Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00142

 

 

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00142

 

 

 

 

 

 

П.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02407 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Э-ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Т-д холбогдох

39 000 000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямхорол, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, хариуцагч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч П.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямхоролын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: П.Э нь Б.Т-тэй Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах 5 давхар орон сууцны барилгын дотор заслын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2014 оны 9 сарын 04-ний өдөр 01 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлсийг нийт 146 000 000 төгрөг байхаар тохиролцож, үүнээс 120 000 000 төгрөг нь барилгын заслын ажлын хөлс 26 000 000 төгрөг нь цахилгааны монтажны ажлын хөлс байхаар тусгасан.  Захиалагч П.Э нь гэрээгээр урьдчилгаа 100 000 000 төгрөг төлөх үүргээ бүрэн биелүүлж, 16 000 000 төгрөгийг бэлнээр, 84 000 000 төгрөгийг бартераар буюу өөрийн төрсөн дүү П.Отгонбаярын нэр дээрх БЗД-ийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 11 дүгээр байрны 3 тоотод байрлах 12 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг Б.Т-ийн нэр дээр 2014 оны 9 сарын 3-ны өдөр шилжүүлж төлсөн. Захиалагч хөлс төлөх үүргээ биелүүлсэн боловч гүйцэтгэгч Б.Т нь үүргээ биелүүлээгүй, 61 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн талаарх  жагсаалтыг гарган өгч, гүйцэтгээгүй ажлын хөлс болох 39 000 000 төгрөгийг буцаан төлөхөө хүлээн зөвшөөрсөн. Энэ баталгааг 2015 оны 10 сарын 22-нд, 2017 оны 8 сарын 12-нд захиалагчид өөрийн гараар баталгаа бичиж өгсөн.

Талууд 2019 оны 7 сарын 6-ны өдөр 2014 оны 09 сарын 04-ний өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээнд ... гүйцэтгэгч Б.Т нь 39 000 000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулах боломжгүй тул тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэн төлбөрөө барагдуулахаар нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч үүргээ биелүүлэхгүй эрх, ашгийг нь хохироосоор байна. Иймд Б.Т-д илүү төлсөн 39 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан тайлбартаа: П.Э-тай 2014 оны 9 сарын 4-ний өдөр ХУД-ийн 16 хороонд байрлах барилгын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан нь үнэн. Гэрээнд зааснаар ажлыг 2014 оны 11 сарын 20-ны өдөр дуусгасан. П.Э-ын нэхэмжлэл нь үндэслэлгүйхөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч гэрээний үүргээс огт зайлсхийгээгүй. Хамгийн сүүлд 2019 оны 7 сард П.Э-тай уулзан тохиролцож 39 000 000 төгрөгийг бэлэн мөнгөөр барагдуулалгүйгээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэн барагдуулахаар тохиролцсон ч одоо хүртэл ямар нэгэн ажлын санал ирүүлээгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т-гээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 39 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч П.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352 950 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд: П.Э нь Б.Т-тэй 2014 оны 9 сарын 04-ний өдөр 01 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын засал, цахилгааны, монтажийн ажил гүйцэтгүүлэхээр тохиролцож ажлын хөлсний урьдчилгаанд 100 000 000 төгрөг төлсөн бөгөөд хариуцагч нь гэрээний хугацаанд ажлыг бүрэн хийж гүйцэтгэлгүй зөвхөн 61 000 000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн. Б.Т нь захиалагчаас илүү төлсөн 39 000 000 төгрөгийн ажлын хөлсийг төлж барагдуулах үүрэгтэй болохоо зөвшөөрч байсан нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн өөрийн гараар бичиж өгсөн баталгаагаар тогтоогдоно. Мөн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж "39 000 000 төгрөгийг 20.. оны .... сарын ...-ний өдрийн дотор буцаан төлж барагдуулна" гээд гарын үсгээ зурж баталгаажуулсан. Хэдийгээр хариуцагч нь ... засварын ажил хийх боломжтой... хэмээн тайлбарласан боловч энэ нь баримтаар нотлогдохгүй юм. Учир нь тохиролцсоноос хойш Б.Т ажлын санал тавьсан боловч саналыг хүлээн аваагүй, "Эрдэнэт хотод найзуудтайгаа төслийн ажил хийж байгаа учраас надад цаг зав гарахгүй, ажил хийх боломжгүй, таныг дахиж хохироомооргүй байна" гэсэн хариу өгсөн болохыг шүүх хуралдааны үеэр тодорхой тайлбарласан. Иймд санал гаргасан боловч хариуцагч үүргийг гүйцэтгэхээс татгалзсан.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.Түүнчлэн анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан нэмэлт гэрээгээр Б.Т нь 39 000 000 төгрөгийн барилгын заслын ажил гүйцэтгэх үүргийг хүлээсэн байна гэж, нотлох баримтыг хийсвэрээр үнэлж, захиалагчид хуулиар олгогдсон эрхийг хязгаарлан зөвхөн хариуцагчийн эрх ашгийг тэргүүнд тавьж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх талаарх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх боловч давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч Б.Т-д холбогдуулан 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлэн авсан 39 000 000 төгрөгт ногдох ажлыг хийж гүйцэтгээгүй, талуудын хоорондын гэрээний үүрэг дуусгавар болсон тул үндэслэлгүй хөрөнгөжсөн 39 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч уг мөнгөн хөрөнгийг ажил гүйцэтгэж төлөх ёстой гэж маргажээ.

Зохигч 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр орон сууцны барилгын дотор заслын болон цахилгаан монтажийн ажил гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцон гэрээ байгуулсанд, нэхэмжлэгч 100 000 000 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн, Б.Т гэрээгээр 61 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн талаар жагсаалт гарган өгч үлдэх 39 000 000 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй барилгын талбайг орхиж явсан, 39 000 000 төгрөгийг буцаан төлөхөө хүлээн зөвшөөрч 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тус тус өөрийн гараар баталгаа бичиж өгсөн, гэрээний хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон. /хх 7-12/ Түүнчлэн талууд 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дээрх гэрээний асуудлаар маргаан үүсвэл арбитраар биш иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр харьяаллын талаар тохиролцсонд мөн маргаагүй.

Харин 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний дор бичсэн Нэмэлт гэх бичвэрээр үүрэг үүссэн эсэх, нэхэмжлэгч хариуцагчийг ажлаар хангах үүрэгтэй эсэх асуудлаар маргажээ.

 

Нэмэлт гэх бичвэрт 39 000 000 төгрөгийг бэлэн мөнгөөр барагдуулах боломжгүй байгаа тул талууд харилцан тохиролцож тодорхой ажлуудыг гэрээнд тусгагдсан үнэд дүйцүүлэн хийж гүйцэтгэн барагдуулахаар тохиролцов гэжээ. /хх 10/

Нэгэнт үүрэг үүссэн эсэх, нэхэмжлэгч нь хариуцагчийг ажлаар хангах үүрэгтэй эсэх, улмаар ажлаар хангасан эсэх асуудлаар маргаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг үгийн шууд утгыг анхаарах замаар тайлбарлах нь зүйтэй. Дээрх бичвэр нь талууд тодорхой ажлын талаар тухай бүрийд тохиролцох агуулгатай байна. Харилцан тохиролцох нь дотоод хүсэл зоригт хамаарах нөхцөл юм. Шүүхийн шийдвэр нь биелэгдэх боломжтой байх ёстой бөгөөд хэнийг ч харилцан тохиролцуулахаар албадах боломжгүй.

Үүрэг нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн улмаас үүснэ.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно. Нэмэлт гэх бичвэрээс үзэхэд ямар ажил гүйцэтгэх, ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалын алинаар гүйцэтгэх, гүйцэтгэх ажлын хэмжээ, нэгжийн үнэ, хугацаа зэрэг тодорхойгүй, агуулгыг тодорхойлох боломжгүй байх тул хэлцлийг хийгдээгүйд тооцно. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцэхгүй болжээ.

Өмнөх 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээний харилцаа дуусгавар болсон, хариуцагч ажил гүйцэтгээгүй хэрнээ 39 000 000 төгрөг илүү авсан үйл баримт тогтоогдсоор байхад уг мөнгөн хөрөнгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцэхгүй байна. Иргэний эрх зүйн суурь зарчмуудын нэг нь хэн ч үндэслэлгүй хөрөнгөжиж болохгүй гэсэн зарчим юм.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2 дахь хэсэгт заасан бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй тохиолдолууд тогтоогдоогүй, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, өмнөх гэрээний үүрэг нь хожим дуусгавар болсон тул 39 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн үзлээ.

Хариуцагч 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тус тус өөрийн гараар баталгаа бичиж өгч байсан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02407 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т-гээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 39 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Э-д олгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 352 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ш.ОЮУНХАНД