| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 1916000760070 |
| Дугаар | 2020/ДШМ/16 |
| Огноо | 2020-05-15 |
| Зүйл хэсэг | 22.8.1.1., |
| Улсын яллагч | Б.О |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2020/ДШМ/16
Н.Л холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Т.Ж, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М
Хохирогч О.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нарыг оролцуулан
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 65 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.О-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр Н.Л холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ... -ний өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 3-р багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, ДЛ........... регистрийн дугаартай, Ж овогт Н.Л.
Шүүгдэгч Н.Л нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тус газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу байгаль хамгаалагчийн пост барих ажилд хөрөнгө гаргах тухай А/11 дугаартай тушаал гарган 4.098.000 төгрөгийн зардал хавсралтаар баталж, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлбөрийн 1, 2, 3, 4 дугаартай хүсэлтэд гарын үсэг зурж, 2.266.000 төгрөгийг Хаан банкны 531518......... дугаартай О.Д-ийн дансанд, 855.000 төгрөгийг Хаан банкны 531531......... дугаартай Н.Н-ын дансанд, 95.000 төгрөгийг 100051200..... дугаартай татварын хэлтэс гэсэн дансанд, 300.000 төгрөгийг Хаан банкны 531510..... дугаартай "Мон суль" ХХК-ий дансанд тус тус шилжүүлж улсын төсвөөр баригдаж байгаа барилгын угсралтад шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн ашиглах замаар төсөвт өртгийг бүрдүүлж завшин улсад 3,516,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д зааснаар шүүгдэгч Н.Л холбогдох 1916000760070 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Н.Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан прокурор эсэргүүцэл бичих шүүгдэгч түүний өмгөөлөгч гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шүүгдэгч Н.Л нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тус газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу байгаль хамгаалагчийн пост барих ажилд хөрөнгө гаргах тухай А/11 дугаартай тушаал гарган 4.098.000 төгрөгийн зардал хавсралтаар батлаж, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлбөрийн 1, 2, 3, 4 дугаартай хүсэлтэнд гарын үсэг зурж, 2.266.000 төгрөгийг Хаан банкны 5315189......... дугаартай О.Д-ийн дансанд, 855.000 төгрөгийг Хаан банкны 531531......... дугаартай Н.Н-ын дансанд, 95.000 төгрөгийг 1000512........ дугаартай татварын хэлтэс гэсэн дансанд, 300.000 төгрөгийг Хаан банкны 5315100........ дугаартай "Мон суль" ХХК-ий дансанд тус тус шилжүүлж улсын төсвөөр баригдаж байгаа барилгын угсралтад шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн ашиглах замаар төсөвт өртгийг бүрдүүлж завшин улсад 3,516,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.
Шүүгчийн захирамжинд хэргийг прокурорт буцаах болсон үндэслэлээ “Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй дараах үндэслэл тогтоогдлоо.
Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан гэмт хэргийн шинж нь “улсын төсөв, өөрийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралтад шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүн ашиглах замаар төсөвт өртгийг бүрдүүлж, хөрөнгө завшсанаас хохирол учирсан” байхыг хэлнэ.Түүнчлэн Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт “барилга байгууламж” гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг ойлгоно гэж нэр томьёоны хувьд тайлбарлажээ...” гэжээ. Гэтэл байгаль хамгаалагчийн пост нь “барилга байгууламж” гэх ойлголтод хэрхэн хамаарч байгааг тодорхойлох, түүнийг нотлохуйц баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл байгаль хамгаалагчийн пост нь барилга байгууламж мөн болохыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байна. Мөн байгаль хамгаалагчийн пост барьсан бараа материалын чанарыг тогтоох ажиллагаа хийгдээгүй. Тухайн постыг барихад ашигласан бараа материалуудын тус бүрийн шинж чанарыг тодорхойлох, шаардлага хангасан эсэхийг тогтоолгүйгээр шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүн ашигласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй хийсвэр дүгнэлт болсон байна. Хөрөнгө зарцуулах тухай тушаалын хавсаралтад заагдсан шаардагдах бараа материалын үнийн жагсаалтаар төсөвт өртгийг тогтоох боломжтой эсэх түүнээс шүүгдэгч Н.Л нь хэдэн төгрөгийг хэрхэн завшиж хохирол, хор уршиг учруулсныг нарийвчлан тогтоогоогүй байна. Учирсан хохирол, хор уршгийг бүрэн, үндэслэлтэйгээр тогтоож чадаагүй гэж үзлээ. Учир нь тухайн байгаль хамгаалагчийн пост нурсан нь түүний угсралтыг чанаргүй хийж гүйцэтгэснээс болсон уу? угсралтад ашигласан бараа материалын чанараас болсон уу? эсвэл байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлээс үүссэн үү? гэдийг нарийвчлан тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтуудаар дан ганц шүүгдэгч Н.Л-ийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль хамгаалагчийн пост нурж, хохирол учирсан болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй байна. Энэ үйлдэлд нь бусад этгээд хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх буюу буруутай байх эсэхэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж прокурор шийдвэрлэлгүй орхигдуулжээ. Тухайн бараа материалын үнийн шилжүүлэг болон бусад шилжүүлгийг шүүгдэгч дангаараа хийж гүйцэтгэх боломжтой эсэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт прокурор хийгээгүй байна.
Энэ төрлийн хамгаалалтын байр барихад баримтлах стандарт, журам, заавар байдаг эсэх түүнийгээ хэрхэн баримталсныг тогтоох ажиллагаа хийгдээгүй байна. Санхүүгийн хуурамч бичиг баримтыг иргэн Д.О нь санаатайгаар үйлдээгүй гэж үзэн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 116 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хэргийг хаажээ. Улмаар прокурор тухайн хуурамч бичиг баримт хийсэн үйлдэлд хэн буруутай болох талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд өөр ямар нэгэн шийдвэр гаргалгүйгээр тухайн асуудлыг орхигдуулсан нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхээргүй байна.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж тодорхойлсон. ...Эд хөрөнгийн хохирол учирсан хуулийн этгээд байж болох “Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааг” хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоолгүйгээр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Г.Д, О.Б нарыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхээр байна.” гэж тайлбарласан байна. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг нь Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журам, улсын эдийн засгийн аюулгүй байдалд халддаг нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт “төсөв” гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг, 4.1.6-д “улсын төсөв” гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг; 4.1.38-д “төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг; 4.1.35-д “төсвийн захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг хэлнэ. Энэ хуулийн зохицуулалт болон хэрэгт авагдсан баримтаар байгаль хамгаалагчийн хяналтын байр барихаар төсөвлөсөн хөрөнгө нь улсын төсвийн мөнгө, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /эсхүл дарга/ нь төсвийн захирагч болох нь тогтоогдсон байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад төсвийн тогтвортой байдлыг хангасан байх; төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх; санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх; ил тод байдлыг хангасан байх; хариуцлагатай байх зарчмыг баримтална” мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүргийг тодорхой заасан байна. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Л нь Төсвийн тухай хуульд заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангасан байх, хариуцлагатай байх зарчмыг баримталж, мөрдлөг болгон хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Б-ий өгсөн: “...Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний тусгай захиалгат нийлүүлэх бүтээгдэхүүнд Дархан цаазат Хасагт хайрхан ууланд байгаль хамгаалагчийн харуул, хамгаалалтын байр барихаар 5.000.000 төгрөг төсөвлөсөн. Н.Л нь өөрөө удирдан тухайн байгаль хамгаалагчийн постыг барих ажлыг зохион байгуулж ажилласан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 52-53 дугаар хуудас/
Гэрч Д.Б-ийн өгсөн “...Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд нягтлан бодогчоор 2018 оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн ажиллаж байна. Тухайн үед Н.Л дарга постын барилгын материал худалдаж авсан гээд 2.848.000 төгрөгний зарлагын баримт бүрдүүлсэн байсан. Н.Л дарга надад 2.848.000 төгрөгний баримт л үзүүлсэн. Үлдэгдэл 582.100 төгрөгийг нь Н.Л дарга “дараа сарын зарцуулах эрхээсээ төлье” гээд 2.266.000 төгрөгийг гаргуулж байсан. Санхүүгийн баримт хуурамч гэдгийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны орчим аймгийн Цагдаагийн газраас ирж шалгах үед мэдсэн. Би тус байгууллагын дарга Н.Л өөрөө зохион байгуулаад бараа материалыг нь авсан болохоор итгээд гүйлгээг нь хийсэн юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 59-60, 107 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 106-107 дугаар хуудас/
Гэрч Н.Н-ын өгсөн: “...Н.Л нь миний төрсөн ах байгаа юм. Н.Л ах авах материалын нэр төрөл, тоо ширхэгийг надад хэлж өгснийх нь дагуу би “ав” гэсэн зүйлийг нь авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 83-84 дүгээр хуудас, 2 дугаар хх-ийн 171 дүгээр хуудас/
Гэрч Г.Д-ийн өгсөн: “...тухайн байрыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, хийж гүйцэтгэсэн ажлын тайлан өгөөгүй, төрийн өмчид бүртгэж аваагүй байна...” гэх мэдүүлэг /1дүгээр хх-ийн 80 дугаар хуудас/
Гэрч М.Г-ийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гарсан шуурганы улмаас унаж барьсан байрлалаасаа 3-5 метрийн зайтай шидэгдэж унасан байсныг нутгийн иргэд надад мэдээлэл өгсөн. Шахмал хавтангаар барьсан, 1 ширхэг вакум цонхтой, 2.4 метр квадрат хэмжээтэй барилга, ямар ч бэхэлгээ байхгүй, угаасаа чанар муутай баригдсан. 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/11 дугаартай тушаалтай танилцаагүй, надад танилцуулсан зүйл байхгүй, би энэ дугаартай тушаалын утга агуулгын талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 78, 98 дугаар хуудас/
Гэрч Д.О-ийн өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2.848.000 төгрөгний мөнгөн дүнтэй зарлагын баримтыг бичсэн юм. Тухайн үед манай байгууллагын даргаар Н.Л гэх хүн ажиллаж байсан, намайг өрөөндөө дуудаад “Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Хүнхэр амралтын газарт Байгаль хамгаалагчийн харуул пост барих гэж байгаа юм. Аймгийн төвөөс зарлагын баримтан дээр байгаа барилгын бараа материалыг авсан талаар хэлээд зарлагын баримтын гар бичвэрийг надаар бичүүлсэн. Тухайн үед ноорог байдлаар Н.Л цаасан даар биччихсэн байсан, тухайн ноорог цаасан дээр бичсэн байсан бараа, материалын санхүүгийн тооцоог би зарлагын баримтан дээр бичсэн. Би зарлагын баримтан дээр байгаа эд зүйлс хаана байгаа талаар Н.Л-аас асуухад “аймаг дээр байгаа мужаан очиж байгаль хамгаалагчийн постыг барих” талаар хэлсэн. ...Намайг зарлагын баримт бичих талаар шаардсан, шаардсны дагуу би зарлагын баримтыг бичиж санхүүд өгсөн юм. Хэрэв хуурамч санхүүгийн баримт бичүүлж байгааг тухайн үед нь би мэдсэн бол тухайн зарлагын баримтыг би бичихгүй байсан. Н.Л энэ асуудлыг сайн мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 103-104 дүгээр хуудас/
Гэрч С.З-ийн өгсөн: “...Би 2018 онд өөрийн машинтайгаа зах дээр зогсож ачаа тээвэрлэх ажил эрхэлж байсан. Ер нь бол манай аймаг ачааг 1 килограммаар тооцож ачаа ачдаггүй ба 2018 оны 08 дугаар сарын үед аймаг дотроо хаашаа ч явсан 5000 төгрөг, аймгийн төвөөс гарахад 1 километрийг 800 төгрөгөөөр тооцож ачаа тээвэрлэдэг байсан ба ачааны овор хэмжээг харгалздаггүй байсан. Хүнхэр амралтын газар аймгийн төвөөс 80 орчим километр зайтай байдаг, 2018 оны 08 дугаар сарын үед ачааны овор хэмжээнээс үл хамааран 60-70 мянган төгрөгт тохироод л явж байсан. 2018 оны 08 дугаар сарын байдлаар ачаа ачих ачааны машинууд даац хэмжээгээр харилцан адилгүй байдаг ба портерийн хувьд хүрэлцээтэй байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 169 дүгээр хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ий 319/06 дугаартай үнэлгээний тайлангаар 2.4х2.4 метрийн харьцаатай байгаль хамгаалагчийн постны байрыг 1.357.600 төгрөгийн зардлаар баригдах боломжтой болохыг тодорхойлсон дүгнэлт /1 дүгээр хх-ийн 121-131 дүгээр хуудас/
Байгаль хамгаалагчийн пост барьсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 5-11 дүгээр хуудас/
Яллагдагч Н.Л-ийн өгсөн: “...Би 2016 оноос 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргаар ажилласан. А/11 дугаартай тушаалаар байнгын пост барих төлөвлөгөө батлагдсан. Тэгээд би тухай бүрт нь мөнгө, төгрөг шилжүүлэх бүрт нь баталгаажуулдаг байсан. Пост барих ажлыг миний бие ерөнхийд нь хариуцаж ахлаж байсан. Уг постыг барих зураг төсөл гаргасан зүйл байхгүй. Миний бие төсвийг шууд захиран зарцуулах эрхтэй...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 247-248 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 164 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байгаа юм.
Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан гэмт хэргийн шинжийг “улсын төсөв, өөрийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралтад шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүн ашиглах замаар төсөвт өртгийг бүрдүүлж хөрөнгө завшсанаас хохирол учирсан” байхыг хэлнэ гээд Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт “ барилга байгууламж”-ийн ойлголтыг иш татаж энэ зүйлийн объектив талыг тайлбарласан байна. Хүн төрөлхтний барьж байгуулсан бүх зүйлийг ерөнхийд нь байгууламж гэж нэрлэдэг. Барилга гэдэг нь хөрстэй холбогдсон хүний гараар бүтээн байгуулсан хийц бөгөөд ерөнхийдөө олон жилийн ашиглалтанд зориулагдана. Барилгын тухай хуулинд барилга байгууламж гэдэг ойлголтыг ерөнхий байдлаар тоочин хэлсэн бөгөөд нарийвчлан амбаар, гараж, агуулах, малын байр, гүүр, туннел гэх мэт нэг бүрчлэн нэрлэн заагаагүй байна. Аливаа том жижиг гэхгүй байр, байшинг барихад ямар хэмжээтэй байх, ямар материал ашиглах зураг төсөл схемийг үйлдэж, гарах зардал төсвийг тооцоолох, барих өрөлтийг хийхдээ бат бөх, салхи шуурганд эвдэрч хийсэхээргүй наад захын хэм хэмжээг мөрдсөн байвал зохих ёстой байдаг. Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай “Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 12 дугаар заалтанд “Мөн зүйлийн 273.1.6-д заасан “шаардлага хангаагүй” гэж заавал дагаж мөрдвөл зохих хууль тогтоомж болон олон улсын буюу үндэсний стандартаар тодорхойлсон болзол, шалгуур үзүүлэлтэд нийцээгүй байхыг хэлнэ гэж тайлбарласан бол С.Ж-ийн Монгол Улсын Эрүүгийн эрх зүй, ерөнхий, тусгай анги номонд “Шаардлага хангаагүй” гэж улсын төсвийн, өөрийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг заавал дагаж мөрдвөл зохих хууль тогтоомж болон Олон улсын буюу үндэсний стандартаар тодорхойлсон болзол шалгуур үзүүлэлтэд нийцүүлээгүй байхыг ойлгоно гэсэн байдаг байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлд Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийг 2015 оны шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйл болгон хуульчилсан байна. Байгаль хамгаалагчийн хяналтын байр нь барилга байгууламж гэх ойлголтын хүрээнд хамаарах төдийгүй барилга барих шаардлагыг хангаагүй баригдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
“Төсөвт өртөгийг бүрдүүлж хөрөнгө завшсан” гэж зориулалтын бусаар зарцуулсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсан мэтээр хуурамч баримт бичиг, санхүүгийн тайлан, баримт бүрдүүлж өөрт авч ашигласан байхыг хэлнэ. Хавтаст хэрэгт авагдсан 2848000 төгрөгний баримт, 300.000 төгрөгний баримт, 950.000 төгрөгний санхүүгийн баримтуудыг бодит байдал дээр гүйцэд зарцуулаагүй атлаа зориулалтын дагуу зарцуулсан мэтээр бүрдүүлж ашигласан болох нь гэрч Д.О, С.З, Н.Н, зарлага, орлогын баримтууд, шинжээчийн 24 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч О.Б, Д.Б, Д.О нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Л-ийн төсвийн хөрөнгийг зарцуулахдаа учруулсан хохирол нь хэргийг тал бүрээс нь хийгдвэл зохих ажиллагааг хийхэд тушаалын хавсралтаар батлагдсан 4.098.000 төгрөгнөөс төсвөөс гараагүй 582.000 төгрөгийг хасч 3.512.000 төгрөгөөр тогтоохоор өөр тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Хавтаст хэрэгт бараа материалын үнийн шилжүүлэг хийсэн талаар нөхцөл байдал хэрэгт хангалттай авагдсан байхад энэ талаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй юм. Санхүүгийн хуурамч баримт бичиг үйлдсэн гэх хэргийг шийдвэрлэхдээ “...хэн буруутай болох талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, өөр ямар нэгэн шийдвэр гаргалгүйгээр тухайн асуудлыг орхигдуулсан...” гэсэн нь ямар шийдвэр орхигдуулсан, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд яагаад нийцэхээргүй байгаа талаар тодорхой тайлбар, үндэслэл бичээгүй нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.5 дахь хэсэгт заасны дагуу ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Д Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, байгууллагыг төлөөлж гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан болох дарга Г.Д-аар тогтоолуудад гарын үсэг зуруулсан. Харин тухайн байгууллагыг төлөөлөн оролцох албан тушаалтны нэрийг ирүүлэх албан бичгийг хүргүүлсний дагуу О.Б-ийг төлөөлж оролцуулахаар албан бичиг ирүүлсний дагуу О.Б-ийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогүй ба зөвхөн хохирогчийн эрх, үүргийг танилцуулсан мэдүүлэг авсан ажиллагаа хийгдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ажиллагаа болохгүй юм. Харин шүүх шийдвэртээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзсэн нь хуулийн дээрх заалтыг хэрхэн ойлгох нь эргэлзээ төрүүлсэн болжээ. Шүүгчийн захирамж нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй, гэрч, хохирогч нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэлээгүй, хэрхэн яаж үгүйсгэгдэж үнэлэгдээгүй талаар дурьдаагүй хууль ёсны гараагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн ерөнхий шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсний дагуу хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгасан, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоосон хэрэгт хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа байхгүй байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.
Иймд Н.Л холбогдох Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 65 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Л-г буруутгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Үүнийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Прокурорын эсэргүүцлийн тухайд Н.Л-г шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн ашиглах замаар төсөвт хөрөнгийг бүрдүүлж, завшиж, улсад 3.516.000 төгрөгийг хохирол учруулсан гэж ярьдаг. 3.516.000 төгрөгийн Н.Л өөрөө аваад хувьдаа ашигласан юм уу? 3.516.000 төгрөгийн хохирлыг яагаад улсад учруулсан юм бэ? гэдгийг харахад хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогддоггүй. 2.266.000 төгрөгөөр нь барилгын материал авсан байдаг. Энэ нь гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогддог. Тухайн үед авсан барилгын материалаас үлдсэн зүйлүүдийг нь тэнд нь Жаргалан сумын Хасагт хайрханы байгаль хамгаалагчид нь үлдээгээд явсан гэж хэлдэг. Үүнээс 950.000 төгрөгөөс 95.000 төгрөгийг татварт шилжүүлж, 850.000 төгрөгийг аймгийн төвөөс ачсан тээврийн хөлс, постыг барилцсан хөлсөнд шилжүүлсэн байдаг. 300.000 төгрөгийг сумаас Н.Л ажилчидтайгаа шатахуун аваад пост барих газар хүртэл очих хүртэл ирж, очих шатахуунд зарцуулсан байдаг. Энэ нийт 3.516.000 төгрөг болдог. Гэтэл энэ мөнгийг Н.Л аваад хувьдаа захиран зарцуулсан, завшсан гэж үзээд байдаг. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад Н.Л ямар аргаар авч, хувьдаа зарцуулсан бэ? гэдэг нь тогтоогддоггүй. Н.Л постыг ганцаараа очиж бариагүй. Н.Л хамт олонтойгоо хамт очоод 2 хоног барьж дуусгаад Хасагт хайрхан уулын байгаль хамгаалагчид хүлээлгэж өгөөд явсан. Энэ тухай зураг хэрэгт байгаа. Чанаргүй материалаар шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн ашиглах замаар гэж үзээд байгаа юм. Барилгын материал авсан дэлгүүрийн хүн шүүх хуралдаанд орсон. Тухайн барилгын бараа материал нь чанарын шаардлага хангахгүй, чанаргүй материалаар хийсэн байна гэдэг дүгнэлт байхгүй. Хэдэн төгрөгийг Н.Л өөртөө ашигласан, хэдэн төгрөгийн хор уршиг учруулсан гэдгийг нарийвчлан тогтоогоогүй. Санхүүгийн баримтад байгаа хуурамч падааныг хэзээ, хэн хийгээд өгсөн эсэх нь ч өнөөдрийг хүртэл маргаантай байдаг. Энэ постыг бариад явж байх хугацаанд Н.Л-г ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тушаал нь хавтаст хэргийн материалд байгаа. Гэтэл Н.Л ажлаас чөлөөлөгдсөнөө мэдээгүй, хамт олонтойгоо пост бариад байж байсан. Эргээд очиход нь Н.Л-гийн ажлыг хүлээгээд авчихсан байсан. Хуурамч падааныг хэзээ, хэн бичсэн талаар огт тодорхойгүй байдаг. Н.Л-гаар бичүүлсэн юм шиг юм ярьдаг. Гэрчээр н.О орсон бөгөөд Н.Л нь би н.О гэдэг хүнийг бич гэж байгаад бичүүлээгүй. Энэ падааныг мэдэхгүй. Тухайн үед би яриад барилгын материал авахдаа ямар ч падаан бичүүлж аваагүй гэж хэлдэг. Энэ талаар нарийвчлан шалгаагүй. Мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдэж, улсад учирсан хохирол Н.Л-ийн үйлдлээс болсон гэдгийг бүрэн гүйцэд, нарийн тогтоож чадаагүй. Мөн Монгол элсний тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалттын захиргааны санхүүгийн баримт болон санхүүгийн хяналт шалгалт, дүгнэлтээр Н.Л холбогдуулж улсад хохирол учруулсан гэх акт дүгнэлт гараагүй. Уг пост нь одоо хүртэл эд хөрөнгийн бүртгэлд ороогүй. Хохирогч байгууллагын төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд болон өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Танай байгууллагад ямар гомдол, санал байна вэ? юунд гомдоод байгаа юм бэ? гэхэд тэр постыг хийсээд унасанд нь гомдоод байна гэж хэлсэн. Постыг Н.Л хийсгэж унагаагүй. Анхнаасаа уг барилгыг хямд түсэр аргаар, ийш тийшээ зөөвөрлөж авч явах боломжтой байдлаар барья гэж хамт олноороо ярилцаад төсөв гаргаад авсан. Н.Л дур мэдээд ганцаараа ярьж байгаад ганцаараа баталсан зүйл байхгүй. Өмнө нь хамт олноороо Жаргалан сумд пост барьж байсан гээд өмнөх гаргаж байсан төсвөө хамт олноороо ярилцаад шийдсэн байдаг. Үүнийг Н.Л унагааж салхи шуурганд явуулсан зүйл байхгүй. Ганцхан Н.Л бариагүй. Энэ олон хүмүүсийн хэн нь буруутай юм бэ? Энэ хүмүүс бүгд очоод барьсан юм чинь бүгдээрээ буруутай юм уу? гэдгийг ялгаж салгаагүй. Постыг барьж дуусчихаад байгаль хамгаалагчдаа үлдсэн цемент, будгаа үлдээгээд явсан гэдэг. Байгаль хамгаалагч нь тэр постыг хараад хамгаалаад дотор нь ажил үүргээ гүйцэтгэнэ гээд үлдсэн бол үлдээсэн цементээр нь хаяаагаа маначихгүй яасан юм бэ? Улсад хохирол учруулсан, чанарын шаардлага хангаагүй бараа материалаар барьсан гэж үзэх үндэслэл байхгүй. Тээврийн зардал хөлсний талаар зүгээр нэг таксины жолоочийг авчраад гэрчээр асуусан. Энэ гэрчийн мэдүүлэг үнэхээр шаардлага хангах юм уу? Тэр таксины жолооч хэдэн километр газар хэдэн төгрөгөөр ачаа ачдаг вэ? гэдгийг мэдэх юм уу? Том машин бариад ачаа тээвэрлэлт хийж явсан хүн мөн юм уу? Аймгийн төвд таксины жолооч хийдэг хүнийг гэрчээр асуучихаад энэ гэрчийн мэдүүлгийг үндэслээд тээврийн хөлс өндөр байна. Н.Л дүүдээ өгчихсөн байна гэж яриад Н.Лг буруутгах гээд зогсож байгааг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа анхнаасаа бүрэн гүйцэд хийгдээгүй байгаа учраас 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 65 дугаартай шүүгчийн захирамж нь үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
Хохирогч О.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хамт олноороо элсний пестивалд оролцчихоод ирсэн чинь тушаал гаргасан байсан. Тушаалыг нягтлан бодогч бариад явж байхаар нь харсан. Би харчихаад юу барих гэж байгаа юм бэ? төлөвлөх юм уу? гэж асуухад би төлөвлөчихсөн. Болчихсон. Бүх ажилчдаа аваачаад Хүнхэр дээр 2 хоног амраад постоо барина гэж хэлсэн. Бидэнтэй ярилцаад зөвлөлдсөн зүйл байхгүй. Салхинд хийсээд унасанд нь гомдсон гэсэн зүйл байхгүй. Олигтой юмаар бариад, ашиглаад байж байсан бол бид нар гомдол гаргахгүй гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлт: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 65 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэх саналтай байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа,шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Энэ хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг бүрэн тодруулахгүй орхигдуулсан нь шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй болсон байна.
Тухайлбал байгаль хамгаалагчийн пост нь барилгын тухай хуульд заасан барилга байгууламжид хамаарах эсэх, уг постыг барьсан бараа материалуудын шинжийг тодорхойлж, уг бараа материал тухайн постыг барихад тавигдах шаардлагыг хангаж байсан эсэхийг тогтоох, тухайн пост нурсан нь ашигласан бараа материалын чанараас шалтгаалсан уу? эсхүл угсралтыг чанаргүй хийж гүйцэтгэснээс шалтгаалсан уу? гэдгийг тогтоох, шүүгдэгч нь хэдэн төгрөг завшсан зэргийг бодитой тогтоох нь шүүгдэгчийн үйлдэл прокурорын яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа эсэх талаар шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байна.
Түүнчлэн байгаль хамгаалагчийн пост барих ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, бараа материал худалдан авч үнэ шилжүүлэх, түүнтэй холбоотой санхүүгийн баримт бүрдүүлэх ажиллагаа нь бүхэлдээ Н.Лгийн албан үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид заасан үндэслэл, журам, стандартын дагуу явагдсан эсэхийг шалгаж тогтоох нь хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож, хууль зүйн бодитой дүгнэлт өгч хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Эдгээр байдлуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж бүхэлдээ үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бодитой нотолсон эсэх нь мөн хуулийн 32.3 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу прокуророос хэргийн талаар хяналт тавьж ажилласан байдалтай шууд холбоотой.
Өөрөөр хэлбэл прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх”, 1.5 дахь хэсэгт заасан “эрүүгийн хууль болон энэ хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн эсэхийг хянах” шаардлагуудыг зөрчсөн нь хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах үндэслэл болж байна.
Хэргийн үйл баримтыг хангалттай, бодитой тогтоосны үндсэн дээр шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийснээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.
Тиймээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 65 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.Б
ШҮҮГЧИД Т.Ж
Ч.Э