| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/05049/И |
| Дугаар | 181/ШШ2024/02462 |
| Огноо | 2024-06-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2024/02462
2024 06 17 181/ШШ2024/02462
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 41 дүгээр хороо, * тоот хаягт оршин суух Ж овогтой Ч.О /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, * тоот хаягт оршин суух, Б овогт Б.Б /РД:*/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Тоног төхөөрөмж гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Б.Б-д холбогдуулан тоног төхөөрөмж гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Нэхэмжлэгч Ч.О би 2022 оны 6 дугаар сард Б.Б-д 1 сарын хугацаатай, сарын 500,000 төгрөг төлөхөөр, барилгын арматурын 4 төрлийн 4 ширхэг багажаа түрээслүүлэхээр өгсөн. Гэвч Б.Б одоог хүртэл тоног төхөөрөмжийг буцааж өгөөгүй, мөн түрээсийн мөнгө төлөлгүйгээр элдэв шалтаг тоочин өнөөдрийг хүрч байна. Иймд 10,000,000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг багаж, тоног төхөөрөмжийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Б овогтой Б миний бие нэхэмжлэгч Ч.О-ын нэхэмжилсэн 4 ширхэг арматурын багаж гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
3. Зохигчид шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрсэн гэрээндээ:
Нэхэмжлэгч Ч.О, хариуцагч Б.Б нар нь харилцан тохиролцож, хариуцагч Б.Б нь арматур тасдагч, арматур матагч, хом матагч, авто катанг сунгагч гэх дөрвөн тоног төхөөрөмжийг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор шинээр нь захиалан нэхэмжлэгч Ч.О-т хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Б.Б-д холбогдуулан тоног төхөөрөмж гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.О-ын нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг тоног төхөөрөмж гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрч, арматур тасдагч, арматур татагч, ком матагч, катанги сунгагч гэх дөрвөн тоног төхөөрөмжийг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор шинээр захиалан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Б.Б-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ч.О-ын нэхэмжлэлтэй, Б.Б-д холбогдох тоног төхөөрөмж гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Б.Б нь арматур тасдагч, арматур матагч, хом матагч, авто катанг сунгагч гэх дөрвөн тоног төхөөрөмжийг 2024 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн дотор шинээр нь захиалан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Б.Б-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.О-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гаас 87,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ