Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2023/0563/З |
Дугаар | 128/ШШ2023/0679 |
Огноо | 2023-09-12 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2023/0679
2023 09 12 128/ШШ2023/0679
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Гомдол гаргагч: “А.....” ХХК
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е...., Ч.А...., Ш.Е....
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Т.М*******э
Гомдлын шаардлага: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00..... дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е...., Ч.А..., Ш.Е...., хариуцагч Т.М..., шүүх хуралдааны ийн бичгийн дарга Б.У... оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч “А....” ХХК нь Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00.... дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтыг дурдвал
2.1.Гомдол гаргагч “А....” ХХК-д ажиллаж байсан нэр бүхий 4 иргэнээс 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт ажил олгогчоос 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй буюу Нийгмийн даатгалын тухай хуулийг зөрчиж даатгуулагчийн эрх ашгийг хохироосон тухай өргөдөл гаргасан байна.
2.2.Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газраас Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан тодорхой ажиллагааг явуулж, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 06/535 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлсэн.
2.3.Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гомдол гаргагч “А*******” ХХК-ийн ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг шалгахад Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1-т заасныг тус тус зөрчсөн байсан.
2.4.Тус Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Т.М*******э нь 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “А*******” ХХК-д холбогдуулан 23 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
2.5.Улмаар Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Т.М*******э нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 00 дугаартай шийтгэлийн хуудсыг гомдол гаргагч “А*******” ХХК-д холбогдуулан гаргажээ.
2.6.Тус шүүх гомдол гаргагч “А*******” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий гомдлыг 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Т.М*******эд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: “А*******” ХХК-аас 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Т.М*******эд холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 00 дугаартай “А*******” ХХК-ийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгож, 419,072,131 төгрөгийн шимтгэл, алданги төлүүлэхээр шийтгэсэн шийтгэлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж шүүхэд хүргүүлсэн.
Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Т.М*******э нь “А*******” ХХК-ийг зарим ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагад тогтоосон хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 23 дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Т.М*******э нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа “А*******” ХХК-ийн захирал Э.А*******ын тодорхой эрхүүдийг зөрчсөн талаар өмнөх нэхэмжлэлд тодорхой, дэлгэрэнгүй бичсэн болно. Улсын байцаагч Т.М*******э нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “А*******” ХХК-ийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгож, 300.055.924 төгрөгийн шимтгэл, алданги төлүүлэхээр 0041401 дугаартай шийтгэлийн хуудас үйлдэн оролцогч Э.А*******т тухайн өдөр танилцуулж гарын үсэг зуруулснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссан байна.
Гэтэл 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр түүнийг дахин дуудаж, “А*******” ХХК-ийг 2 дахь удаа 00 шийтгэлийн хуудсаар дахин 500 нэгжээр торгож, 419.072.831 төгрөгийн шимтгэл, алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 0041401 дугаартай шийтгэлийн хуудсыг улсын байцаагч Т.М*******э өөрөө хүчингүй тэмдэг дарж хүчингүй болгосон талаар Э.А*******т амаар тайлбарласан байна. Шийтгэлийн хуудсыг өөрөө хүчингүй болгосон үйлдэл нь Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж , шүүхэд хүргүүлнэ” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн 00 дугаартай шийтгэлийн хуудсыг холбогдогчид 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр танилцуулсан боловч шийтгэлийн хуудсыг 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөр бичиг хэргийн материалд хавсаргасан нь өмнөх 0041401 дугаартай шийтгэлийн огноотой ижил буюу нэг өдөр хоёр шийтгэл оногдуулсан байна.
Үүнээс дүгнэхэд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт дотоод аудитын тасгийн байцаагч Т.М*******э нь 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр эхлээд 41401 дугаартай шийтгэлийн хуудас үйлдэж “А*******” ХХК-ийг зарим ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагад тогтоосон хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгож, 300,055,924 төгрөгийн шимтгэл, алданги төлүүлэхээр шийдвэрлэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дуусгасан байна. Гэтэл мөн өдөр дахин 00 дугаартай шийтгэлийн хуудсаар алданги шимтгэлийг 419,072,831 төгрөг болгон өөрчилж дахин 500 нэгжээр торгосон нь 00 дугаартай шийтгэлийн хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан "хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан", мөн 1.6 дахь хэсэгт заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон.
2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 0041401 дугаартай шийтгэлийн хуудсыг 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 23 дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсны үндсэнд “А*******” ХХК-ний зөрчлийг илрүүлж торгосон, харин 00 дугаартай шийтгэлийн хуудсыг ямар дугаартай хэрэгт, тухайн компанийн ямар зөрчилд оногдуулж байгаа нь ойлгомжгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “зөрчил тус бүр шийтгэл оногдуулна” гэж заасан. Гэтэл нэг зөрчилд давхардуулан шийтгэл оногдуулсан, эсхүл зөрчил үйлдэгдээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй, зөрчлийн хэрэг нээгдээгүй байхад ямар учиртай 419,072,831 төгрөгийн шимтгэл, алданги тооцоод байгаа нь ойлгомжгүй, илт хууль бус акт гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” шийдвэрийг гаргуулах.
Шүүгчийн захирамжид тусгасан зарим асуудлуудад нэмэлт тайлбар хийхэд Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст бус тус байгууллагын Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн байцаагч Т.М*******эд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Мөн нэхэмжлэл гаргагч нэхэмжлэлдээ 00 дугаартай шийтгэлийн хуудсыг холбогдогчид 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр танилцуулсан байхад яагаад одоо шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа эсэх гэсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт оролцогчийн гомдлоор зөрчил шалган шийдвэрлэнэ гэжээ. Тус хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.15- д заасан албан тушаалтан бол нийгмийн даатгалын байцаагч тул тус албан тушаалтны шийтгэлийн хуудастай холбоотой нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргахаар хуульчилсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч шийдвэрийг хэдий 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр танилцсан боловч захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар хуульчилсан байна.
Иймд Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн байцаагч Т.М*******ийн 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 00 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү. гэв.
4.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Е шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ Хариуцагч нь 402 дугаар шийтгэлийн хуудсыг хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн үндэслэж 402 дугаар шийтгэлийн хуудсыг гаргасан гэж тайлбарладаг. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан. 402 дугаартай шийтгэлийн хуудсыг 401 дугаартай шийтгэлийн хуудастай харьцуулж үзэхэд 401 дугаартай шийтгэлийн хуудасны тогтоох хэсэг дээр торгууль, нөхөн төлөх нийгмийн даатгалын хэмжээг тодорхойлон заасан бол 402 дугаартай шийтгэлийн хуудас дээр торгууль, нөхөн төлөх нийгмийн даатгалын хувь хэмжээнээс гадна шинээр алданги нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнийг бид утга агуулгын хувьд илт алдаатай гэж үзэж байна.
Энэ нь тооцооны алдаа биш, шинээр захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Монгол улсын Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын шийтгэлийн хуудас хэрэглэх журмыг баримталсан гэдэг. Уг 135 дугаар тогтоолд “шийтгэлийн хуудсыг үг, үсэг, тооцооллын алдаатай бичсэн бол тухайн шийдвэрийг холбогдогчид хүргүүлж танилцуулахаас өмнө хүчингүй болгож болно гэж заасан. Гэвч хариуцагч эхний 401 дугаартай шийтгэлийн хуудсыг холбогдогчид танилцуулж хүргүүлсний дараа 402 дугаартай шийтгэлийн хуудас гаргасан.
Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа дуусаж прокурор руу шилжүүлсний дараа 402 дугаартай шийтгэлийн хуудас хүргүүлсэн. Тухайн хариуцагч маань зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа дуусаад, шилжүүлэх тухай прокурорын тогтоол гарсны дараа дахиад гаргасан. 402 дугаар шийтгэлийн хуудсыг холбогдогчид прокурор руу шилжсэний дараа 04 дүгээр сарын 12-ны өдөр танилцуулсан байдаг. Шийтгэлийн хуудас болон холбогдогчид танилцуулсан огноог засварласан байдаг. 402 дугаартай шийтгэлийн хуудсыг 4 дүгээр сарын 05-ны өдөр үйлдээгүй байхад 4 дүгээр сарын 5-ны өдөр үйлдсэнээрээ огноог нь засварласан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.8 дахь хэсэгт “эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж заасан. Энэ заалтыг зөрчиж хариуцагч өөрөө дур мэдэн шийтгэлийн хуудсыг бичсэн. Зөрчлийн материал дотроо 2 дахь шийтгэлийн хуудсыг үйлдэх болсон тайлбар, үндэслэлээ нотлох баримтаар хавсарна. Дээрх байдлаар хариуцагчийн гаргасан 402 дугаартай шийтгэлийн хуудас нь эрх зүйн олон зөрчилтэй акт байгаа учир Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт зааснаар захиргааны акт гэж үзэхээргүй байна. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар захиргааны эрх зүйн акт гаргах үндэслэл байгаагүй. Эхний шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр байсаар байхад дахин шийтгэлийн хуудас гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байна. гэв.
5.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тухайн журам дээрээ агуулга, тооцоолол өөрчлөгдөөгүй бол эрх бүхий албан тушаалтан засвар оруулна гэж заасан. Манай зүгээс үзэхдээ 402 дугаартай шийтгэлийн хуудас бол засвар орсон биш, шинээр орсон шийтгэх хуудас гэж үзэж байна. Тооцооллыг юу гэж ойлгох вэ гэхээр 2+2=4 гэж тооцоолол бодох ёстой байтал 2+2=3 гэж бодсоныг тооцооллын алдаа гэж үзэхээр байгаа. Гэтэл эрх бүхий албан тушаалтан маань 401 шийтгэлийн хуудсыг гаргахдаа алданги тооцохгүйгээр үндсэн төлөх шимтгэлийн бичиж шийтгэлийн хуудсыг гаргаж хэргийн оролцогчдод танилцуулж зөрчлийн процессын асуудлаа дуусгаж прокурорын хяналтад өгсөн асуудал байгаа. Прокурорын хяналтад байхад алданги тооцоогүй байна гэдэг асуудаг гарснаар хэргийн оролцогч А*******ыг дахин дуудаж ямар нэгэн тэмдэглэл үйлдэхгүйгээр алдангийг чинь бодоогүй байна энэ дээр гарын үсэг зурчих гээд Зөрчлийн тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан эхний актаа хүчингүй болгоход прокурорт хүсэлт гаргаж, прокурор шүүхэд шилжүүлж, шүүх хүчингүй болгох хуулиа ноцтой зөрчиж тэмдэг дарж 401 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон. Энэ талаар ямар ч зохицуулалт байхгүй. Илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. “А*******” ХХК эрх бүхий албан тушаалтан, төрийн байгууллагатай алдангиа төлөхгүй гэсэн ямар ч маргаа байхгүй. Өнөөдрийн байдлаар 60,70 сая төгрөгийн шимтгэлээ сар бүр төлөөд явж байгаа. гэв.
6.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Т.М*******-ий 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 00 дугаар бүхий шийтгэлийн хуудсаар “А*******" ХХК-г Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 500 нэгжээр торгож, Нийгмийн даатгалын санд төлбөл зохиох 300.055.924,38 /гурван зуун сая тавин таван мянга есөн зуун хорин дөрвөн төгрөг гучин найман мөнгө/, хугацаа хэтрүүлсэн алданги болох 119.016.906,92 /нэг зуун арван есөн сая арван зургаан мянга есөн зуун зургаан төгрөг ерэн хоёр мөнгө/ нийт 419.072.831,30 /дөрвөн зуун арван есөн сая далан хоёр мянга найман зуун гучин нэгэн төгрөг гучин мөнгийг төлүүлэхээр шийтгэсэн шийтгэлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг “А*******” ХХК-с тус шүүхэд гаргасан байна.
“А*******” ХХК-д ажиллаж байсан нэр бүхий 4 даатгуулагч иргэнээс 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт ажил олгогч “А*******” ХХК нь 2022 оны 4 сараас 2023 оны 02 сар хүртэлх төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй Нийгмийн даатгалын тухай хуулийг зөрчиж даатгуулагчийн эрх ашгийг хохироосон тухай өргөдлийг гаргасан. Тус газраас Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан тодорхой ажиллагааг хийж зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 06/535 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлсэн.
Нэхэмжлэгч “А*******” ХХК-ний Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг шалгахад Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.1, 16.1, 17.1.1-т заасныг тус тус зөрчсөн тул Зөрчлийн 2310000681 дугаарт хэргийг нээж холбогдох хууль, журмын хүрээнд шалгах ажиллагааг гүйцэтгэн зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тус байгууллагыг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 00 дугаар бүхий шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан.
Нэхэмжлэгчээс Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гаргасан хариу тайлбарт дурдсан маргаан бүхий 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0041401 дугаартай шийтгэлийн хуудсанд тооцооллын алдаа гарсан байсныг хяналтын байцаагч Т.М*******э залруулан холбогдогч талд мэдэгдэж 0041401 дугаартай шийтгэлийн хуудасны /маягт-1/ 00 дугаар бүхий маягтаар сольж хугацаандаа төлөөгүй шимтгэлийн хугацаа хэтрүүлсэн алданги болох 119.016.906,92 /нэг зуун арван есөн сая арван зургаан мянга есөн зуун зургаан төгрөг ерэн хоёр мөнгө/ нийт 419.072.831,30 /дөрвөн зуун арван есөн сая далан хоёр мянга найман зуун гучин нэгэн төгрөг гучин мөнгийг төлүүлэхээр шийтгэсэн байна. "Тооцооллын алдаа гэдэгт Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Тайлбар хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан байх тул өмнөх 0041401 дугаарт шийтгэлийн хуудасны маягт дээр “А*******" ХХК-ний Нийгмийн даатгалын санд үүсгэсэн үндсэн өр болох 300.055.924,38 /гурван зуун сая тавин таван мянга есөн зуун хорин дөрвөн төгрөг гучин найман мөнгө/-г бичиж алдангийг нэмж тооцолгүй орхигдуулсан байсан учраас тооцооллын алдааг залруулан 00 дугаар бүхий шийтгэлийн хуудасны маягтаар сольсон.
Монгол Улсын Засгийн газраас 2021 онд баталсан 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журмын 2.5-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсыг 3 хувь үйлдэж, эх хувийг материалд хавсаргаж, 2 дахь хувийг холбогдогчид өгч, үлдэх хувийг энэ журмын 2.4-т заасан албан тушаалтанд өгч, тооцоо хийнэ.” гэж энэ журмын 3.3-т ‘Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудас шийтгэлээс чөлөөлөх хуудас тавыг үг, үсгийн болон тооцооллын алдаатай бичсэн бол тухайн шийдвэрийг холбогдогчид танилцуулж, хүргүүлэхээс өмнө зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтанд танилцуулсны үндсэн дээр хүчингүй болгож болно. Хүчингүй болгосон шийтгэлийн хуудсыг энэ журмын 2.4-т заасан албан тушаалтанд тайлбар болон шинээр бичилт хийсэн шийтгэлийн хуудасны хуулбарын хамт хүлээлгэн өгнө.” гэж заасан байна.
Энэ журамд зааснаар 0041401 дугаар бүхий шийтгэлийн хуудасны маягт /3 хувь/-р байх бөгөөд тус хуудсанд тооцооллын алдаа гарч солих тухай холбогдогч буюу “А*******” ХХК-ний Э.А******* нь мэдсэн мөн өөрт байсан 0041401 дугаар бүхий шийтгэлийн хуудасны 1 хувийг хяналтын байцаагч Т.М*******э өгч 00 дугаарт шийтгэлийн хуудсыг авсан байна. Энэ нь тооцооллын алдаа гарсан шийтгэлийн хуудсыг солих үйлдэл хэмээн үзэх үндэслэлтэй тул давхар буюу нэг өдөр хоёр шийтгэл оногдуулсан гэх үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч нь дээр дурдсан асуудлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 зүйлийн 8 дах хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж тайлбарт бичсэн байх бөгөөд энэ хэсэгт “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж, шүүхэд хүргүүлнэ” гэжээ. Эрх бүхий албан тушаалтан буюу Т.М*******ийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 00 дугаарт шийтгэлийн хуудсыг дээд шатны эрх бүхий албан тушаалтан буюу хуулиар эрх олгогдсон /дээд шатны албан тушаалтан, прокурор/ хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзээгүй энэ талаар мөн холбогдогч талаас ямар нэгэн санал гаргаагүй байна. Мөн “өөрчлөх үндэслэлтэй” гэж үзвэл гэдгийг Зөрчлийн тухай хуулийн тодорхой зүйл хэсэг нь тухай шийтгэлд тохироогүй байхыг өөрчлөн хуульд нийцүүлэхийг ойлгож байх тул дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй болно.
Маргаан бүхий 00 дугаартай шийтгэлийн хуудас нь Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зөрчил гаргасан этгээдэд шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсыг хуульд нийцүүлэн гаргасан бөгөөд хариуцагчаас хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үндэслэл тогтоогдохгүй болно. 00 дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг хангасан мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д “захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр. гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх:” 47 дугаар зүйлд заасан шинжүүдийг агуулаагүй байх тул илт хууль бус болохыг тогтоох боломжгүй болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 3.2-т заасан шийдвэр гаргах үндэслэлгүй гэж үзэж байна.
Хяналтын байцаагч Т.М*******ийн үйлдсэн 0041401 дугаартай шийтгэлийн хуудсанд тооцооны алдаа гарч Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй.”, гэж заасны дагуу алдааг засаж 00 шийтгэлийн хуудсыг үйлдсэн байна. Энэ хуулийн 45.2-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актын илэрхий алдааг засахыг шаардах эрхтэй.” гэж заасан боловч нэхэмжлэгч “А*******” ХХК-ний захирал Э.А******* уг эрхээ шаардаагүй болох нь 2310000681 дугаартай зөрчлийн хэрэгт авагдсан 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн уулзалтын тэмдэглэл, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргэд авагдсан баримтад алдангийн талаарх байр сууриа илэрхийлсэн байдаг бөгөөд тухайн шийтгэлийн хуудсанд алданги бичигдээгүй байгааг мэдсэн боловч тус алдааг засах тухай мэдэгдээгүй байна.
Иймд маргаан бүхий 00 дугаартай шийтгэлийн хуудсан нь захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус болох шинжийг агуулаагүй байх тул нэхэмжлэгч “А*******” ХХК-ний захирал Э.А*******ын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.” хэмээн заасан хугацаа хэтрүүлсэн гэж тогтоон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
7.Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “401 дүгээр шийтгэлийн хуудсыг алданги тооцолгүйгээр төлөх 300,000,000 төгрөгийн шимтгэлийг бичсэн байсныгаа тооцооны алдаагаа засаж “А*******” ХХК-ийн захирал А*******т танилцуулсан. Өмнө өгсөн шийтгэлийн хуудсаа буцааж аваад, 3 хувиар авч хүчингүй болгоод, 2021 оны Засгийн газрын 135 дугаар тогтоолыг үндэслэж шинээр 402 дугаартай шийтгэлийн хуудсаа алданги, шимтгэл, төлөгдөөгүй шимтгэл, Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.3 дугаар зүйлд зааснаар алдангийг тооцоож тооцооны алдаагаа засаж шинээр шийтгэлийн хуудсаа бичиж А*******т танилцуулж өгсөн. 300,000,000 сая төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 5-нд бичсэн шийтгэлийн хуудаснаас хойш одоог хүртэл даатгуулагч хохироод, 300,000,000 төгрөгөөс 190,000,000-өөд сая төгрөгийг одоо болтол төлөөгүйн улмаас даатгуулагч мөн адил өнөөдрийг хүртэл хохироод явж байгаа. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Гомдол гаргагчаас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн шимтгэлийн хувь хэмжээ үндэслэлтэй эсэхийг хянах эрх хэмжээ байхгүй, эрх бүхий албан тушаалтан зөрчлийг нотолж чадаагүй гэж”, хариуцагчаас “Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь хэсэгт заасан хэрэглэгчийн хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан гэж” тус тус маргажээ.
3.Нийгмийн даатгалын ерөнхий газар 2023 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн “Гомдол мэдээллийг шалгах тухай” 06/535 дугаар албан бичгийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад хүргүүлсэн байна.
4.Уг албан бичигт: “Тус газарт ХУД-ийн 15 дугаар хороонд оршин суугч Д.Х******* /УЗ*******/, ХУД-ийн 21 дүгээр хороонд оршин суугч Э.Б /ДЮ*******/, СХД-ийн 15 дугаар хороонд оршин суугч Л.О /УИ*******/, ХУД-ийн 24 дүгээр хороонд М.Б /ОР*******/ аас өргөдөл ирүүлсэн байна.
Өргөдөлд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалт, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг зөрчиж нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байх тул нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос төлүүлэх чиглэлээр хуульд заасан арга хэмжээ авч хохиролгүй болгож өгнө үү гэж өргөдөл ирүүлсэн байна.
Иймд нэр бүхий даатгуулагчаас Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалт, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг зөрчиж нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэх гомдол мэдээллийн дагуу тус газраас 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг удирдлага болгон 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2023/01 дугаартай эрх бүхий албан тушаалтны харьяаллын дагуу шилжүүлэх тогтоол гарсан тул холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийн хэрэг нээж ажиллахыг үүгээр мэдэгдэж байна.” гэжээ.
6.Гомдол гаргагч “А*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.А******* 2023 оны 03 дугаар сарын 24-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор өгсөн мэдүүлэгтээ:“... Асуулт: “А*******” ХХК нь Нийгмийн даатгалын хэлтэст 2023 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 300055924.38 төгрөгийн өртэй байгааг хүлээн зөвшөөрч байна уу, Хариулт:Тийм мэдэж байгаа, Асуулт:Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заагдсан хуулийн арга хэмжээ авагдана гэдгийг ойлгож байна уу, Хариулт:Тиймээ ойлгож байна, Асуулт:Зөрчлийн тухай хуульд заагдсан Тайлбар хэсгийн Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заагдсан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийг 50 хувиас хэтрэхгүй байна хэмээн заагдсаны дагуу алданги тавигдахыг ойлгож байна уу, Хариулт:Ойлгож байна аа, Асуулт:2023/1 тоот зөрчлийн хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн баримтуудтай танилцав уу, Хариулт:Тиймээ, Асуулт:Зөрчлийн хэрэг үүсгэсэн байдалтай танилцаж үр дагаврыг ойлгосон уу, Хариулт:Тийм ээ бүрэн ойлголоо.” гэжээ.
8.Хариуцагч нь дээрх шийтгэлийн хуудсаа зөрчлийн тухай хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй дүнд ногдох алдангийг ногдуулаагүй орхигдуулсан гэх үндэслэлээр 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0041401 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
9.Дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосонтой холбогдуулан хариуцагч нь маргаан бүхий Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00 дугаар шийтгэлийн хуудсыг гаргасан байна.
10.Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “А*******” ХХК-ийг 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн 30,005,5924.83 төгрөгийн өр, авлага үүсгэсэн гэж үзэж, тус компанийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.3-т заасны дагуу 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хуульд заасан хугацаанд төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 30,005,5924.83 төгрөг, түүнд ногдох алданги 119,016,906.92 төгрөг, нийт 419,072,831.30 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
11.Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйл.“Нийгмийн даатгалын ерөнхий тухай хууль зөрчих”, 3.“Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”,Тайлбар: “...-Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна. ...” гэж тус тус заажээ.
12.Хуулийн дээрх заалт болон түүний тайлбараас үзвэл, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэл болон нөхөн төлбөр, алданги нь үндэслэлтэй байна.
13.Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйл.“Захиргааны актын илэрхий алдааг засах”, 45.1.“Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй.” гэж заажээ.
14.Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, захиргааны байгууллага, албан тушаалтан нь захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр засах боломжтой байна.
15.Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0041401 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 00 дугаар шийтгэлийн хуудсыг бичсэн нь хуулийн дээрх заалттай нийцжээ.
16.Тодруулбал, тооцооллын алдаатай буюу хуульд заасан хугацаанд төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд ногдох алдангийг орхигдуулж бичигдсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, маргаан бүхий 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 00 дугаар шийтгэлийн хуудсаар холбогдох алдааг засварласан нь хуулийн дээрх заалттай нийцсэн байна.
17.Мөн дээрх байдлаар засварлаж шийдвэрлэсэн нь захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулга өөрчлөгдөөгүй байна.
18.Гомдол гаргагчаас маргаан 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 00 дугаар шийтгэлийн хуудас нь захиргааны акт илт хууль бус байх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3.“тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;”, 47.1.6.“захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэж заасан шинжүүдийг агуулсан гэж тайлбарлан маргажээ.
19.Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэдгийг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтан нь өөрт хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргасан байхыг, мөн захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдгийг захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасан байх зэрэг тохиолдлуудыг ойлгохоор байна.
20.Маргаан бүхий Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00 дугаар шийтгэлийн хуудас нь захиргааны акт илт хууль бус байх дээрх шинжүүдийг агуулаагүй байх тул гомдол гаргагчийн гомдлын шаардлагын үндэслэл үндэслэлгүй байна.
21.Иймд дээрх үндэслэлээр гомдол гаргагч “А*******” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус баримтлан “А*******” ХХК-аас Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн хяналт, шалгалтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ