаа ХЗХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ